Sunday, August 9, 2009

2005 оны Ардын хувьсгалын 84- жилийн ойн наадам

Ардын хувьсгалын 84 жилийн ойн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан шинэ цолтонгууд олноор төрсөн уран барилдаан багатай, хурдан хурц барилдаан олонтой болж өнгөрөв.
Энэ наадмын эхний өдрийн хоёр даваанаас хэд хэдэн улсын цолтон гарч чадаагүй боловч начин болох боломжтой бөхчүүдээс төв аймгийн арслан Ж. Отгонбаяр, Сүхбаатар аймгийн арслан Булганхүү нарын зэрэг цөөн хэдэн залуучуудыг эс тооцвол бусад бөхчүүд 3-ын даваанд зодоглох эрх авав. Хоёрын даваанд нэлээд дээгүүр сайн барилдах боломжтой улсын начин Бүрэнбаатар Говь-Алтай аймгийн арслан Соронзонболдод, улсын начин Азжаргал мөн Говь-Алтай аймгийн арслан Ш.Тогтохбаярт өвдөг шороодож шуугиан тарив. Гэвч энэ 2 шилдэг арслан гурвын даваанд хоорондоо тунан барилдаж улсын начин Шоовдойхүүгийн хүү Тогтохбаяр арслан давсан юм. Мөн 2-ын даваанд Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат аймгийн арслан Баасандорж Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат улсын “отгон начин” Даваанямын Лхагвадоржийг шороодуулав.
Наадмын 2-дахь өдөр бөхийн брилдааны 3-ын даваанд ам авсан байдлаас харахад 3 давж дөрвийн даваанд “азаа үзэх” (оноолтонд очих) улсын цолгүй бөхчүүд нэлээд хэд тодроод байсан юм. Тухайлбал аймгийн арслан Н. Ганбаатар, Түвшинбаатар, Д. Батболд, Р. Дамдин, Цогтжаргал, Бадамдорж, Цанлиг нар, мөн ц/а Бямбажав, ц/а Цогзолдорж, ц/з Амартүвшин, а/з Бямбадорж, а/н Насандэлгэр нарын зэрэг болон бусад бөхчүүд 3-давах нь тодорхой бөгөөд 4-ийн даваанд аз таарвал цаашид 5-ын даваанд “мөнгөө аваад” хэн нэгэн том цолтонг “царайчлах” боломжтой болсон юм. Харин 3-ын давааны хамгийн шуугиан тарьсан барилдааныг улсын гарьд Цэрэнпунцаг үзүүлсэн. Тэрээр учраа бөхөө удаан хугацаанд барьж авч чадалгүй хөөсний эцэст барьж аваад, ганц барьсан дээрээ хурдан хаячия гэж бодосныхуу, юутай ч их огцом зайлж гуд таттал хүчиндээ өөрөө хойшоо сууж орхив. Ийнхүү шөвгийн 8-д баараггүй үлдэж цаашдын барилдааны ам, амжилтыг өөрчилдөг хүчит гарьд маань ноднин жилийн “Өсөхбаяр аварга” шиг юм болов. Энэ даваанд улсын цолгүй 6 –бөхийг хэнч амлалгүй тунаж үлдсэн тул дүрмийн дагуу оноолтоор брилдав. Уран хурц барилдаант Булган аймгийн начин Түвшинбаяр начны тааварт байсан ноднин жил улсын наадамд 4 давсан Сэлэнгэ аймгийн арслан Өсөх-Ирээдүйтэй удаан хүч үзсэн тул шодож, хавираад давав. Тунасан а/а Тогтохбаяр дархан хутгах мэхээрээ нутгийн анд а/а Соронзонболдыг шороодуулсан юм. Дараагийн 2 даваатайгаа цуг найрдаг, жинхэнэ найрааны өнгийг тодорхойлдог 3-ын даваа найранд орсон хөгшчүүл (зарим нь бүүр ид барилдаж буй залуучууд) “чөлөөт уналт” хийсээр хурдан шуурхай явагдаж өндөрлөв.
