Wednesday, July 29, 2009

Таван жилийн ганц “од”…



Монголын Мэдээлэл зүйн олимпиадны мөнгө, хүрэл медальт
Баянхонгор аймгийн мэдээлэл зүйн олимпиадны 3 удаагйин аварга
Дагвадоржийн Жамсрандорж эх орноо төлөөлөн Олон Улсын Мэдээлэл зүйн
олимпиадад оролцохоор болов…





“…Өнөөдрийн дүн чинь хүнд байна да!… чи өөрийгөө гуравт яваа гэж бод!… маргааш бүгдийг нь бодож чадах уу?” гэж намайг асуухад “чаднаа…” гэж итгэлтэйгээр хариулав. Тэр үнэхээр чадав, Монголын мэдээлэл зүйн 23-р олимпиаднаас Баянхонгор аймгийн мэдээлэл зүйч Дагвадоржийн Жамсрандорж мөнгөн медаль хүртлээ…
Юун түрүүнд Мэдээний цаг бүлгийн гишүүн П. Далайжаргалд гүн талархал дэвшүүлье. Түүний анх авъяасыг нь олж харж, нээн хөгжүүлсэн 2 шавь нь улсын олимпиаднаас тус бүр 2 медаль хүртэв. 2004 онд 12, 15, 17 настай 3 хүүхэд багш шавийн барилдлагатай болж мэдээлэл зүйгээр хичээллэж байна гэж “мунгинаж” суухад нь 4 жилийн дотор Монгол улсын олимпиаднаас 7 медаль цуглуулж чадах авъяастнууд гэж хүмүүс итгэж байсан болов уу?! Эргээд бодход тэр инээдэмтэй байдал нь түүх болон үлдэж тэд одоо эрийн цээнд хүрцгээсэн, улс эх орондоо ихийг бүтээж чадахаа нотолцгоосон, улам ихийг сурч мэдэхийг хүсэн тэмүүлцгээсэн, гэрэлт ирээдүйтэй сайхан залуус болцгоожээ. Өнөөдөр улсдаа тэргүүлэх хэмжээний мэдлэг чадвартай, их сургуульд суралцах төлбөрөө ч “өөрөө олж” чаддаг хүмүүсийг “ирээдүйтэй” гэж хэлэх нь магтаал биш бодит үнэн гэдэг нь хэнд ч ойлгомжтой бизээ. Цагаан ах нь бүгдэд нь баярлаж байна гэдгээ өөрийнхөө болон Доржоо ахынх нь өмнөөс дахин нэг илэрхийлье!

Хэдэн жилийн өмнө зуны амралтаараа хүүхдүүдэд математик зааж байхдаа Жаамааг анх олж харсан. Заасан зүйлийг маш хурдан хүлээн авч, боловсруулж чадаж байгаа нь ч тэрүү, эсвэл бүүр Баярмагнай багштай маань царайгаараа их адилхан (зүүн талаас нь харвал яг ижилхэн мэнгэтэй) болоод ч тэрүү… ямарчил байсан “би энэ хүүхдийг улсын аварга болгож чаднаа” гэсэн бодол, хүсэл, мөрөөдөл маань 5 жилийн дараа биелэж би шавиа Монгол улсын аварга хүн юуг мэдвэл зохилтой, юуг чаддаг байх ёстой тэр л түвшинд бэлтгэж чадав. Багш хүн энэ л үед багш болснороо ээлжит нэгэн удаагаа бахрахдаг юм. Харин би шавь нартаа “сайн хүн бол улсаас заавал медаль авдаг, харин аварга болох бол өөр зүйл…” гэж байнга захидаг. Монгол улсад хамгийн шилдэг нь болтол бэлтгэж чадсан ч “Монгол улсын аварга” гэдэг цолыг энэ удаад хүртэж чадсангүй ээ, хэзээ нэгэн цагт Монгол улсын аварга болж чадна гэдэгт нь харин гүнээ итгэлтэй байна! Бодвол бурхан гуай нь илүү их хөдөлмөрлөхийг биднээс шаардаж буй хэрэг байх, гэж ойлгоё!
