Wednesday, August 5, 2009

Тайлбар

За ийм маягаар эхний ээлжинд нүдээрээ үзсэн улсын наадмын барилдааныхаа тухай бичээд байя. 4 жилийн өмнө бичсэн материалууд болохоор засах хэрэг бас байнаа. Тэгээд түүх л бол түүх шүү дээ, харин 2006 онд Сүхбат аварга маань зодог тайлахад нь сэтгэлийн гүн дарамтанд ороод бараг гарч чадалгүй өдий хүрлээ. Уг нь аваргаа дахиад барилдах байх, тэгэхээр нь л тэмдэглэлээ үргэлжлүүлье гэж 3-н жил хүлээсэн боловч одоо нэгэнт бүх зүйл тодорхой боллоо, хамгийн сүүлийн зэвсэг болох "итгэл найдвар" маань ч бөхлөө. Ямарчил байсан Даваабаатараараа голоо зогоогоод, наадмаа үргэлжлүүлэн үзээд л сууж байхаас даа.

МУГЖ С.Жавхлангийн Даян аварга А.Сүхбатад зориулан зохиосон "Нууцхан сэтгэлийн үнэн" дууны шүлэг.

Бүүвэй аяланхан мэлмэрүүлдэг ижийтэй билээ би
Бүс нь чанга, ухаан хурц өндөр хөх эцэгтэй билээ би
Уран биелгээний аясаар намилзан долгиотох угаасан устай билээ би
Уянгат хуурын эгшигээр зэрэглээтэн мяралзах унасан газар шороотой билээ би
.......Хаaяа хаaяахан сэтгэл минь сэмрэх юм
.......Аяар аяархан амьдрал минь дэнслэх юм да

Уяран хайрланхан ард үлдсэн эгэлхэн мөчүүд минь
Ухаант ардын минь итгэлд хүрээ болов уу яагаа бол…
Унаж, босож, тэмцэж үнэнтэй нөхрөлсөн…андуухан энэхэн заяа минь
Унаган төрөлх нутаг, гэгээн өвгөдийн ариун ёсонд таацаа юм болов уу?!...
.......Хaаяа хаaяахан сэтгэл минь сэмрэх юм
.......Аяар аяархан амьдрал минь дэнслэх юм да

Урсах ганц хоромд ч олныг минь уйтгар нөмөрвөөс
Мянган хоног зүрх шархалж, нэг л гундуухан гэлдэрнэм бишүү би…
Эргэх нэгээхэн цаг доор хөх монгол минь жаргалын нартай мандваас
Айсуу буман өдөр тайван амгалан, уужим тэнэгэр алхнам бишүү би…

.......Хааяа хааяахан сэтгэл минь сэмрэх юм
.......Аяар аяархан амьдрал минь дэнслэх юм да
.......Хааяа хааяахан сэтгэл минь дүүрэх юм
.......Аяар аяархан амьдрал минь дэвжих юм да

No comments:

Post a Comment