Sunday, August 9, 2009

2001 оны Ардын хувьсгалын 80 жилийн ойн наадам.

Монгол түмэн эрх чөлөөгөө бүрэн олж авсан хэмээн “эндүүрч” төрийн баяр цэнгэл хийж эхэлсний “яруу алдарт” хэмээх 80 жилийн ойн наадам хавтгайрсан найраа, дэндүү олон чанаргүй цолтон төрж басхүү Монгол бөхийн түүхэнд үеийн үед тодоос тод том хар “толбо” үлдээсэн барилдаан нөгөөтээгүүр үеийн үед бахархах идэр залуу аварга төрсөн “хачирхалтай” наадам болж өндөрлөв.
Энэ наадмын гол гэж хэлж болох онцлог нь 1951 оноос хойш нэг дор ийм олон буюу өөрөөр хэлбэл 1024 бөх зодголсон наадам Монгол бөхийн түүхэнд байгаагүй юм. Энэ наадмаар 17 начин (3 нь шинэчлэлээр харцага авсан) 4 заан, 1 аварга төрөв. Энэ бол тус наадмын онцлог яах аргагүй мөн. Өөрөөр хэлбэл Монголд хамгийн олон цолтон төрсөн буюу хамгийн олон найраа хийгдсэн наадам юм. 16 бөх найрч начин болж, 3 начин найрч заан мөн 1 бөх “хулхидаж” заан болно гэдэг үнэхээр харамсмаар тэр ч бүү хэл харцага цол биелүүлсэн бөхчүүд нь зарим нь шодож зарим нь халитаргаж 6 давсан юм. Харин энэ наадмын 2-р баатар нь болсон бөх бол а/а Сайнбаяр юм. Тэрээр у/н Сумъяабээс, у/н Одхүү нарыг хүчээрээ хаяж начин болов. Мөн Говь-Алтай аймгийн залуу бөх Мөнхтөр 4-ийн даваанд у/н Мягмарсүрэнг давсан нь гол шуугиан болсон юм. Өөр сайн талаараа шуугиан тарих барилдаан энэ наадамд ховор байв.
Ингээд чанаргүй найрагчдын чанараа харуулж бүгд унасан 6-гийн даваанаас сөхөе. 6-гийн даваанд 6 найрагч бусад бөхчүүдэд амлагдаж хүрэлцээгүй тул хоорондоо тунан барилдаж 3 найрагч давхаас өөр замгүй болсон билээ. Иймд бараг бүх шинэ найрагчид унасан гэхэд болно. Нөгөө тунасан 6 бөхөөс Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат а/а Ганхуяг (Ганзориг начны хүү) Сэлэнгэ аймгийн а/а Бүрэнбаатарыг давж, а/а Г.Батбаярт (Өсөхөө зааны дүү) аз таарч учраа бөх болох НИК-ийн гэгдэх Да.Батбаяр арслан хальтарч өөрөө унасан тул 6 давж улмаар шинэчлэлээр харцага авч “завшив”. Харин залуу бөх арал ихт Баяржавхлан шилдэг аймгийн арслангуудын нэг Магалжавтай удаан барилдаж шодож Магалжавын талаар таарсан ч хэт яарсан Магалжав өөрөө шороодов.
Харин энэ даваанд улсын заан том Сүхбат у/н Батзоригийг амалж давааг нь ахиулж өгөв. Нэгэнт ингэж найрах байсан юм бол нутгийн хүүгээ начин болгоод өгөхгүй гэж Хонгор нутгийн хөгшид шивэр авир гэсээр л үлдсэн. Учир нь улсын наадамд урьд нь 1 удаа 4 давсан Баянхонгор аймгийн арслан Болд 2 дахиа 4 давчихаад байсан ч түүнийг Ганбат заан амалж давсан юм. Сонирхолтой нь Ганбат заан дараагийн даваанд нутгийн анд Одгэрэл начинд бууж өгсөн нь наадамчдыг ёстой мэл гайхуулж орихсон. Өнөө