Sunday, August 9, 2009

2003 оны Ардын хувьсгалын 82 жилийн ойн наадам.

Монгол наадмын түүхэнд инээдтэй, хөгжилтэй, эмэгнэлтэй зүйл гэж их л байсан байх. 1955 оны наадмыг сугалаагаар оноолт тааруулан барилдуулж Оргодол гэдэг бөх арслан болсон түүх байдаг. Тэгвэл 2002 оны наадам тэрнээс бүүр доор сугалаагаар “шууд” давуулсаар байгаад Өсөхбаяр гэдэг нэг танхай нөхрийг арслан болгосон юм. Хамгийн инээдтэй нь өнөө жил ардын хувьсгалын 82- жилийн ойгоор урьд жилийн дүрэм үндсээрээ өөрчлөгдөж улсын наадмын 1, 2, 4-ийн даваа оноолтоор, 4-өөс дээших даваа бүр цолтой болж улмаар шөвгийн 4- бөх шодохоо байв. Түрүү жил шодож арслан төрүүлчихээд өнөө жил больчихов. Нэгэн “тийрдэг” нөхөр “хуулийн цоорхойгоор” арслан болсон хэрэг үү? эсвэл бүүр “захиалгаар” арслан болсон хэрэг үү? Үндэсний бөхийн холбооныхон “түрүү жилийн дүрэм үнэхээр цоорхой байсан байна. Тэгж хүний түрүүг азаар шийдэж болохгүй” гэдгийг хүлээн зөвшөөрөв. Сонирхолтой нь тийм цоорхой дүрмийг бүхэл бүтэн улсын наадамд туршиж үзэсний дараа цорхой гэдгийг нь ойлгож аваад шинэчилж байгаа гэнэ. Энэ юу гэсэн үг юм болоо!! Угаасаа л улсын наадмын үзүүр түрүүний барилдаан 30 минутад шийдэгдэх нь бараг худал. Хүч бяраараа шалгарч гарч ирсэн 2 бөх шийдвэрлэх барилдаанд тийнхүү яаран барилддаггүй юм. Үнэхээр цоорхой нь илт ийм дүрэмийг олон зуун жилийн уламжлалтай Монгол наадамдаа туршиж байж сая нэг ойлгох гэж, мөн ч лут ухаантай “луйварчид” цуглаж дээ! Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагад! Тэгээд хамгийн чухал хэрэгтэй нөгөө амжилтаар нь эрэмбэлэх гэдэг асуудлыг огт шийдэж чадаагүйн дээр хуучин харцага, гарьд цолын болзол хангасан бөхчүүдэд цолыг нь нөхөн олгохгүй гэж шийдсэн нь мөн л их “лоосуутай” байгаа юм.
Төрийн наадамнаас 8 ширхэг найрааны начин төрлөө. Эдгээрийн нэгэнд нь ч хүч бяр байхгүй юм байна гэж ойлгож бараг болно биз. Мөнхбат, Цэрэнтогтох нарын зэрэг аваргууд болон бусад бөхчүүд “Би чамд найраа хийснийхээ дараа тэдэн төгрөг өгнө. Чи хуцалгүй хурдан хэвт” гэж аашилсаар байгаад 4 удаа давдаг бололтой. Тэр 4 бөхтэй нь цуг найрна гэхээр найрааны начинд нэлээд их хөрөнгө мөнгө, басхүү заль авхаалж замбаа хэрэг болдог нь ойлгомжтой. Тэдгээр ахмадууд маань барилдах нь битгий хэл бараг зүгээр алхаж явахдаа нэлээд тааруу байгаа харагддагсан. Төрийн наадмаа ирж сайхан баярлаж үзчихээд төрийн тэргүүнээсээ түрүүлсэн бөхийн байг аваад явах нь тэдэнд өлзийтэй баймаар. Гэвч мөнгө… хүүхдүүд, ар гэрийн амьдрал хэцүү … мөнгө мөнгө бас дахин мөнгө гэдэг л энэ байхдаа. Залуу хүчтэнгүүд маань гутал хувцсаа хийж явах ёстой цүнхэндээ тэдгээрийнхээ оронд мөнгөө хийж үүрээд явдаг сурагтай!
