Friday, August 28, 2009

Миний “жинхэнэ бөх” Vlll бүлэг

8. “Юм бүхэн цаг хугацаатай.“

За ингээд 2005 оны наадам дууссаны дараачаас эхлэн манай аварга маань нөгөө алдарт бүтэн жил шаргуу бэлтгэл хийдэг нь хөдөлсөн юмуу гэлтэй барилдаануудыг машиндаж гарав. Намар ойрмогхон болсон 4 барилдаанд дараалж түрүүлснийхээ дараа тэртээ 2 удаа дэлхийд манлайлж байсан сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор одов. Энэ тэмцээнээс хүрэл медаль зүүж ирсэн боловч, мөнгөн медалийн төлөө барилдаанд мөрөндөө гэмтэл авсан юм. Ирээд 2006 оны 1 сард ёстой гайхамшигтай мэдээ дуулдав. “2 далай аваргын халз барилдаан” гэж сайхан юмыг нөгөө олон дампуурсан хадгаламж зээлийн хоршоонуудын нэг нь зохион байгуулав. Шинэлэг арга хэмжээгээр дүүрэн энэ барилдааны хувьд бүх зүйл урьдаас төлөвлөгдсөн 3 удаа барилдуулахаар зохион байгуулагдсан байв. Ийм ч учраас 2 далай аварга нэг нэг удаа сул даваа бие биедээ өгч ялагчийг шийдвэрлэх сүүлийн барилдаанд гарах болов. Энэ барилдааны шагналын сан 30 сая төгрөг ба ялагч нь (2:1, 3:0 байхаас үл хамааран) 80%-ийг нь авах ёстой байв. Мань мэтэд бол тэр мөнгө ямар хамаа байхав гол нь л барилдаан бас үр дүн чухал байв. Энэ барилааны үеэр 2 аваргын зодог шуудагны дуудлага худалдаа, 2 аваргын тэмээний ясан (Буур аваргын зээ) болон үхрийн ясан сийлбэрийнх дуудлага худалдаа болж улсын цолгүй бөхчүүийн барилдаанд манай аваргын шавь “танк” хочит а.а Ж.Отгонбаяр үзүүрлэж байв. Энэ барилдааны үеэр цагаан сараас бусад үед бараг дүүрдэггүй бөхийн өргөө жирийн үеийхээс хэт өндөр үнэтэй билеттэй үед дүүрч билээ. Үнэхээр сайхан тэмцэлдээн бол энэ байлаа. Аварга маань мөрний гэмтэлтэй байгаа тул би хүмүүстэй бооцоо тавихаас татгалзав. Уг нь бол ямар ч хүнтэй аваргынхаа төлөө бол бооцоо тавихаас буцах хүн биш л юмсан. Манай аваргын хувьд бол Өсөхбаяр аваргыг 2003 оны наадмаас өмнө улсад 3 удаа, цагаан сард 3 удаа ... гээл хөврөнө, би лав ганц удаа унасныг нь санаж байна, 2 бөх хоюул заан байхад нэгэн удаа Өсөхөө давуулж гуядаад давж билээ. Харин 2003 онд наадмаар барилдаж байхад нь “бөх хэт мэдэгч” Чанарав гуай “Өсөхбаяр чинь энэ жил харин зочоо багатай зөв барилдаж байна даа, урьд жилүүдэд дэмий сандарсаар амархан унадаг байсан” гэж хэлж байсан нь 2 бөхийн тов тодорхой харьцуулалт бөлгөө. Харин 2003 оны намраас Өсөхбаяр цолондоо хүрч итгэл суухын хирээр сайн өрсөлдөж энэ 2 бөх намаржингаа л түрүү булаацалдсан санагдана. Лав л нэг удаа 4:4 боллоо гэж байсан, их л ширүүн сайхан өрсөлдсөн дөө (би оюутан болоод айлын кармаа өрөөнд телевизоргүй нэг жил суусан юм). 2004 онд Өсөхөө аварга гэмтээд, мөн олимп гээд энэ 2 бөх цөөн таарсан байх Боохой Данзан арслангийн барилдаан болон нийслэлийн өдрийн барилдаанаар манай аварга давсан харин 2005 онд ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд манай аварга барьц шодож даваад түүнээс хойш таараагүй юм. Ингээд сүүлийн шийдвэрлэх барилдаан мөн удааширч харин 2 аваргын өөрсдийн зохиосон дүрмийн дагуу хуруудаад давсан нь давхар шуудаг, нөгөө нь барьцгүй байдлаас эхэлж барилдаж байв. Ингээд удаан барилдасны эцэст Өсөхбаяр аварга давж ялагчаар тодорсон билээ. Энэ бол Өсөхөө аварга манай аварыг 2 дахь удаагаа дийлж буй томоохон ялалт нь билээ.