жил цолоо ахиулах байх гэж олон хүн түүнийг харж суусан бизээ. Ноолуур зөөгч Батзориг, машин зөөгч Одгэрэл нар үнэхээр бэлтэй гэдгээ харуулж Болд арсланг золиос болгож наадамчдын тааврыг будилиулан Ганбатыг мөнгөөр “хуурч” даваагаа ахиулцгаав. Өнөө жил сарын дотор 3 цолыг дараалан хүртэж сонин амжилт үзүүлсэн Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат энэ наадамын найрааны начингуудын нэг Ишдоржийн Ёндонсамбууг (1997 онд Баянхонгор аймагт начин болж 2001 онд цэргийн заан, аймгийн арслан цолнуудыг 1 сарын дотор авсан) төрсөн ах улсын начин Доржсамбуу амлан авч давав. Аз таархгүй бол бүхэл бүтэн заан цолоороо шатах байсан тул ийнхүү “найдвартай араанд нь” хийж заан болох замдаа дүүгээ золиослож байгаа нь энэ.
Зааны буюу 7-гийн даваанд аль эрт 5-ын даваанаас эхэлсэн зааны найрааны хариунууд гарч улсын аварга Балжинням Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат бөх улсын начин И. Доржсамбууг заан болгож (1995, 1996 онуудад 5 давсан), “мөнгө ихт” Батзориг начин Мөнх-Эрдэнэ арслангаар, Увс аймгийн Хяргас сумын бөх Одгэрэл начин Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат улсын заан Ганболдоор заан болцгоож яаж найрдгийг, яаж найрч болохыг харуулаад зогсолгүй Монгол улсын начны найраа хүрээнээс нэгэнт хальж зааны найраа ч гэж үүсэж байгааг харуулав. Одоо зааныг найрч байна, үүний дараа юуг найрах бэ? …….. энэ асуултын хариуг дараа дараа жилүүдийн наадмуудаас Монгол наадамчид асуух, харах л үлдэв. Мөнхийн “он жавууд” болох Одгэрэл Батзориг нар цуг начин болсон шигээ цуг заан болов.
Увс аймгийн Тэс сумын харьяат 10 хол давсан улсын начингуудын нэг Бумбаяр энэ наадамд их хэчээн, чармайлттай барилдаж 6-гийн даваанд дархан аварга Мөнхбатын дүү шинэхэн найрагч (начин) Бадам-Очирыг давсан бол 7-гийн даваанд өөрийн эрхэм багш их аварга Баянмөнхийн хүү Гантогтох заанд амлагдаж барилдав. Тэрээр Гантогтох зааныг анхаарал алдсан үеэр өөрийн дархан тахимдах мэхээ хийж заан болсон билээ. Заан болоё гэж олон жил зүтгэсэн, тэр цолныхоо төлөө дахин олдохгүй боломжин дээр барилдаж буй түүний заан болох хүслийг буруутгаж болохгүй боловч нөгөө талаас хариуцлагатай наадамд өчүүхэн ч гэсэн анхаарал алдсан Гантогтохыг зөвтгөж бас болохгүй юм.
