Friday, February 3, 2012

Түүний энд хүрэхийг үргэлж хичээсээр...

Г.Нямдаваагийн нэрэмжит
“Мэдээний цаг” бүлгийн
8 жилийн ойд зориулав.


Нэгэн алдартай багш надад “багшлах гэдэг бол 90% нь жүжиг шүү дээ, чи жүжиглэж чаддаггүй юм байна... сайн багш болж чадахгүй” гэж хэлж билээ. Тэр үед нь би “жүжиглэдэггүй сайн багш болно доо” гэж бодож байв. Тийм мундаг хүн юу гэж худлаа хэлхэв... Харин би өөрийнхөө зорьсонд хүрээгүй ч гэхүү... ямар ч байсан эргээд бодоход миний амьдрал, багшийн замналд хангалттай их жүжиг тавигдаж... зарим нь амжилттай, зарим нь ямар ч ашиггүй...

Би бээр цэл залуу багш, цэл залуу аварга... байхаа нэгэнт больсон. Миний дараагийн үе өсөн өндийж багшлах замдаа орчоод байх тул би үүнийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй. Яг л энэ үест нэгэн ачтан өөрийн эрхгүй санаад орж, нойр хулжааж, сэтгэл эмзэглүүлнэ...
1999 он... ээж маань нэг удаа “Талст гээд хувийн сургууль байгуулагдаж, манай хамаатны Сараа эгч чинь эрхлэгч нь болж байгаа юм байна, чи тэнд сурах ёстой, би бүртгүүлчихсэн...” гэснээр би шинэ сургуульд шилжин суралцах болов. 7-р ангид орж байсан жил. Ээж л хэлсэн болохоор би сурах ёстой, харин тэнд ямар орчин, ямар багш ... ер нь юу хүлээж байгааг хэн ч үл мэднэ. Тэнд би 2 хүнтэй л уулзах гэж ээжийнхээ захиасаар очсон юм билээ. Нэг нь улсын програмчлалын олимпиадны 2 удаагийн аварга баг, үндсэний багийн аварга шалгаруулах олимпиадны 1 удаагийн аварга багийг бэлтгэчихээд байгаа Б.Доржнамжирмаа, нөгөө нь Гаваасүрэнгийн Нямдаагийн гэж тэр үед ёстой цэл залуухан гэж хэлж болохоор үедээ байсан 23 настай залуу багш минь юм.

Талстын анхны 7-р ангийн багшаар Г.Нямдаваа гэж залуу багш ажиллах ба манай ангид алгебр, геометр, мэдээлэл зүй гэдэг хичээл заадаг байв. Тэр 3 дахь хичээл болох мэдээлэл зүй нь цоо шинэ санагдаж байсан бөгөөд ирээдүйд бидэнд ихээхэн зам болж өгсөн. 2 давхарын хамгийн захад ...4 компьютертай, 3 ширээтэй, нэг нь багшийн маань суудаг эвдэрхий ширээ... голдуу л ундуй сундуй байдаг жижигхээн ангиас бидний тэмцэл эхэлсэн. Одоо манай гэрийн цонхоор тэр ангийн маань цонх харагддаг... хааяа би гөлрөөд зогсож байгаагаа анзаардаг. Тэр цонхны хажуугаар нь өнгөрөх тоолондоо ах нартайгаа, найз нартайгаа, хамгийн гоё нь багштайгаа шуугилдаж байснаа дурсдаг юм.