2006 онд 8-р ангийн сурагч улсын олимпиадад анх удаагаа оролцож “хамгийн залуу” оролцогчоор шалгаран явж байхдаа тус олимпиадны хамгийн хүнд бодлого дээр бусад бүх өрсөлдөгчөөсөө өндөр оноо авч хүмүүсийг алмайруулж бас “өхөөрдүүлж” явсан бяцхан хүү олон жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд нэг л сайхан нартай өдөр Монгол улсын хамгийн шилдэг мэдээлэл зүйчдийн нэгэн болж өсөн дэвжив. Мэдээж жирийн л нэгэн хүү Монгол улсын хамгийн шилдэг нэгэн болохын тулд маш их хөдөлмөрлөж, маш их тэмцсэн байж таарна! 2008 онд 10-р ангийн сурагч улсын олимпиадад шалгарч ирээд “их хүнд” бэлтгэл хийж үр дүнд нь Монгол улсын олимпиаднаас хүрэл медаль хүртлээ, Жамсрандоржийн мэдлэг чадварын хувьд энэ бол чамлахаар л амжилт байв. Гэвч дараа жил үүнээс илүү амжилт үзүүлнээ гэсэн итгэл найдвар бид бүхэнд дүүрэн үлдэв. Харин улсын олимпиаднаас шалгарч Грек улсад болсон Олон улсын олимпиадад оролцсон 4 сурагч амжилт муутай ирсэнтэй холбогдуулан маш шийдвэртэй алхам хийх “шаардлага” Монгол улсын мэдээлэл зүйн хөгжлйин төлөө байгаа бүхнээрээ “бооцоо” тавьсан миний өмнө тулгарав. Мэдээж бодож төлөвлөж байсан зүйлдээ бага зэрэг өөрчлөлт хийн бүх ажлыг өнөөдрөөс эхлье! гэдэг шийдвэр гаргаж үр дүнд нь “алгоритм” сургалтын төв хугацаанаас өмнө үүсгэн байгуулагдав. Хамгийн эхний томоохон зорилт Олон улсын мэдээлэл зүйн олимпиаднаас медаль авчрах. Одоо миний гарт байгаа хамгийн эхний “тамга хөзөр” бол Жамсрандорж!
Монгол хүүхдүүдийн Олон улсад амжилт гаргахгүй байгаагийн хамгийн энгийн шалтгаан бол математикт муу байгаа байдал. Иймийн тулд Жаамаад 2008-аас 2009 оны хичээлийн жилд математикийг, тэр дундаа стандарт математикийг төгс эзэмшүүлэх ёстой гэсэн гаргалгаа гаргав. Энэ зорилтоо ч амжилттай биелүүлж Монгол улсын хамгийн сайн математик мэдлэгтэй мэдээлэл зүйч болгож чадав. Үүний үр дүн ч гарч аймагтаа болсон 3 цуврал олимпиадад дараалан түрүүлж, аймгийн математикийн олмпиадад хүнд бодлого бүтэн бодон түрүүлж, элсэлтийн ерөнхий шалгалтанд амжилттай дүн үзүүлж аймгийн дээд амжилтыг эвдэж 75% гүйцэтгэлийн хувьтайгаар математикчын замналаа өндөрлөв. Тэрээр аймгийн нэрэмжит олимпиаднаас хэдэнтэй медаль хүртэж, Хангайн бүсийн математикийн олимпиадад тусгай байр эзэлж (2008 он), бүсийн чанартай сэтгэх чадварын олимпиаднаас ч медаль хүртэж байсан билээ. Мөн 2007 онд А.Б.Важпайн олимпиаднаас хүрэл медаль хүртэж том олимпиадны медалийн гараагаа эхэлж байв.
