Thursday, July 30, 2009

6. Чимэглэгч and Чимэглэгдэгч

Энэ 2 хүний тухай заавал цугт нь бичих ёстой нь ойлгомжтой бизээ. Чихэвчээр дуу сонсож байгаад л гэв гэнэт “амраг минь болооч гээд гуйя…” (BX-My Love) гээд орилох нэгэн Энхчимэгийн хажууд надтай барилдахаараа их бяртай болдгийг хүн бүр л харсан. Харин хэнэггүй нь арай л хэтэрсэн Энхчимэг надад загнуулж байгаа, магтуулж байгаа хоёроо ч ялгадаггүй байх. Анх эхлээд шалгалт өгөхдөө л материал дээрээ нэрээ бичэхээ мартсан, энэ нэргүй гайгүй оноотой материал минийх гэж “зүтгэсээр” л тэнцэж орж ирж байсан нь хэнэггүй гэдгийнх нь нэгээхэн жишээ. Харин Мөөгийн надад хамгийн их таалагддаг зүйл нь хэзээ ч худлаа дүр эсгэлгүй үнэн сэтгэлээсээ хөдөлмөрлөдөг нь. Харин манай Эрхэмбаатар бол их юм хийж байгаа хүний дүр эсгэе гэвэл чадах л хүн! Гэвч энэ нь эцэстээ өөрийгөө л хуурсан зүйл болдог, намайг хуурч чадах нь хэнд ч ашиггүй шүү дэ! “Чимэглэгч ба Чимэглэгдсэн мөөгний” тухай бодлого хүртэл зохиож энэ хоёроор тоглож цагийг зугаатай өнгөрүүлсээр бараг 8 сарыг үдчихлээ. Энхчмэг хамгийн бага цагаар бэлтгэл хийсэн бол Мөнхжаргал хангалттай их бэлтгэл хийсэн хүний тоонд орно. Харин үр дүн нь эсрэгээрээ…
Энхчимэг маань нэг удаа “би танд дараа болоод байх шиг байна, давтлаганаасаа гарлаа” гэж надад хэлж байв. Тэгэхээр тунирхаж мэддэг юм байна гэж ойлгохуу?... “Энэ жил танай ангиас сайн сургууль авах хүн гарахгүй байх, би чамайг сайн сургууль л аваасаа гэж хүссэн юм. Чи хангалттай сайжирлаа, ямар ч байсан надад л дарамт болоогүй шүү! Цаашид хичээлээ сайн хийгээрэй” гэж захьсан SMS бичсэн чинь хариуд нь “намайг юу ч хэлээгүй гээд бодчих, би улам сайн хичээлээ хийнээ л ” гэж авсан. Энэ яриа ингээд л цэг тавигдаж харин Энхчимэг маань миний хүсээд байсан амжилтыг гаргав. Сургалтын төвийн эцсийн сорилууд дээр 45% дундаж дүн үзүүлэх явцдаа Номун далай сургуулийн 3-р сорилд (манайх хажууд нь 30 сорил хийсэн л дэ) 57%-аар тэргүүлсэн зэрэг амжилт гаргасаар ЕШ-д 56% гүйцэтгэл үзүүлэв. Дунд сургуульдаа нэлээдгүй завсардаж нөгөө л “хэнэггүй” байдлаараа сурсан түүний хувьд миний гар дээр ирээд мэдлэг чадвар нь чамгүй цэгцэрч өдий хэмжээний амжилт үзүүлсэн нь сайн хэрэг ээ. Дүн гартал надад л лав “би тийм ангид” орно гэж хэлээгүйг нь бодход бас хэнэггүй гэж цайруулах уу? “ирээдүйгүй” гэж шоолох уу?! бүү мэдээ…
