Wednesday, August 5, 2009

1997 оны Ардын хувьсгалын 76 жилийн ойн наадам.

Ардын хувьсгалын 76 жилийн ойн барилдаанаар 7 бөх улсын начин цолын болзол хангаж, ард түмнийхээ дунд “жижиг” хэмээн алдаршсан уран барилдаант улсын начин А. Сүхбат заан цолын болзлыг хангав. Тэрээр ийнхүү 26 насандаа улсын заан болсон бөгөөд урд нь 1992 онд 3 давж Мөнх-Эрдэнэ начинд (арслан), 1993 онд 6 давж өсөх идэр начин болоод Мөнх-Эрдэнэ заанд (арслан) өвдөг шороодсон бөгөөд 1994 онд 5-ын даваанд начин Цэрэнпунцагтай (гарьд) тунан барилдаж, 1995 онд улсын начин Жамъянпүрэвийг улсын цолгүй байхад нь 4-ийн даваанд тус тус өвдөг шороодож байсан юм. 1994 онд Сүхбатыг давсан Завхан аймгийн Цагаанчулуут сумын харьяат бөх улсын начин Цэдэндамбын Цэрэнпунцаг 8 давж заан цол хүртсэн ба 2004 онд энэ амжилтыг нь үнэлж ерөнхийлөгчийн зарилгаар гарьд цолыг нэхэн олгосон.
Увс аймгийн Хяргас сумын харьяат 20-р зууны Монгол улсын “манлай бөх”, 20-р зууны дэлхийн шилдэг 50 бөхийн нэг, Монгол болон Орос улсын гавьяат тамирчин, чөлөөт ба самбо барилдааны дэлхийн аварга, дэлхийн 20-р олимпийн мөнгөн медальт Монгол улсын хөдөлмөрийн баатар, сурган хүмүүжүүлэх ухааны доктор, фрофессор, Дархан аварга, төрийн наадамд 10 удаа түрүүлсэн “их аварга” Хорлоогийн Баянмөнхийн өөрийнх нь мөнхийн өрсөлдөгч болох Мөнхбат аваргын төрсөн нутгаас нь тодруулан гаргаж ирсэн гарынх нь шавь болох А. Сүхбат нь 1992- оноос эхлэн заал танхимын барилдаанд нэр нь цуурайтан улсын цол аваагүй байхдаа өөрийн үед ид барилдаж байсан улсын цолтой бараг бүх бөхийг хаяж гайхуулж байсан уран хурц барилдаант бөх юм. Гэвч Сүхбатыг начин болсноос хойш олигтой сайн амжилт үзүүлж амжаагүй байхад (1996 онд барилдаагүй) түүний араас гарч ирсэн Увс аймгийн Хяргас сумын харьяат бөх сумын заан Баянмөнхийн Гантогтох, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат аймгийн арслан Гэлэгжамцын Өсөхбаяр, Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат улсын начин Долгорсүрэнгийн Сумъяабазар нар тус бүр 22 насандаа 1994, 1995, 1996 онуудад дараалан улсын заан цолыг хүртэж амжсан байв.
1997- оны Монголын цагаан сард зориулсан барилдаанд А.Сүхбат самбо бөхийн дэлхийн аварга, аймгийн арслан Пүрэвсүрэнд 2-ын даваанд унасан юм. Харин 1997 – оны улсын наадмын 3-ын даваанд түүнийг амлан авч даагаа нэхэв. Энэ наадмын 3-ын давааны өөр нэг сонин гайхалтай барилдаан бол улсын заан Цэрэнпунцаг аймгийн арслан Б.Ганбатыг амлаж барилдсан барилдаан юм. Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат бөх өнөө жил 21 настай Батжаргалын Ганбат нь нөгөөл алдарт их аварга Баянмөнхийн гарын шавь бөгөөд тэрээр яг энэ үед Монголд буй бүх бөхчүүдийг хаяж чаддаг байв. Цэрэнпунцаг зааныг ч хэд хэдэн удаа хаясан тэрээр энэ удаад бяртай, хашир заанд өвдөг шороодож таавар будлиулсан юм. Нөгөө талаас Цэрэнпунцаг заан үнэхээр аатай бөх гэдгээ харуулж Ганбатыг 3-ын даваанд номохроосон нь миний урьд хожид үзээгүй “аархал” байсан юм. Мөн энэ даваанд урьд жил (1996- онд) начин болсон Увс аймгийн Хяргас сумын харьяат бөх, самбо барилдааны дэлхийн аварга Одгэрэл, өөрийн “он жав” Ховд аймгийн Чандмань сумын харьяат бөх Батзоригтой тунан барилдаж өвдөг шороодон уйлсан билээ.
Харин 4-ийн даваанд А. Сүхбат начин 1995 онд начин болсон (4-ийн даваанд А. Сүхбатыг давсан) Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат бөх Жамъянпүрэвийг амлан мөн л “даагаа нэхэв”. Харин 3-ын давааны тунаанаас гарч ирсэн улсын начин Батзориг (зүүн хавирдаг дархан мэхтэй) 1995 онд начин болж 1996 онд начнаа баталсан Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат бөх Ишдоржийн Доржсамбуутай тунан барилдаж өвдөг шороодов.