2009-ондоо аймгийнхаа олимпиадад “давхар ялалт” байгуулан математик, мэдээлэл зүйн аварга болсон бөгөөд (миний амжилтыг 8 жилийн дараа давтжээ…) мэдээлэл зүйн төрөлд сүүлийн 9 жил дараалан миний шавь нар аймгийн аварга болж буйн дотор (анх би өөрөө түрүүлэхдээ 16 настай байжээ…) Жамсрандорж 3 дахь удаагаа мэдээлэл зүйн аймгийн аварга болж түүхэн дээд амжилт тогтоов. Энэ дээд амжилтаа ч цааш үргэлжлүүлж Монгол улсын мэдээлэл зүйн олимпиаднаас 2 медаль хүртсэн Баянхонгор аймгйин анхны сурагч болов (өөр төрлөөр ч 2 медаль авсан сурагч БХР-т байдаг гэдэгт би л лав итгэхгүй байна).
“Энэ жил Жамсрандорж улсын аварга болно” гэж намайг хэлхэд итгэхгүй байсан хүмүүст Жаамаа маань 250 удаа “би чаднаа” гэж хашгирч хэлээд 50 удаа дараа л “аварга болоё” гэж шивнэв. Фэйл Жексон хамгийн сүүлийн шидэлтийн өмнө: “Хөөе Коби! чи бөмбөгөө цагирагруу шиднэ шүү!…” гэсэн цэцэрлэгийн хүүхдийн гэнэн зөвөлгөө өгөхгүй нь ойлгомжтой биз дэ! Мэдээж Коби бөмбөгөө үзэгчидрүү биш цагирагруу шиднэ гэдгээ мэдэж байгаа. Гэтэл би улсын олимпиадны өглөө тийм л зөвөлгөө өгсөн, өөр зөвөлгөө өгөх ямар ч шаардлага байсангүй. “чи оролт гаралтын формат зөрчив! аймгийн олмпиадад гаралтын формат зөрчсөн шүү!”… харин орой дүнгийн мэдээ ирхэд “Жаамаа оролтын формат зөрчсөн тул бүтэн бодлого үнсээр хийсэв…” гэв. Ямар нэг алдааг дүү нарт нь сургамж болог гээд л цайруулаад өнгөрөөж болдог. Харин хэн ч ийм гэнэн алдаа гаргахгүй болохоор (сагсчин хүн бөмбөгөө цагирагруу шидхээ мэднэ ш дэ) би зүгээр л “алдах юмаа олж ядсан” гэж нэрлээд байгаа. Харин Туяадэлгэр эгчид нь талархал дэвшүүлье, “том ах” байхын зовлон, хариуцлагыг бага ч гэсэн мэдэрсэн байхаа. Тэгвэл айлын том ах биш бүүр Мэдээний цаг бүлгийн том ах байхын тулд, “үгэлснээс үлгэрлэсэн нь дээр” байхын тулд ...хэл пиво ч амсаж болохгүйгээс эхлээд туулж өнгөрөөсөн, тэвчиж өнгөрүүлсэн бүхий л “цагаахан зовлонг” минь дүү нар маань ойлгодог байхаа гэж найддаг.

Дагвадоржийн Жамсрандорж гэж дөлгөөхөн, гаднаасаа харагдаж байгаагаасаа огт өөр нэгэн… Хэрэгтэй юман дээр огт дугарахгүй мөртлөө хүний үгний алдааг овжноор ашиглан “улайлгахдаа” гаргууд… тайвнаар инээмсэглэн, хичээнгүйлэн ямар нэгэн алгоритм боловсруулж суух дүр нь л нүдэнд дасал болж дээ… Нэгэн шавийн маань ээж “тоо боддог хүүхдүүд хэцүү шүү, айлын хүүхдүүд унтаж байхад тэд бүлтийгээд тоогоо бодсоор л суудаг…” гэж хэдэнтэй давтаж хэлсэн нь миний сэтгэлийг их хөдөлгөж байв. Харин тэр “тоо бодогчид” маань нөр их хөдөлмөрийнхөө үр шимээр, айлын хүүхдүүд унтаж байхад унталгүй тоогоо бодож, програмаа бичиж байсныхаа ачаар шилдэг гэдгээ нотолсныхоо дараа, урилгаар сургууль авсныхаа дараа, айлын хүүхдүүд ерөнхий шалгалтандаа бэлдээд өдөр шөнөгүй зовж, аав ээж нь сургалтынх нь төлбөрийг олох тухай шаналж байхад сагсны талбай дээр бөмбөг шидэнгээ Олон улсын олимпиадад явах тухайгаа бодож байдаг юм байна лээ шүү…
