Wednesday, July 29, 2009

Эмнэлгийн орон дээрээс Бээжингийн олимпиад хэр хол байсан бол…!?


Хөдөлмөр гэдэг зүйл хүнийг хөгжүүлдэг ганц зүйл ажгуу. 2007-оны 4-р сарын 29-ний өдрийн 21 цаг. Гэртээ очихыг хүлээж тэвчээгүй тул багшруугаа залгаад:
- “Би улсын аварга шавь төрүүлчихлээ” гэв.
-Үнэн гэжүү?! Нөгөө чи бид хоёрын ордог хавар болдог олимпиад … (6-жилийн өмнө намайг дагуулан ирж улсын олимпиадад оролцож байснаа хэлэв)
Баянхонгор аймагт хэн ч мэдээлэл зүйн улсын аварга шавьтай болох тухай ярьж чадахгүй (мэдлэг чадвар нь үл хүрэх) байсан тэр л үед Г. Нямдаваа гэдэг миний залуухан багш маань “би л улсын аварга бэлтгэнэ” гэж ярьж гэгээнээр мөрөөдөж, тэмцэж явсны үр шим 8 жилийн дараа шавийн шавьд нь дэлгэрч ийнхүү Баянхонгор аймаг 21-р зууны дэлхийн хамгийн 1 номерын шижлэх ухаан болоод байгаа мэдээлэл зүйн шинжлэх ухааны улсын аваргаа хүлээн авсан билээ.
Нутаг усныхаа нэрийг мандуулж, аав ээж, багш нараа баярлуулан улсын аварга болсон шавь маань эгэл даруухан гэр бүлээс гаралтай Сүхбаатарын Мөнгөншагай гэж аварга байхаар заяасан, аварга болж хүмүүжсэн, аварга гэдгээ нотолсон отгон дүү минь билээ.
Хүний амьдралд саад бэрхшээл олонтой л тохиолдоно. Аварга дүү маань 4-р анги төгсөх хавраа бөөрний өвчин тусч 2 жил шахам эмнэлгээр дамжин байж өөрийн агуу их тэвчээрийн ачаар хүнд өвчнөө ялсан юм. 2 жил шахам хичээл завсардсан тул маш муу сурлагатай, ном их уншдагийн ачаар монгол хэлний хичээлдээ арай л дээр сурдаг байлаа. 7-р анги төгсөх хавраасаа эхлэн миний шавь Далайжаргалыг даган мэдээлэл зүй суралцан ойр зуурын програм бичдэг, амархан алгоритмуудыг боловсруулдаг болсон тул 9-р ангид орсноос нь хойш гэрээр нь бэлдсээр хоёрхон жилийн дотор өөрийн агуу их хөдөлмөрч зан, авъяас билэгийн ачаар Монгол улсын Мэдээлэл зүйн олимпиадны Аварга хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртэж чадсаан. Аварга болоод шагналаа гардан авч байх мөчид нь тэр их хүнд өвчнийг дийлээд, дараа нь Монгол улсын бүх хүүхдүүдийг ухаанаараа дийлээд аав ээж, нутаг усныхаа нэрийг өндөрт өргөж байгаа дүүгээрээ бахархаж, нулимас унагаахгүй байж чадаагүйсэн. Дүү маань улсын аварга болоод зогсоогүй Олон улсын мэдээлэл зүйн олимпиадад (дэлхийн аварга шалгаруулах олимпиад тус жил Хорват улсад болсон) эх орноо төлөөлөн оролцож үе үеийн Олон улсын олимпиадад оролцсон Монгол хүүхдүүдээс 4-р байрт орох амжилт үзүүлэн, 1-р курсын оюутан байхдаа Монгол улсын оюутны олипиадад (бүх курсын оюутнууд оролцдог) хувийн дүнгээр 2-р байрт шалгаран, багаараа аварга болж Монгол улсын аварга мэдээлэл зүйч гэдгээ хэдэнтэй нотолсон билээ.
Миний шавь Б.Доржнамжирмаагийн дасгалжуулсан (Баянхонгор аймгийн 2-р сургуулийг 2003-онд төгссөн), миний шавь П.Далайжаргалын ахалсан (Баянхонгор аймгийн 2-р сургуулийг 2005- онд төгссөн), С.Мөнгөншагай Д.Батчунаг нарын бүрэлдэхүүнтэй МУИС-ын Мэдээлэл технологийн сургуулийн програмчлалын баг Бээжин хотноо болох Ази тивийн оюутнуудын багийн аварга шалгаруулах мэдээлэл зүйн олипиадад оролцохоор эх орноосоо мордох гэж байна. Энэ багийн 3 гишүүн нь миний гар дээр бэлтгэл хийж байхдаа Монгол улсын олимпиаднаас 2-оос 3 медаль хүртэцгээсэн бөгөөд Доржнамжирмаа бид хоёрын хамтран бэлтгэсэн баг маань 2008 оны Монгол улсын үдэсний аварга баг болж тус олимпиадад явах эрх авсан билээ.
Цэцэрлэгч хүн тарьсан модоо өндөрт ургавал баярладаг байх, харин багш хүн бэлтгэсэн шавь нараа эх орноо төлөөлөн алс газрыг зорьж өрсөлдөх болсон тэр үед л их баярладаг юм байна даа. Мөнгөншагай аварга маань бие нь муу эмнэлгийн орон дээр гам сахиж тэвчээртэйгээр хэвтэж байхдаа Бээжингийн олимпиадад эх орноо төлөөлөн оролцож багш ахыгаа баярлуулна гэж зүүдэлсэн болов уу… !? Ангидаа муу сурдаг байсан сурагч эхлээд ангийн аварга, дараа нь сургуулийн аварга, тэгээд аймгийн аварга, эцэст нь Монгол улсын бүх сурагчдын аварга болохын төлөө маш их хөдөлмөрлөсөн гэдгийг уншигч та бараг л төсөөлөхгүй буйзаа. Хааяаа надад энэ их зовлон, тэмцэл, ялалтын ганцхан Мөнгөншагай л чадах юм шиг санагддаг.
Алсын зорьж буй шавь нартаа өндөр амжилт үзүүлээд, эх орныхоо нэрийг мандуулаад, ихийг үзэж сураад ирэхийг хүсэн ерөөгөөд та бүхнийхээ бэлтгэлд тус болж чадаагүй ч дүү нарыг чинь сургах үйлэстээ шамдан ажиллаж, та нарынхаа залгамж халааг илүү чанартайгаар бэлтгэхээр хичээж байгаа шүү гэдгээ дуулгая.
Эмнэлгийн орон дээрээс Бээжингийн олимпиад хэр байсан бол гэдгийг уншигч та нэг тунгаагаад үзээрээй!
2008-10-19.

No comments:

Post a Comment