Наадмын нэлээд сонирхолтой хэсэг бол яах аргагүй бөхийн барилдааны 4-ийн даваа билээ. Үндэсний бөхийн шинэ дүрэм батлагдах гэж байхад гарьд Гантогтох: “түрүүлэх гэж барилдаж байгаа бид хэдтэй улсын начин болох гэж байгаа залуучуудыг 4-ийн даваанд оноолтоор тааруулж хэн хэнийг нь хохироож болохгүй гэж” эсэргүүцэж байсан. Үнэхээр энэ бол цэвэр аз туршсан хэрэг, магадгүй үхлийн барьц гэдэг шахааны барьцнаас ч илүү аз туршисан асуудал байж болох юм. Уг нь Монгол бөхийн барилдаан бол цолны эрэмбийнхээ дагуу ам авч, эцэст нь хүч бяр ойролцоо залуучууд хоорондоо тунан барилдаж даваагаа ахиулж цолонд хүрдэг хэдэн зуун жилийн улалмжлалтай “агуу ард түмэний” ухаанаар шалгагдсан дүрэмтэй атал одоо үед хэдэн улсын цол горилж буй залуус маань ямар нэгэн “шар сонин захиалж сугалаанд оролцож” байгаа юм шиг оноолтонд очиж, барилдах биш азаа сорьдог болж хувирлаа. Ийнхүү ихэнх хэсэг нь ид барилдаж буй хүчтэнгүүдийн аманд “түлхэгдэн очич” дараа жилийн “азын сугалаагаа” хүлээх хэрэгтэй болдог болов. Уг нь хүч бяраар тэнцүү бусадтайгаа үнэн хүчийг үзэн барилдвал унасан ч хамаа юу байхав дээ!
Энэ үеийн хэдэн эрх мэдэлтнүүдийн баталсан “цоорхой дүрмээр” явагдаж буй үндэсний баяр наадмын маань өнөө жилийн 4-ийн давааны сугалаанд дараах бөхчүүдэд аз таарав. Үүнд:
“з/б Элбэгбаяр, а/н Насандэлгэр, ц/з Амартүвшин ц/а Бямбажав, а/а Батболд, а/а Сэр-Од, а/а Оргил, а/а Цанлиг” нар багтаж байв. Эдгээр бөхчүүдэд мөнгө, танил, эсвэл барилдах ур ухаан бяр чадал байдаг бол начин болоход ердөө л ганц даваа үлдлээ.
Аз таарсан нэг хэсэг бөх байхад нөгөө л дараа жилийн наадмыг хүлээх азгүй бөх буюу “хонжвор таараагүй” бөхчүүдэд: “а/н Түвшинбаяр, а/з Нямсүрэн, а/з Батгэрэл, а/з Бямбадорж, а/а Өсөхбаяр, а/а Тогтохбаяр, а/а Баярмагнай, а/а Сүмбээ, а/а Түвшинбаатар, а/а Отгонбаатар, ц/а Цогзолдорж, а/а Бадамдорж” нар багтав. Энэ 12 сайхан залуу “хуулийн цоорхойноос” болж бүтэн нэг жилийн хөдөлмөрөөрөө “шатав”. Нэг жилийн дотор 365 хоног, 525600 минут байдаг гэдгийг тэр “цоорхой дүрэм батлагчид” мэддэг л байлтай.
4-ийн давааны зарим нэг сонирхолтой барилдааныг тодруулбал 3-ын даваанд шуугиан тарьсан з/б Элбэгбаяр энэ даваанд оноолтоор дархан аварга Цэрэнтогтохтой таарч “найраанд нь оролгүй” төвөггүй хаяж хөгшин аваргыг “шатаав”. Уг нь 5-ын даваанд ямар аюул хүлээж байгааг тэр залуу мэджил байгаа. Ийм их зориг гаргасан түүнийг зоригийг би хувьдаа үнэлж байна. Уг нь Цэрэнтогтох аваргад бэлдсэн залуу бөх Цолмоны урдуур Элбэгбаяр орсон тул тэрээр Бат-Эрдэнэ аваргад шороодох болов. Завхан аймгийн заан Л.Нямсүрэн Өсөхөө аваргыг 2 жилийн өмнө 5-ын даваанд тун их тэнцвэр алдуулсан боловч өвдөг шороодсонд тооцогдсон юм. Наадмын дараа сонинуудаар Өсөхбаярыг шоордсон хэмээн гэрэл зурагтайгаар шуугьсан боловч нэгэнт тус наадамд Өсөхөө түрүүлж арслан болсон тул түүнийг унасанд тооцоод дахиад наадам хийлтэй нь биш тэгс гээд л сураг алдарсан. Харин энэ жил тус 2 бөх 4-ийн даваанд таарав. Энэ удаа Өсөхөө аварга бага зэрэг сандарсан ч гэсэн буйр зааж давав. Баянхонгор аймгийн заан Б. Батгэрэл тун сайн барилдаж 3 давсан боловч энэ удаа Баянхонгорынхны “аранга” улсын гарьд Сумъяабазартай таарч унав. Тэрээр улсын наадамд урд нь нэг удаа 4 нэжгээд удаа 3 давж байсан улсын ямар ч цолтны гарын үзүүрт амар унахааргүй болсон хүчит заан билээ. Үнэн хүчит Батгэрэл зааныгаа улсын цол хүртэнэ гэж нутгийн ард түмэн бид итгэж хүлээсээр л байна. Харин энэ даваанд а/а Баасандорж, а/а Р. Дамдин а/а Цогтжаргал, а/а Ганбаатар нар үнэхээр сайн барилдаж аз таараагүй ч хүчээрээ даваа авцгаасан юм. Булган аймгийн арслан Баасандорж улсын харцага Баяржавхланг хаясан бол Баянхонгор аймгийн арслан Р. Дамдин өнгөрсөн жил 3 давж 4-ийн даваанд азгүйтэн шинэ харцага Э. Батбаатарт шороодож байсан бол өнөө жил мөн л харцага Батбаатартайгаа дахиад 4-ийн даваанд таарав. Хэдийгээр аз таараагүй ч гэсэн энэ удаа арслан маань үнэхээр урамтай барилдаан үзүүллээ. 