Миний шавь нар ЕШ-д муу бодсон гэж бүгд л надад зэмлүүлсэн, гэхдээ гаднаас нь харахад тэд хангалттай сайн дүн авсан мэт харагдаж байгаа. Өөрсдийнх нь хичээсэн дээр миний зүтгэснийг нэмж тооцвол энэ бол чамалхаар амжилт. Энэ дүнгүүдээс сайн дүн авч болох байсныг бүгд л зөвшөөрч байгаа байх. Би л хувьдаа өөрөөс шалтгаалах бүхнээ хийсээн гэж хэлж болох ч энэ удаа би “ялагдсан” гэдгээ хүлээн зөвшөөрч байна! Миний олон жилийн бараг ялагдаж үзээгүй гялалзсан амжилт энэ удаад л лав ялагдлаар дууссан. Хүний мянган сайн үйлсийг нэг л муу үйл халхалж чадна. 6 шавь нь мундаг амжилт гаргаж хүссэн сургуулиа авсан амжилтаас нэг шавь маань сургуулиа авч чадаагүй гэдэг статистик нь мянга дахин муу зүйл. Цаана нь бүхэл бүтэн нэг хүний хүсэл мөрөөдөл, амьдрал тэмцэл яригдаж байгаа. Үүний цаана миний үргэлж ярьдаг хариуцлага яригдаж таарна. Нэгдүгээрт Мөнхжаргал өөрөө хариуцлагагүй. 9 жил юугаа сурч байсан юм арай гэж л хүрд мэддэг хүн миний гар дээр ирсэн. Хоёрдугаарт тэр математикийн гүнзгийн анги нь тэгээд юугаа зааж, юуг сургаж байсан юм! Миний төсөөлж байснаас ч хүнд нөхцөлд хүүхдүүдийг хүргэдэг юм байна. Нэг алдартай математикийн гүнзгийн анги байдаг, тэр ангийнх нь хүүхдийг би яаж ч тэмцээд ердийн л амархан стандарт хичээлийн ЕШ-д 30%-аас дээш авхуулж чадахааргүй болтол хүүхдийг муу болгодог юм байна. Мөнхжаргалыг бага хичээсэн гэж би лав хэлэхгүй. Түүний над дээр суусан цаг, дуусгасан дэвтрийн тоог урьдынхтай нь харьцуулбал их л сонин тоо гарна. Дээрээс нь миний авсан ЕШ-аас илүү хүнд 30 ширхэг сорил… энэ бүхний эцэст “ялагдал”. Мэдээж гуравдугаарт би буруутай. Ямар ч муу хүүхдийг 6 сарын дотор амжилт гаргуулж чадна гэж тооцсон нь Баянхонгорын математикийг тэр дундаа Номун далай сургуулийнх нь гүнзгийн ангийг арай л дэндүү өндөрт үнэлсэн хэрэг болж. 6 сарын дотор дунд ангийн 6 жилийн материалыг эзэмшүүлэх гэж оролдсон боловч түүнийг эзэмшихийн тулд нэлээд хэмжээний суурь мэдлэг, чадвар хэрэгтэй юм байна, лав л гүнзгийн ангиудын сурагчид нь бол “чаддаггүй” юм байна шүү гэдэг дүгнэлтэд хүрэв.
