Thursday, August 20, 2009

Миний “жинхэнэ бөх” l бүлэг

1. Миний төсөөлөлд буй болсон “жинхэнэ бөх”

Монголын нэрийг дэлхий дахинаа дархалсан энэ дархан аварга хүн Монгол наадмын торгон ногоон дэвжээнээсээ адис аван, ард түмэндээ баярласнаа илэрхийлж байхад... наадамчин олон түүнд баярлан алга нижигнүүлэн ташин буй энэ гайхамшигт зураглал 2000 оны 7 сарын 12-ны үдээс хойш юм. 20-р зууны төгсгөлийн Монгол наадмын үзүүр түрүүнд Увс аймгийн Хяргас сумын угуул Монгол улсын заан Баянмөнхийн Гантогтох, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат бөх улсын заан Агваансамдангийн Сүхбат нар үлдээд байсан үе. Төрийнхөө наадамд 10 түрүүлсэн Баянмөнх аваргын 2 шавь түүнийг сүүлд түрүүлснээс 13 жилийн дараа бас нэгэн түрүү авахаар зогсож буй нь энэ. Үндэстэй бүхэн дэлгэрч, үртэй бүхэн жаргадаг... үүний адилаар шавьтай хүн, шавь нарынхаа төлөө үнэн сэтгэлээ гарган тэмцсэн хүн заавал амжилтанд хүрдэг ба шавь нь өөрийнх нь хүссэн амжилтанд хүрэх нь багш хүний хувьд өөрөө амжилт гаргаснаас ч илүү сайхан байдаг юм (би үүнийг олонтаа мэдэрсэн хүн)... Баянаа аваргад ямар сайхан байсныг төсөөлөх хүн хэд бол?...
Гантогтох бол ойлгомжтой, ийм алдартай аавын хүү сайн байхаас яахав... харин энэ Сүхбат гэж хэн бэ? Баянмөнх аваргатай насан туршаа өрсөлдсөн нөгөө “Мөнх” нь болох Мөнхбат аваргын унаган нутаг Төв аймгийн Сэргэлэн суманд 1971 онд төрсөн... Баянаа аварга “Шонхор” дээд сургуулиа байгуулж байхдаа анх олж авч “аварга” болтол нь бэлтгэсэн шавь нь. Хувь тавилаан гэж... яагаад заавал Төв аймагт аварга болох хүү төрж түүнийг Баянаа аварга “аварга” болгов...
1992 оны цагаан сараар жижиг Сүхбат гэж 21 настай залуу Монголын ард түмний дунд хэдийнээ танил болчихсон түүнийг энэ цагаан сарын барилдаанд “үзүүрлэнэ“ гэж манай аав ярьж байх юм. Гэтэл гэмтэл авч цагаан сараар барилдахгүй болсонд би баахан гоморхов. Би гэдэг хүн 7 настай дөнгөж л ухаан орж байсан юм байлгүй, миний нүдэн дээр л нэг залуухан эрхэм том том учраануудаа “гоё“ даваад байгаа нь үнэхээр сайхан санагддаг байлаа. Миний хувьд бөх гэдэг бол Сүхбат, барилдах гэдэг бол Сүхбат шиг уран хурц шийдэмгий дайрахыг л хэлнэ. Харин Бат-Эрдэнэ аварга гэдэг ”том бул хар чулуу” бол нэг л бишээ. Хөдлөхгүй зогсоод л байна зогсоод л байна... удаж удаж нөгөө бөх нь доорно ороод унана... миний барилдаан гэж төсөөлөөд байгаа зүйл энэ лав биш ээ. Харин манай бөх бол алсаас хүний хөлд алдалж эсвэл харваж орно... тэгээд нэг мэдэхнээ л нэг хөлийг нь аваад ард гараад зогсож байна... үнэхээр сайхан... их урт гартай хүн юмаа л гэж боддог байж билээ. Ардын хувьсгалын 71 жилийн ойгоор анх улсад барилдаж үзсэн миний “жинхэнэ бөх” гэж төсөөлөгч маань 4 дээр энэ наадмын үзүүр бөх Мөнх-Эрдэнэ начинд уналаа... Ингээд Мөнх-Эрдэнэ миний дайсан болов оо (1996 онд түүнийг түрүүлчээсэй гэж 4.30 минут дэмжитлээ л түүнд аягүй хандсандаа). Ах гуай “танай бөх чинь уначлаа” гэж тавалсан нь одоо ч санагдаж байна.