2006 оны цагаан сарын барилдаан гэж бөөн жүжиг болж УИХ-ын эрхэм гишүүн Бат-Эрдэнэ аварга түрүүлэв. Сумъяабазар, Өсөхбаяр нар наадмаар даваа ахиулж байсан ачийг нь санах мэт үсрэн унацгаав. 12 удаа ард түмнээ баярлуулан түрүүлж байсан цагаан сардаа 13 дахиа түрүүлэхэд нь үзэгчид зүгээр л хайр найргүй харааж ундааны саваар нүүрлүү нь хусаж хүлээж авав. 7 жил наадамд хийсэн үйлээ ийнхүү эдлэх мэтээ. Дэд тэргүүн Данзан сандран захиалгаар мэт “Баагий аварга хэнээс ч даваа гуйгаагүй, зүгээр учраанууд нь унаж өгсөн... наадмаар хэнд ч бууж өгөхгүй та нар сайн бэлдээрэй...” гэх зуур би Баяржавхлан 6 давчвал тэгээл Баагийн аварга түүнийг заан болгож өгч таараа ш дээ 2003 оны 7-гийн давааны өрөө бодоод гэж санав. Гэтэл өдөр тутмын сонин дээр “цагаан сард УИХ гишүүн түрүүлж байгаа юм чинь улсад ерөнхийлөгч Энхбаяр түрүүлж чадна” гэсэн утгатай егөөдөл гарч элэг авав. Энэ хавар Баяхнмөнх аварга тэргүүтэй хэсэг нөхөд Мэргэжлийн Үндэсний бөхийн холбоо байгуулна, үйл ажиллагаа явуулна гэж баахан давхив. Анхны барилдаан нь төв цэнгэлдэх хүрээлэнд болж байсан тул найзтайгаа очиж үзэв. Өөрийн аваргаа 2002 оны үед энгийн хувцастай явж байхад нь нэг харж байснаас бодитоор бол хараагүй надад аваргынхаа барилдахыг дэрэгдээс нь харах үнэхээр сайхан байлаа. Энэ барилдаанд манай аварга шөвгийн 4-д Доржсамбуу заанд бараг бодлоготойгоор шахуу шороодож, Доржсамбуу Ганааг мөн давснаар анхны барилдаанд түрүүлсэн бол Батзориг заан 1-ийн даваанд хамгийн эхэлж давж билээ. Мэргэжлийн бөхийн холбооноос зохион байгуулж буй уг барилдаан нь гаднаас харахад л гял цал хийсэн, шинэлэг эд байв. Засуул хөлийн цэцүүдийн хувцаснаас өгсүүлээд шинэ сайхан зүйл их байв... удаан барилдсан бөхчүүд “суран шахаа” гэх сүмогийн дэвжээ шиг бөөрөнхий дотор барилдах ба давалцах дүрэм нь яг сүмо шиг түлхэгдэн гарсан нь унах учиртай байв. Мөн 2-оос дээш даваа бүгд Монгол ёсоороо ам авч барилдах ба 6 минут барилдаад л элэг бүс сэнжиг, дан давхар золгоод л хаялцахгүй бол суран шахаандаа ордог байв (тунасан бөхчүүд 2 удаа дахвар шуудагддаг). Талийгч а.а Мөнгөнхуяг, у.х Баасандорж нар л нэг биш удаа суран шахаанд орсон санагдана. Даваа бүр мөнгөн шангал өндөртэй ба том цолтой бөх давбал их мөнгө авдаг байв. Энэ барилдаанд у.а Мөнх-Эрдэнэ, у.