Thursday, July 30, 2009

4. Бурхан мартсангүй…

Сургалтын төвөө дөнгөж нээгээд хүүхдүүд бүртгэж авах энэ тэр гээл бажгадаж суухад 2 хүүхэд ирж уулзав. Өндөр нь “би нийгмээр бэлдэж байгаад хууль ч энэ тэр болно… багадаа тоо боддог байсан одоо өнгөрсөөн…” гэх мөртлөө миний ярихыг анхааралтай сонсоод байх юм. Тэгснээ 30 минутын дараа буцаж ирээд “би математикаар бэлдээд эдийн засгийн ангид орохоор шийдчихлээ” гэх нь тэр. 30 минутын дотор зорьсон зорилгоо, ирээдүйгээ өөрчлье гэж шийдвэр гаргах нь аргагүй 17 настай “гэнэн хонгор” –ын л хийж чадах зүйл байлгүй. Мэдээж би ийм зүйлд дургүйцэж таарна, харин анхаарал татсан статистик нь тэрээр багадаа математикийн олимпиадад нэлээд амжилттай оролцдог байсан байх юм. Хожим нь тэрээр “хичээл зааж байгаа багш нар томъёо цээжлүүлэх гээд... математик маань нэг л хийсвэр хоосон зүйл мэт санагдаад сонирхол буурсан…” гэж ярьж байв. Үнэхээр ч Содномдаржаагийн маань адил олон сайхан хүүхдүүдийг, миний нүдээр харахад маш буруу мэт харагддаг манай улсын боловсролын тогтолцоо, сургалтын арга барил, чадваргүй бөгөөд хамгийн гол нь “сэтгэлгүй” багш нар мохоож, ирээдүйг нь бүрхэгжүүлдэг байх.
Ваанчиг-Арслангийн Содномдаржаа гэж урт нэртэй, урт биетэй нэгнийг урт биш хугацаанд бэлтгэж өсөн дэвжихийг нь харж кайф авав. 4 сарын дотор л жирийн л “муучуудын” эгнээнээс Монгол улсын хамгийн алдартай сургуулиудын нэгд өөрийн мэдлэг чадвараараа тэнцэн орж чадах нэгэн болж гайхалтайгаар хувирав. Надад ч, түүнд ч энэ өсөлт нь хангалттай биш санагдаж байсан нь сайшаалтай хэрэг. 8-р ангийн эхэнд квадрат тэгшитгэл үзсэнээс хойш математик гэдэг зүйл байдаг эсэхийг ч мартсан гэдэг нь түүний мэдлэг чадвар, элээсэн дэвтрийн тооноос тод харагдана. Ээдрээтэй бодлоготой тулгарвал заавал учрыг нь өөрийн гараар тайлж байж л харих тухайгаа боддог шазруун нэгэн. Тэрээр сургалтын төвийн эцсийн сорилуудын 2-р хэсэгт сайн амжилт гаргаж 51% дундаж дүн үзүүлж байв. Энэ дүнгээ ч ЕШ-д баталснаар Санхүү Эдийн Засгийн Дээд сургуульд элсэн суралцах болов.