2 бөхийн барилдаан удааширсан тул барьц шодуулахад харцагын талаар таарсан боловч арслан маань амжилттай хамгаалаад дараа удаа өөрийнхөө талаар барьц авахдаа дархан халз хутгаагаа даацтай хийж “даагаа нэхэв”. Төрийн наадамд 4 давна гэдэг хэн хүний хүссэнээр болдог эд биш юм. Үүний баталгаа болж хашир туршлагатай хүчит заан Бумбаяр бөхийн холбооны тэргүүн Нямдоржийн хүү түрүү жил Өмнөговь аймагт түрүүлж арслан болсон Ганбаатарыг дийлсэнгүй. Мөн 4-ийн давааны төгсгөлд 12 улсын начин хоорондоо оноолтоор барилдсан юм. Энэ барилдаануудаас удааширч барьц сонгож барилдан у/н Мөнхбаатар у/н Магалжавыг, у/н Сумъяабээс у/н Амгаланбаатарыг тус тус давав. Бусад начингууд түргэн шуурхай барилдаж давалцсан юм.
4-ийн даваанд Увс аймгийн 10 бөхийн 6 нь, Өвөрхангай аймгийн 8 бөхийн 4 нь, Завханы 7 бөхийн 3 нь, Архангайн 6 бөхийн 4 нь, Булганы 6 бөхийн 3 нь, Ховдын 5 бөхийн 3 нь, Баянхонгорын 4 бөхийн 3 нь, Төв аймгийн 4 бөхийн 1 нь, Говь-Алтай аймгийн 3 бөхийн 1 нь, Хөвсгөлийн 3 бөхийн 1 нь, Дундговийн 2 бөхийн 1 нь, Хэнтийн 2 бөх хоёулаа тус тус давав.
4-ийн давааны оноолт болон, бөхчүүдийн товч танилцуулгыг доор үзүүлэв.

4-ийн даваа.

1 Д.ав Цэрэнтогтох з.б Элбэгбаяр (Увс)
2 Д.ав Бат-Эрдэнэ з.б Цолмон (Аварга ДС)
3 Дал.а Сүхбат а.н Түвшинбаяр (Булган Сайхан)
4 у.ав Балжинням а.н Насандэлгэр
5 У.ав Өсөхбаяр а.з Нямсүрэн (Завхан Нөмрөг)
6 У.ар Мөнх-Эрдэнэ ц.з Амартүвшин
7 У.г Сумъяабазар а.з Батгэрэл (Байнхонгор Галуут)
8 У.г Гантогтох а.з Бямбадорж (Төв Сэргэлэн)
9 У.з Бямбадорж ц.а Бямбажав
10 У.з Ганбат а.а Өсөхбаяр (Булган Бүрэгхангай)
11 У.з Бумбаяр а.а Ганбаатар
12 У.з Доржсамбуу а.а Тогтохбаяр (Говь-Алтай Жаргалант)
13 У.з Одгэрэл а.а Баярмагнай (Говь-Алтай Бигэр)
14 У.з Батзориг а.а Сүмбээ
15 У.х Баяржавхлан а.а Баасандорж (Булган Бүрэгхангай)
16 У.х Батбаатар а.а Дамдин
17 У.х Элбэг а.а Цанлиг
18 У.х Чулуунбатар а.а Батболд
19 У.х Мягмарсүрэн а.а Р.Түвшинбаатар (Архангай)
20 У.х Ганхуяг а.а Цогтжаргал
21 У.х Батбяр а.а Бадамдорж
22 У.х Мөнгөнцоож а.а Отгонбаатар
23 У.х Пүрэвжав Ц.а Цогзолдорж
24 У.н Мөнхжаргал а.а Оргил
25 У.н Түмэннаст а.а Сэр-Од
26 У.н Адъяахүү у.н Ганбат
27 У.н Пүрэвсүрэн у.н Уламбаяр
28 У.н Сумъяабээс у.н Амгаланбаатар
29 У.н Одхүү у.н Сайнбаяр
30 У.н До.Ганхуяг у.н Эрхэмбаяр
31 У.н Магалжав у.н Мөнхбаатар
32 У.н Рагчаа у.н Бадам-Очир




Наадмын нэлээд оргил хэсэг бол цол авах 5-ын даваа билээ. Гэвч сүүлийн жилүүдэд энэ давааг цол авах сайхан даваа гэхээсээ найрааны даваа, цол авсан бөхчүүдийг найрааны начингууд гэдэг болсон билээ. Үнэхээр ч шинэ цолтнуудын 60-100% нь найрааных байдаг гэвэл нээх их хэлэсдэхгүй байх. Энэ жил найрч начин болсон бөх дараа жилийн наадамд өөр нэг бөхийн найраанд оролцож “өрөө төлөхөөс” өөр арга байдаггүй нь Монгол наадам начны найраагүй болох “болоогүй” гэдгийг харуулж байна. Яагаад гэвэл жилээс жилд өсөж 30, 40 саяд хүрсэн начны ханшийг дийлж халааснаасаа тэр хэмжээний мөнгө гаргаад начин болчих хүн байхгүй тул хүнээс мөнгө зээлж начин болоод тэрийгээ дараа жилээс нь төлөх ёстой болдогт байгаа юм. Энэ жилийн начны даваанд 12 сайхан залуу гарч ирсэний дотор Баянхонгор аймгийн 3 арслан байсан нь нэлээд сонин басхүү бахархалтай байв.
