Sunday, August 9, 2009

2004 оны Ардын хувьсгалын 83 жилийн ойн наадам.

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат бөх улсын заан том хэмээх П. Сүхбат: “Намайг ид барилдаж байх үед цолыг маань өгвөл миний амжилтанд их нөлөөлнө. Тэгэхдээ хэзээ нэгэн цагт миний цолыг надад өгнө гэж найдаж байна.” гэж хэдэнтээ хэлсэн байдаг. Харин түүнийг ямар ч цол нөхөж аваад амжилт үзүүлэхэд нэгэнт оройтсон бөгөөд АНУ-д ажиллаж амьдархаар явсан тэр л үед ерөнхийлөгчийн зарлиг гарч улсад 8 давсан заанууд болох Дамдингийн Баяраа, Пунцагийн Сүхбат, Цэдэндамбын Цэрэнпунцаг, Баянмөнхийн Гантогтох нарын зэрэг 4 бөхөд Монгол улсын гарьд, Өвгөнхүү, Сэрээтэр тэргүүтэй 10 гаруй бөхөд Монгол улсын харцага цолыг нэхэн шагнав. Мөн бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлэх гэж оролдсон боловч тэр нь үнэхээр “хуудуутай”. Ам авах даваанд амжилтаараа, оноолтоор барилдах даваанд хуучин эрэмбээрээ барилдана гэн үү! Энэ хэнд ашигтай ямар гээч “луйвар” юм бол доо. Нэг удаа гэрийнхээ хаалгаар ороод харин дараа удаа тооноороо орж байя гэсэн үг үү!
Бяцхан түүх сөхвөл ардын хувьсгалын 30 жилийн ойгоор түрүүлсэн Цэвээнравданд (10 давж), 40- жилийн ойгоор түрүүлсэн Цэрэн (9 давж) нарт аварга цол олгосон байдаг. Харин 20- жилийн ойгоор үзүүрэлсэн Хасын Өлзийсайханд (8 давж) арслан, 50- жилийн ойгоор үзүүрэлсэн Цэрэнд (8 давж) даян аварга цол олгосон байна. Харин 70 жилийн ойгоор түрүүлж, үзүүрэлсэн Балжинням, том Сүхбат нар аварга арслан болно хэмээн нэлээд заргалдаад бараагүй юм. 80 жилийн ойгоор хууль ёсоор далай аврга болсон жижиг Сүхбат ч цолоо авч чадаагүй билээ. Угаасаа л тэмдэглэлт ойгоор даваа дутуу цол олгодог бичигдээгүй хууль байдаг. Ийм маягаар 6 давж заан болсон, 7 давж арслан болсон бөх маш олон бий. Мөн заан цолтой бөх үзүүрэлвэл арслан болдог ч дүрэм байсан юмуу гэлтэй тийм амжилт гаргасан бөх бүр арслан болсон байдаг. Одоо энэ даваа дутуу олгодог дүрмийг нэг тийш болгож, тэмдэглэлт ойгоор (10-д хуваагдах ойгоор) 10 даваатай болгож энэ асуудлыг шийдвэл зүгээр мэтээ.
Ер энэ давааны асуудлууд болон, цол олгох, мөн ямар наадам 10 даваатай байх бэ?, ямар нь 9- дааваатай байх бэ? зэргийг хуйлчилж өгөх шаардлагатай. Хэн нэгэн эрх мэдэлтэн өнөө жил өөрийн тэр бөхөө том цолонд хүргэе. Наадаамаа 10 даваатай хийнээ гэсэн байдлаараа хандаж болохгүй. Мөн амжилтаар нь эрэмбэлэх асуудлыг нэг мөр болгож дандаа “хаалгаараа ордог” байвал зүгээр юм даа.
Өнөө жилийн наадмын 4-ийн даваанд нэгэн том шуугиан тарьсан барилдааныг Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат бөх аймгийн начин Пүрэвжав үзүүлж урьд 2 жилийн наадмын түрүү бөх Монгол улсын 18- дахь аварга Өсөхбаярыг өвдөг шороодуулав. Тэрээр өөрийн багш А.Сүхбатыг 3-жилийн өмнө “өшиглүүлээд” унахад энэ муу танхай амьтанг чаддаг бол ганц сайн хашраах юмсан гэж бодож суусан нь мэдээж биз. Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтана гэдэг тэр л хүслээ биелүүлж өнөө жил багшийнхаа ачийг бараг хариулав. Энэ шуугианд нөлөө нь дарагдсан болохоос биш бас нэг шуугиантай барилдааныг Завхан аймгийн Яруу сумын харьяат бөх аймгийн заан Батсайхан гаргаж улсын заан Доржсамбууг 4-ийн даваанд шороодуулсан юм. Мөн цэргийн залуу арслан Лхагвадорж улсын заан Одгэрэлийг давав.
Наадмын 5-ын даваанд улсын цолгүй 13 бөх гарч барилдан 9 бөх нь начин болж 4 бөх нь дараа жилийн наадмыг хүлээх хэрэгтэй болов. Уг нь энэ 4 давахад хэцүү үед 4 давсан дээрээ начин болбол их л аз тэр юм. Дахиад 4 давна гэдэг бас л хэцүү даваа. Гэвч унаж байж сайн бөх болдог нь Монгол бөхийн нандин чанар билээ. Харин начин болсон 9 бөхийн 7 нь найрч, Өвөрхангай аймгийн бүрд сумын харьяат бөх Улсын начин Мандахын хамаатны дүү аймгийн арслан Р. Ганхуяг (3-ын даваанд у/н Сумъяабээсийг, 4-ийн даваанд у/н Пүрэвсүрэнг давсан) улсын харцага Баяржавхланг мөн Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат бөх улсын заан Даваанямын хүү цэргийн арслан Лхагвадорж (дүү Бямбадорж нь мэргэжлийн сүмогийн сэкэтори Ама билээ) улсын начин Рагчааг тус тус өвдөг шороодуулж хүчээрээ улсын начин болов.
