Sunday, August 9, 2009

2000 оны Ардын хувьсгалын 79 жилийн ойн наадам.

Бат-Эрдэнэ аваргын 8 жил дараалан түрүүлсэн амжилтыг зогсоож Монголд дахин нэг шинэ арслан төрөв. Гадаадынхан “Монголчууд наадмаар түрүүлсэн бөхдөө Бат-Эрдэнэ гэдэг цол өгдөг” гэсэн онигоо дэлгэрч, ард түмнийхээ дунд “буянгийн” хэмээн нэршсэн Жаргалсайхан “наадам болохоор л 2 мах ноцолдож ноцолдож Бат-Эрдэнэ түрүүлдэг” гэж хэлж байсан тэр л агшинд Монгол бөхийн барилдаан бол бяраар аагалж баглах биш харин уран хурц, дайчин, хурдан шуурхай, мэхийн олон хувилбараар ухаанаа сорин тэмцэлдэх ёстой гэдгийг барилдаанаараа “чарлаж” буянгийн Жагаагийн итгэлийг олж, яриаг нь өөрчилж тодорж гарч ирсэн бөх бол А.Сүхбат юм.
Бөхийн барилдаан уламжлал ёсоороо 5-ын даваанаас эхлэн ширүүсч улсын залуу заан А. Сүхбат у/н Батзоригийг дараалан 3 дахь жилдээ 5-ын даваанд шороодуулж, өнөө жилийн цагаан сарын барилдаанд үзүүрэлсэн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат бөх халхын алдарт их аварга Бунтогтохын зээ хүү а/а Магалжавыг у/з Сумъяабазар өвдөг шороодуулж, у/з Өсөхбаяр у/н Мягмарсүрэнг давж, тунасан Увсын 2 залуугаас залуу заан Ганбат давж у/н Одгэрэл өвдөг шороодов. Энэ жилийн наадмаар олон жил сайн барилдсан ц/а Цэрэнчимэд, а/а Сумъяабээс (1997 онд ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд үзүүрэлсэн) нарын зэрэг 8 бөх улсын цол шинээр хүртэв.
7-гийн даваанд сонирхолтой зүйл болсон нь дунд шөвөгт үлдсэн 8 бөх бүгд начнаас дээш цолтой байв. Энэ 8 бөх бол нөгөө л алдарт 2 Эрдэнэ, шинэ үеийн 6 залуу заан маань байв. Энэ даваа үнэхээр сонирхолтой болж сурсан ёсоороо 2 Эрдэний барилдаанд аварга давж харин үлдсэн 6 заанаас цолны эрэмбээр у/з Цэрэнпунцаг Гантогтох зааныг амлаад хүч үзэн 2 удаа өвдөг шороодов (будилсан тул дахин барилдсан). Харин Өсөхбаяр заан Ганбат зааныг давж, тунасан 2 бөхийн барилдаанд алдарт жижиг Сүхбат урьд 2 жилийн үзүүр бөх болох Сумъяабазарыг уран гоё гар ачих мэхээрээ давж “даагаа нэхэв”. Энэ гар ачаа бол бөхөө дээдэлдэг Монгол түмний хувьд үеийн үед мөнхөд дуурсагдах сайхан барилдаан, сайхан мэх болсон юм. Ийнхүү тус 2 бөхчүүдийн барилдааны хоорондын харьцаа 1:1 болов.
Дархан аварга Бат-Эрдэнэ 8-ын даваанд Баянмөнхийн Гантогтохыг амлан авч барилдалгүй “тахимаа өгөв”. Үүнийгээ аварга өөрөө “Би Баянмөнх аваргад өрөө төллөө” гэж тайлбарласан юм. Үнэхээр ч 1988 оны наадмын бичлэгийг үзэхэд тиймэрхүү зүйл болсон юм билээ. Харин Бат-Эрдэнэ аваргын энэ үйлдэл Гантогтоход эсэргээр нөлөөлсөн ч байж мэдэх юм. Тэрээр үзүүр түрүүний барилдаанд идэвхитэй сайн барилдаан үзүүлж чадаагүй юм. Бат-Эрдэнэ аварга нэгэнт А. Сүхбатыг дийлэхээ байсан үед ийм алхам хийж ямархуу “уяа” бөх гэдгээ харуулсан юм. Харин тунасан 2 бөхийн барилдаанд А.Сүхбат залуу заан Өсөхбаярын баруун хөлийг нь авч давсан юм.
Баянмөнх аварга 2000 оны хавар “энэ жилийн наадамд хэн түрүүлэх бол?” гэсэн асуултанд “бүх өрсөлдөгчөө давж чадаж байгаа тул А. Сүхбат түрүүлнэ” гэж хариулсан гэдэг. Үнэхээр ч энэ наадамд өөрийн бүх өрсөлдөгчөө цувуулан орихсоор Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Сүхбат заан, Увс аймгийн Хяргас сумын харьяат үе дамжсан их бөх улсын заан Гантогтох нар түрүү булаалдахаар шалгаран үлдэв. Нэг багшийн гар дор бэлтгэгдэн, нэг аавын эвээлд хайрлагдан, нэг тогооноос хоол идэж, нэг дэвжээ нэг шигшээ багт хэчээллэж, нэгэн цаг үед Монгол наадмын дэвжээнээ чимэг болон гарч ирсэн ах дүү 2 бөх төрийн наадамд үзүүрт үлдэн ард түмнээ, аавыгаа болон “Монголчуудаа” баярлуулав. Мэдээж энэ барилдаанд Гантогтох чармайлттай барилдаж чадалгүй байсаар унасан юм. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат улсын залуу заан жижиг хэмээх Агваансамдангийн Сүхбат, улсын залуу заан Баянмөнхийн Гантогтох нар ийнхүү нэгэн өдөр цугтаа төрийнхөө 9 хөлт цагаан тугийг элэг бүсээ тайлалгүйгээр 9 удаа тойрцгоов. Энэ 2 бөхийн 20-р зууны отгон наадамд 20 буман ард түмнийхээ нүдий өмнө төрийнхөө наадмын торгон ногоон дэвжээн дээр “тэврэлдэн уйлж” зогссоныг Монгол түмэн үүрд мартахгүй бизээ!