Ингээд начны найраанууд эхлэв. Хакүхо Даваажаргал арлын орныг шуугиулж нэлээд хөрөнгөтэй болж байгаа нь илт билээ. Иймд Мөнхбат аварга “засуулаараа түшүүлэн барин” хэвлэлийн бай болсоор нэг начин төрүүлдэг байснаа больж, харин Баянмөнх аварга хэлсэн үгэндээ эзэн болж сүүлийн 4 наадмыг “гэртээ үздэг” болсноор Цэрэнтогтох аварга л өнөө жил найрааны “сөнч” болох учиртай байв. Даанч бүтсэнгүй, үгэнд ордоггүй шазруун залуу дараа даваанд Өсөхбаярт унахаа мэдсээр байж ахмад аваргыг шатааж орихсон бол тэдгээрээс арай залуу найрагчид болох аварга Балжинням, арслан Мөнх-Эрдэнэ, заан Бямбадорж нар 4-ийн даваанд азгүйтэн сайн залуучуудтай таарсан тул арга буюу шороодсон. Иймд өнөө жил найраа хийх хүн бас ч гэж ховор байв. Гэхдээ мэдээж Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат уран барилдаант аймгийн заан Т.Амартүвшин 4 давсны дээр “шилдэг найраач” Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын заан Батзориг мөн 4 давсан тул Амартүвшин начин болно гэдэг нэгэнт тодорхой байв. Уг нь Амартүвшин уран хурц сайн барилдаантай, хүчээрээ начин болох боломжтой ч мэдээж энэ удаа бүдэрвэл дараа жил хүртэл хол байна гэдгийг тооцоолсон биз. Харин бусад найрагчид яаж найрах нь ам автал тодорхойгүй байв.
Энэ бүхний тайлал болж ам авсан байдлыг Чанарав гуай зарлаж 5-ын даваа эхлэв. Дархан аварга УИХ-ын гишүүн Бат-Эрдэнэ жилийн жилд нэг залуугийн улсын цол авах боломжийг хаадаг уламжлалаараа Завхан аймгийн арслан Оргилыг амлан барилдаж давав. Уг нь Оргилын хувьд нэгэнт Завхан аймгийн том цолтой бөх 4 даваж чадаагүй тул Бат-Эрдэнэ аваргатай барилдана гэдэг бусдыг бодвол хялбар байв. Учир нь Баянхонгор аймгийн арслан Р. Дамдин улсын далай аварга Сүхбатад, мөн Баянхонгор аймгийн арслан Сэр-Од улсын гарьд Сумъяабазарт амлуулан унахаас өөр замгүй болсон юм. Гэвч манай 2 арсланд төрийнхөө 9 хөлт цагаан тугийг 5 буюу түүнээс ч олон удаа “тахимаа өгөлгүй” тойрох боломж, хүч чадал байна. Тэр цаг удахгүй ирэх болтугай гэж нутгийн ард түнийхээ нэрийн өмнөөс хүсэн ерөөе!