90-ээд оны эхээр Монгол улсын их аварга Баянмөнхийн өөрийн биеэр олж “Би заан болно гэсэн.” амлалт гарын үсэгтэй нь цуг авч шавиа болгон өөрийн биеэр начны босго алхуулсан бөх бол хожим түүний хүүгээр заан болох хувь ерөөлтэй байсан Увс аймгийн Тэс сумаас төрсөн анхны улсын заан Дамирангийн Бумбаяр байв. Их аварга маань Бумбаяр шавьдаа их хайртай байсан нь түүнийг бөх болгож өгсөн төдийгүй нэгэн барилдаан дээр Бумбаярыг цолоор нь дуудаагүйд дургүйцан “Дэлхийн дэвжээн дээр Монголын нэрийг гайхуулж явахдаа Монголын Баянмөнх гэж дуудуулж байснаас биш Дүрвэдийн Баянмөнх гэж дуудуулж явсангүй. Та нар намайг гадуурхаад зогсолгүй, одоо миний бяцхан шавь нарыг минь гадуурхаж байна. Бид бүгд л Монгол хүмүүс” гэсэн утгатай үг хэлж өмөөрч байсан зэргээс харагдана.
Энэ удаагийн 7-гийн даваанд тунасан мөнхийн өрсөлдөгч болох Сумъяа, Өсөхөө 2-ын барилдаанд Өсөхбаяр заан давж заан хэмээх эрхэм цолыг 2 дахь удаагаа батлав. Монгол эр хүн давахгүй гэсэн даваагаараа 3 давдаг гэдэг дээ.
8-ын даваанд нэгэнт найрсан тул Доржсамбуу начин хурдхан шиг унаж өгөснөөр Бат-Эрдэнэ аварга 8 давав. Залуу арслан Сүхбат улсын начин Одгэрэлийг уран гоё мухар тонгорч нэсэлттэйгээр хаяж шуугиулав. Бөхийн тайлбарлагч, Монгол бөхийн нэрт мэргэжилтэн Чанарав гуай “А.Сүхбат бол даваа өгсөн тусам баридаан нь хурц, хурдан шуурхай болдог одтой бөх. Түүнийг тэнцвэр алдуулж, цочоовол улам иртэй хурц болдог.” гэж дүгэнэдэг. Эдгээр чанар Монгол бөхийн түүхнээ ховорхон тохиолддог гэж хэлэхэд болох байхаа. Харин энэ даваанд Цэрэнпунцаг заан шинэ заан Батзоригийг баруун хонгодон давж, тунасан начин Бумбаяр заан Өсөхбаярыг тахимдаад хаяж яваад зайндаа сунаж унаснаар 8-ын даваа хурдан, уран хурц шуурхай болж өнгөрөв.
9-ийн даваа буюу цол ахих даваа. Энэ даваанд нэгэнт дархан аваргаас доош цолтой 3 бөх гарч ирсэн тул тэдгээрээс ядаж нэг бөх цол ахиулах ёстой байв. Энэ удаад дархан аварга Бат-Эрдэнэ өөрийн цуг нэг галд бэлтгэл хийдэг Цэрэнпунцагийг амалж буулгав. Тэрээр ямар амлалтаар буулгаж авсаныг нь мэдэхгүй ч дараа дараа жилүүдэд энэ өрийн тухай асуудал сөхөгдөх нь мэдээж юм.
Харин энэ даваанд тунасан 2 бөхийн барилдаан Монгол улсын түүхэнд байгаагүй “аймаар” барилдаан болсон. Монгол улсын хурц залуу арслан А. Сүхбат энэ даваанд улсын заан Өсөхбаяртай тунав. Мэдээж аль давсан нь цол ахих тул үнэхээр чухал барилдаан. Урьд энэ 2 бөх 1997, 2000 онуудад улсын наадамд таарч барилдахад Сүхбат 2 давсан юм. Заал танхимын болон цагаан сарын барилдаанд нийтдээ Сүхбат Өсөхбаярыг хаясан нь 90% -аас илүү байх. Энэ удаа ч тайлбарлач “Сүхбат арслан ингэж барьж тавьж байгаад урьд жилүүдийнх шиг хөл авахгүй гэх газар байхгүй дээ” гэж хэлэх тэр л агшинтай хамтаар Өсөхбаяр зааны баруун хөлийг авч өргөж гаргаж ирэн цацаж түүнээс хол илүү гэдгээ дахин харуулав. Баярласан наадамчдын уухайн дуу хадаж эхлэх тэр эгшинд хэний ч санаанд оромгүй үйл явдал болж Өсөхбаяр заан унасандаа уурлан Сүхбат