Цол авах 5-ын даваанд олон жил Монгол түмнийг алмайруулсан, Монголын хамгийн өндөр бөх Булган аймгийн Баян-Агт сумын харьяат залуу бөх “үлэмж биетэн” Оргилболдыг улсын уран барилдаант заан З. Түвчин начин болгож өгөв. Мөн уран барилдаант Адъяахүү нарын зэрэг нийт 7 бөх начин болов. Харин хамгийн сонирхолтой нь их аварга, алдарт багш Баянмөнхийн хүү улсын залуу заан Гантогтох энэ даваанд өөрийн хүргэн ах А. Сүхбатыг амалж унасан бол миний урьд хожид дуулаагүй, үзээгүй барилдаан нь 5-ын даваанд 2 заан тунасан явдал юм. Энэ халз тулаанд улсын залуу заан Өсөхбаяр улсын залуу заан Сумъяабазарыг давсан юм. Мөн бас нэг сонирхолтой барилдаан нь 3-ын даваанд тунаж давсан бөхийг 4-ийн даванд тунаж давсан Доржсамбуу начин 1994-онд улсын заан болсон, Монгол улсын наадмын түүхэнд хүний нүдээр бус техникийн хүчээр шийдсэн ганц барилдааны эзэн Ховд аймгийн Чандмань сумын харьяат Бямбадоржид өвдөг шороодов. Тус ширүүн барилдаан 1991 оны наадмын 5-ын даваанд Бямбадорж, Мөнх-Эрдэнэ нарын хооронд болсон билээ.
6-ын давааны хамгийн сонирхолтой барилдаан тунасан 2 бөхийн хооронд болж улсын начин А. Сүхбат улсын заан Өсөхбаярыг баруун хонгодож төвөггүйхэн хаяв. Харин өөр нэг Сүхбат буюу Монгол улсын гавьяат тамирчин, улсын заан том хэмээх П. Сүхбат Хөвсгөл аймгийн залуу бөх Элбэгт хав золгооноос хавируулаад унав. Элбэгийн энэ амжилтыг үнэлж 2004- онд харцага цолыг нэхэн олгосон юм.
Заан гэдэг цол хэн дуртай аавын хүүд олддог “амар боорцог” биш гэж Гарьд магнай киноны “молиго Очир” заан хэлдэг. Үнэхээр ч Монгол бөхийн он удаан жилийн түүхэнд заан болсон бөх ховор. Цагаан сарын баярт түрүүлсэн начин Өвгөнхүү ч (2004- онд харцага авсан) заан болж чадаагүй, Жавхлантөгс харцага 3 удаа 6 давж байсан ба Түвчин заан 3 удаа 6 давсаны дараа л 7 давж заан болж байсан зэрэг нь заан цол ямар үнэтэй болохыг харуулдаг. Харин өнөө жилийн наадамд Баянмөнх аваргын шавь улсын аварга О.Балжинням багшийнхаа ачийг бодож түүний өсөх ирээдүйтэй шавь, хүргэн хүү А. Сүхбатыг нь заан болгож өгөв. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат “шонхор” дэвжээнээс гаралтай уран барилдаант начин Агваансамдангийн Сүхбат ийнхүү заан болов. Хэдийгээр заан хэмээх том цолонд хүрсэн ч “жижиг” гэдэг эрхэм нэр нь хэвээрээ л ард түмний дунд үлдсэн юм.
7-гийн даваанд шинээр начны болзол хангасан (2004- онд харцага авсан) Чулуунбаатар Мөнх-Эрдэнэ арслангийн “дархан” баруун хөлийг авсан боловч дийлсэнгүй.
8-ын даваанд дархан аварга Б. Бат-Эрдэнэ “үлэмж бадрах” заан Цэрэнпунцагийг амалж давсан бол хурц арслан Д. Мөнх-Эрдэнэ шинэ заан А.Сүхбаттай тунасан юм. Энэ 2 бөх өмнөнө 1992, 1993 онуудад таарч барилдсан бөгөөд Мөнх-Эрдэнэ арслан хоёуланд нь давсан ба энэ удаа ч дархан барьцгүй хавираагаа хийж давав. Тэр ганган хавираанд жижиг Сүхбат хэдийгээр унаагүй ч арслангийн 5 дахиа үзүүр булаацалдая гэсэн хүсэл, хөлийн цэцдийн санал, Сүхбатын даваандаа ханасан зэргээс болж арслан давсанд тооцогдсон билээ.
Төрийн наадамд 5 дахь удаагаа үзүүр булаацалдсан 2 Эрдэнийн энэ удаагийн барилдаанд ч Бат-Эрдэнэ аварга давж улсад 9 дэхь удаагаа түрүүлсэн билээ. Харин Мөнх-Эрдэнэ арслан 5 дахь удаагаа үзүүрэлсэн юм.
-Архангай аймгийн Булган сумын харьяат бөх Монгол улсын гавьяат тамирчин Дуламжавын Мөнх-Эрдэнэ нь төрийн наадамд нэг хүнд 5 удаа өвдөг шороодож 5 удаа үзүүрэлсэн үнэнхүү их хүчтэн билээ. Тэрээр 1991 онд 5 давж начин болоод П. Сүхбатад, 1992, 1993, 1995-1997 онуудад тус бүр үзүүрт үлдэж Бат-Эрдэнэ аваргад, 1994 онд 6 давж Цэрэнпунцагт өвдөг шороодож байсан Монгол улсын бөхийн барилдааны түүхэнд 20-р зууны сүүлчид гарч ирсэн “гэрэлт од”, хурц арслан билээ.