Анх эхлээд бол мэдээлэл зүйн хичээл, алгоритм, програм, програмчлалын хэл зэрэгт биш зөвхөн тоглоомыг нь л сонирхдог байлаа. Тоглоом ч гэж дээ одоо бодоход анхандаа бол dyna гэдэг нэг тоглоом л тоглодог байсан санагдана. Сүүлдээ ах нартай нийлж танк, симба, need for speed –ийн тэр үеийн хувилбар, хамгийн инээдтэй нь fifa96 гэдэг тоглоом бас тоглодог байсан. Тоглохын тулд багшийн ундуй сундуй жижиг өрөөний хогийг цэвэрлэнэ гэх зэргээр л багахаан тоглох эрх олж авдаг байлаа. Хичээлийн 1-р улирал 11 сарын эхээр л дуусдаг, тэр үед би багшийнхаа заадаг 3 хичээл дээр А гарсан тул багш намайг шагнаад 1 цаг тоглуулж билээ, тэр л үнэхээр сайхан байсан санагдана.

Нэг өдөр багш: “одоо ингэж тоглож байхаар бодлого бодож эхлэнэ, хар дээр бичих үү цэнхэр дээр бичих үү?” гэж асуулаа. Юу гэсэн үг бэ? гэхээр Basic ба Pascal гэсэн програмчлалын 2 хэлний алин дээр нь бичих бэ? л гэсэн асуулт. Манай ангийн мэдээлэл зүйн хичээл дээр тэр basic хэлийг нь үздэг боловч том ангийнхан биднээс өөр нэг гоё цэнхэр өнгийн хэл дээр код бичдэг нь надад гоё санагдаад шууд л “би цэнхэр дээр бичнэ” гэж хэллээ. Багш надад нэг ном өгөөд уншаад ир, тэгээд ах нартайгаа суугаад цэнхэр дээрээ бич гэж хэлсэн. Ингээд л өдийг хүртэл pascal гэдэг програмчлалын хэлтэй нөхөрлөж байна. Одоогийн энэ Монголын мундагчууд чинь бүгд л тэр хэлээр дайрч өнгөрсөн хүмүүс шүү дээ. Харин тэр багшийн өгч явуулсан паскалийн номноос миний тэмдэглэж авсан юмнууд бол үнэн инээдмийн юмнууд байдаг юм.

Багш маань дөнгөж багш болсон залуу байсан тул хичээл заах арга барилын хувьд мэдээж асуудалтай байсан, манай ангийнхан лав хэдхэн сарын дараа математикийн хичээлээ өөр багшаар оруулуулъя гэсэн хүсэлт гаргаж байсан. Тэр үед нь Доржоо бид 2 л эсрэг байр суурьтай байж, тэнд нь гарын үсгээ өгөөгүй, биднийг ганц алиалагч л дагалдсан. Бусад нь өргөдөл гаргаж гүйсээр хичээлийн жилийн дундаас өөр багшаар математикаа заалгадаг болсон. Доржоо бид 2 мэдээлэл зүйн олимпиадад бэлдэх зуураа би математикийн олимпиадны бэлтгэлээ багш дээр хийдэг байлаа, аймаар их математик заалгаад сүйд болоогүй ч түүний зөвлөгөөгөөр, түүний шахалтаар суусаар байгаад бие даан суралцах, биеэ дайчлах гээд олон чадварт суралцсан.

Өглөө эрт хичээлдээ ирж суучаад орой бол сургуулийн удирдлагууд болон жижүүрүүд Нямдаваа багш Мягаа ах зэрэг хүмүүстэйгээ цуг сургуулиа түгжчээд явдаг байсан. Тэгж л их хөдөлмөрлөж байв. Багшийн маань багшилсан анхны жил тул аймгийн олимпиад энэ тэр бол их чухал зүйл байсан байх. Аймгийн олимпиад маш эрт буюу он гарангуут 1-р сард болж билээ. Сургуулиасаа процессоруудаа бариад л 1-р сургууль дээр очиж оролцож байв. Тухайн үед 2000 онд чинь хөдөө компьютер гэж тийм л ховор зүйл байсан юм байлгүй, гэхдээ интернет гэж л лав байдаг байсан. Багшийн маань шавь нарын амжилт тэндээс эхэлж Мягаа ах түрүүлж би 2-д орж байсан. Хүмүүс намайг сайн байна, 7-р ангийн хүүхэд 10-р ангийнхантай уралдаад гэж хэлж байхад би “хойтон түрүүлнээ” л гэж бодож суулаа. Ийм шазруун бодол, ийм шаргуу занг би багшаасаа л сурсан байх. Тэр миний мэдээлэл зүйн олимпиадны хувьд хамгийн анхны “тулгаралт”, хамгийн анхны ялалт байлаа... мөн ч олон юмны эхлэл болсон доо.