Хүчит бөхчүүдийн барилдааны 6-гийн даваа эхэлж Монгол улсын ардын хувьсгалын наадмын түүхэнд хэн хамгийн түрүүлж харцага хэмээх А.Ганбаатар начны хэлснээр “нохойны” нэртэй цолыг авах бол гэж наадамчид сэтгэл догдлон харж суулаа. Мэдээж найрсан начингууд бараг бүгд унасаар улсын начин Мягмарсүрэн улсын начин Баяржавхланг амалсан тул а/а Э.Батбаатар а/а Эрхэмбаяр нар тунав. Энэ 2 барилдаанаас 2 харцага төрөх нь тодорхой. Ингээд Монгол улсын анхны харцагааар Увс аймгийн Тэс сумын харьяат бөх Эрдэний Батбаатар (Увс аймгийн арслан Эрдэнэ) тодров. Тэрээр өнөө жил улсын цолгүй бөхчүүдийн барилдаанд 5 түрүүлж хамгийн өндөр амжилт гаргасан бөх болсон юм. Аварга А.Сүхбатын өнөө жил шинээр байгуулсан “Ээлт-Хан” галд бэлтгэлээ хийдэг бөх юм. Харин 2 начны барилдаанд Баяржавхлан давж харцага болов. Энэ 2 урьд урьд нь хоёулаа 6 давж үзсэн бөхчүүд билээ. Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат аварга дээд сургуулийн бөх Баяржавхлан 2001- онд 6 давж өсөх идэр начин, 2002 онд 4 давсан, өнөө жил 6 давж Монголын анхны харцагуудын нэг болов.
7-гийн даваанд дархан аварга Бат-Эрдэнэ, залуу аварга Сүхбат нар өөрсдийн шавь нар болох Баяржавхлан, Батбаатар нарыг хэвтүүлэв. “Азтан” арслан Өсөхбаяр 4-ийн даваанд Өвөрхангай аймгийн начин Ганбатад унах шахаад давсан бол, 5-ын даваанд Завхан аймгийн заан Нямсүрэнд бараг л өвдөг шороодсон юм. Арал жяц зааж давсанд тооцогдсон тэрээр энэ 7-гийн даваанд улсын заан Доржсамбууг тахимдаж дайраад давав. Тунасан 2 бөх болох улсын заан Цэрэнпунцаг улсын заан Сумъяабазар нарын барилдаан нээх их удааширсангүй хуруудаж золгоод шахаж татан Сумъяабазар давав. Энэ 2 бөхийн барилдааны хоорондын харьцаа 4:1 болов.
8-ын даваанд алдарт будилуулагч, бусад бөхчүүдээс арай онцогтой найрагч буюу том цолны найрааны (бууж өгөлтийн) “загалмайлсан эцэг” гэж хэлж болох дархан аварга Бат-Эрдэнэ “гарьдын найраа” гэж шинэ зүйлийг хийж улсын заан Сумъяабазарыг гарьд болгож өгөв. Ийнхүү Бат-Эрдэнэ гэдэг дархан аварга ард түмнээ худлаа барилдаанаар хулхидаж, будилуулан өөрийн 11 удаа түрүүлж дээд амжилт тогтоосон төрийн наадмын торгон ногоон дэвжээгээ мөн ард түмний доромжлов. Үнэхээр хүн дийлэхгүй юм бол наадамд барилдаж яах гээд байгаа юм. Зүгээр л үзээд сууж байж болно биз дээ. Заавал “мөнгөний төлөө” юм шиг худлаа барилдаж Монгол наадамчдыг уйдааж доромжилж, залуу бөхчүүдийн амжилтанд муугаар нөлөө үзүүлэх хэрэг байхгүй шүү дээ! Начны найраа 30 40 сая, харин зааны найраа 70 80 сая гэвэл гарьд, арслангийн найраа хэд бол?! Маш инээдтэй нь тэгж янз бүр болж явсаар 2004 –оны сонгуульд УИХ-ын гишүүн болчдог юм даа. Хөгшин азарга жороо сурна гэдэг энэ байх. 40- хүрч хөгширсөн хойноо худалдаж авсан хуулийн дипломоо барьж дээд боловсролтой хэмээн “мулайж” УИХ-д “Кориоллоо” болж суух хэрэг байсан л юм байх даа.
Харин энэ даваанд үнэлүүштэй нэгэн барилдааныг Өсөхбаяр арслан үзүүлж өөрийн урьд өмнө цөөн удаа давж байсан аварга Сүхбатыг давсан юм. Үнэхээр хүчээрээ үзээд өшиглчихгүйхэн шиг давж болдог нь л Монгол наадам шүү дээ. Энэ 2 бөх 3 цаг шахуу барилдаж 66 удаа шуудагдалцаж байж сая л нэг юм давуулж гуядах мэхээрээ Өсөхбаяр давав.
Үзүүр түрүүний барилдаанд нэлээд цуцсан Өсөхбаяртай Сумяъабзар заан (шинэ гарьд) шийдэмгий барилдаж цуцаан дээр нь давах гэж их оролдсон боловч нэлээн удаан барилдаж бие нь хүндэрж, цочоо нь гарсан Өсөхбаяр нээх их тэвдэхгүй байсаар шуудагны барьцнаас татаж мордон давж Монгол улсын аварга хэмээх цолыг хүртэв.