1993 оны өвөл нэг тэмцээн болно гэж ээж маань хэлэв. Юун тэмцээн юм бүү мэд, лав л барилдах л юм шиг байна. Ээж маань цэцэрлэгийн багш тул түүнээр “арын хаалгадуулж” байж цэцэрлэгээсээ чөлөө аваад цэцэрлэгтэй ойрхон байдаг ахындаа очиж тэмцээн үзлээ. Одоо бодох нээ тэр бол чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болж байгаа нь тэр байсан юм байна. Ээжийн хэлдгээр “удаж удаж л нэг Монгол барилдана, тэгээд баахан танихгүй гадаад барилдана, чи заавал үзэх хэрэг байна уу” гэдэг нь бараг үнэн мэтээ. За тэгээд маргааш нь амралтын өдөр таарсан юм байлгүй тэмцээнээ гэртээ үргэлжлүүлэн үзвээ. Чөлөөт гэдэг барилдааны дүрэм энэ тэрийг сураад л тэмцээн үзэхэд урамтай л болж байна гэтэл үнэхээр гайхалтай хэрэг болж манай бөх барилдах гээд гараад ирлээ... за ёстой үнэхээр сайхан... манай хүн ч яг л үндсээр барилддаг шигээ 2 тойрог гялалзуулаал өрсөлдөгчидөө хугацаанаас нь өмнө гаргаад байв. Гэтэл шийдвэрлэх барилдаанд Солонгосын гэнүү нэг олимпын аваргад хөлдөө чагт эргүүлүүлээд л бөөн бөөн оноо алдаад будаа боллоо. Ингээд цаашид үзэлдсээр Ази тивийн аваргаас хүрэл медаль зүүлээ. Зун улсын наадмаар Баяраа зааныг нөгөө л хөлд нь ороод ард гараад зогсож байдаг миний мэдэхийн “жинхэнэ барилдаан” гэж ойлгоод байгаа зүйлээрээ л давж байна. Аав маань энэ бөхчүүд нэг нэгэндээ бууж өгөөд л начин болоод байх юм, харин Сүхбат жинхнээрээ начин боллоо гэж наадамчидад хэлж билээ. 3 жилийн өмнө л Нууц товчооны даншигт шөвгөрч байсан Д.Баяраа заан (гарьд, агсан) даваа бодсон бол өөр хүн авмаар юм гэж одоо бодогдож байх юм. За ингээд 6 дээр Ширмэнгийн Батхуяг начны давсан миний жинхэнэ бөх маань бид 2-ын дайсан Мөнх-Эрдэнэ арслантай 7 дээр тунаваа.
Манай аавын найз “...хөөе чи харав уу, сая ард нь гараад хөлийг нь шаардаад авах шахлаа, Монгол гутал Орос гутал шиг өсгийтэй байсан бол сая Сүхбат хөлийг нь авчих байсан юм, даан ч ул нь хавтгай тул яаж ч болсонгүй гээд л...” харамсаж билээ... барилдааны төгсгөлд Мөнх-Эрдэнэ арслан сайн гэгч нь дарж, “найдвартай” давж авсан тул цагаан гуят Мөнх-Эрдэнэд улам л дургүй болов. Чанарав гуай “Сүхбат өөрийнхөөрөө л хөдөлгөж барилдах байсан юм даа...” гэж хэлсэн нь одоо бичлэг үзэхэд сонсогдоно...
1994 онд 11-нд өөрийнхөө төрсөн сумын наадмыг үзчээд ирсэн тул жаахан алжаагаад 12-ны өдөр бөх үзэж байгаад унтчихсан байна... сэртэл 6-гийн даваанд тунасан гээд Гантогтох Бумбаяр 2 үзэж байна. Ээжээс манай бөх яасан? гэж асуутал, “түрүүн 5-ын даваанд унасан” гэж авлаа. Хамаг уур хүрээд ээжид хуурай агсам тавьж гарлаа... намайг сэрээхгүй яасан юм...тэрнээс чинь болж манай бөх уналаа... (би үзэж байсан бол давах байсан юм гэнээ)... Ээж харин хариуд нь өөрөө л хүний хөл авах гэж “шодогонож гүйж” байгаад унасан гэлээ. 7-гийн даваанд сумын заан Гантогтох манай Баянхонгор аймгийн “том” Сүхбатыг маань Konica-гийн суртчилгаанд 10 гаруй жил хамтдаа тоглотлоо давдаг юм байна. За ингээд шинэ дайсан Ганаа болов оо... хойтон 1995 оны хавар Их сорилго дээр Ганаа манай “том” Сүхбатыг дахин хаяж түрүүлснээр Гантогтох гэж том дайсантай боллоо доо. Гэтэл улсын наадмаар түүнээс том мөн өндөр дайсан тодров. Өсөхбаяр гэж өндөр залууг (нөгөө Их сорилго дээр ёстой толгойтой бүхэнд унаж байсан нөхөр) Мөнхбат аварга үнсээд л начин болгож байна. Үүнийг үзэж суусан манай аймгийн 5 удаагийн арслан өвгөн ах Шаравсамбуу “аан 3 дээр хөгшин арслан яах гэж энэ өндөр залууг аваад байсныг одоо л ойлголоо“ гэх бөгөөд Өсөхбаяр таарсан бүхнээ хаясаар заан болоход өвгөн ах маань: Бат-Эрдэнэ аварга Өсөхбаярыг авахгүй л дээ, Балжиннямыг авна. Мөнхбат аварга “зүүнээ бодоорой” гэж хэлнэ шүү дээ гэснээр Мөнх-Эрдэнэ арслантай тунаж унаснаар дайсан байсан Мөн-Эрдэнэ арслан арай л гаагүй харагддаг боллоо. Өсөхбаяр гэж өндөр эр нөгөө айхтар Ганаа энэ тэрийг машиндаал манай “жинхэнэ бөхөөс” том цолонд хүрсэн тул ирээдүйд манай хүний томоохон өрсөлдөгч гэж тооцоолоод түүнийг дайснаар сонгов. Би угаасаа л Сүхбат, Ганаа 2 л “2 Эрдэний” дараа улсад түрүүлэнэ гэж боддог байлаа. Хүмүүс гэтэл 98, 99 оноос л Сүхбат цоороод лаг болсон гээд байдаг юм, мөн жижиг Сүхбат өндөр болсон гээд байдаг. Би бол “том” Сүхбатаас л насаар бага болохоор “жижиг” гэсэн болохоос намхан хүн бол биш гэж боддог. Цэрэнпунцагаас өндөр, Сумъяа Ганаа 2-оос яльгүй өндөр хүн. Харин манай хүний гол өрсөлдөгч гэж бодож байсан цоороод заан болсон лаг Ганааг хүртэл нухаж байгаа Өсөхөө бол яах ч аргагүй том өрсөлдөгч гэдгийг ойлгов. Ядаж байхад аав “Энэ Өсөхбаяр мориор бол мөн их хурдан морь доо...ёстой хийцтэй бөх... хий нь гараад, мах суугаад ирвэл хэн дийлхэв” гэх нь бүүр уур хүргэнэ. Ямар ч байсан Ганааг ignore list-ээсээ хасч энэ өндөртэй хамтдаа тэмцэхгүй бол болохгүй нээ, хоорондоо “эв найрамдалтай” байвал манай бөхөд хэрэгтэй гэж сэтгэлээ.
1995 оны өвөл ёстой инээдтэй бөхийн төрөл гэж нэрлэгдэх нэг юмыг анх удаа үзлээ. 3 сарын 8 байсан тул баяр тэмдэглэх гээд ээжийн ажлын баахан эгч гуай нар манайд цугласан байв. Япон улсын үндэсний барилдаан л юм гэнэ, сүмо гэдэг гэнэ. Дугуй талбай дээр 2 том мах л бие биенээ гаргах зорилготой үздэг бололтой юм. Америкийн бөх Ярбов ч билүү нэг бүдүүн хар эр хамгийн их жинтэй нь юм гэнэ, манайд цугласан эгч нар бүгд элэг нь татаад саваад ойчлоо. Үнэхээр л хөгжилтэй барилдаан юмаа... Баярсайхан заанаас “та хэнд ялагдав?” гэхэд “яагав нөгөө Баагий аваргад унадаг мангар хард унасан” гэж TV-гээр хээв нэг өгүүлэх юм. 1994 оны сонирхогчдын сүмогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг монгол телевиз гаргаж байсан юм. Үнэхээр бүдүүн том хар эрийг Баагий аварга нэлээд удаан 3, 4 минут байхаа (манай бөхөд бол дэвэх шавах л хугацаа, харин тэднийд бол бараг удаан барилдсан рекорд юм гэнэ) хугацаанд барилдаж байж дэвжээний захад зайлаад давж дэлхийн аварга болсон юм. Харин 85 хүртэлх жинд барилдсан Гантогтох түрүүлснээр Монгол улсын анхны дэлхийн аварга хэмээн түүхэнд үлдэх эрхтэй болов. Харин манай бөх Сүхбат маань 1995 оны 12-сард дэлхийн аварга шалгаруулах сүмо бөхийн 4-р тэмцээнд түрүүлсэн юм.
1996 оны Аталантын алтан олимпид орох эрхийн төлөө барилдаан болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Ганаа маань Ираны алдарт бөх бага Хадимтай хүч үзээд 2:2 оноог 1,1-ээр нь ээлжлэн авсны дараа хөлний гэмтэл нь сэдэрч барилдах боломжгүй болж, харин азаар олимпод цагаан хуудсаар орох болов. Харин энэ хооронд манай бөх маань барилдахгүй жил гаруй болж, Ганаа Сүхбат 2-ыг барилдаагүй бороотой 96-оны наадмаар Сумъяабазар заан болов. Өсвөрийн барилдаанд түрүүлж улсын шонхор болсон түүний дүү Дагвадорж “ямар ч байсан аав, ах 2-ынхоо авсан цолонд хүрнэ дээ” гэсэн ирээдүйдээ итгэлтэй ярилцлага өгч байх цагт Сумъяабазар гэж бас нэг хүчтэй өрсөлдөгч нэмэгдэв.

No comments:

Post a Comment