Нэг гоё дурсамж байдаг, багш маань биднийг тэр жилийн аймгийн олимпиадны өглөө эрт цуглуулаад би урд шөнө зүүдэллээ... олимпиадны бодлогоны өгүүлбэр “2000 оны... “ гээд эхэлж байна лээ, календар хийх л програм ирж байх шиг байна, та нар ийм юман дээр анхаараарай гэж зөвлөж байлаа. Олимпиад эхэлсэн чинь үнэхээр “2000 оны ...” гээд эхэлж билээ, гэхдээ арай ч нэг хуанли зохиох биш 2000 оны цаг агаарын мэдээний өгөгдөлд боловсруулалт хийх ёстой бодлого ирсэн юм. Олимпиадад ирэх бодлогоны өгүүлбэрийг зүүдэлтлээ санаа зовно гэхээр багш маань ямархуу багш бэ? гэдэг нь л нотлогдоод байгаа хэрэг л дээ. Мягаа ах бид 2 давхар цохилт хийсэнд багш маань маш их баярласан, бусад хүүхдүүд чинь ёстой цэг ч тавьж чаддагүй юм байна тэгэхэд манай хүүхдүүд бол үнэн сайн бичсэн байна лээ гээд... их л хөөрч билээ... залуу ч байсан даа. Ямар сайндаа л өөрийнхөө түрүүг “энэ жил алтан гадас авах гэсэн юмаа, түрүүгээ өгчих” гэсэн хүнд шилжүүлхэв дээ, хөөрүү цайлган хүн шүү...

Энэ үеэс л Баянхонгорчуудын мэдээлэл зүй, програмчлалын олимпиадны сэргэн мандалт эхэлж одоо бол 20 гаран медаль цуглуулсан байгаа, энэнээс хойш ямар олон болохыг нь та хүлээгээд л тоолоод сууж бай... Нямдаваа гэдэг хүн л эхлүүлээгүй бол юун Жаамаа, юун Чимээ ... ш дээ, тэр битгий хэл Цагаан, Доржоо гэсэн нэрсийг ч математик болон програмчлалын олимпиадны ертөнцөд харахгүй л байх байлаа... тийм байлаа гээд би энэ бүгдийг эхлүүлчлээ гэж хэлдэггүй л хүн дээ, та нар болоогүй шүү илүү ихийг хийгээрэй л гэдэг юм. Надад бол арай олон жил багшилсан ч болоосой гэсэн бодол төрдөг, ингээд бодохоор би их азтай, надаас хойших хүмүүс бол их азгүй болж таарч байгаа юм. Харамсах ч багадна... гэхдээ цөөн жил багшилсан гэхэд түүний бэлдсэн хүмүүс, түүний дуурайж багш болсон хүмүүс цаасан дээр бол багшаасаа хол давсан амжилттай л явна. Насаараа багшилсан ч ийм хүмүүс бэлтгэсэн багш хэдсэн билээ дээ?... манай багшийн шавь нар гэж Доржоо, Амаржаргал... гээд нэг л багшлах дуртай л хүмүүс байх юм, би ч яахав багш л болох ёстой хүн...

