Friday, August 28, 2009

Жүдогийн анхны дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар


Афины олимпид явах тамирчид Бунт-Ухаагаас хөөрөх дөхөж байхад Монголын жүдо бөхийн хамгийн хөнгөн жингийн тамирчин Цагаанбаатар гэж бараг хэн ч танихгүй залуу "би медаль авна гэдэгтээ итгэлтэй байна" гэж Монгол телевизд ярилцлага өгч байх юм. Миний мэт бөх шимтэн сонирхдог хүмүүс бол Цагаанбаатарыг гадарлахтайгаа... тэр өвөл самбо барилдааны дэлхийн аварга болоод байсан үе нь. Ингээд олимп эхэлж эхний өдөр 60кг-д барилдсан Цагаанбаатар маань Солонгосын Чой Мин Хо (Бэйжингийн олимпын аварга) нарын зэрэг ширүүн өрсөлдөгчидөө буулган авч Японы алдарт бөх Намүрад (олимпын 3 удаагийн аварга) ялагдан цаашдаа хүрэл медальд хүрч байсан ба яг 8 жилийн өмнө Нармандах гавьяат энэ жинд, энэ бөхөд ялагдан хүрэл дээр бууж байсан билээ. 1992 оны олимпоос хойш 2008 оны олимп хүртэлх 16 жилийн хугацаанд зөвхөн энэ 2 эрхэм л Монголчуудаас олимпын медаль зүүсэн юм. Хэний ч таньдаггүй байсан Цагаанбаатар хүрэл аваад л шууд бүх Монголчуудын танил болох нь мэдээж, 2004 оны Монголын тамирчдын тэргүүн дээд шагнал "Бөртэ Чоно" шагналыг зүй ёсоор хүртэв. Урд жилийн Бөртэ Чоныг хадгалж байсан О.Гүндэгмаа түүнд шагнал гардуулахдаа нэлээд хэдэн үг хэлж харагдсан... тайзнаас буугаад ирэхэд нь "та юу гэж хэлэв" гэсэн сэтгүүлчийн асуултанд "чамайг муу байвал хойтон энэ шангалаа буцаагаад авна шүү" гэж хэлсэн гэв. 2005 оны дэлхийн аваргад Цагаанбаатар 1-ийн даваанд бүдэрч харин Эрднэт-Од гавьяат хүрэл медаль хүртэснээр Бөртэ-Чоно шагналыг чөлөөтийн дэлхийн аваргын хүрэл медальт Наранбаатартай хамтдаа авав. Харин 2006 он бүхэлдээ Цагаанбаатарынх байжээ... тэрээр оюутны дэлхийн аварга, азийн наадмын аварга зэрэг том алдрууд болон хэд хэдэн графри тэмцээнд манлайлж Бөртэ-Чоныг дахин хүртэв. Энэ онд бараг ороцсон тэмцээн бүрдээ л түрүүлэхдээ өөрийн үндсэн жин болох 60-д биш 66-д дандаа барилдаж байв. 2007 онд гаагүй сайн барилдсан боловч чөлөөтийн Наранбаатар, боксын Бадар-Ууган нарын дэлхийн аваргын мөнгөн медальтнууд Бөртэ Чоныг хуваан хүртэв. Манай улсын олимпын найдвар Цагаанбаатар 2008 оны олимпын өмнө бэртэл авснаар олимпод 1-ийн даваанд бүдрэв. "Хавириганы хүнд гэмтэлтэй байсан, хүч гаргаж чадахгүй хэцүү байсан... хожим өөртөө харамсаж явахгүй, гомдлоо тайлая гэж бодоод л дэвжээнд гарлаа... гэмтэл маань хүн ялж чадахааргүй байлаа..." гэснээр үзэгчдийн суудалд шилжив. Ийнхүү бэртэж, хүсэн хүлээсэн ганц олимпдоо бүтэлгүйтэж шаналж явахад нь Монголчууд зүгээр түүнийг хайр найргүй харааж байв... харин түүний шалдаа унасан нэр хүндийг аврах ганц хүн нь Гүндэгмаа байсан байх...тэрээр ч үүргээ сайн биелүүлсэн, Монголчууд Бэйжингээс ганзага дүүрэн ирээгүй бол Цагаанбаатар 4 жилийн өмнө үндэсний баатар болсон шигээ, үндсэний дайсан болох байсан биз...