г Баяраа нарыг давсан залуучууд нэлээд их мөнгө цохисон санагдана. Мэргэжлийн бөхийн холбооны 2-р барилдаан спортын төв ордонд болж билээ. Дүрэм нь арай боловсронгуй болсон суран шахаанд сүмогийн дүрмээр биш Монгол дүрмээрээ барилддаг болсон байлаа. Суран шахаанд орвол шагнал нь багасдаг байлаа, ийнхүү дүрмээр өндөр Дамба арслан мөнгөө хасууллаа гэхэд үзэгчид нир хийтэл инээж билээ. Би үзэхээр очиход аварга маань машинтайгаа дөнгөж ирж байв. Бараг л залуу бөх байхаасаа өмссөн малгай гутал 2-тоо их л хайртай... хөнгөн, биед эвтэйхэн гэж магтана, харин анх түрүүлснээсээ хойш өмссөн аз авчирдаг алдарт бор дээлийг Монголчууд хэзээ ч мартахгүй бизээ. Энэ маань миний биеийн хэвийг бүүр авчихсан өмсөхөөр “хаб” гээд л таараад сайхан ордог гэж ирээд л ярина. Харин манай эмэгтэй дүү: “ах нэг гэрийн өмдөө голоод ерөөсөө өмсдөггүй байсан юм, гэтэл тэр өдөр барилдаан үзэж ирчээд манай аварга яг ийм өмд өмссөн явж байна лээ, энэ муухай өмд биш юм байна гээд тэр өмдөө өмссөнөөс хойш урагдаж дуустал нь салаагүй дээ, Сүхбат аварга бор дээлнээсээ салдаггүй шиг л юм болсон” гэж хүмүүст ярьж намайг онигоо болгодог юм. Үзэгчдийн дунд хээв нэг хувцасаа солин өмсөх эгэлхэн аварга маань энэ барилдаанд ёстой тасархай түрүүлж харих ягаачгүй байна гэдгээ зарласан юм. Улсын хүчтэй начин Ш.Уламбаярыг барьцгүй хавираад л давсан бол үзүүр түрүүнд анхны барилдааны түрүү бөх Доржсамбууг давсан у.х Рагчааг дөнгөж хүрээд л, гарыг нь зөрүүлж татаж ард нь гараад л давж билээ. Манай аварга барилдааны төгсгөлд “6 минут ихдэж байна, одоо дэлхий дээр 6 минут барилддаг олимпын төрлийн барилдаан ч алга” гэж бүх өрсөлдөгчөө будаа болгосон хүний дүрээр өгүүлж сууж билээ. Энэ миний аваргын дэмжигчийн хувьд бөхийн замналынх турш олон удаа баярласнаа отголж байгаа хэрэг гэж би яахан мэдэх билээ.
Монголчууд бидний өвөг дээдэс Их Монгол улсаа байгуулсны 800 жилийн ой, ардын хувьсгалын түүхэн 85 жилийн ойн баяр наадамд 1024 бөх барилдуулах бэлтгэлийг орон даяар хангаж (аймгуудын наадмыг урьдчилан хийж) наадам өргөн дэлгэр сайхан эхлэв. Мөн наадмын өмнө шийдвэрлэсэн нэгэн олны сонирхол татсан асуудал бол наадмаар 10 давж түрүүлсэн бөх яах бэ гэдэг асуудал. Үүнд наадмын үндэсний бөхийн салбар хороо тулсгайлан хуралдаж тодоос тод хариулт өгөв. Түрүүлсэн бөх нэг л цол ахина гэж, 2 далай аваргын аль түрүүлсэн нь даян аварга болно эсвэл арслан төрнө гэсэн үг билээ. Наадмын 2 дахь өдөр 5-ын даваа шувтарч начингууд төрж дуусав. Манай аваргын шавь нараас өөрийг нь өшиглүүлчээд хэвтэж байхад өргөөд явж байсан шавь нь болох Баянхонгор аймгийн арслан Сэр-Од у.н Адъяахүүгээр 5 давж начин болоод тахимаа ч авахаасаа өмнө аварга багшдаа ирж үнсүүлэн, нуруун дээрээ цохиулан буцаж гүйдэг “шинэ моод”-ыг анх дэлгэрүүлэв. Ингээд 6-гийн даваанд Сэр-Одыг авч давав. Наадам бүрээр 6-гийн даваанд шавиа авдаг нь тэртэй тэргүй Өсөхөөд унахаас цааш би л давчихъя гэсэн санаа юм шүү. Аваргын шавь нараас Амгаланбаатар начин у.