Ямартай ч Жаамаа маань ах нарын хүчин чармайлт, өөрийн нөр их хөдөлмөрийн үр шим, эцэг эхийнхээ тус дэмээр дунд сургуульд хэр баргийн хүний эзэмшиж чадахгүй тэр л зүйлсийг амжилттай сурлаа. Цашид илүү ихийг сурч, эх орондоо ихийг бүтээж чадна гэсэн олон хүний итгэл найдварыг тээсээр сурагч байхаа больж их амьдарлын замдаа гараагаа тавив. Хөлөө хүрэх газар явж, ухаанаа хүрэх бүгдийг сураарай гэж захъя! Цаасан дээр буй амжилтууд нь түүнийг ямаршуухан ирээдүйтэй, ямар их мэдлэг чадвартайг нь бэлэхнээ гэрчилнэ. Харин би бол түүнийг Баянхонгорын гудамд “чулуу өшиглөж” явсан балчраас нь эхлээд Монгол улсын олимпиаднаас 2 медаль хүртсэн хүртэлх тэр замнал, тэр их тэмцэл, ялалтууд, хувь хүний өсөлт хөгжилт, мэдлэг чадварын задрал гээд мэдээлэл зүйчийн хувиарх бүхий л дэвшлийг нь мэдэх ахынх нь хувьд мөн Монгол улсын хэмжээний олимпиаднаас 22 медальтай шавь бэлтгэсэн багш хүний хувьд, Монгол улсын хамгийн залуу аварга багшийн хувьд дүгнэн хэлэхэд:
“Жамсрандоржийн аймгийн 3 удаагийн аварга болсон дээд амжилт, дунд сургуульд байхдаа улсаас 2 медаль авсан дээд амжилт, мэдээний цаг бүлгйин 12 дахь улсын медалийг авчирсан амжилт зэрэг бол зөвхөн статистик мэдээ. Түүнээс илүүгээр сурч чадсан мэдлэг чадварыг нь үнэлбэл Жамсрандорж бол Монгол улсад 2007-оос 2011 оны хооронд дунд сургуулиас төрөн гарч буй “хамгийн шилдэг” мэдээлэл зүйч билээ”. Иймээс ч би түүнийг “5 жилийн ганц од” гэж баттай нэрлэж чадна. Харин од гэдгээ батлахын тулд Олон улсаас л медаль авчрана, өөр шинэ зам бидэнд үлдсэнгүй ээ. Учир нь “мэдээний цаг” бүлгийнхэн бид Монгол улсад байж болох бараг бүхий л цол шагналуудыг хүртэж дууссан билээ (ганц үлдсэн).
Би 8-р ангийн жаал улсын олимпиадад оролцохоор явахдаа “ингээд л Сүхбаатарын Цагааны нэрийн өмнөөс биш Баянхонгорын нэрийн өмнөөс тэмцэх хэрэгэй боллоо” гэж бяцхан биендээ ухаарч авсан. Түүнээс хойш тэр ухааралдаа өдийг л хүртэл үнэнчээр тэмцэж ирсэн. Тэгвэл одоо Олон улсын олимпиадад оролцохоор явж буй чи бээр “Дагвадоржийн Жамсрандоржийн төлөө биш Монгол улсын төлөө амжилт гаргах үүрэгтэй” боллоо гэж ухаарах ёстой буйзаа. Урьд Олон улсын олипиаднаас медаль авчирсан 2 сурагчид улсын олмпиадад аварга болох байсан жилээ чадаагүй тэр л үедээ медаль авчирч байсан сонин тохиолдол байдаг нь Жаамаагийнхтай яг адил байгаа юм.
