Friday, August 28, 2009

Миний “жинхэнэ бөх” Vl бүлэг

6. Хар дарсан зүүдүүд...

Тамирчин хүний хамгийн том өрсөлдөгч бол гэмтэл бэртэл билээ. Наадмаар айхтар гэмтэсний дараа гэмтлээс ирсэн аварга маань ялалтаа үргэлжлүүлэн урьдын адил гялалзсан сайхан барилдаанаа гаргаж учраануудаа гар ачсаар л байв. Тэрээр нас тогтож, бяр сууж, цол ахихын үеэр гар ачих, шуудагнаас шахаж татах мэхүүдийг гарамгай хийдэг болсон юм. Сүмо бөхийн дэвжээнд хамгийн олон мэх хийсэн бөхийн жагсаалтыг олон шинэ мэх зохиосон гэгдэх Кюкүшүзан эзэмшдэг бол Монгол наадмын дэвжээнээ энэ жагсаалтад манай бөх хангалттай дээгүүр орно. Цэрэнтогтох 80-аад оноос хойш л лав манай бөх шиг олон сайхан уран мэх даацтай, даамгай хийдэг хүн байгаагүй нь ойлгомжтой. Түүний өрсөлдөгчөө тохуурхах мэт гарамгай хийх уран гар ачаанд “у.ав Сумъяабазар, у.а Мөнх-Эрдэнэ, у.з Ганбат, у.з Бумбаяр...” гээд бараг түүнтэй өрсөлдөж байсан бүхэн нь унасан даа... Аварга болчоод нөгөө “чоныг” хэд удаа амалж авч хаяж бахыг минь хангаж билээ... нэгэн барилдаанаар өмнөх үеийн төлөөлөгчид буюу 64 оны луутнуудыг даваа дараалан авч хаясаар түрүүлж байлаа... багадаа их л дарагддаг байсан даа... харин нэгэн барилдааны үзүүр түрүүнд Бат-Эрдэнэ аваргатай үзүүрт үлдээд давахдаа айхавтар нидрэв... Баагий аварга уурлаад тахимаа өгөлгүй сэнжигдэж барьж байгаад л баахан загнав... Баагий аварга мөн ч олон хүнийг нидэрч байхад “таныг дээ...” гэж бодож байсан бизээ. Харин хажуугаас нь нэгэн хүн “болж, өөрсдийнх нь зааж өгсөн юм нь” гэж хэлсэн гэж бөх сонинд нийтэлсэн байсан. 2002 оны цагаан сарын барилдаанд бас л сайхан барилдаан үзүүлж ц.а Цогзолдоржийг шороодуулчаад дээгүүр нь дэгдэн гарч гүйж 5 давав. Сүүлийн 8-д шууд нөгөө Батаагаа авч мордоход нь дагуулж мушгаад давав. Харин Мөнх-Эрдэнэ арслан Доржсамбууг авсан тул манй аваргын тооцоо ёсоор Өсөхөө Сумъяа 2 тунав. Өсөхбаяр анхаарлаа алдсан үед Сумъяа ард нь гарч давахад Өсөхбаяр нэлээн л юм болж байж тахимаа өгөв, арга ч үгүй биз “но”-той барилдаан болсон юм. Би харин их харамсав, аварга бид 2-ын санаа бол Өсөхөөг даваад гараад ирэхээр нь наадмын тооцоогоо аварга хүний ёсоор хийх байсан билээ. Ингээд шөвгийн 4-д Сумъяа манай бөхийг ухарч явж байгаад ганган татаж хавираад давав... Сумъяа боорцогоо аваад шууд л Өсөхөө дээр очиж дээж хүртээсэн нь “уучлаарай... гэхдээ нөгөөдөхийг чинь хусчлаа шүү” гэсэн санаа байлгүй. За ингээд том жижиг барилдаануудад түрүүлсээр л улсын наадамд хүрэв.
Ардын хувьсгалын 81 жилийн ойн баярт нэгэнт аварга цолонд хүрсэн тул манай бөх 7 удаа ёстой л нэг гар амар давлаа. У.н Пэрэнлэйдорж, у.з Бумбаяр нарыг 6, 7-гийн даваанд арчаад өнгөрөхөд нь үнэхээр сайн байгаа аваргаа хараад за ингээд дахиад түрүүлдэг юм байж л гэж бодлоо. Харин Ганбат маань гаагүй нээх хүнд барилдаан туулалгүй начнаа баталсан Жамъянпүрэвээр 6 давж дунд шөвөгт үлдээд Гантогтоход амлагдан хялбар дийлдэв. Тунааны барилдаанд төрийн наадамд 5 дахь удаагаа тунан барилдаж Өсөхбаяр Сумъяабазарыг давав. Давахдаа бас болоогүй барилдаан удааширч барьц шодон барилдаж Өсөхбаяр заанд аз тааран давсан билээ. Шөвгийн 4 бөхийн барилдаан бас л таагүй дурсамж үлдээсэн... Бат-Эрдэнэ аварга бол Өсөхбаяр заантай яс үзэхэд их л хүнд барилдаан гаргахаар байсан энэ үедээ түүнд тахим өгөх болсон нь тунасан манай аварга, хүргэн дүү Ганаа 2-ын барилдааныг шударга бишээр өрнөхөд хүргэв. Ийнхүү шөвгийн 4-д худлаа барилдан аварга маань тахимаа өгсний дараа, үзүүрт үлдсэн 2 бөх удтал хүч шавхав... Өсөхбаяр барилдааны турш хамгаалсан бол, Ганаа цөөхөн хэдэн амжилтгүй довтолгоо өрнүүлэв... Ганаа давхар шуудагтай Өсөхөө барьцгүй болох агшинг ч ашиглаж амжилгүй байсаар шодох болж азийн шооны нүх Өсөхбаяр зааны талаар бууснаар сүүлийн удаа заан гэж нэрлэгдэв. Яагаад манай аварга тахим өгөв? 1-рт Баагий аварга Өсөхбаярт тахим өгсөн тул тэр 2 яс үзэж хүчээ шавхаад Өсөхбаярт хялбар түрүү алдах аюул тулгарсан, 2-рт өөрөө 2 түрүүлсэн (нэгд нь Ганааг давж) ачит багшийнх нь хүү, хадам дүү нь өмнө бүлтийгээд л зогсож байсан, 3-рт Гантогтох арслан болчвол дараа дараагийн наадамд Өсөхбаяр Сумъяабазар 2-ын тунаа олширч (Сумъяа унах нь их ашигтай) түүний амжилтанд эерэгээр нөлөөнө... гэх мэтийн бодьтой шалтгаануудын улмаас бууж өгсөн. Мэдээж энэ бол түүний хийсэн хамгийн шударга бус зүйл нь гэж би боддог, Ганааг аргалж байгаад л давсан л бол манай хүн 3 дахиа түрүүлэх байлаа, гэхдээ Ганааг давна гэдэг бас л маш хүнд даваа, цаана нь гар амар Өсөхбаяр хүлээж байгаа... Үүний дараа бүүр өвөл “наадмаар хийсэн сэргээшийн шинжилгээнд Сүхбат унасан” гэсэн мэдээлэл гарав. Хариуд нь Б сорьц өгөх цаг хугацааны болон бусад бололцоог бөхийн холбоо олгоогүй гэсэн шалтгаанаар, мөн ноднигийн аюултай “тийрэлтийг” эмчлэх зорилгоор хүчтэй эм хэрэглэсэн гэх мэтийн тайлбараар энэ мэдээлэл газар аваагүй дарагдсан юм. Спортоор хичээллэж буй хэн ч ийм зүйлтэй холбогдож болдгийг спорт сонирхогч бид дэлхий даяараа сайн мэднэ, Сумъяабазар л гэхэд албан ёсоор шийтгэгдэж (2 үзүүрлэж байх үедээ) шийтгэлээ хүлээсэн байдаг бол Өсөхбаяр аварга түрүүлчээд байгаа өнөө жилийн наадмын дараа ч энэ асуудалтай орооцолдсон л явж байна. Харин бусад жилүүдэд авсан шинжэлгээнүүдээс ямар ч “но” илрээгүй бөгөөд тодруулан хэлбэл түрүүлсэн жилүүддээ биш Гантогтоход тахим өгсөн жилээ энэ хар ярианд өртсөн юм шүү гэдгийг “тодотгоё”, энэ нь ч Ганаад унах шалтгаан байсан ч юм билүү... тийрүүлээд хэвтэж байсныг л бид нүдээрээ харсан шүү дээ...харин бусад нь бол цуу яриа төдий бөгөөд мөн ямар ч албан ёсны шийтгэл энэ тэр хүртээгүй хүн шүү... Манай аварга бол сэргээшээр аварга болох бөх биш, өөрийн хөдөлмөр зүтгэл, ур чадвараараа үеийнхнээсээ тасран аварга болсон агуу аваргуудын нэг гэдгийг бөх мэддэг хүн бүр хэлнэ буйзаа. Харин энэ 2002 оны наадам бол арай дэндүү муухай наадам болсон. Түрүүлсэн бөх нь 2 удаа шодож, 1 удаа тахим авч түрүүлсэн нэр зүүсэн бол үзүүрлэсэн бөх тахим авч, шөвгийн 4-д үлдсэн 2 бөх бууж өгсөн ёстой “хар дарсан зүүд” шиг наадам болж өнгөрсөн юм.