з Бумбаяраар 6 давж харцага цолонд хүрэв. Харин энэ даваанд харамсалтай барилдаан болж шинээр начны болзол хангасан ц.а М.Батжаргал улсын гарьд Гантогтохыг давав. Би дээр нэгэнтээ манай аварга Ганаа 2 хамтдаа амжилт гаргадаг шигээ, нэг л муу барилдвал нөгөөдөх хэцүүддэг тухай жишээнүүд татан өгүүлснийг энд сануулах нь илүүц биз. Миний хүслэн болон 6 зааны үеийн шилдэг 4 төлөөлгч болох Сүхбат, Өсөхбаяр, Сумъяабазар, Гантогтох нарыг наадмын шөвгийн 4-д шалгаран үлдэж барилдаасай гэдэг байв. Энэ 4 бөхийн аль нэг 3 нь бол 4 удаа улсын наадамд шөвгийн 4д үлдэж байсан бол бүгд хамтдаа л үлдэж чадаагүй юм. Энэ наадмаар энэ 4 хүчтэн шөвгийн 4д үлдэх байх гэтэл манай барилддаг найз “тэр бүтэхгүй ээ, Сүхбат аварга л лав шөвгийн 4д үлдэж чадахгүй, саяхан бэлтгэл дээр гэмтэл авсан” гэж хэлж байв. Сар гарангийн өмнө л миний нүдэн дээр шуугиулж байсан (мэргэжлийн бөхийн холбооны 2 дахь барилдаанд түрүүлж) аваргаа тийм доор унана гэж би яаж итгэх билээ. Миний аль дээр хийсэн тооцоо ёсоор Баагий аварга Баяржавхланг заан болгох боломж гартал 1-рт Батжаргал гэж муу өрсөлдөгч даваад гараад ирсэн, 2-р Мөнхбаатар гэж ноднин заан болгуулсан хүн байгаа тул түүгээр Баяржавхлангийн өрийг даруулж цайруулаад өөрөө цагаан сараар шившиг болсноо бодон цаашаа даваа бодохоор болж Батжаргалыг нухаж 7 давав. За ингээд би тооцоо хийв. Баагий аварга давсан бөгөөд Баяржавхлан Мөнхбаатараар заан болох ойлгомжтой ба 8 дээр түүнийг Баагий аварга хэвтүүлээд шөвгийн 4-д манай аварга, Өсөхөө, Сумъяа нар үлдэнэ. Баагий аварга мэдээж олон жил үзүүрлэсэн арслан болж чадахгүй яваа Сумъяаг арслан болгож өгнө, Өсөхбаяр аваргатай тунасан манай аваргын хувьд Өсөхбаяр барилдахын төлөө биш унахгүйн төлөө үзэхэд л манай аваргыг хангалттай их цуцаана, цаана нь гар амар Сумъяабазар... энэ жил түрүүлнэ гэдэг худлаа боллоо гэж бодох зуур Баагий аваргын барилдааны харан зогсож байсан Сүхбат аварга Баагий аварга туг тойрсны дараа шууд Амгаланбаатар шавиа заан болгож өгөөд буцав. За яахав наадам нэгээр дуусах бишдээ Сумъяа энэ жил түрүүлээд арслан болчоосой л гэж хүлээж сууя гэж бодонгоо наадмын тэмдэглэлээ үргэлжлүүлэхдээ юу гэж бичих билээ гэдгээ бодов... манай аварга маань унаж сэтгэлийн хүнд дарамтанд байх үед наадмын талбайд үл мэдэгдэх нэгэн мэдэгдэл уншигдаж, Сүхбат аварга маань засуул Пүрэвийг чирч гулдран 9 хөлт цагаан тугны зүг алхана... “ард түмэн минь намайгаа өршөө... аавын