5-ын давааны нийт бөхчүүдийн 20% -нь Увс аймгийнх байсан юм. Увс аймгийн нутаг Монголын улсын газар нутгийн 5-аас бага хувийг эзлэх байх. Үүнтэй харьцуулаад үзэхэд Увсынхан үнэхээр хүчтэй юм. Тэрнийхээ хэрээр ч цолгүй 3 бөхийнхөө аль нэгийг начин болгох нь ойлгомжтой билээ. Ийнхүү Монгол улсын залуу заан, гавьяат тамирчин Очирын Одгэрэл нутгийн дүү аймгийн начин Насандэлгэрийг начин болгож өгөв. Насандэлгэр нь далай аварга Сүхбатын “Ээлт-Хан” галд бэлтгэл хийдэг түүний гарын шавь юм. Ер нь далай аварга Сүхбатын шавь нарас жил бүр 1 харцага, 1 начин төрдөг уламжлал байдаг билээ. Энэ жил ч гэсэн Баянхонгор аймгийн арслан Батболд, Сэр-Од нарын зэрэг хэд хэдэн шилдэг шавь нар нь 4 даваад байсан юм. Харин Увс аймгийн залуу бөх Элбэгбаяр нас ч залуу дээр нь Өсөхбаяр аваргад “зуугдсан” тул шороодов. Дараа жилийн наадамд Элбэгбаяр начин болно гэсэн таавар нэлээд олон байна байх. Харин Увсын өөр нэгэн шилдэг бөх энэ хавар цэргийн арслан болсон Бямбажав яах ч аргагүй сайн бөх гэдгээ нотолж энэ даваанд тунасан боловч хийгүй, аралтай, бяртай залуу начин Рагчаад өвдөг шороодов. Бөхийн хорхойтнуудын дунд заанаас дээш цол хүртэнэ хэмээн яригддаг Бямбажавын хувьд нас залуу наадам олон байна даа. Хэрэв Бумбаяр заан 4 давсан бол Бямбажав начин болох боломж байсныг би хувьдаа үгүйсгэхгүй байна.
Архангай аймгийн арслан арал чяц ихтэй Цанлиг 3-ын даваанаас авхуулан яаж найрдгийг үзүүлэн давсаар Сумъяабээс начнаар 5 дахиа давж начин болов. Тэрээр хэдэн төгрөгөөр начин болсныг удахгүй сонинуудаар шуугих биз. Найраа үүгээр ч дууссангүй гарьд болох хамгийн боломжтой бөх болох улсын заан Доржсамбуу нутгийн дүү олон жил заалны барилдаанд сайн барилдсан Цогтжаргалд бууж өгөв. Цогтжаргал нь өнгөрсөн жил 4 давж гарьд Сумъяабазарт өвдөг шороодож байсан бөгөөд энэ жилийн аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд хамгийн олон буюу 3 удаа түрүүлсэн юм. Урд жилүүдийн уламжлалаар бол тэр жилээ улсын цолгүй бөхчүүдийн барилдаанд хамгийн олон түрүүлсэн бөх шууд харцага болдог билээ. Иймд Цогтжаргал дараагийн даваанд харцага ч болж болох юм.
Энэ харцага болдог уламжлалаар өнгөрсөн жил улсын цолгүй бөхчүүдийн барилдаанд 5 түрүүлж улмаар харцага болсон Мөнгөнцоож өнөө жилийн наадмын 5-ын даваанд Баянхонгор аймгийн арслан Батболдыг амалж барилдсан барилдаан энэ давааны хамгийн уран барилдаан байв. Нэг үед гарч ирсэн боловч нэгэнт харцага цолонд хүрсэн болохоор Мөнгөнцоожид давах магадлал илүү байсан байж ч болох юм. Гэвч энэ байдал барилдаан эхлэнгүүт шал өөрөөр эргэж арслан маань зоригтой сайхан барилдаж тахимдаж харцагыг үнэхээр их тэнцвэр алдуулаад зогссонгүй дахин хөлд нь хэд хэд дохин нэлээд сандаргаж эхлэв. Манай нутгийн алдарт бөх, Монгол улсын “бурхан тайлбарлагч” гавъяат тамирчин Чанарав гуай хэрийн юманд сэтгэл нь хөдөлдөггүй тайван тайлбарладаг хүн ч энэ удаа сэтгэлийн хөдлөлөө дарж чадахгүй байлаа. Ямар сайндаа л “Батболд чинь овоо биеэ барихгүй барилдаж байх чинь“ гэж хэлж тайлбарлагчийн дүрмийг зөрчсөн нь Баянхонгорын бүх ард түмний улсын цолтонтой болоё гэсэн чин хүслийн илрэл гэлтэй байлаа. Тэгтэл ч 2 бөх саналаараа золгох болов. Аль аль нь л бяртай шуудагнаас сайн барилддаг бөхчүүд. Энэ л агшинд арслан маань шийдэмгий барилдаж баруун золгооноос өөрийн дархан “зайлах” мэхээрээ хүчит, залуу харцага Мөнгөнцоожийг тас гэдэргий нь харуулан орхих нь тэр. Ийнхүү Баянхонгор аймгийн хурц арслан Даш-Очирын Батболд Монгол улсын начин цолын болзлыг биелүүлж унаган нутгийн ард түмэн болон өөрийг нь дэмждэг нийт Монголчуудаа баярлуулав. Монгол улсын уран барилдаант гарьд Пунцагийн Сүхбатаас (1988 оноос) хойш хонгор нутгаас Батболд шиг үнэн хүчээрээ начин болсон хүчтэн төрөөгүй гэж хэлэхэд болно. Улмаар Цогтжаргал, Батболд, Цанлиг нар төрийн наадмын 5-н даваанд уначихаад “гунигийн нулимастай” талбайгаас гарах өдөр байхад, 5 давчихаад “баярын нулимастай” тугаа тойрох өдөр байдаг Монгол наадмын “мөн чанарыг” харуулав.
