Thursday, July 30, 2009

7. Их зорилгын хажуугаар…

Өглөө бүр сэтгэлдээ “өргөстэй” сэрэх үнэхээр хэцүү зүйл л дээ. Би энэ зовлонг бүтэн 6 жил эдэлсэн. Тийм болохоор Жаамаагаа хараад заримдаа их л өрөвддөг байлаа. Үнсэхгүй л бол уйлчих гээд байх шиг санагдах үе надад хэдэнтэй тохиолдож байв. Энэ хүний сэтгэлийн гүн дэхь ганцаардал, тэмцлийг надаас өөр хүн ойлгохгүй шүү дээ. Өглөө сэрээд хичээлдээ явъя гэж бодохоос урьтаад “улсын олимпиад, улсын олимпиад бас дахин улсын олимпиад” гэж бодогдох ба “энэ удаа л медаль авч чадахгүй бол Олон улсын олимпадад явж олон жил хөдөлмөрлөснийхөө үр шимийг үзэж чадахгүй, урилгаар сургуульд орж чадахгүй, нөгөө гайтай ЕШ-д орно…” гэсэн бодлууд залгуулаад л орж ирнэ. Буцаад нүдээ аниад унталтай нь биш дээ босоод л бэлтгэлээ хийнэ... Бэлтгэл нь гаагүй сайн байгаа үедээ “за яахав олон жил зүтгэснийх медаль авчих л байх” гэж найдна. Өдөр бүр сайн байна гэж байхгүй. Сэтгэл санаа тайван биш өдөр, эсвэл надад зэмлүүлсэн өдөр, бэлтгэлээ муу хийсэн өдрүүдэд нэг л зовиуртай байна. Заримдаа бүүр энэ бүгдийг хаяад зугтмаар ч санагдана. Гаднаас нь харахад нэг л улсын олимпиаднаас медалиудтай, урилгаар сургуульдаа орсон сайхан хүн, харин үүнд хүрэхийн тулд ил далд хангалттай олон удаа уйлах хэрэг гардаг юм шүү!! Ингэж тэмцэж ялалтын баяр баясгалан, ялагдлын гашууныг биеэрээ амсаж байж л сая нэг юм амжилт гаргадаг, мөн тэр чинээгээрээ бусдаас давуу нэгэн болж хүмүүждэг. Жаамаа ч энэ л улсын медальтнуудын замнал, өөрөө өөрийнхөө төлөө зүтгэгчдийн замналыг тойроогүй нь лавтай.
Дагвадоржийн Жамсрандож шиг сайн математик эзэмшсэн хүнийг сүүлйин 13 жилийн хугацаанд Баяхонгорчууд өөрсдийн гараар бэлдэж чадаагүй гэдэг нь Хангайн бүсийн олимпиаднаас тусгай байр эзэлсэн, төгсөх ангидаа аймгийн аварга болсон, ЕШ-д 75% хувийн амжилт үзүүлсэн гэсэн 3 баримт дурьдахад шууд л батлагдана. Мэдээлэл зүйгээр бол Баянхонгор аймгийн түүхэнд Мөнгөншагайгаас өөр алдар булаацалдах хүнгүй билээ. Ийм л нэгнийг Монгол улсын олимпиадад амжилт гаргаж Олон улсын олмпиадад оролцох их зорилгынх нь хажуугаар одоо болон цаашид бүхий л зүйлд хэрэг болох тул ЕШ-д бэлтгэж буй хүүхдүүдтэй цуг бэлтгэл хийлгэн ЕШ-д оруулж сорьж үзэв. Сүүлийн 2 сар олигтой бэлтгэл хийж чадаагүй нь нөлөөлсөн байх ямар ч байсан дундаж амжилт үзүүлэв. Гаргасан амжилт нь уг нь нэлээд олон рекорд тогтоохуйц амжилт байсан боловч Сэрчинмаагийн сүүдэрт дарагдан 75% гэдгээс өөр ямар ч амжилт ярих боломжгүй болов. Байнга л 2 номер байгаад байвал хэн ч чамаг дурсахгүй л байсан юм байна даа!!! Гэвч Жаамаа хангалттай олон зүйл дээр #1 байж чаджээ…
Сагсан бөмбөгт дуртай, сонирхолын журмаар тоглоно. Аймгийн аварга ч авч үзээгүй, тэгэхдээ яахав сэлгээнд суудаггүй нь “зарим нэг хүнээс” дээр юм даа! Oklahoma City Thunder багийн статистикийг харж явдаг (Play Off эхлэхээр үзэх юмгүй болдог). Ганц нэг хөлбөмбөгчний нэр мэдхээс цаашгүй. Сагс тоголсныхоо төлөө надад жаахан загнуулснаас өөр гавъяа байгуулаагүй. “Сэрчинмаад бодьтой өрсөлдөгч болж бэлтгэлд нь тусалсангүй” гэж бараг л хамгийн сүүлийн удаа надад зэмлүүлээд жигүүрээ дэлэглээ дээ! Даль нь ургаж гүйцсэн бяцхан бүргэд минь хүрч болох ямар л “оргил” байна тэр бүгдрүү мацаж хүрээрэй. Хүний амьдарал хүрсэн алдар цолоор биш хийсэн ажил, бүтээн бий болгосон зүйлээрээ л хэмжигдэнэ. Харин ихийг бүтээж чадахаа гаргасан амжилт, алдар цолоороо баталж, түүнээсээ урам зориг, хүсэл тэмүүллээ авч амьдардаг юм шүү! Хожимоо амжилт гаргахаар тэмүүлж, тэмцэж явснаа хүмүүст ярих хамгийн сайхан байдаг, өнгөрсөнд шилдэг байснаа үргэлжлүүлж ирээдүйд ч өнөөдөрийнх шигээ шилдэг байхын төлөө хөдөлмөрлөсөн хэвээр л байгаарай. Хүнд юугаар ч сольж болдоггүй эрх ашиг, эрх ашгийн эрэмбэ гэж байдаг. Түүнийгээ л баримталж явахыг захъя. Намайг багш гэж биш, “ах” гэж дуудах эрхтэй байсан Жаамаагаа миний төсөөлж ч чадахгүй байгаа тэр гайхамшгуудыг бүтээж бүлгийнхээ, аймгийнхаа, улсынхаа нэрийг өндөрт өргөж яавахыг хүсэн ерөөе!

No comments:

Post a Comment