8-р ангид ороход Мягаа ах төгсөөд явсан тул Доржоо, Амараа бид нар л багшийн жижиг өрөөний бугнууд болсон. Багшаасаа ихийг сурсан, намайг хамгийн их эрхлүүлсэн хүн л дээ. Нэг өдөр хичээлийн завсарлагаанаар Амараа бид нарыг дуудаж өрөөндөө оруулж түгжиж байгаад ганц цохиж авсан юм, “та нар яахаараа хэл ам таталж байдаг юм” гээд ганц цохисон... хэн нэгэн хүмүүс хичээл дээр сахилгүйтдаг гэж хов зөөсөн биз. Ганц зодуулсан маань л тэр, араас нь за одоо олимпиад дөхөж байна ингэж ингэж бэлдэнэ шүү гээд л зөвлөгөөгөө үргэлжлүүлж байсан...
Тэр жил багш маань ч өөрөө хэл ам их таталж сургуулийн удирдлагуудтайгаа зөрөлддөг болсон. Багшийнхаа замналаа завсарлахад хүрсэн муу муу зуршилтай хүн л дээ, харин би багшийгаа 2 жил дагахдаа ёстой хэзээ ч архи ууж болохгүй юм байна гэж бүүр нэг нэвтэртлээ ойлгосон юм. Одоо болтол тэр багын ойлгож авсандаа үнэн ч байгаа гэхээр их л сайн ойлгосон, багш маань ч их сайн ойлгуулсан юм байна гэж боддог. Багшаасаа маш олон юм сурч түүнийгээ амьдралдаа хэрэглэж өдий зэрэгт хүрлээ... өөрийнхөө шавь нарт ч гэсэн талыг нь ч болтугай шингээчих юмсан л гэж боддог.

Багшийн зөрчил яван явсаар туйлдаа хүрч сургуулиасаа гарч өөр сургуульд ороход нь Доржоо бид 2 үг дуугүй л даагаад явсан. Бид 2-той цуг бас 1 биш хүүхэд цуг шилжээд зарим нь буцсан, би лав уйлж хэвтэж байгаад л багшийгаа дагаад явж билээ. Аав ээж 2 багштай очиж уулзчаад “за за чи энэ хүнээ дага, заавал амжилт гаргаарай” гэж хэлсэн. Бид ч их хичээсэн, аймгийн олимпиадад математик мэдээлэл зүйгээр давхар цохилт хийхэд багш маань “миний шавь 2 олимпиаддаа арынхаа хүмүүсээс 2, 2 дахин өндөр оноотой байна” гээд л хүмүүст үзүүлж байсан нь санаанд үлдэж дээ. Тэр жил Амараа 2-д орсон санагдана. Багшийн маань шавь болон шавийн шавь нар нь сүүлийн 12 жил дараалан нэг ч завсаргүйгээр аймгийн мэдээлэл зүйн олимпиадад түрүүлчээд байгаа юм. Их л сонин амжилт, одоо ч үргэлжилсээр...

Хавар нь улсын олимпиадад бэлдэж бэлдэж багшийгаа дагаад л явлаа. Анх удаагаа нутгаасаа гарч үзэж байгаа, бүүр нэг таг хөдөө нөхөр. Багштайгаа багагүй хөгөлж явж байж Монгол Улсын Мэдээлэл зүйн болон Математикийн олимпиадуудад оролцож, жинхэнэ том одуудыг өөрийн нүдээр харж, гайхаж биширч явлаа. 2 олимпиадад 6, 6 нийт 12 бодлого бодох байснаас эхний 11 дээр нь 0 авч математикийн хамгийн сүүлийн бодлогыг л бодсон ч тэр өдрөөс хойш л би шал өөр хүн болсон. Багш маань харин намайг хүмүүст их сайн болох хүү гэж магтаад, энэ жил 10-д орсон гэж худлаа хэлээд хойтон бол медаль авчина гэдэг байлаа. Үнэхээр ч хойтон нь тийм л хэмжээнд би очсон, багш маань харин аль эрт мэдэж байсан. Улсын олимпиадны үеэр МУИС-ын Байгаль-Эх лицейд орох шалгалт өгч тэдний анхны элсэгч нь болж тэнцсэн юм. Олимпиаднаас буцаж ирээд багш маань одоо чи математикаа сайн сур, сайн программ бичье л гэж бодвол математикаа л сайн сурах хэрэгтэй гэж зөвлөөд лицейдээ очиж сурахыг зөвшөөрсөн. Би ч улсын олимпиадны утаа үнэрлэж нэлээн ихийг ойлгож авсан байсан тул зориг гарган гэрээсээ явж сурахаар одов. Уг нь би “хойтон жил би 9-р ангид орно, 10-р ангийн нэг хүүхэд 8-р ангийн нэг хүүхэд бас бага ангийн багш энэ тэр бэлдэж байгаад улсын математикийн олимпиадад орвол багаараа 5-р байр орчимд орж болох л юм шиг байна, дандаа ингэж хойгуур байранд орж байхаар...” гэж боддог болсон байв, дөнгөж 8-р ангийн хүүхэд ш дээ...