Мөн энэ давааны нэгэн сайшаалтай барилдаан бол Булган аймгийн Бүрэгхангай сумын харъяат аймгийн арслан Баасандорж улсын начин Одхүүг барьц шодон барилдаж давж улсын начинг зөвхөн өөрийн авъяас чадвар, хөлс хүчээрээ авав. 2002 оны өвөл заалны нэгэн жижиг барилдаанд Булган аймгийн начин Баасандорж гэдэг залуу Монгол улсын залуу аварга Сүхбатыг өвдөг шороодуулж бөх сонирхогчдын дунд Булганы Баасандорж гэдэг нэр цуурайтах болсон юм. Хэдийгээр тохиолдлын журмаар аваргыг хаясан ч хэзээ нэгэн цагт улсын цол хүртэх бөх гэдгээ тэр үед харуулж чадсан билээ. Харин өнөө жилийн наадмаар нутгийн анд Цогтжаргалын хамтаар начин болцгоож Булган нутгийнхаа ард түмнээ давхар давхар баярлуулав.
Баянхонгор аймгийн арслан Дамдинсүрэн гуай “Аюуш арслангийн хөшөөг босгоно гэсэн сургаар нутгаас маань начин төрж, 2 арслан маань ч 4 давав.” гэж хэлсэнтэй ижлээр нутгийн аварга Батсуурийнхаа хөшөөг босгосон Говь-Алтайн бөхчүүдийн хувьд өнгөрдөг жил улсын 1 начин, аймгийн 6 арслан төрсөн юм. Энэ жилийн наадмаар тэдгээр арслангуудаас Нямдоржийн Ганбаатар сайн барилдаж 4 даваад 5-ын даваанд улсын начин До.Ганхуягт амлуулан барилдаж удтал хүч үзэн эцэст нь шодож өвдөг шороодов. Ийнхүү 5-ын даваанаас 6 бөх цолгүй буцаж, 6 бөх улсын цолтны гэр бүлд багтав.
Нутгийн залуугаа дэмжиж улсын цолонд хүргэх нь найраа биш гэж үзэх хэсэг хүмүүс байдаг ч ид барилдаж буй заанууд нутгийн залуучуудаа дэмжин начин болгож өөрийн нэр алдар цол, амжилтыг үл хайхран “сайхан сэтгэл” гаргаж байна гэхэд би л лав итгэхгүй байна. Харин энэ давааны “идвэхгүй хэсэг” буюу улсын цолтнуудын хоорондын барилдаанд давж сурсан том цолтнууд өөрсдийнхөө амыг давцгаав. Ганцхан өнгөрсөн жилийн “нялх од” харцага Пүрэвжав улсын начин Мөнхбаатарыг амлаад барсангүй.
Харцагын даваа эхлэв. Начны найраа гэж байдаг бол одоо харцага зааны найраач гэж үүсэх ёстой хэмээн хүмүүс үздэг. Гэхдээ одоогийн байдлаар “найрч” харцага болсон бөх байхгүй байгаа. Монгол улсын анхны далай аварга, үндэсний бөхийн гавьяат тамирчин А. Сүхбат а/н Насандэлгэрийг, улсын аварга Г. Өсөхбаяр а/а Цанлигийг, улсын гарьд Сумъяабазар ц/з Амартүвшинг, улсын гарьд Гантогтох а/а Цогтжаргалыг тус тус амлан төвөггүйхэн давав. Харин дархан аварга Бат-Эрдэнэ урд даваанд нэлээн удаан барилдаж цуцсан АПУ- гийн буюу Доржпаламын Ганхуяг начинг амлаж барилдав. Харин энэ үеэр аадар бороо орж бөхийн барилдаан завсарлаж начин маань нэлээд амраад авсан. Гэвч начин маань аваргад сугадаж мушгих мэх хийх гээд нойтон газар хальтарч өвдөг шороодов. Ийнхүү Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харъяат улсын начин Ганхуяг улсынхаа наадамд 3 дахиа 5 давав. Өөр нэг сонин ам авч барилдсан бөх бол улсын заан Ганбат байв. Тэрээр улсын хамгийн хүчтэй, шилдэг харцага Мягмарсүрэнг амлаж барилдаад дийлсэнгүй өвдөг шороодов. Ганбат заанд амлагдалгүй үлдсэн 4 бөхөөс улсын начин Рагчаа ам авч а/а Баасандоржийг шороодуулав. Тунасан 2 бөхийн аль нэг нь харцага болох байв. Энэ барилдаанд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харъяат улсын начин Мөнхбаатар хэдхэн хормын өмнө начин цолыг “гуйлгүй, гуядаж” авсан Баянхонгор аймгийн арслан Батболдыг шороодуулж харцага болов.