арсланг “өшиглөн унагав”. Өсөхбаяр заан ийнхүү үе үеийн олон мянган хүчитнүүдийн зодоглож ирсэн, өөрийнхөө өвөөг зодоглож байсан өөрөө болон ахан дүүс анд нөхдүүд нь зодоглодог төрийнхөө наадмын торгон ногоон дэвжээн дээр унасандаа уурлан, Моголын 2 сая ард түмнийхээ нүдэн дээр өрсөлдөгчөө өшиглөн унагаж Монгол ард түмнээ, Монгол наадмаа, даян аврга өвөөгөө ч доромжилж дахин энэ дэвжээн дээр нүүр бардам зодоглох эрхгүй болсон юм. Энэ үеэр бөхдөө хайртай Монгол ард түмний уур хилэн, уй гашуу, нулимас нь бүгд зэрэгцэн үерлэсэн дошгин мөрөн мэт дүрэлзэж байв. Монгол наадмын түүхнээ ингэж ард түмний баярыг гутааж төөрийн наадмыг хэдэн цагаар хойшлуулсан “мунхаг” “од” байгаагүй билээ.
Хэсэг зуур эмчилгээ хийлгэж байж догонцон гэлдэрсээр тугаа тойрч буй залуу аваргыгаа харсан ард түмэн нь хэдхэн цагийн л өмнө үлэмж биет Одгэрэлийг агаарт нисгэж, Өсөхбаярыг ямар ч амьгүй гуалин өргөж шидэж буй мэт хаяж гялалзаж, гайхуулж явсан хайрт бөхөө өрөвдөн өмөлзөж, харамсаж суусан бизээ. Гэвч төв аймгийн Сэргэлэн сумын харьяат бөх Агваансамдангийн Сүхбат ардын төрийнхөө их баяр наадамд 2 дахь удаагаа 9 давсан амжилтаараа Монгол улсын 17 дахь аварга цолыг өөрийн эрүүл мэнд, ид барилдах залуу насаараа дэнчин тавин байж авч буй нь энэ.
Үзүүр түрүүний барилдаанд түрүү жил Сүхбатаас зүрэхшээн Гантогтоход бууж өгч тэрийгээ цэвэрхэн тайлбарлаж ард түмнийг “молигодсон” Бат-Эрдэнэ аварга 12 дахь удаагаа энэ даваанд гарч ирэв. Бат-Эрдэнэ аваргын учраа бол түүний ямар ч аргаар хамаагүй дарж 80 жилийн ойн түрүүг авах гээд чадалгүй өөртэй нь учирч буй А. Сүхбат юм. Бат-Эрдэнэ аварга хэзээ ч А. Сүхбатыг амалж байгаагүй бөгөөд хамгийн сүүлд үзүүрт үлдэх үед л түүнтэй брилддаг байв. Энэ удаа бие нь маш хүнд байсан А. Сүхбат барилдахын өмнө нутгийн ахмад бөх Сэрээтэр начинд “Ахаа би унасан ч аварга болох уу?” гэж асууж байсан нь түүний аварга болох мөрөөдөл хийгээд энэ насных нь хөдөлмөр, өр өвдөм бөгөөд үнэн түүх нь билээ. Сэрээтэр начин “Бие чинь их муу байгаа тул зүгээр л тахимаа өгчихөөд л ир” гэж хэлсэн гэдэг. Хэдийгээр ийм хүнд үед барилдсан ч Сүхбатыг 80-жилийн ойгоор түрүүлэхийг юу ч зогсоож чадаагүй билээ. Өшиглүүлээд тэрийн унаж байсан залуу арслан Сүхбат маань дархан аварга Бат-Эрдэнийг шороодуулчихаад өөрийн биеийн муу байгааг үл хайхран баярын нулимастайгаа гүйж Баянмөнх багшдаа үнсүүлж байсан нь багш шавь хоёрын нэг насны мөрөөдөл, хөдөлмөрийн биелэл байлаа. Ийнхүү Монгол улсын залуу арслан Агваансамдангийн Сүхбат Монгол улсын “далай аварга” цолын болзлыг биелүүлэв.