6-гийн даваанд найрагчид ёсоороо болсноор (унаснаар) у/х Ганхуяг аймгийн начин Пүрэвжавыг амлаад дийлэлгүй дархан зүүн шахаж татаанд нь орж унав. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат бөх аймгийн начин Пүрэвжав нь Монгол улсын аварга Сүхбатын “Ээлт-Хан” галд бэлтгэл хийдэг, шилдэг залуу аймгийн начингуудын нэг юм. Тэрээр энэ даваагаараа Монгол улсын харцага цолын болзлыг биелүүлэв. Тунасан 2 цэргийн арслангийн барилдаанд хашир туршлагатай, өнөө жил улсын цолгүй бөхчүүдийн барилдаанд хамгийн олон түрүүлсэн Мөнгөнцоож давж харцага болов.
7-гийн даваанд “их өр тэгэлсэн” гэдэгтэй ижлээр дархан аварга Бат-Эрдэнэ Цэрэнпунцаг гарьдад өрөө төлөв (80-жилийн ойн). Ингэж Монгол наадмыг зүгээр л өр тавих, өрөө төлөх гэх мэт шалдир булдир юмаар гутааж, Монгол наадмыг өөрийнхөө зөөдөг “ноолуурын бизнес” мэт үзэж болохгүй гэдэг нь эрүүл ухаантай хэнд ч ойлгомжтой юм. Түүний өр үүгээр ч дуусаагүй. Баяржавхланд төлөх өр мөн л дутуу байгаа. Тэрээр улсад 6 давж чадвал заан болох боломж нээлттэй байна. Харин улсын аварга Сүхбат шавь Пүрэвжаваа, гарьд Сумяъабазар шинэ харцага Мөнгөнцоожийг амалж давснаар улсын гарьд Гантогтох у/х Мягмарсүрэн нар тунав. Тунааны барилдаан сонирхолтой болж (UBS- телевизийн санал асуулгаар 2004 оны 2-р шилдэг барилдаанаар шалгарсан) Гантогтох гарьд давав. Энэ 2 бөхийн барилдааны хоорондын харьцаа 1:1 болж тэнцэв.
8-ын даваанд сүүлийн 13 жилийн дотор анх удаагаа Бат-Эрдэнэ аваргаас өөр хүн буюу аварга Сүхбат ам авах болов. Тэрээр улсын гарьд Цэрэнпунцагийг амалж хав золгооноос хавирхад нь биеэ сулалж үлдээд давав. Харин тунасан 2- гарьдын баридаан сонирхолтой болов. Шилдэг 6 заан гэгдэж байсан 6 бөхийн хувьд улсын наадамд Сумъяабазар Ганбаттай, Өсөхбаяр Цэрэнпунцагтай, Гантогтох Сумъяабазартай барилдаж үзээгүй юм. Харин энэ удаа 2 гарьд хоорондоо анх удаа тунаснаар улсын гарьд Баянмөнхийн Гантогтох давж Сумъяабазар гарьд өвдөг шороодов.
Үзүүр түрүүний барилдаанд аварга Сүхбат, гарьд Гантогтох нар үлдэж үнэн хүчийг шавхан барилдаж Монгол улсын залуу аварга Агваансамдангийн Сүхбат түрүүлж Монгол улсын анхны далай аврга цолыг “гуядаж авав”. Улсын гарьд Б. Гантогтох үзүүрлэн үнэхээр “зангарага”-тай бөх гэдгээ дахин нотлов.
А. Сүхбатын амжилтыг ард түмэн, төр засаг нь хожуу ч гэсэн үнэлж “Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат бөх Агваансамдангийн Сүхбат нь 20 ба 21-р зууны заагт Монгол бөхийн түүхнээ уран хурц барилдаанаараа нэгэн үзэгдэл болон тодрон гарч, олон сайхан брилдаанаараа ард түмний баярлуулан цэнгүүлсэн тул Монгол улсын үндэсний спортын гавьяат тамирчин цолыг олгов” гэсэн зарилыг 2005 онд гардуулсан юм.
Төрийн наадамд “6- зааны” гэгдэх үеийг манлайлан босож А. Сүхбат 3 түрүүлж Монгол улсын анхны далай аварга (нийт 9 шөвгөрсөн), харин Г.Өсөхбаяр 2 түрүүлж улсын аварга (нийт 7 шөвгөрсөн), Д. Сумъяабазар 3 үзүүрлэж гарьд (нийт 10 шөвгөрсөн), Б.Гантогтох 3- үзүүрлэж гарьд (нийт 8 шөвгөрсөн), Ц. Цэрэнпунцаг 9 удаа 5-аас дээш (2 удаа 8 давсан) давж гарьд (нийт 10 шөвгөрсөн) цолуудыг тус тус хүртээд байна. Харин тэдгээрийн отгон нь болох Б. Ганбат 1999 онд ид барилдах 23- насандаа хүнд бэртэл авч, цаашид бэртэл нь удаа дараа сэдэрч амжилт нь буурснаар одоо начингийн найрааны л төдий бөх болоод байна. Тэрээр улын наадамд 5 удаа шөвгөрөөд байна. Сүүлийн 5 наадмыг энэ 6 бөх жинхэнэ ёсоороо эзэгнэв. Энэ “6-зааны” үе дахиад 5 орчим жил ч үргэлжилж магадгүй байна. Харин түүний араас “Алтайнхны” хэмээх нэгэн үе түрэн орж ирж болзошгүйг зөвхөн өнөө жилийн наадмаар л гэхэд Говь-Алтай аймгаас улсын начин 1, аймгийн арслан 6, заан 4, начин 4 төрсөн зэрэг нь харуулж байна.