7-ын даваа нэлээд сонирхолтой болов. Сүүлийн 4 жил заан цолтон төрөөгүй тул Монголчууд заанаар цангаад байсан гэхэд болно. Харин энэ даваанд дархан аварга хэнийг авах нь нэлээд их юм шийдэх байв. Учир нь Бат-Эрдэнэ аваргад дийлэх хүн бараг байхгүй байсан тул хэн нэгнийг заан болгож өгөх ёстой байв. Харин аварга нэлээд удаан бодосны эцэст өөрийн гарын шавь Мөнхбаатарыг амлан авч заан хэмээх эрхэм хүндтэй цолонд хүргэв. Х. Мөнхбаатар нь өнөө жил 24 хүрч буй идэр хүчтэн ба Баянхонгор аймагт 1999 онд явагдсан идэрчүүдийн улсын аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаанд оролцож мөнгөн медиаль авч байсан юм. Энэ барилдаанд Баянхонгор аймгийн Баацагаан сумын харъяат аймгийн арслан (2002 он) Дамдин түрүүлж алтан медиаль, Дорнод аймгийн Халхгол сумын харъяат улсын начин (2003 он) Гансүх хүрэл медиаль авч байсан билээ. Мөнхбаатар нь 2000 онд Хөвсгөл аймагт түрүүлж аймгийн арслан, 2001 онд Хөвсгөл аймгийн харъяат улсын начин Бадралаар 5 давж улсын начин болоод 2003 оны үеэс хөлөндөө бэртэл авч барилдахаа түр завсарлаж байгаад энэ өвөөлөөс дахин барилдаж эхэлж байгаа, аварга дээд сургуулийн бөх юм.
Энэ давааны буюу энэ наадмын тааврыг будилиулсан барилдааныг улсын харцага Мягмарсүрэн гаргав. Далай аварга маань заалны барилдаанд хаяж гаршсанаараа Мягмарсүрэнг амлаж Рагчаа начинг Өсөхбаяр аваргад үлдээв. Гэвч хэнийч санаанд оромгүй юм болж харцагын тойгдох мэхэнд далай аварга маань шороонд “шүргэв”. Энэ даваанд тунах ёстойгоороо тунасан 2 гарьд үнэн хүчийг үзэн барилдсан. 2 гарьдын барилдаанд улсын гарьд Сумъяабазар улсын гарьд Гантогтохыг шахаж татан тэнцвэр алдагдуулан түрж хөөснөөр давж өнгөрсөн жилийнхээ “даагыг нэхэв”. Энэ 2 хүчтэний улсын наадам дахь халз тулаан 1:1 харьцаатай болов. Өсөхбаяр аварга шинээр харцагын болзол хангасан Архангай аймгийн Булган сумын харъяат улсын начин Рагчааг давсан билээ. Рагчаа нь 2001 онд улсын начин болж 2002, 2004 онуудад 4 давсан бөх билээ.
Далай аварга маань өвдөг шороодсон тул Өсөхбаяр аварга анх удаа 8-ын даваанд ам авч үзэв. Тэрээр улсын начин Мөнхбаатарыг шахаж татан арал бярын илүүгээр аагалж хаяв. Харин тунасан гарьд Сумъяабазар улсын харцага Мягмарсүрэнг суганд нь сэжиж төрийн наадамд үеийнхнээсээ хамгийн олон буюу 4- дэхь удаагаа үзүүр түрүүнд шалгарав.