Гэвч хамгийн хачирхлтай нь Сүхбатад далай аварга биш, ердөө л аварга цол олгосон юм. Монгол бөхийн дүрэм гээч юманд 10 давж түрүүлсэн бөхөд аварга цол олгоно гэсэн байдаг. Аварга бөх дахиад нэг түрүүлбэл далай аварга болно. Өөрөөр хэлбэл 2001, 2002 онд түрүүлбэл далай аварга болох ёстой юм. Энэ бөх 2 түрүүлсэн байгаа биз! Тэгвэл Сүхбат мөн л 2000, 2001 онд 2 түрүүлсэн юм. Харин түүнд далай аварга биш аварга гэдэг цол өгч орихсон юм. Энэ юу гэсэн үг болохыг тайлбарлавал 2+1=3 харин 1+2 тэнцүү 3 биш гэсэн үг юм. Энэ юу гэсэн үг бэ? Жолооны курст сууж байсан залхуу сурагч Сэр-Од гэдэг хүн: “У- үсэг уруудаад, Х- үсэг хөвөөд. Тоон дотор үсэг зохиж явах чинь Сэр-Од төөрч байна уу? шинжлэх ухаан төөрч байна уу?” гэж хэлсэн гэдэг. Энэ онигдоодтой агаар нэг байгаа юм даа. Бөхийн холбооны тэр нэг “дүрэм” ч гэнүү нэг юмыг нь зүгээр л “луйвар” гэхэд болно. Харин тиймэрхүү байдлаар цол шамшигдуулсан удирдлагуудыг нь “зууны шилдэг луйварчид” гэхэд бараг болно. Тамга тэмдэгтэйгээ үхэн хатан зууралддаг тэр “луйварчид” болох Нямдорж, Данзан тэргүүтнүүд бүгд дээд боловсролтой гэх юм билээ. 1+2 тэнцүү 2+1 байдаг гэдгийг мэддэг байтал зүгээр л “мулайж” байгаа юм болов уу? эсвэл “мэддэггүй” юм болов уу! Аль эсвэл бүүр 2000 он муухай он, 2002 он сайхан он байсан юмуу? Эсвэл энэ бүхний учир ердөө л маш энгийн, тэр далай аваргын болзол хангасан бөх нь Өсөхбаяр биш А. Сүхбат байсанд байгаа юм боловуу? Магадгүй л юм! Хэрэв тийм бол тэр дүрмэндээ тиймэрхүү маягийн “тодотгол” хийж өгмөөр юм! Энэ бүхнээс үзэхэд А.Сүхбат аваргад өөрийн биеийн эрүүл мэндийг золиослон “би унасан ч аварга болохуу?” гэж сэтгэлдээ уйлсаар, ард түмнээ баярлуулан байж Бат-Эрдэнэ аваргыг давах хэрэг байгаагүй болж таарч байгаа юм. Түрүүлсний хэрэг байдаггүй Монгол наадам гэж байж болох уу даа! Хэрэв энэ бүхнийгээ “манай дүрмэнд арслан цолгүй бөх 10 давбал шууд аварга болдог” гэсэн маягийн юмаар булзайруулах гэж байгаа бол “тэр бол тэнэг хүний тайлбар байна. Танай тэр дүрэм цоорхой юм байна. Түүнийгээ өөрчил!” гэж хэлмээр байна. 2 түрүүгээ он цагийн хувьд сольж авсныхаа төлөө бүхэл бүтэн нэг цолоор хохирож болохгүй, тийм хүнлэг ардчилсан нийгэм гэж байдаггүй юм!
Эцэст нь өгүүлэхэд Баянмөнх аваргын хэлснээр: “Ардын хүүхдүүдийг алаг үзэж болохгүй. Нэг нь төрийнхөө наадмын торгон ногоон дэвжээн дээр өрсөлдөгчөө өшиглөж унагаачихаад зүгээр л инээгээд явж байдаг. Нэг нь ард түмнээ баярлуулж түрүүлчихээд авах ёстой цолоо авч чадалгүй явдаг байж болохгүй” гэсэн үнэн үгээр өндөрлөе! Дараа дараа жилүүдийн наадмаар хэн, ямар цолыг, хэдэн төгрөгөөр, яаж найрахыг нь харж хүлээж сууя даа!

6-ийн даваа

1. Д/ав Бат-Эрдэнэ а/а Гансүх (Говь-Алтай - Шарга)
2. У/ав Балжинням ц/з Цэрэнхүү (Увс- Хяргас)
3. У/ар Мөнх-Эрдэнэ а/а Рагчаа (Архангай- Булган)
4. У/ар А. Сүхбат а/а Ш. Зоригт (Сэлэнгэ- Мандал)
5. У/з Ганболд Эрхэмбаяр (Увс- Сагил)
6. У/з П. Сүхбат у/н Батзориг (Ховд-Чандмань)
7. У/з Цэрэнпунцаг а/а Нямхүү (Баянхонгор - Шинэжинст)
8. У/з Гантогтох а/а Мөнхбаатар (Хөвсгөл- Шинэ-Идэр)
9. У/з Өсөхбаяр а/н Наранбаатар (Өвөрхангай)
10. У/з Сумъяабазар a/a Сайнбаяр (Өвөрхангай- Баянгол)
11. У/з Ганбат у/н Одгэрэл (Увс- Хяргас)
12. У/н Бумбаяр а/а Бадам-Очир (Төв- Эрдэнэсант)
13. У/н Доржсамбуу а/а Ёндонсамбуу (Булган- Гурванбулаг)
14. а/а Магалжав (Сүхбаатар) з/б Баяржавхлан (Завхан- Нөмрөг)
15. а/а Г. Ганхуяг (Хө-Галт) а/а Бүрэнбаатар (Сэлэнгэ – Баруунбүрэн)
16. а/а Г. Батбаяр а/а Да. Батбаяр (Өвөрхангай- Гучин-Ус)

7-ийн даваа
1. Д/ав Бат-Эрдэнэ а/а Г. Батбаяр
2. У/ав Балжинням у/н Доржсамбуу (заан) (Булган)
3. У/ар Мөнх-Эрдэнэ у/н Батзориг (заан) (Ховд-Чандмань)
4. У/ар Сүхбат а/а Г. Ганхуяг (Хөвсгөл- Галт)
5. У/з Ганболд у/н Одгэрэл (заан) (Увс- Хяргас)
6. У/з Цэрэнпунцаг з/б Баяржавхлан
7. У/з Гантогтох у/н Бумбаяр (заан) (Увс- Тэс)
8. У/з Өсөхбаяр У/з Сумъяабазар

8-ийн даваа

1. Д/ав Бат-Эрдэнэ у/н Доржсамбуу
2. У/ар Сүхбат у/н Одгэрэл
3. У/з Цэрэнпунцаг у/н Батзориг
4. У/ар Өсөхбаяр у/н Бумбаяр

9-ийн даваа

1. Д/ав Бат-Эрдэнэ у/з Цэрэнпунцаг
2. У/ар Сүхбат (аварга) у/з Өсөхбаяр

Үзүүр түрүү

Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, “Буян холдинг” компанийн бөх улсын арслан Агваансамдангийн Сүхбат түрүүлж Монгол улсын "17 дахь аварга" цолыг хүртэж, улсын дархан аварга Бат-Эрдэнэ анх удаагаа үзүүрлэв.

No comments:

Post a Comment