Гэхдээ саарын хажуугаар сайн ч бас байдаг, хэн нэгэн хүн “Энхчимэг, Сүхбат 2 чамд гай болно, хамгийн түрүүнд хөөж явуулбал таарна” гэж айлдаж байсан бол тэр 2 сурагч л ЕШ-д маш өндөр амжилт үзүүлсэн байх юм. Ямар ч байсан миний бэлтгэсэн болон, миний хүүхдүүдтэй өрсөлдөх гэж зүтгэсэн хүүхдүүдийн чармайлтаар аймаг маань урьд байгаагүй олон 800 оноог авч чадав. Бага ч гэсэн үр дүн. Эдний ард ердөө 1% амжилтын дутуугаар Энхчимэг маань жагсаж МУИС-ын эдийн засгийн сургуульд элсэн орох боломжтой болов. Сургууль авах бол зүгээр л дамжлага, сонгосон сургуульдаа амжилттай сурч сайн мэргэжилтэн болох нь жинхэнэ үр дүн. Өөрт байгаа нөөцөө бүрэн гаргаад, “хэнэггүй” байдлаасаа бага ч болов (хэлээд засрахгүй хүн л дээ) салчвал OK болох гээд л байна. Сая хэсэгхэн хугацаанд чармайн сурсан чинь зүгээр л цаашид сайн сургуульд орж, сайн мэргэжилтэн болохын тулд өөрийгөө бэлтгэсэн хэрэг. Жинхэнэ сурах ёстой зүйл урд чинь байна, одоо л бүх юм эхэлж байна…
Дахиад нэг хэлэхгүй өнгөрч болохгүй хариуцлага бол эцэг эхчүүдийн хариуцлага. Энхчимэг бол давтлагандаа сууж байгаад ирлээ гээд л хааяа гэрийнхнийгээ хуурдаг бол Буяа л гэхэд сардаа нэг ч болтугай хуурна. Гэхдээ нэг ч эцэг эх надтай уулзаж (ядаж утасаар ярьж) хүүхдийнхээ хэр хичээлээ хийж байгаа, амьдарлаа шийдэх уралдаант шалгалтанд хэр амжилт үзүүлэх боломжтой талаар ярилцаагүй нь үнэхээр гайхал төрүүлсэн. “чи нөхөр манай хүүхдийг яаж сургаж байна?! сайн сурга! Шалгалт ойртлоо ахиц юу байна, дугтагдал юу байна…” өөрсдийхөө үргэлжлэл болсон үр хүүхдүүдийнхээ төлөө эцэг эхчүүд надад шаардлага тавих ёстой шүү дэ! Ямар ч хяналт тавиагүй, ямар ч шаардлага тавиагүй байж сүүлд нь надаас л лав хариуцлага нэхэх боломжгүй болно биз дээ. Би урдаас нь салаавч өгөөд “хянаж байхгүй яасан юм” гэж хэлж таарна. Хүүхдүүдийн маань хэн нь ч Мөөгийн адил хэмжээнд хүрч болох байсан шүү! Яагаад гэвэл эцэг эхчүүд, хүүхэд нь хэр юм сурч байгааг нэг ч удаа сонирхоогүй тул ямар дүн авахыг нь мэдэх боломжгүй биз дээ! Надад ямар ч хяналт, шаардлага тавиагүй юм чинь би “өсвөр” насны хүүхдүүдийг нь ямар буруу зүйлд уруу татаж, ямар муу зүйлд хүргэх эсэхийг огт мэдэхгүй байсан. Бурхны аварлаар энэ удаа бид бүгдийг аз эвээж би гэдэг хүн ажлаа гайгүй хийдэг байсан нь яамай даа! Би лав дүү нараа бүгдийг нь шаргуу тэмцэсний ачаараа л сургууль соёлтой болгож байлаа, түүний адил миний шавь нар ч шаргуу тэмцэж байж дүү нараа амжилтанд хүргэхгүй бол эцэг эхчүүд минь бидний төлөө “багахаан анхаарсан” шигээ тэдэнд ижлээр хандана байх даа. Эцэг эхчүүд маань өөрсдийнхөө төрж өссөн нийгэм мэтээр одоо үеэ сэтгэж явтал бодит үр дүн нь Мөнхжаргал! Сургууль гэдэг эрдмийн эх уурхайдаа сураад л байгаа сураад л байгаа гээд найдаад байдаг, гэтэл 6 сар маш шаргуу тэмцээд ч сайжирхааргүй хүүхэд нь муудчихсан байдаг. Мэдээж миний буруу хангалттай их байгаа тул Мөнхжаргалаасаа “хүлцэл өчье”, даан ч хэн нь ч хэнээсээ хариуцлага тооцож чадахааргүй болчихсон хойно хоосон үгээр л чамайг хууръя. Эцэг эхчүүд маань үр хүүхдүүдийнхээ төлөө “улс нийгэм маань биш, би л зүтгэх ёстой” гэдгийг ойлгочихсоон гэж өөрсдийгөө “хуурч” явсаар л дуусах юм болов уу… ! Гэдэс цатгалан, мөр бүтэн яваа хүүхэд чинь өөрийн гэсэн олон “бяцхан асуудлуудтай” байдаг юм шигээ!

No comments:

Post a Comment