2003 цагаан сараар манай бөхийг мөн л миний адил дахин шүтэгч Бүрэнбаатар хэмээх залуухан начин уран сайхан барилдаан үзүүлж Бат-Эрдэнэ аваргаар 6 даваад шөвгийн 4-д шалгарав, түүнийг манай аварга амалж барилдаад татаж хавираад “газар ойтол” нь савснаар 3 дахь удаагаа цагаан сарын түрүүг булаацалдахаар шалгарав. Одгэрэл зааныг давж мөн л 3 дахь удаагаа цагаан сард түрүү булаалдахаар шалгарсан Сумъяабазар зааны хувьд хэдхэн хоногийн өмнө Японы мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаад 2 дахь удаагаа түрүүлж Ёкозүна цолонд хүрээд буй Дагвадоржийн (96 оны улсын шонхор) төрсөн ах, улсад 2 удаа 7 давж шөвгөрсөн Долгорсүрэн зааны хүү гэдгийг Монгол даяар мэдэх бөлгөө. Энэ барилдаанд угийн уран барилдаант аварга маань мөн уран барилдаан гаргаж том барилдаанд л лав хийж үзээгүй давуулж гуядах мэхийг хийж үр дүн нь “энэ мэхийг дахиж хийхгүй” гэж гарав. Ийнхүү энэ үеийн манлайлагч Сүхбат аварга маань сүүлийн 3 жил тасархай түрүүлэх маягтай байсан төрийнхөө их баяр наадамд зодоглохоор ирэв. Цолныхоо эрэмбээр мөн л торолгүй 7 давав. Баагий аваргын “Аварга” дээд сургуулийн бөх Баяржавхлан Баагий аваргад шууд унасан бол харин манай аваргын шавь шинэ харцага Батбаатар багшийнхаа эсрэг шазруун үзсэн нь, “чаддаг юм бол заан болоорой” гэсэн үг аваргаас сонссон юм байх гэсэн сэтгэгдэл төрүүлж байв. Баагий аварга новширдогоороо новширч Сумъяабазарт бууж өгснөөр өшиглүүлснээсээ хойш яг 2 жилийн дараа манай аварга, Өсөхбаяр арслан 2 тулав... Бат-Эрдэнэ гэдэг 11 түрүүлсэн аварга 1999 онд 8 дээр Ганбат, 2000 онд 8-ын даваанд Гантогтохтой, 2001 онд 9-ийн даваанд Цэрэнпунцагтай, 2002 онд 8-ын даваанд Өсөхбаяртай, 2003 онд 8-ын даваанд Сумъяабазартай буюу сүүлийн 5 наадмын шөвгийн 4-д худлаа барилдаан хийж ард түмнээ хулхидав. Манай бөхийг түрүүлгэхгүй гэж ингэж олон удаа мунгинаснаас ганцхан удаа л Өсөхбаярт “аз” таарч шооны нүхээр түрүүлж байснаас бусдад нь шударга үнэн дийлж түүний хор бүтэлгүйтэж байв. Энэ удаа ч Сумъяа түрүүлж чадаагүй билээ. Тунасан 2 хүчтэнийн барилдаан удаашрав... Өсөхбаяр шуудагдахыг хүлээн хамгаалав, гоол алдахгүй хэмээн 11-лүү хаалган дээр шавж хамгаалж буй баг ямар хэцүү байдаг билээ дээ яг тэрэн шиг... харин манай аварга Өсөхөөг энэ удаа золгооноос өмнө хаяж үнэхээр чадаагүй юм шүү... ингээд шуудагдахад Өсөхбаяр ч арал чацаар илүүрхэн давж чадалгүй 2 бөх мөн л бие бинээ түшин их удав...2 талаараа 66 удаа шуудагдсан (рекорд амжилт байж таараа) энэ хүнд тулааны явцад 2 бөх бүх хүчээ барж, их халуун байсан тул тагнай хатаад, хаях ч шүлсгүй болсон тухайгаа Өсөхбаяр сүүлд нь хуучилж байлаа... энэ хүнд барилдаан өрнөх зуур мэшээн суух Сумъяа... миний хувьд манай аварга даваад ч нэмэргүй боллоо, ийм болчоод яаж Сумъяаг бархав гэж бодоод айлд очиж аймгийн морины наадмын сонин дуулахаар явж одов. 3.30 минут ноцолдож 66 шуудагдсаны эцэст давуулж гуядан Өсөхбаяр давсан. 2 бөх ихэд цуцан бараг л өндөр нь намхныгаа дарж унах гэж байгаа юм шиг л сэтгэгдэл надад төрж байж билээ. Яагаад далай аварга цолыг нь өгөхгүй байнаа гэсэн гайхшрал, хүлээлт... МҮБХ-ны тэргүүний төлөөх эцэс төгсгөлгүй хэрүүл маргаан... энэ асуудал нэг мөр шийдэгдэж далай аварга цолыг нь өгөөсэй гэсэн хүслэн... Нямдорж Данзан 2 л лав өгөхгүй дээ гэсэн халаглал... нэмээд гавьяат тамирчин өгч болохуйц олон том амжилтууд... мөн л гавьяатаа өгөлгүй удаах гачлан... Би гэдэг хүн ёстой л “хар дарсан зүүд” шиг аймшигтай 2 жилийг үдэв.

No comments:

Post a Comment