Монгол улсын 18 дахь аварга Өсөхбаяр, улсын анхны гарьд Сумъябазар нар төрийн наадамд ийнхүү 7 дахь удаагаа таарч барилдах болов. Өмнө нь нэг удаа түрүү булаацалдаж байсан ба 1995 онд 6-ын даваанд тунаж Өсөхбаяр, 1997 онд 5-ын даваанд тунаж Өсөхбаяр, 1999 онд 8-ын даваанд тунаж Сумъяабзар, 2001 онд 7-гийн даваанд тунаж Өсөхбаяр 3 дахиа, 2002 онд мөн 7-гийн даваанд тунаж Өсөхбаяр, 2003 онд үзүүр түрүүнд үлдэж Өсөхбаяр 5 дахь удаагаа тус тус давж байсан юм. 1999 оны 7 сарын 12- оос хойш яг 6 жилийн хугацаанд улсын томоохон хэмжээний барилдаанд Сумъяабазар Өсөхбаярыг давж чадаагүй юм. Энэ удаа ч мөн л барсангүй. Аварга Өсөхбаяр шахаж татан, зүүн давуулж гуядах мэхийг даацтай хийснээр төрийнхөө баяр наадамд 3 дахиа түрүүлж Монгол улсын 2 дахь далай аврга болов. Харин Сумъяабазар 4 дэхь удаагаа улсад үзүүрлэн алдарт хурц арслан Мөнх-Эрдэнийн амжилтанд хүрэхэд нэг л үзүүр дутуу болов.
Өнөө жилийн надмаас далай аварга нэг, 2 заан, 1 харцага, 6 начин төрөн гарав. Дараагийн арслан, гарьд, заан хэзээ төрөх бэ? Хоёр далай аваргын хэн нь түрүүлж даян аварга болох бэ? 8 дахь дархан аварга хэн бэ, хэзээ төрөх бэ? гэдэг сонирхолтой асуултууд дараа дараагийн наадмуудад хариултаа хүлээхээр үлдэв. Хойтон жил ардын хувьсгалын 85 жилийн ой, агуу Их Монгол улс байгуулагдасны 800 жилийн ойн их баяр наадамдаа бөх бүр амжилттай бэлдэж хүчтэй, уран хурц барилдан шударгаар өрсөлдөхийг нийт бөхчүүдээсээ хүсэн ерөөе!

5-ийн даваа
1. Д/а Бат-Эрдэнэ а/а Оргил (Завхан)
2. Дал/а Сүхбат а/а Дамдин (Баянхонгор- Баацагаан)
3. У/а Өсөхбаяр з/б Элбэгбяр (Увс)
4. У/г Сумъяабазар а/а Сэр-Од (Баянхонгор-Шинэжинст)
5. У/г Гантогтох у/н Пүрэвсүрэн (Өвөрхангай-Хужирт)
6. У/з Ганбат у/х Г. Батбаяр (Архангай- Батцэнгэл)
7. У/з Доржсамбуу а/а Цогтжргал (начин) (Булган-Гурванбулаг)
8. У/з Одгэрэл а/н Насандэлгэр (начин) (Увс)
9. У/з Батзориг ц/з Амартүвшин (начин)(Ховд-Эрдэнэбүрэн)
10. У/х Мягмарсүрэн у/н Адъяахүү (Завхан-Нөмрөг)
11. У/х Мөнгөнцоож а/а Батболд (начин)(Баянхонгор-Баянбулаг)
12. У/х Пүрэвжав у/н Мөнхбаатар (Хөвсгөл- Шинэ-Идэр)
13. У/н До. Ганхуяг а/а Ганбаатар (Говь-Алтай- Чандмань)
14. У/н Сумъяабээс а/а Цанлиг (начин) (Архангай-Тариат)
15. У/н Одхүү а/а Баасандорж (начин) (Бу- Бүрэгхангай)
16. У/н Рагчаа ц/а Бямбажав (Увс- Сагил)


6-ийн даваа
1. Д/а Бат-Эрдэнэ у/н До. Ганхуяг (ӨВ- Зүүнбаян-Улаан)
2. Дал/а Сүхбат а/н Насандэлгэр
3. У/а Өсөхбаяр а/а Цанлиг
4. У/г Сумъяабазар ц/з Амартүвшин
5. У/г Гантогтох а/а Цогтжаргал
6. У/з Ганбат у/х Мягмарсүрэн (Ховд- Мөст)
7. У/н Рагчаа (харцага) а/а Баасандорж
8. У/н Мөнхбаатар (харцага) а/а Батболд



7-ийн даваа
1. Д/а Бат-Эрдэнэ у/н Мөнхбаатар (заан) (Хөвсгөл-Шинэ-Идэр)
2. Дал/а Сүхбат у/х Мягмарсүрэн (заан)
3. У/а Өсөхбаяр у/н Рагчаа (Архангай- Булган)
4. У/г Сумъяабазар у/г Гантогтох (Увс- Хяргас)

8-ийн даваа
1. У/а Өсөхбаяр у/н Мөнхбаатар
2. У/г Сумъяабазар у/х Мягмарсүрэн


Үзүүр түрүү

Улсын аварга Өсөхбаяр түрүүлж (3 дахиа) "далай аврга цол хүртэж", улсын гарьд Сумъяабазар үзүүрлэв (4 дэхь удагаа).

No comments:

Post a Comment