2009 онд ч Цагаанбаатар сайн байсангүй... өөрийн жиндээ (66кг) Монгол улсын аварга болж чадалгүй ялагдаж... юун гадаадад сайн барилдах манатай гэсэн сэтгэгдэл төрүүлж эхлэв. Мярагчаа гэдэг жингийнхээ ширүүн өрсөлдөгчид 2009 онд Монголдоо 2 удаа ялагдахад нь түүнд зарим хүмүүс итгэл алдарч байсан байх. Өмнө нь 2 удаа түрүүлж байсан ази тивийн аварга шалгаруулах тэмцээндээ явах эрхгүй болж харин түүнтэй зэрэгцэн Орос улсад болсон дэлхийн сүпер цомын тэмцээнд 2-р шигшээгийнхэнтэй хамт зодоглож аварга болж, дараа нь Бразилд болсон мөн сүпер цомд мөнгөн медаль зүүж амжив. Энэ 2 тэмцээнд Оросын залуу хүчтэн Алин Гадановтай таарч барилдан 1 ялж, 1 ялагдаад байсан Цагаанбаатар маань жүдо барилдааны 66кг-ын дэлхийн чансааг тэргүүлэх болсноор Монгол улсаа төлөөлөн дэлхийн аваргад зодголох эрхийг Мярагчаад 2 удаа ялагдсан ч авч чадав.
2009 оны Голланын Роттердамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын жүдочид хүрэлцэн ирэхэд Цагаанбаатар маань учраануудаа торолгүй шороодуулж базари үнэлгээр 3 тойрог дараалан ялснаар шөвгийн 4-д Оросын Алин Гаданловтайгаа таарав.
Яг 2 жилийн өмнө 2007 онд Цагаанбаатар гавьяат яг ингэж шөтгийн 4д үлдээд 2 дараалан ялагдал хүлээж медальт байрнаас мултарч байсан гашуун түүх бий. Энэ удаа харин цаг сунган барилдаж алтан оноогоор Гадановыг буулган авснаар дэлхийн аварга болох нь ойлгомжтой болов. Түрүү жил Бэйжингийн олимпоор "Монголчууд дэлхийн аварга ч болж чадалгүй 33 жил болчоод яаж олимпын аварга болхов, чадахгүй дээ..." гэж намайг халаглаж суух зуур 2 тамирчин (мөн нэг парагийн тамирчин) алт авч гайхуулж амжсан. Өдгөөгөөс 20 жилийн өмнө Монголын эрчүүд жүдогоор түүхэндээ анх удаа Одвоогийн Балжинням мөнгө, Дашгомбын Баттулга хүрэл авснаас хойш медаль гээч зүйлийг авч чадаагүй. Эмэгтэйчүүд түүхэндээ анх удаа хүрэл медалиа 2005-онд авсан ба миний мэдэхээр гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Халиуны Болдбаатар 1997 онд яг хүрэл авдагийн даваан дээр хожиж яваад сүүлийн 5 6 секд өөрөө алдаа гарган медальнаас мултарсан бол 2007 онд Цагаанбаатар мөнгөн медалийн төлөө барилдаанд хол илүүрхэж яваад алдаа гаргаж ялагдан хэт их неревтсэндээ хүрэл медалын төлөө барилдаанд мөн л ялагдан медальгүй хоцорч байв. Энэ удаа бол манай бөх аргагүй л хий нь гарч дэлхийн аваргаас бусад бүх тэмцээнээс медаль авч үзсэн, дэлхийн чансааг тэргүүлж байгаа аварга хүний ёсоор сайхан барилдаж Испайны бөхийг буулгаж авснаар Монголын жүдочдын түүхэнд анх удаагаа "ДЭЛХИЙН АВАРГА" хэмээх эрхэм хүндтэй цолонд хүрэв. Монголчууд тэртээ 1971 онд байт сураар, 1973, 1975 онуудад чөлөөт бөхөөр алтан медаль (Ойдов гуай 2, Баянмөнх аварга 1 алт) авч байсан бол түүнээс хойших 34 жилийн хугацаанд олимпын төрлөөр дэлхийн аварга төрөлгүй өдийг хүрсэн билээ. Энэ зуур математикийн дэлхийн олимпиаднаас л ганц алт авсан даа манайхан, харин олимпын бус төрлөөр бол самбогоор 50 гаран удаа, сүмогоор 5 6 удаа дэлхийн аварга болоод байгаа.

No comments:

Post a Comment