5-ийн даваа
1. Д/ав Мөнхбат а/а Эрхэмбаяр (Сэлэнгэ- Мандал)
2. Д/ав Цэрэнтогтох а/а Олзгэрэл (начин) (Ду-Цагаандэлгэр)
3. Д/ав Бат-Эрдэнэ
2. У/ав Балжинням а/з Гансүх (начин) (Дорнод- Халхгол)
3. У/ав Сүхбат
4. У/ар Өсөхбаяр а/з Нямсүрэн (Завхан- Нөмрөг)
5. У/з Цэрэнпунцаг а/а Цанлиг (Архангай-Тариат)
8. У/з Гантогтох а/а Амгаланбаатар (Төв-Аргалант)
9. У/з Сумъяабазар
10. У/з Доржсамбуу
11. У/з Одгэрэл а/а Даваасамбуу (начин) (Увс)
12. У/н Мягмарсүрэн а/з Батгэрэл (Баянхонгор- Галуут)
13. У/н Баяржавхлан а/н Энхтуяа (Өмнөговь-Баян-Овоо)
14. У/н Г. Ганхуяг а/а Баянмөнх (начин) (Хөвсгөл-Галт)
15. У/н Магалжав а/з Ду. Бутбаяр (начин) (Говь-Алтай Бугат)
16. У/н Азжаргал а/а Э. Батбаатар (начин) (Увс- Тэс)


6-ийн даваа
1. Д/ав Бат-Эрдэнэ а/з Гансүх
2. У/ав Сүхбат а/а Олзгэрэл
3. У/ар Өсөхбаяр а/а Даваасамбуу
4. У/з Цэрэнпунцаг а/з Ду. Батбаяр
5. У/з Сумъяабазар а/а Баянмөнх
6. У/з Доржсамбуу а/а Амгаланбаатар
7. У/н Мягмарсүрэн у/н Баяржавхлан (Харцага) (За-Нөмрөг)
8. А/а Батбаатар (харцага) а/а Эрхэмбаяр


7-ийн даваа
1. Д/ав Бат-Эрдэнэ у/н Баяржавхлан
2. У/ав Сүхбат а/а Батбаатар
3. У/ар Өсөхбаяр у/з Доржсамбуу
4. У/з Цэрэнпунцаг у/з Сумъяабазар

8-ийн даваа
1. Д/ав Бат-Эрдэнэ у/з Сумъяабазар (гарьд)
2. У/ав Сүхбат у/ар Өсөхбаяр

Үзүүр түрүү

Улсын арслан Гэлэгжамцын Өсөхбаяр түрүүлж (2 дахиа) Монгол улсын "18 дахь аварга" цолыг хүртэж, улсын заан Долгорсүрэнгийн Сумъяабазар үзүүрлэж (3 дахь удаагаа) Могол улсын хамгийн анхны гарьд хэмээх цолыг хүртэв.

No comments:

Post a Comment