2000 онд Монгол улсын парламентын сонгууль болж ХУ нам үнэмлэхүй ялалт байгуулав. ХУ намынх л бол хотноосоо хонь бариад дэвшүүлсэн ч ялах байсан гэж яригдах энэ сонгуульд Баянмөнх аварга АН-аасаа нутагтаа нэр дэвшив. Сонгуулийн сурталчилгаанаар явж байхад нь ард иргэд түүнээс нутаг орноо хөгжүүлэх мөрийн хөтөлбөр асуухын оронд нутаг ус, улс орноо төлөөлөн барилдах залуу халааны тухай л асуугаад байсан юм уу даа. Ямар сайндаа л Баянаа аварга: Сонгуулиар явж байхад надаас хүмүүс энэ жил хэн түрүүлэх бэ? гэж асуусан “бүк өрсөлдөгчөө каяж чадаж буй тул Сүкбат түрүүлнэ” гэж иткэлтэйгээр кариулсан гэж хууч хөөрхөв... 2000 оны цагаан сарын барилдаанаар тасархай түрүүлнэ гэж итгэж байтал мань хүн Өсөхбаяр зааны хөлийг “хулгай хийж” даваад шөвгийн 4-д үлдэв. Халхын Их аварга Буянтогтохын зээ хүү аймгийн арслан Магалжав у.н Одгэрэл (у.з), у.н Доржсамбуу (у.г), Баярсайхан, у.ав Балжинням нараар 3,4,5,6 давж Сүхбат заантай шөвгийн 4-д барилдаад зөрүүлж тахимдаад давав. А.з Аваадорж гэж бөх “Магалаа бид нар чинь Сүхбат зааны анхны шавь нар нь юм шүү дээ... Манай багш нэг удаа (1999 оны Алтан-Овооны наадам) Магалаатай нутгийнх нь наадамд очиж барилдаад ... үзүүрт хүрээд ирвэл миний шавь түрүүлнэ биз гэж хэлсэн юм... гэтэл Магалаа цамцаа сольж өмсөж байхдаа санаандгүй багшийг их хүчтэй шанаадчихсан... багш жаахан уурлаад... Магалааг үзүүрт хүрээд ирэхэд нь хаячихсан... Манай багш ч одоо барилдаж байгаа Монголын бөхчүүдээс тасархай шүү дээ...хэдүүн надаар нэг жижиг барилдаанд биеэ халаахыг та нар хараа биздээ...юун Сумъяа Өсөхөө... манай багш л улсад түрүүлнэ...” гэж манай аавд ярьсан нь Сүхбат маань улсад түрүүлнэ гэж улам их итгэл найдвар тавихад хүргэж билээ.
20-р зууны отгон наадам, шинэ хүн түрүүлэхийг 9 жил хүлээсэн наадамчид, өөрийн бөхөө түрүүлэхийг 4 дэхь жилдээ хүлээж байгаа дэмжигч... Манай хүн 5-ын даваанд улсын начин Батзоригыг улсын наадамд 3 дахь жилээ дараалан 5-ын даваанд өвдөг шороодуулав. Аварга сүүлд өөрөө: “Би ямар барилдахгүй гэлтэй нь биш дээ, эхний жил тунасан, 2 дахь жил Доржсамбуу Ганбат 2-ыг үлдээгээд, 3 дахь жил Ганбат Одгэрэл 2-ыг үлдээгээд л Батзоригийгоо авсан... би ямар барилдахгүй гэлтэй нь биш дээ... их хэцүү өрсөлдөөнтэй үе байлаа шүү дээ” гэж ярьж билээ. Харин Батзориг заан “ингэж олон үзэж байхад ганц давчих байлгүй дээ гээл гардаг, тэгээл унадаг... үнэхээр хүнд өрсөлдөөний дунд бид нэг үед өрсөлдөж байсан даа” гэх юм. Миний мэдэхээр манай бөх Батзориг зааныг маш олон удаа давсан, харин санаж байгаагаар ганц л удаа заалны барилдаанд шөвгийн дөрөвд унаад Батзориг Мөнх-Эрдэнэ арслантай үлдэж билээ. Энэ 2 хүчтэн одоо айл саахалт амьдардаг юм билээ, “Та намайг эд үед мөн их дарсан шүү гэж тоглоомоор ч болтугай үг хаядаг л байхдаа...“ Энэ наадмын 6-гийн даваанд шинээр начны болзол хангасан Сумъяабэйсийг давав. Бэйс бол энэ үед аль хэдийнээ сайн бөх болчихсон байсан бөх, өөрийн нутгаас төрсөн Багабанди ерөнхийлөгчийнхөө тангараг өргөх ёслолд ёстой нэг урамтай сайхан барилдаж а.а байхдаа үзүүрлэж байсан ба 99 оны цагаан сараар Сүхбат заанд нэг унаж байсан бөх билээ. Энэ удаа зоримог шийдмэг сайхан үзсэн боловч цочоож болдоггүй хүнийг хамаагүй цочоож дайрч байгаад сөрж хонгодуулаал нам болов. Ингээд шөвгийн наймд 90-ээд оноос хойш Монгол наадмын дэвжээнээ тодорсон хамгийн шилдэг 8 бөх болох өмнөх үеийн манлайлал 2 Эрдэнэ, энэ үеийн төлөөлөл 6 залуу заан нар үлдэв. Ганбат маань манай бөхөд нээх тус болж чадалгүй Өсөхбаяр заанд амлагдан түрж хөөгдөөд, араараа мордуулаад хялбар дийлдэв. Харин Гантогтох их сайн үзэж өөрийг нь амалж авсан Цэрэнпунцагийг давав.


20-р зууны Монгол улсын “манлай бөх”, хөдөлмөрийн баатар, дархан аварга Баянмөнх ард түмэнтэйгээ мэндчилж, сайн шавь нар, сайхан бөхчүүд төрүүлж өгч Монголын ард түмэнд бэлгэлснээ ойлгуулж, өөрөө болон өөрийнх нь хойч үе нь үзүүр түрүү булаацалдах хувьтай, хагас зуун жил нөхрлөсөн Монгол наадмын торгон ногоон дэвжээнээсээ адис авснаар үзүүр түрүүний барилдаан эхлэв... урд даваанд өрсөлдөгч нь нэлээд ядарсан байсан ба өөрөө гар амар давсан тул Гантогтох юу юугүй дайраад хаячия гэж санаагүй байх... нэлээд хугацаанд намдуухан барилдсаны эцэст Сүхбат бүрэн сэргэлт авч барилдаанаа цааш үргэлжлүүлсээр... золгооны барьцнаас шахаж татаж, тавихдаа гэнэт огцом хүч гаргаж хутгаснаар Гантогтохыг давж 2-р мянган жилийн төгсгөл дэхь монгол наадмын дэвжээнээ босоо үлдэн түрүүлж Монгол улсын АРСЛАН хэмээх эрхэм хүндтэй цолыг өөрийн бараг бүх өрсөлдөгчөө цувуулан хаясаар хүртэв... Агваансамдан гуай улсын наадамд 2 удаа 4 давж байсан хүн гэж сонссон юм байна... харин миний “жинхэнэ бөх” маань түрүүлчээд туг тойрч байхдаа “аав минь түрүүлэхийг маань харсан ч болоосой...” гэж бодсон нь лавтай...

No comments:
Post a Comment