Түүнийг анх хүлээж авснаасаа хойш “би өөрийнхөө төлөө зүтгэж, өөрөө л ирээдүйгээ босгоно, өөр хэн ч миний өмнөөс ЕШ-д орж намайг сургуультай болгож өгөхгүй …” гэж боддог болохыг нь тэвчээртэй хүлээв. Нэлээд хүлээсний эцэст 2009 оны 2 сарын 1-ний үед л (оюутнууд амралтаараа ирчээд, буцах үеэр) сая миний хүсэж байснаар сэтгэл зүйн хувьд дэвшил гарч хувирч эхлэв. Мэдээж оюутан найз нартайгаа баахан PC тоголж, гадуур тэнэсний эцэст эд нар шиг оюутан болох ёстой шүү! гэсэн бодол төрсөн биз. Энэ бол түүний “хамгийн том ялалт” байлаа. Хүн өөрийнхөө одоо байгаа байдлаа зөв ойлгож, зорилгоо зөв тодорхойлсон үед л амжилт гаргадаг. Яг энэ үеэс 4 сарын хугацаанд өөрийн зорилгын төлөө чин үнэнчээр сайн хөдөлмөрлөсний үр дүнд тэрээр хүссэн эдийн засгийн ангидаа орж чадсан билээ. Одоо бол бүх юм нээлттэй болсон, хүн яаж ихийг сурахын төлөө тэмцдэг, тэмцвэл яаж амжилтанд хүрч болдгийг тэрээр өөрийн биеэр туулж, өөрөө мэдэрсэн. Үүнийгээ л цааш нь үргэлжлүүлэхэд хангалттай сайн мэргэжилтэн болж чадна гэдгээ ч ойлгож авсан байх.
Тэрээр их хачирхалтай гэнэн шийдвэрүүд гаргадаг л да, аваргуудын лигийн аваргын төлөө шалгарч үлдсэн 2 багийг хараад “би энэ хоёрын аль хожсоныг нь цаашид дэмждэг болно” гэж хэлж байв. Би лав ингэж хиймлээр ямар нэг юм сонирхож чадахгүй, удаан хугацааны турш ирж хайсны эцэст л өөрийн сонирхлоо ойлгож хүсэл сонирхлоороо шүтээнээ олж авдаг. Сагсан бөмбөгийн спортын 3-р зэргийн тамирчин Соогий бол тэс өөрөөр дэмжих багаа сонгож байх юм. Мэдээж тус тоглолтонд миний дэмждэг Барселона баг маань хожиж, энэ жилийн аваргуудын аварга нь болсон. Тэгэхээр Соогий маань надтай адилхан cule болсон гэж ойлгож байгаа (баг бүрийн дэмжигчид өөрийн гэсэн хочтой байдаг ба манай багийн дэмжигчдийг дэлхий даяар күле гэж нэрэлдэг). Барса маань намайг дэмждэг болсноос хойш 2 жил амжилтгүй тоглож нэг ч цом авч чадаагүй бол энэ жил байж болох бүхий л цомуудыг хамж чадсан билээ. Тэрээр хэзээ нэгэн цагт миний адил үнэнч күле болчихоод надтай цуг хөлбөмбөг үзэж суух ч юм билүү… эр хүний замын хүзүү урт л гэдэг...
Соогий маань бурхан гуайд их хэрэгтэй хүн тул миний шавь болгосон байхаа. Хэсэг хүмүүсийн буруу болон хамгийн гол нь өөрийнхөө залхуугаас болж математикт “гологдон” өөр чиглэлээр мэргэжил эзэмшинэ гэж бодож явахдаа надтай уулзаж, хэдхэн минутын дотор бүх зорилтоо өөрчилж дахин математикаа сурч эхэлсэн ба хэрэв намайг Жаамааг олж авахад түүнтэй цуг миний нүдэнд өртсөн бол өнөөдөр эх орноо төлөөлөөд Жаамаатай цуг Олон улсын олимпиадад оролцох шилдэг нэгэн болох байсан ч юм билүү, гэхдээ л Жаамаа шиг хөдөлмөрч байж чадаагүй л дэ. “Түүхэнд хэрвээ гэж байдаггүй юм” гэсэн алдартай үг байдаг, Жаамаагийн энд хүрэхгүй юмаа гэхэд хэрэв 2 сарын 1-д сорил авч байхад амжиж ирээгүй бол миний гар дээр өдий хүртэл бэлтгэл хийж, өөрийн