минь оронд аав болж өдий хүртэл намайг тэтгэсэн ачит багш минь намайгаа өршөө... бөхийн спорт хэмээх хэцүүхэн спортоор хичээллэн 20-иод жил болж та бүхэнтэйгээ хамт наадлаа... олон удаагийн хүнд бэртэл гэмтэл маань удаан эдгэрч цаашид барилдахад бэрх болсон тул...” хэмээн цааш үргэлжлэх энэхүү гайтай эмгэнэлийн гэмээр мэдэгдэл намайг бүр нэг мөсөн шороонд булах мэт санагдав... худлаа байлгүй дээ л гэж байн байн бодно... цэлмэг тэнгэрээс аянга буух мэт энэ аймаар мэдээ...хаа сайгүй эмгэнэн гашуудах наадамчид... юу болоод байгааг үл ойлгох мэт зогсох Бат-Эрдэнэ аварга Өсөхбаяр аварга Сумъяабзар гарьд... Их багшийнхаа зүүн өвдөгнөөс эртний заншлаар адис аван энгэрт нь наалдан жааахан хүүхэд шиг л цурхиран уйлах миний “жинхэнэ бөх”... энэ бүгдийг харж чадалгүй зайгаа аван бултах Цэрэнтогтох аварга, малгайгаараа нүдээ мөн нулимсаа нуун уйлах Гантогтох, бараг босож ч чадахгүй уйлан суух Пүрэвжав харцага... хэдхэн хормын өмнө баярлаж байсан наадамчид юу болов гэмээр байдал... хэзээ ч мартахгүй санаж явах эмгэнэлт дурсамж... юу гэж тайлбарлах болоо гэсэн хүлээлт...дахиад барилдах байлгүй дээ, бидний сайн мэдэхээр Жордан ах гуай хэдэн удаа зодог тайллаа даа гэсэн бодол...уйлж ч чадахгүй, юу болоод байгааг ч ойлгож чадахгүй, хоол ч орохгүй мэлрэх түүний үнэн ч дэмжигч...
“юм бүхэн цаг хугацаатай” миний сайхан барилдах ч цаг хугацаатай... одоогийн маань барилдаан залуугийнхаа барилдааныг гүйцэхээ байж... өнөө жил бэлтгэлээ сайн хийж байгаад сайн барилдая гэж их хичээлээ...даан ч бэртэл гэмтлээс болж бэлтгэлээ санасандаа хүртэл хийж чадахаа байлаа... түрүү үзүүрт хүрэхгүй л бол би барилдах хэрэггүй... хэн нэгэн хүний давааг ахиулж өгдөг бөх баймааргүй байна... Шавь нар маань намайг орлож сайхан барилдацгаах болно, тэднийхээ төлөө л үлдсэн амьдарлаа зориулна даа... хэмээх тайлбаруудыг наадмын талбайгаас телевизүүдэд өглөө... мэдээж дөнгөж зодог тайлаад, наадмын талбай дээрээ бас бус тэмцлийн улмаас зодог тайллаа гэж хэлэхгүй нь ойлгомжтой... баярын өдөр ийм маягаар л аргалж өнгөрөөнө... яг яагаад зодог тайлав? Юуны улмаас ийм шийдвэр гаргав, хэн нөлөөлөв...? үүний дараа нэг завтай цагтай тайлбарлажил таарна... харин зарим нэг “малууд” эхлээд зодог тайлахдаа бие өвдлөө гэчээд сүүлд нь өөр юм ярвьсан, цол гуйсан энэ тэр гэж ярьж өөрийгөө мал гэдгээ гайхуулдаг... бид бүхний амьдрал, бидний бүх зүйл дээр нь нэмээд Сүхбат аваргынхаа сайхан барилдааныг харан суух маань ч цаг хугацааны хязгаартай юм даа... “ЮМ БҮХЭН ЦАГ ХУГАЦААТАЙ” гэж...

No comments:

Post a Comment