Багш маань дахиж олон жил багшлахгүйгээ мэдэж байсан байх, уг нь залуу хүн байна намайг дахиад нэг жил хажуудаа байлгаад улсаас медаль авахуулчия гэж бодвол бодох ш дээ. Магадгүй Доржоо Амараа энэ тэр байсан болохоор гараанд дахиад өөр нэгнийг гаргая гэж бодсон байж ч магадгүй, тэр 2 аймгийн олимпиадад бас л 1, 2-д шалгарсан юм. Намайг хот явснаар Доржоо аймгийн аваргын байрлалд ирж, түүний амжилт болон түүний шавь нарын ялгуулсан амжилтуудын гараа эхэлсэн. Би 7-р ангийн сурагч Мягаа ахыг дагаж сурч байхад багш маань хэлдэг байсан “хойтон ах чинь төгсөөд явна, чамд хань болох ганцхан хүн бол Доржоо, энэ бол өсөх ирээдүйтэй тамирчин” гэж хэлдэг байв. Яг “өсөх ирээдүй тамирчин” гэж хэлдэг байсан юм, Доржоогийн авъяасыг олж харсан цор ганц! хүн бол өөр хэн нэгэн биш зөвхөн Нямдаваа багш юм шүү гэж би бардам хэлнэ.

9-р ангид хотод сурч байхад 12 сард багш маань тэнд хүргэн ахынхаа ажилд туслахаар ирж Франц хэлний толь бүтээхэд нь техникийн ажлуудад нь тусласан юм. Би бас багшийн ажилд туслаад хажууд нь хэсэг байсан, тэр үед л хамгийн сүүлийн удаа загнуулж зэмлүүлсэн байх түүнээс хойш ч багшийнхаа чихийг халууцуулахаар нээх их хэрэг тарьсангүй, ямар ч байсан хамгийн их баярласан үедээ түүнийг санадаг... Мөнгөншагайг улсын аварга болсны дараа Далайжаргал хажууд байсан тул хамгийн түрүүнд багшруугаа л яримаар санагдаж билээ. Дараа нь улсын олимпиаднаас эхний 5-д орсон хүүхдийн 3-нь миний гар дээрээс мордсон байсан тэр өдөр “би ч залуу байна, багш маань л миний оронд ингээд зогсож байхгүй дээ” гэж бодсон... өөр олон ч удаа ийм үетэй таарч байлаа, бүүр олон удаа таармаар л байна ш дээ...