хүчээр эдийн засгийн ангид орохгүй л байсан байх. Учир нь тэр үед дэндүү их гадуур тэнэж, олон цаг хичээл тасалсан Соогийд миний урам хугарч түүнийг “хөөх” шийдвэр нэгэнт гаргачихсан байсан билээ. Сорил эхлээд дундаа орж байхад гэнэт орж ирсэн Соогийг одоо бодоход “бурхан мартаагүй л” байж дээ. За яахав нөгөө гайтай оюутнууд нь яавчихсан энэ хүн өөрт хэрэгтэй ямар нэг юм ойлгож чадсан боловуу, юу ч байсан хэд хоног харъя. Хүнийг цаашаа гээд хөөхөд хэзээд оройтохгүй, харин надад итгээд ирж байхад нь өөд татах гээд дахиад хэсэг хугацаанд итгээд үзье гэж шийдэв. Үнэхээр би мэдрэмжтэй зөв шийдэр гаргажээ, тригнометрийн хичээл дээр 14 хоног идвэхтэй суусныхаа дараа “би энэ жил Эрхэмээтэй өрсөлдмөөр байна” гэж хэлдэг байгаа. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд бараг анх удаа 14 хоног дараалж ингэж идвэхтэй сууж математик сурч буй Соогийгийн хажууд Эрхэмээ гэдэг чинь лут хүн байлаа шүү дэ! Энэ жил ЕШ маш өндөр амжилт гарганаа гэж миний итгэж буй Эрхэмээтэй өрсөлдөнө гэж хэлж байгаа нь надад инээдтэй санагдаж байгаа ч “эр хүн, нээрэн ингээд зориглоод зорилго тавиад зүтэгчихвэл овоо амжилт үзүүлж таарна” гэж битүүхэндээ баярлаад энэ хэлсэн үгийг нь хүн бүрт “гайхуулан” ярив. Манай Соогий 14 хоногийн дотор итгэл нь сэргээд, одоо бүр Эрхэмээтэй өрсөлдөх тухай бодож байна, удахгүй Сэрчинмаатай өрсөлдөж title авах тухай бодох байх гэж ирээд л сайрхаж гарав. Тэгэхэд гадны хүний нүдээр бол энэ бүтэхгүй зүйл мэт харагдаж байсан байх л даа, харин би Соогийд итгэж байсан. Соогий маань миний тэр итгэлийг алдсангүйгээр барахгүй, Эрхэмээг барахгүй дээ гэж бассан байдлыг маань няцааж “би хэлсэндээ хүрдэг хүн шүү!” гэдгээ эцэсийн сорилуудын сүүлийн хэсэгт олонтоо нотлон харуулж байв. Эцсийн сорилуудын 2-р хэсгийн дундаж дүнгээр Эрхэмээгийн дээр гарсан нь Соогий ч ёстой “эр хүн” юмдаа хэлсэндээ хүрчлээ гэж бодоход хүргэж байлаа. Миний хүсэл бол бурхан мартаагүйн хариу болгож Соогий маань хүссэн сургуулиа өөрийн хүчээр авч аав ээж болон өөрийг нь дэмжиж буй хүмүүсийн итгэлийг даагаасай, ямар ч байсан сургуулиа аваасай л гэж бодож байлаа. Энэ удаа л сургуулиа авч чадах юм цаашдаа энэ хүүхдийн өсөн дэвжихийг юу ч зогсоож чадахгүй, маш эрчимтэйгээр өсөн дэвжиж, хэнийг ч санаанд оромгүй амжилтанд хүрч чаднаа гэж боддог юм. Одоо харин “математик бол хий хоосон зүйл огт биш, харин ч бодит амьдралын хялбаршуулсан загвар” гэдгийг ойлгосон байхаа. Түүнийг ашиглаад бүхий л эдийн засгийн тооцоог хийж, ирээдүйг оновчтойгоор төлөвлөж болох тул математикаа л улам сайн сураарай гэж захъя. Сургуулиа авчаад маргаашнаас нь сургуульдаа амжилттай сурахын тулд бэлдэж эхлэнэ гэж өөрөө амалсан шүү дээ! Математикаа сайн сурвал сайн мэргэжилтэн болно, сайн мэргэжилтэн болчвол хүссэн бүхнээ бүтээж чадна…

No comments:

Post a Comment