Sunday, August 9, 2009

1999 оны Ардын хувьсгалын 78 жилийн ойн наадам.

“6-зааны” гэгдэх үе эхэлж заал танхимын барилдаанууд тэр 6 залуугийн гараас гарахаа байж, цагаан сарын барилдаанаар Бат-Эрдэнэ аваргын завсаргүй 11 түрүүлсэн амжилтыг А.Сүхбат зогсоож гайхуулсан зэрэг нь өнөө жилийн наадам үнэхээр сохирхолтой болох ёстойг илтгэж байв.
Наадмын 5-ын даваанаас уран хурц барилдаанууд эхэлж у/з Цэрэнпунцаг ц/а Цэрэнчимэдийг, у/з Өсөхбаяр а/а Магалжавыг, у/з Сумъяабазар а/а Одхүүг давж начны даваанаас мулталсан бол отгон заан А.Сүхбат улсын начин Батзоригийг шороодуулж, улсын начин Б.Ганбат улсын начин И.Доржсамбуутай тунан барилдаж давсан билээ.
6-гийн даваа үнэхээр сонирхолтой болсон юм. Цолны эрэмбээр улсын залуу заанууд болох Гантогтох, Өсөхбаяр, Сумъяабазар, Сүхбат нар тунан үлдэв. Энэ 4 бөх 2 жилийн өмнө мөн л яг ингэж 5-ын даваанд тунан үлдэж байв. Харин энэ удаа улсын заан Гантогтох у/з Өсөхбаярыг амалж нөгөө 2 нь тунан барилдав. Гэвч Баянмөнх аваргын 2 хүү хоёулаа өвдөг шороодож, нөгөө 2 давсан заанууд нь маш их цуцсан тул энэ жилийн наадмаар Бат-Эрдэнэ аварга түрүүлж Баянмөнх аваргын дээд амжилтыг ивдэх нь нэгэнт энэ даваанд тодорхой болов.
Зааны даваанд урд даваанд нутгийн ах улсын заан Ганболдыг давсан Увс аймгийн харьяат улсын начин Ганбатыг мөн л нутгийн ах Балжинням нь заан болгож өгөв. Хэдийгээр “засмал замаар” дамжин заан болсон ч Ганбат бол сүүлийн 3 жил заан болно хэмээх тааварт явсан бөх юм. Түүнийгээ ч нотлон 1999 оны 8-сард Баянхонгор аймагт болсон “ламын гэгээний” даншиг наадамд Гантогтох, Сумъяабазар, Мягмарсүрэн, Мөнх-Эрдэнэ нарыг цувуулан хаяж түрүүлж байсан билээ. Харин энэ удаагийн 7-гийн даваанд харьж буй арслан Мөнх-Эрдэнэ нутгийн дүү Өсөхбаярын давааг ахиулсан тул Сумъяабазар Цэрэнпунцаг заантай тунан барилдаж давав. 1996, 1998, 1999- онуудад Сумъяабазар Цэрэнпунцагтай 7 ба 8-ын даваанд 3 удаа тунан барилдаж бүгдэд нь давав.
Харин 8-ын даваанд Бат-Эрдэнэ аварга өөрийн бараг дийлдэггүй болоод байсан Ганбатыг амалж авсан нь урд даваанд Балжинням аваргыг биш Баярсайхан зааныг амалж авсантай нь холбоотой байлаа. Учир нь 7-гийн даваанд Бат-Эрдэнэ аварга Балжинням аваргыг авсан бол 4 залуу хүчтэн болох Сумъяабазар, Цэрэнпунцаг, Өсөхбаяр, Ганбат нар хоорондоо 7, 8-ын даванд барилдаж цуцах тул, Бат-Эрдэнэ аваргад түрүүлэхэд нь хялбар болох байсан ч тэрээр Баярсайхан зааныг амалсан юм. Энэ нь Ганбатыг заан болгох найраа байсан ба нэгэнт тийнхүү заан болсон тул 8-ын даваанд шинэ заан Ганбат Бат-Эрдэнэ аваргад эсэргүүцэл үзүүлэлгүй “хэвтэж” өгөв. Мэдээж тунасан 2 залуу зааны барилдпаан ширүүн болж Сумъяабазар Өсөхбаярыг төрийн наадамд анх удаагаа давав. Урьд энэ 2 бөх 2 барилдаж Өсөхбаяр 2 давсан байв.
Ийм хүнд барилдаанууд хийж өөрийн үеийн 3 хүчтэй зааныг давсны дараа Сумъяабазар заанд Бат-Эрдэнэ аваргын гарыг нь ч даах тэнхэл үлдээгүй гэж өөрөө дурсан ярьсан байдаг. Өөрийн цолны эрэмбэ болон ашигтай найрааны үрээр Бат-Эрдэнэ аварга төрийн наадамд 11 дэхь удаагаа түрүүлж дээд амжилт тогтоов. 1993, 1996 онуудад Мөнх-Эрдэнэ, 1994- онд Балжинням, 1998 онд Сумъяабазар нар нэг нэг удаа Бат-Эрдэнэ аваргын эсрэг хүчтэй барилдаан үзүүлснийг эс тооцвол түүний Монгол наадмыг сүүлийн 10 шахуу жил дарангуйлахад авсан 90-ээд даваанд нь хэн ч хүчтэй эсэргүүцэж чадаагүй билээ.
Харин яг энэ өдрөөс Монгол бөхийн түүхэнд 6- зааны хэмээх нэгэн шинэ, эрч хүчтэй үе эхэлж, луунуудын буюу 2 Эрдэнэий үед цэг тавигдсан юм. Тэр 23-28 насны зургаан залуун заан нь:



1. Завхан аймгийн Цагаанчулуут сумын харьяат бөх, самбо жүдо барилдааны олон улсын хэмжээний мастер Цэдэндамбын Цэрэнпунцаг. 1971 онд төрсөн 1993 онд начин, 1994 онд 8 давж заан болсон. 1995 онд барилдаагүй, 1996 ба 1999 онуудад 6, 1997 ба 1998 онуудад 7 давсан. Төрийн наадамд нийт 6 шөвгөрсөн. Төрсөн ах нь улсын өсөх идэр начин Ц.Бэгзсүрэн (1995-онд начин болсон).