2005 онд багш маань Японд байхдаа өөрөө санаачлан, санхүүгийн хувьд 100% дэмжиж Баянхонгор аймагт нэгэн олимпиад зохион байгуулж байлаа. Бид нар нийлээд гардан хийж байсан, шагнал энэ тэр бол тухайн үедээ овоо их байсан, мөн шинэлэг юм тун олон байсныг санаж байна. Багш маань тийм л их шинийг санаачлагч хүн шүү дээ, олимпиад маань 2 жил дараалан болоод түр завсарлаад байгаа. Миний муугаас болж завсарлаад байгаа юм л даа, удахгүй олимпиадаа сэргээн бүүр нүсэр том юм хийдэг болноо. Олимпиадаа юу гэж нэрлэх билээ, хэн нэгний нэрэмжит болгох уу? гэж ярилцаж байгаад Мэдээний цаг бүлэг гээчийг байгуулсан юм. Гол зорилго нь авъяас чадвартай Баянхонгор аймгийн математикч, програмист болох ирээдүйтэй сурагчид оюутнуудыг дэмжин ажиллах зорилгоор, гишүүд нь бол их амжилт гаргасан сайн хүмүүс байхаар бодож төлөвлөсөн. Ер нь бол хүний нүдэнд харагдах болон үл харагдах байдлаар байнга сайн ажил хийж байдаг энэ бүлэг байгуулагдаснаасаа хойш гишүүд, үзэл баримтлалын хувьд нэлээн хувьсан шинэчлэгдсэн, одоогоор Доржоо, би, Далай, Шагай, Жаамаа, Гочоо, Буяа гэсэн 7 гишүүнтэй, эдгээр бүх хүмүүс одоо эд ажиллаж хөдөлмөрлөж, сурч боловсорч байна. Г.Нямдаваагийн нэрэмжит Мэдээний Цаг бүлэг гэдэг нь жилээс жилд өргөжин хүчирхэгжсээр маш томоохон хүчирхэг бүлэг болноо гэж би итгэдэг.

2006 оны өвөл... 3-р курс байсан юм байна. Багш нэг шөнө Доржоо бид 2-ыг дуудаад хэсэг хөөрөлдөв. Тэгээд нэг санал тавиад явсны дараа араас бас ярьж “сонголтоо хий” л гэсэн. Би тэр шөнө бодож бодож нэг л юм ойлгосон, юу ойлгосон гэхээр өөрийгөө л ойлгосон. Би чинь БАГШ болохоор л төрсөн юм байна! Өдийг хүртэл оносон алдсан, сурсан, бурхан шиг сайхан олон багш нараараа хичээл заалгасан маань зөвхөн багш болохын тулд л байж. Юун тэр програм бичих, юун гадаад дотоод явж сурах... Зүгээр л нүдний өмнө харагдаж байсан ажлаа амжуулах гэж оролдоход л энэ насны маань амьдрал багадах юм шиг санагдсан. Шийдвэрээ ч гаргасан... анх багштайгаа уулзаад эрдмийн мөр хөөж амьдрах ёстой гэдгээ ойлгосон, дараа нь багшийнхаа шахалтаар, түүний саналаас зөрж хэн болохоо бас ойлгосон маань энэ. Үүнээс хойш хийж байсан ажлуудаа ерөнхийдөө багасгаад багш болохдоо л анхаарсан, хаана яаж багшлахаа 2 жил бодсон, энэ хооронд Монголд мундаг гэгддэг бараг бүх боловсролын байгууллагуудад “үгүй” гэж хэлэх хэрэг гарсан... бас олон ч газар ажиллаж үзсэн. Ямар ч байсан багш шигээ сайн багш болж, түүний хийж амжаагүйг нь дуусганаа гэж шийдэснээс хойш түүний энд хүрэхийг би өдөр бүр хичээсээр л ирлээ...

Нямдаваа багшийнхаа гар дээрээс хотод ирээд мөн ч олон сайхан багшаар хичээл заалгасан даа, хичээл заалгаж үзээгүй сайн багш хүнийг бол бараг бодоод бодоод олдоггүй ш дээ. Маш олон сайн багшийн гар дамжсан... тэдгээр багш нарын нүдэнд өртөж, гарын шавь нь болохын тулд тодорхой хэмжээний чадвар хэрэгтэй. Тэр бүхнийг маань нээж хөгжүүлж өгсөн хүн бол Нямдаваа багш юм. Би одоо ЕШ-д бэлддэг шавь нараа бүх хүн мэргэжлийн математикч болох албатай биш тул гол нь тэмцэх чадвартай, их сургуульд очоод сайн сайн багш нарын нүдэнд өртөж, цаашаа хөгжиж дэвжиж чадахаар болгохыг хичээдэг.

