Friday, August 28, 2009

Миний “жинхэнэ бөх” Х бүлэг


10. Миний мэдэх “жинхэнэ бөх” маань хэн байв...хэн байна...хэн байхав...

Би гэдэг хүн анх ухаан ороход л Сүхбат гэж хүн миний нүдэн дээр минь байсан, би түүнийг “жинхэнэ бөх” гэдэг бол энэ хүн юмаа гэж хэнээр ч заалгалгүй өөрөө ойлгож авсан.
Хүн өсөн дэвжихийн төлөө яаж зүтгэж тэмүүлж болохыг бодитоор харуулж, түүнээс нь үлгэр аван би өөрөө ч ялагч байхын төлөө хамт тэмцсэн... миний бөх ч ялсан... заан болсон... үеийхнээс урьтан арслан, аварга, далай аварга, даян аварга болж үеэ манлайлсан... би ч ялсан... хэрэндээ л өөртөө таарах амжилт гаргасан...
Үнэн шударга барилдааны туйл болж, уран сайхан барилдаантай, хүн дийлэхээ байталаа хариагүй байхдаа зодог тайлж хойч үеийн бөхчүүдэд... шударга биш барилдахыг завдагч нарт үлгэр дурайлал болон үүрд идэр залуухан шуугиулж явсан үеэрээ үлдэхийг эрхэм болгосон. Яагаад ч 4 давж чадахааргүй хөгшин 4 даваад байдаг байсан үе манай аваргын үеэр дуусгавар болж дахин Монгол наадмын дэвжээнээ шударга бус барилдаан цөөн болно, үүнд манай аваргын нөлөөлсөн нөлөөлөл туйлын их болохыг цаг хугацаа харуулна биз ээ. Одооны түүний хийж буй шударга барилдааны төлөөх тэмцэл, шавь нараа бэлтгэж байгаа үйл хэрэг хэдхэн жилийн дараа л үр дүнгээ өгнө. Түүний шавь нараас одоо хамгийн сайн барилдаж буй Пүрэвжав харцага бөгөөд ирээдүйд хамгийн сайн барилдах нь Даваабаатар гэж харагдаж байна. Миний дэмждэг Ганбат заан маань өдгөөгөөс 10 жилийн өмнө миний нүдэн дээр шуугиулсан сайхан барилдаан үзүүлж Ламын гэгээний даншигт түрүүлж байсан бол өнөө жил Даваабаатар өөрийн ширүүн өрсөлдөгчид болох Ду.Батбаяр начин, Рагчаа заан, Батболд харцага нарыг шороодуулан түрүүлээд байна. Би бээр түүний үнэн ч хөгжөөн дэмжигчдийн нэг болоод байгаа бөгөөд нөгөө л Сүхбат аваргаа улсад түрүүлэхийг хоног тоолон хүлээдэг байсан шигээ л түрүүлүүлчих тухай тооцоо энэ тэр хийгээд л хоног тоолж байна. Аваргатай маань төстэй барилдааны арга барил, хандлагатайн дээр ижилхэн зан араншинтай бөх юмаа гэж бодогддог юм. Харин нөгөө Батаа буюу Ганбат заанаа ч дэмжихээ мартсангүй, аваргаа зодог тайлснаас хойш мэдээж Ганбатыгаа л идэвхитэй дэмжлээ. 11 жилийн өмнө аймгийн арслан цагаан сард үзүүрлэж байхад нь мөн ч олон удаа түрүүлнэ дээ гэж бодож байсан, тэр хүслийг маань хожуу ч гэсэн биелүүлж өнөө жил цагаан сард л түрүүллээ. Биеийнх гэмтэл бэртэл сайжирч мөн үеийн бөхчүүд нь харих тэр үест бусдаасаа хамгийн залуу нь болох Ганбат маань одоо сайхан л барилдаж байна... улсад 2 удаа заанаа баталж, Монгол Улсын хамгийн шилдэг болчихоод л байгаа...
Монгол наадам мэдээж өөрийн уламжлалыг хойч үедээ өвлүүлэн, цаг үетэйгээ хөл нийлүүлэн баяжин хөгжсөөр л байх болно...Монгол бөхийн түүхнээ харин Агваансамдангийн Сүхбат гэж нэгэн энгийн мөртлөө эгэлгүй эрхэм “тодоос тод” гэрэлт од болон үүрд дурсагдах болно. Түүний уран сайхан, ухаалаг хурц барилдаан, Монголын бөхийн хөгжлийн төлөө өөрийн бөхийн замналаараа дэнчин тавин хийсэн бүхнээр нь ирээдүй бахархана гэж би итгэдэг. Өөрийн үйл хэрэг, шавь нарынхаа амжилт, өөрийн гаргасан гялалзсан сайхан амжилтаараа рекорд амжилт тогтоосон том том дархан аваргуудынхаа зиндаад, тэдэнтэйгээ хамт үеийн үед дурсагдсаар, магтагтсаар байх болноо...
Аварга маань зодог тайлаад түүнд ямархуу хэцүү байгааг, юу гэж тайлбарлах урчаа ч олохгүй мунгинаж явахад өнөө өвөл дуучин Жавхлан гэгдэх энэ үеийн одонцор залуу: “Би дуу дуулахгүйгээр 7 өдөр...тэр бүү хэл нэг өдөр ч амьдарч чадахгүй... гэтэл Сүхбат аварга маань өөрийн дуртай ажлаа, насан туршаа хийсэн ажлаа хийлгүйгээр 2 жил гаруй боллоо... энэ хүн юу гэж боддог юм бол доо... гэж санаад би түүнд зориулж нэг дуу хийсэн юм” гээд “Нууцхан сэтгэлийн үнэн” хэмээх дуу толилуулсан юм... аваргаа их санасан болоод ч тэрүү, хэтэрхий олон шүлэг мэддэг надад хүртэл энэ дууны үг их таалагдсан юмаа...
2009 оны 8-р сарын 14-өөс 20-н.

Бүүвэй аяланхан мэлмэрүүлдэг эжийтэй билээ би
Бүс нь чанга, ухаан хурц өндөр хөх эцэгтэй билээ би
Уран биелгээний аясаар намилзан долгиотох угаасан устай билээ би
Уянгат хуурын эгшигээр зэрэглээтэн мяралзах унасан газар шороотой билээ би
Хааяа хааяахан сэтгэл минь сэмрэх юм
Аяар аяархан амьдрал минь дэслэх юм даа...
Уяран хайрланхан ард үлдсэн эгэлхэн мөчүүд минь
Ухаант ардын минь итгэлд хүрээ болов уу, яагаа бол...
Унаж, босож, тэмцэж үнэнтэй нөхрөлсөн андуухан энэхэн заяа минь
Унаган төрлөх нутаг, гэгээн өвгөдийн ариун ёсонд таацаа юм болов уу...
Хааяа хааяахан сэтгэл минь сэмрэх юм
Аяар аяархан амьдрал минь дэслэх юм даа...
Урсах ганц хоромд ч олныг минь уйтгар нөмөрвөл
Мянган хоног зүрх шархалж нэг л гундуухан гэлдэрнэм бишүү би
Иргэх нэгээхэн цаг дор хөх Монгол минь жаргалын нартай мандвал
Айсуу буман өдрөө тайван амгалан, уужим тэнэгэр алахнам бишүү би
Хааяа хааяахан сэтгэл минь дүүрэх юм
Аяар аяархан амьдрал минь дэвжих юм даа...

No comments:

Post a Comment