2. Увс аймгийн Хяргас сумын харьяат бөх, чөлөөт барилдааны олон улсын хэмжээний мастер, сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн аварга Баянмөнхийн Гантогтох. 1972 онд төрсөн 1994 онд шууд заан болсон. 1995 онд 6, 1998 ба 1999 онд 5 давж байсан. Улсад 4 удаа шөвгөрсөн. Аав нь их аварга, 20-р зууны манлай Монгол бөх Баянмөнх.

3. Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат бөх, чөлөөт барилдааны олон улсын хэмжээний мастер Гэлэгжамцын Өсөхбаяр. 1973 онд төрсөн 1995 онд шууд заан болсон. 1997 онд 5, 1999 онд 7 давж заанаа батлаад улсад 3 дахиа шөвгөрсөн. Өвөө аав нь гавьяат тамирчин, даян аварга “Буур” хэмээх Нацагийн Жамъян, төрсөн дүү нь аймгийн арслан Батбаяр.

4. Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат бөх, чөлөөт барилдааны олон улсын хэмжээний мастер Долгорсүрэнгийн Сумъяабазар. 1974 онд төрсөн 1994 онд начин, 1996 заан болсон. 1995 онд 5 давсан, 1998 ба 1999 онуудад улсад 2 удаа үзүүрэлж, улсад нийт 5 шөвгөрсөн. Аав нь Монгол улсын заан Долгорсүрэн (1976 онд заан болсон), дүү нь улсын начин Сэржбүдээ өнөө жил начин болсон, бага дүү Дагвадорж 1996 оны улсын шонхор.

5. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат бөх, чөлөөт барилдааны олон улсын хэмжээний мастер, сонирхогчдын сүмо баридааны дэлхийн хошой аварга Агваансамдагийн Сүхбат. 1971 онд төрсөн 1993 онд начин, 1997 онд заан болсон. 1998 онд 6, 1999 онд 5 давсан. Төрийн наадамд нийт 4 шөвгөрсөн. 1999 оны цагаан сарын барилдаанд түрүүлсэн. Элэнц өвөө нь даншигийн арслан Хундага.

6. Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Батжаргалын Ганбат. 1976 онд төрсөн 1998 онд начин, 1999 заан болж улсдаа 2 дахиа шөвгөрсөн. 1998 оны цагаан сарын барилдаанд үзүүрэлсэн. 20 настайдаа аймгийн арслан болсон, “ламын гэгээний” даншгийн “манлай бөх”, жүдо бөхөөр хэчээлэлдэг.

Нэг сонирхолтой баримт сөхвөл 1999 оны зун Сумъяабазар улсад үзүүрэлж, Цэрэнпунцаг “Эрэл” компаны 10 жилийн ойн барилдаанд түрүүлж маш үнэтэй 2 өрөө байраар, Ганбат Баянхонгорын даншигт түрүүлж УАЗ-469 машинаар, Сүхбат “Алтан овооны” их тахилгад түрүүлж, Өсөхбаяр өвөө аав “буур” Жамъянгийнхаа наадамд түрүүлж тус бүр машинаар мялаалгаж мөн Гантогтох Ховд аймагт болсон “Тэсийн хурд” даншигт түрүүлж жийп машинаар байлуулж байсан билээ.


6-ийн даваа
1. Д/ав Бат-Эрдэнэ а/а Батбаяр
2. У/ав Балжинням а/а Мөнхтогтох (Булган- Сайхан)
3. У/ар Мөнх-Эрдэнэ а/а С. Ганхуяг
4. У/з Ганболд у/н Ганбат (Увс- Баруунтуруун)
5. У/з Баярсайхан а/а Батбаатар (Архангай- Батцэнгэл)
6. У/з Цэрэнпунцаг з/б Сэржбүдээ (Өвөрхангай- Хужирт)
7. У/з Гантогтох у/з Өсөхбаяр (Архангай- Батцэнгэл)
6. У/з Сумъяабазар у/з Сүхбат (Төв- Сэргэлэн)


7-ийн даваа
1. Д/ав Бат-Эрдэнэ у/з Баярсайхан (Төв- Баян-Өнжүүл)
2. У/ав Балжинням у/н Ганбат (заан)
3. У/ар Мөнх-Эрдэнэ У/з Өсөхбаяр
4. У/з Цэрэнпунцаг У/з Сумъяабазар



8-ийн даваа
1. Д/ав Бат-Эрдэнэ у/н Ганбат (Увс- Баруунтуруун)
2. У/з Өсөхбаяр у/з Сумъяабазар (Өвөрхангай- Хужирт)


Үзүүр түрүү

Монгол улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар, дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ улсынхаа наадамд 11 дэхь удаагаа түрүүлж дээд амжилт тогтоов. Улсын заан Долгорсүрэнгийн Сумъяабазар 2 дахь удаагаа үзүүрлэв.

No comments:

Post a Comment