Бүүр анх 7-р ангид дөнгөж орж байхад шинэ хичээлийн жил эхэлсний дараахан багш маань нэг өдөр гэртээ очоод ээждээ “би шавиа олчлоо” гэж хэлсэн гэдэг. Ээж нь манай Монгол хэлний багш хүн байлаа, “тэр Цагаан чинь мангардуу ш дээ, миний хичээл дээр л зүгээр л суугаад байдаг” гэхэд нь хариуд нь “үгүй ээ тэр юм сурна” гэж хэлж байсан гэдэг. Үнэхээр сайн шавиа олж аваад амжилт гаргахын төлөө хамтдаа тэмцэх хамгаас сайхан зүйл гэдгийг бид нар багш болоод их л олон удаа мэдэрлээ дээ. Хамгийн сайхан нь л тэр шүү дээ... Багш маань хэдэн жил ажлаа хийлгүй завсарлаж, тэр хооронд Япон улсад очиж сурч, хөдөлмөрлөж, амьдарч байгаад ирээд 2010 оноос Өмнөговьд багшилж байгаа. Дахиад олон Доржоонуудаа олж нээх ч юм билүү... ямар ч байсан ажилд нь амжилт хүсье... Өмнөговьд очингуутаа л нэг өдөр ээжрүүгээ ярьж “би яг Цагаан шиг хүүхэд олчлоо” гэж хэлсэн гэж байгаа юм. Цусанд нь шингэсэн байдаг болохоор зүгээр сууж болдоггүй л байх даа, бусад багш нар шиг цагийнхаа ажлыг хийчээд цалин аваад явж болно ш дээ. Гэтэл багш маань дахиад хайсаар л байна... ийм л хүн, ийм л болохоор нь би түүн шиг болохыг өдөр бүр хичээдэг юм!

Өмнөговьд 2010 оны намар багштайгаа уулзахаар очив. Бас яаж зүгээр яавхав тэнд болдог бүсийн олимпиадыг тааруулаад шавь нараа дагуулаад очлоо. Багшдаа шалгалт өгөх нэг завшаан. Тэр олимпиадад Баянхонгорчуудын олон жил тасраад байсан амжилтыг бид үзүүлж, манайхан багаараа анх удаа медальт байранд шалгарч их баярлаж байлаа. Багш маань бид нарыг тэнд байх хугацаанд нэлээн их тусласан, би ч багш нарынх нь олимпиадад түрүүлээд ямархуу болсноо харуулсан, багахан ч гэсэн баярласан байлгүй дээ.

Багш маань багшилж байх хугацаандаа надад “багаасаа суурь нь эвдэрчихсэн хүмүүст хичээл заах үнэхээр хэцүү байнаа, цаанаас баталж өгсөн төлөвлөгөө ёсоор бол яг үүнийг л заах ёстой, гэтэл ийм юм ойлгож чадахааргүйгээр урдах юмаа дутуу сурсан байна” гэж олон удаа хэлдэг байв. Сайн хүүхдүүдээ тусгайлан бэлдэх орчин нөхцөл, цаг хугацаа гээд тэрээр хүссэнээрээ ажиллаж амжилт гаргах боломж хомс байсан. Энэ бүхэн нь багшлах урам зоргинд нь нөлөөлсөн байх, нөгөө талаар надад давтаж боломгүй сургамж болсон. Тэр үед багш маань яагаад боловсролын системтэй нийцэж өгдөггүй байсныг одоо бол ойлгоход хялбархан байна. Би одоо багшийнхаа болон бусад хүмүүсийн мөн өөрийнхөө туулсан замнал зэрэгтээ тулгуурлан яг багшийнхаа хүсч байснаар түүний биднийг бэлддэг байсан ангийн жижигхэн цонхны урдаас харсан жижигхэн ангидаа ажиллаж байна. Өөрийнхөө эрх дураар... ямар ч хүний ая талыг харалгүй... чи хөдөлмөрлөвөл би чамайг сургана, залхуурвал би өөр хүн сургана гэдэг... нөхцөлөөр...