5-ийн даваа
1. Д/а Цэрэнтогтох а/н Ганбат (начин) (ӨВ- Бүрд)
2. Д/а Бат-Эрдэнэ а/а Бадамдорж (Завхан)
3. У/а Балжинням а/н Энхтуяа (начин) (ӨМ- Баяновоо)
4. У/а Сүхбат а/з Батсайхан (Завхан- Яруу)
5. У/г Сумъяабазар а/а Цогтжаргал (Булган- Гурванбулаг)
6. У/г Цэрэнпунцаг а/а Өсөх-Ирээдүй (Сэлэнгэ- Орхонтуул)
7. У/г Гантогтох у/н Адъяахүү (Завхан-Нөмрөг )
8. У/з Ганбат ц/з Уламбаяр (начин) (Завхан-Тосонцэнгэл)
9 У/з Бумбаяр а/а Алтансүх (начин) (Увс-Зүүнхангай)
10. У/з Батзориг а/а Лхагвасүрэн (начин) (Ховд-Эрдэнэбүрэн)
11. У/х Баяржавхлан а/а Р. Ганхуяг (начин) (ӨВ-Бүрд)
12. У/х Батбаатар а/н Пүрэвжав (начин) (Ду-Дэлгэрцогт)
13. У/х Мягмарсүрэн у/н Бүрэнбаатар (Сэлэнгэ –Баруунбүрэн)
14. У/х Г. Ганхуяг у/н Магалжав (Сүхбаатар-Мөнххаан)
15. У/н Рагчаа ц/а Лхагвадорж (начин) (Го-Чандмань)
16. У/н Азжаргал ц/а Мөнгөнцоож (начин) (Ар-Батцэнгэл)


6-ийн даваа
1. Д/ав Бат-Эрдэнэ а/н Энхтуяа
2. У/ав Сүхбат а/а Алтансүх
3. У/г Сумъяабазар а/а Лхагвасүрэн
4. У/г Цэрэнпунцаг а/н Ганбат
5. У/г Гантогтох а/а Р. Ганхуяг
6. У/х Мягмарсүрэн ц/з Уламбаяр
7. У/х Г. Ганхуяг а/н Пүрэвжав (харцага)
8. Ц/а Мөнгөнцоож (харцага) ц/а Лхагвадорж


7-ийн даваа
1. Д/ав Бат-Эрдэнэ у/г Цэрэнпунцаг
2. У/ав Сүхбат а/н Пүрэвжав
3. У/г Сумъяабазар ц/а Мөнгөнцоож
4. У/г Гантогтох у/х Мягмарсүрэн



8-ийн даваа
1. У/ав Сүхбат у/г Цэрэнпунцаг
2. У/г Сумъяабазар у/г Гантогтох

Үзүүр түрүү

Улсын аварга Агваансамдангийн Сүхбат түрүүлж (3 дахиа) Монгол улсын анхны далай аварга цол хүртэж, улсын гарьд Баянмөнхийн Гантогтох үзүүрлэв (3 дахь удаагаа).

No comments:

Post a Comment