6-ийн даваа

1. Д/ав Бат-Эрдэнэ ц/а Сүхбаатар (Өвөрхангай- Хужирт)
2. У/ав Балжинням а/а Хатансайхан (Дорноговь)
3. У/ар Мөнх-Эрдэнэ а/а Адъяахүү (Завхан- Нөмрөг)
4. У/з Хүрэлбаатар з/б Балжинням (Завхан –Нөмрөг)
5. У/з П. Сүхбат з/б Элбэг (Хөвсгөл- Улаан-Уул)
6. У/з Бямбадорж а/а Чулуунбаатар (Увс- Тэс)
7. У/з Цэрэнпунцаг з/б Оргилболд (Булган- Баян-Агт)
8. У/з Өсөхбаяр у/н А. Сүхбат (Төв- Сэргэлэн)


7-ийн даваа


1. Д/ав Бат-Эрдэнэ у/з Хүрэлбаатар (Хөвсгөл- Галт)
2. У/ав Балжинням у/н А. Сүхбат (заан) (Төв- Сэргэлэн)
3. У/ар Мөнх-Эрдэнэ а/а Чулуунбаатар (Увс- Тэс)
4. У/з Цэрэнпунцаг з/б Элбэг (Хөвсгөл- Улаан-Уул)


8-ийн даваа

1. Д/ав Бат-Эрдэнэ у/з Цэрэнпунцаг (Завхан- Цагаанчулуут)
2. У/ар Мөнх-Эрдэнэ у/з А. Сүхбат (Төв- Сэргэлэн)


Үзүүр түрүү

Монгол улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар, дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ 9 дэхь удаагаа түрүүлж, Монгол улсын гавьят тамирчин, улсын хурц арслан Дуламжавын Мөнх-Эрдэнэ 5 дахь удаагаа үзүүрлэв.

2005-08 сар

No comments:

Post a Comment