Манай ээж Уранчимэг, Жаамаагийн ээж Дагиймаа нар нас чацуу, нэг нутаг усны хүмүүс тул олон жил хамтдаа тоголж өссөн байх. Харин миний хурдан морь унаж өссөн аав, ээжүүдийн маань тоголж өссөн тэр л сайхан хөндийг “дааган дэлийн” хөндий гэдэг. Монгол үндэсний бөхийн түүхнээ 19 аварга цолтой бөх төрсөн байдаг. Тэдгээрийн 3 нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уялган голын хөвөөнөөс төрж нэгэн цаг үед нэгэн дэвжээнээ барилдаж байсан гайхалтай сайхан түүхэн баримт байдаг. Харин би хувьдаа Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын “дааган дэлийн хөндийгөөс” 21-р зууны шинжлэх ухааны тэргүүлэх салбар “хурдан хан хүү” мэдээлэл зүйн салбараас 3 аварга нэгэн доор төрөөсэй гэж хүсдэг. Тэд нэгэн доор аварга цолтойгоо өрсөлдөж, бие биенээ түшин хөгжөн дэвжнээ гэж итгэдэг.
Өөрт буй бүх зүйлээрээ сольсон гэж боддог Мэдээлэл зүйн салбарт маань шэнэчлэх, сайжруулах зүйл маш их байгаа тул энэ жилийн мэдээлэл зүйн олимпиадад би өөрөө оролцох шийдвэрийг өнгөрсөн намар гаргав. Тэгээд улсын аварга багш болоод аваргын эндэр дээрээс хэлэх үгээ ч өнгөрсөн намар мөн л бэлдсэн байв. Харин Монгол улсын математик мэдээлэл зүйн олимпиадууд цаг хугацааны хувьд хэт ойрхон болсноос бэлдсэн үгээ хэлж амжаагүй билээ. Нэгэнт олон нийтэд зориулж бэлдсэн үг тул энэ бяцхан нийтлэлээ түүгээр өндөрлье гэж бодлоо. Жамсрандорждоо олон улсынхаа олимпиадад амжилттай оролцон түүхийн хуудсыг дахин нэгээр нэмж, надаар маш урт өгүүлэл бичүүлээрэй гэж ерөөе!
“…
I. Монгол улсын хамгийн залуу аварга багш болгон хүмүүжүүлсэн Г. Нямдаваа, Д. Ганзориг багш нартаа дахин талархал дэвшүүлье. Та бүхний хүслийг үргэлжлүүлэн, хийж амжаагүй бүхнийг чинь дуусгахаа амлая.
II. Жил бүр 5 сард бид олимпиадаа зохион байгуулаад хаалтын ажиллагаагаа энэ IT Park дээр хийдэг. Нэгэн хүн байнга бидэнд шагнал гардуулдаг байлаа, тэр хүн маань биднийгээ орхин оджээ. Бид бүхнийг дэмжиж тусалж байсан А. Батжаргал гуайнхаа дурсгалыг хүндэтгэн шавийн хамт Монгол улсын аварга болох нь миний хувьд “үүрэг” байлаа. Сайн сайхан бүхэн үргэлжлэлтэй байдаг билээ…
III. Монголын мэдээлэл зүйн олимпиадны хөгжил зөв гольдролдоо орж, надтай бодитоор өрсөлдөх хэмжээний багш төрөн гартал мэдээлэл зүйн олмпиадны комисс хийх хүсэлтэй байгааг маань хүлээн авна уу! Олимпиадыг зохион байгуулах хороо болон нийт мэдээлэл зүйчид маань намайг мэдэх тул “олон шавь нь олимпиадад оролцдог” гэсэн тэр асуудлыг минь хойш тавьж намайг дэмжин ажиллана гэдэгт гүнээ итгэж байна.
IY. Олон улсын олимпиадад оролцох сурагчдын сонгон шалгаруулалтын асуудлыг боловсронгуй болгох, Монголын мэдээлэл зүйн олимпиадыг 9 ба 11 гэсэн 2 ангилалтайгаар явуулах, бодлого зохиолт болон сонголтыг оновчтой болгох зэрэг олон асуудлуудыг цаг алдалгүй шийдэж мэдээлэл зүйн олимпиадны хөгжлийн төлөө хамтдаа эрчимтэй тэмцье!
Монголын мэдээлэл зүйчдийн ухаан нь цуцалтгүй, Компьютер нь гацалтгүй байх болтугай! ”

C. Цагаан 2009-06-14.

No comments:

Post a Comment