Бид нар бол азтай хүмүүс, яагаад гэвэл багш маань “жүжиглэдэггүй” байх үедээ биднийг бэлдэж өдий зэрэгтэй багш болох замыг маань зааж өгсөн. Жишээ нь би Далайжаргалыг жүжиглэдэггүй байхдаа бэлдсэн юм ш дээ, харин Мөнхдалайг болохоор шал өөр байдлаар гэх зэргээр...
Багш маань 2 хүүтэй, ядаж нэгийг нь хүссэн их сургуульд оруулаад өгчих юмсан гэж боддог, уг нь амархан л даа, энд эмээ нь байгаа 8 сарын дотор л жүжиглэж байгаад л хум пад гээд болчино ш дээ.

Багшийг маань Баянхонгорт их цөөхөн хүн зөв ойлгосон, миний мэдэхээр хамгийн сайн ойлгож байсан хүн нь хорооны Батсүрэн багш. Өөрөө мундаг сайн багш хүн шүү дээ, багшийг маань ч багад нь спортод уруу татаж байсан гэсэн. Батсүрэн багш надад “Нямдаваа ч багш болсныхоо хэргийг гаргачиж, чи одоо математик зааж байна, Доржоо програмчлалдаа их сургуулийн багш болчихсон” ... гэж хэлдэг юм, хийж байсан бүхнийг нь үргэлжлүүлэх хүмүүс байгаад нь л баярладаг бололтой. Сүүлд том болсон хойно багштай нэг удаа цуг жаахан сагс тоглосон юм. Тэгээд багш “за за чи математик, мэдээлэл зүйг бол сайн сурсан энийг бол чадахгүй юм байна” л гэж хэлж билээ. Чаддаг юмаа л сайн хийж байгаарай гэсэн үг байх л даа!

Түүний ориглуун хүсэл мөрөөдөл, ихийг бүтээх гэж зорьж явсан тэр л он жилүүдэд бусад хүмүүс багахан ч гэсэн дэмжиж өгч чадаагүй нь харамсмаар... ямар ихийг бодож төлөвлөж байсан болдоо... түүнээс нь хагас дутуу ч гэсэн амжуулаад багшийнхаа шавь болсны буяныг хугаслах юмсан гэж хичээдэг... багш маань багш хүн болж төрснөөрөө бахархах ч юм билүү...
Би нэг юмыг багшаасаа сайн ойлгосон. Өөрөө боломж бололцооны хувьд хийж дуусгаж чадахгүй байсан ч хамаагүй, хүн сайн зүйлийг санаачлах хэрэгтэй, сайн сайхан зүйлийг эхлүүлэх хэрэгтэй. Тэгвэл эхлүүлсэн сайн зүйлийг чинь хэн нэгэн залгамжлагч чинь дуусгаж хүсч байсан үр дүнд чинь хүрнэ, тэр цагт чи ялагч болно. Тэр цагийг хурдан авчрахын тулд харин чи өөрөөс шалтгаалах бүхнээ хийх ёстой... Би ч гэсэн ихийг санаачилж, олныг эхлүүлнээ... Энэ хавар нээх том тайлан тавина гээд байгаа, тэр үеэр бусад хүмүүс ч гэсэн нэмэрлэх байлгүй. Багш маань ямар ажил эхлүүлсэн юм, тэгээд сайн зүйл эхлүүлбэл ямар болж өргөждөгийг бусад хүмүүс харна биз... ямартай ч би түүний энд хүрэхийг үргэлж хичээсээр л... явна... хичээх ч болно.