6-ийн даваа

1. Д/ав Бат-Эрдэнэ а/а Мандах (Өвөрхангай- Бүрд)
2. У/ар Мөнх-Эрдэнэ а/з Дашцэрэн (Архангай - Цэнхэр)
3. У/з Цэрэнпунцаг з/б Гэрэлт- Од (Төв- Баян-Өнжүүл)
4. У/з Гантогтох а/з Баттогтох (Хөвсгөл- Галт)
5. У/з Өсөхбаяр ц/а Цэрэнчимэд (Архангай - Цэнхэр)
6. У/з Сумъяабазар а/а Ганхуяг (Өвөрхангай-Зүүнбаян-Улаан)
7. У/з А. Сүхбат а/а Сумъяабээс (Завхан- Дөрвөлжин)
8. У/з Ганбат а/а Одхүү (Хэнтий - Баянхутаг)

7-ийн даваа

1. Д/ав Бат-Эрдэнэ у/ар Мөнх-Эрдэнэ
2. У/з Цэрэнпунцаг у/з Гантогтох
3. У/з Өсөхбаяр у/з Ганбат
4. У/з Сумъяабазар у/з Сүхбат


8-ийн даваа

1. Д/ав Бат-Эрдэнэ у/з Гантогтох
2. У/з Өсөхбаяр у/з Сүхбат

Үзүүр түрүү

Чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер, сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн хошой аварга, Монгол улсын заан “жижиг” хэмээх Агваансамдангийн Сүхбат түрүүлж АРСЛАН цолыг хүртэж, улсын заан чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер, сонирхогчдын сүмогийн Монголын анхны дэлхийн аварга Баянмөнхийн Гантогтох анх удаагаа үзүүрлэв.

No comments:

Post a Comment