Thursday, July 30, 2009

8. Төгсгөл буюу дүгнэлтэд хүрэв.

Үргэлж хичээнгүйгээр тоо бодож, программ бичиж суух дүр л миний бага насны минь тухай дурсамж болон санах ойд маань хадгалагдан үлдэж дээ (өөр юм санаанд ордоггүй юм). Багадаа тоглож чадаагүйгээ нөхөх гэж fifa manager их тоголдог болсон. Харин мэдээ орсон цагаасаа л бөх их сонирохсон, тайлбарлагчтай нь хэрэлдээл бөх үзээд суугаад байна. Даанч бага наснаасаа ялалт бүртэй нь цуг баярлаж, цол ахих бүрд дагаж амжилт гаргаж явсан хайртай аваргаа “зодог тайлсны” дараа бөх үзэхээс айдаг болсон. Дахиад ямар нэг харамсалтай юм болчих вий гэж боддог байх, наадмын талбай дээр зодгоо бүсэлчээд, шавь нартаа зөвөлгөө өгч зогсох аваргаа хараад нулимсаа арчиж суудаг... Харин шавь нар нь цол авчаад “тахимаа авахаасаа” өмнө заавал багшдаа гүйж очиж үнсүүлчээд, нуруулуугаа нэг хүчтэй алгадуулчаад л эргэх үнэхээр сайхан байдаг. Би ч гэсэн улсаас медаль авчаад “ээждээ үнсүүлэх” л хамгийн том шагнал маань байдаг байсан. Багшийн хувиар ч шавь нарынхаа улсын олимпиадны эндэр дээрээс медаль авахыг харж олонтаа баярлаж зогсож үзсэн. Ингээд л ганц сонирхдог спортоо үзэхээс айдаг болсон тул өөр ямар нэг юм шимтэн сонирхох хэрэг гарсан байх, тэр нь хөл бөмбөг. Рональдино Гаучо гэж залуухан эрхэм 2002 онд Английн шигшээ багийг “ганцаараа” хожиж багаа дэлхийн аварга болоход хамгийн их нөлөө үзүүлж байсан тул түүнийг дэмждэг болсон. Тэгээд л түүний гялалзсан амжилтаа гаргаж 2 удаа “дэлхийн шилдэг” болохдоо хүчин зүтгэж байсан Каталон үндэстний бахархал Барселона багийг дэмждэг болсон. Ла Масиатай нь ч ижилхэн үзэл баримтлалтай болохоор энэ багтай илүү ойр дотно байдаг байх. Энэ жил баг маань тоголсон тоглолт бүртээ л хожиж байсан болохоор дараагийн тоглолт хүртэл ажлаа хийх эрч хүчээр дүүрэн байдаг байв. Шөнө нойр багатай хоносон ч гэж бодогдох юмгүй хичээлээ заасаар, сурагчид маань ч тэр хэрээр сайжирсаар л байлаа. Миний амьдралдаа сэтгэл хангалуун явдаг учир нь өдрөөс өдөрт мэдлэг чадвар нь нэмэгдэж өсөн дэвжиж буй шавь нараа байнга хажуугаас харж тэдэнд тусалж байдагт оршино. Том “овоог” нэг доор босгочихдоггүй гэсэн, олон жилийн турш олон хүмүүс нэг нэг чулуу нэмсээр л овоо болдог гэнэ. Яг үүнийг ижлээр хүүхэд нэгхэн өдөрт гэнэт цоороод сайжрахгүй, олон өдрийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд л өдрөөс өдөрт сайжирсаар сайн мэргэжилтэн болно.
Долоо хоног бүр 2-оос 3 шөнө нойроо хугаслан football livescore сонирхоно, харин Барса баг маань байнга хожих ба хажуугаар нь NBA game cast-аар Лакерс баг мөн л ихэнхдээ хожино. Энэ бүгд ажлаа сайн хийх урам зориг, эрч хүч өгдөг бол Сэрчмааг title авхуулъя, Буяагаа сайн математикч болгоё, Эрхэмээ Соогий хоёр маань гайхалтай сайхан хувирч байна… зэрэг олон сайхан зорилт тэмүүллүүд маань намайг энэ хичээлийн жилийн хугацаанд сайн ажиллахад нөлөө үзүүлсэн. Нэг ч удаа бие маань өвдөлгүй, нэг ч удаа баяр тэмдэглэлгүй, амралт ч багатайгаар шавь нарынхаа төлөө ажиллахад нээх их ядраагүй шүү!!! Уг нь би стандарт хичээл заахгүй хэмжээний мэргэжилтэн л дээ (стандарт хичээлийг стандарт хэмжээний багш л заахад болно шүү дээ) гэвч үнэхээр бүх сурагчид ЕШ-д F дүн аваад байвал миний математикч болсны хэрэг гарахгүй мэт санагдсан. Үүнийг зүгээр л хараад суугаад байвал “математик” хаан маань надад гомдох байлгүй дээ. Гэхдээ зүгээр л сайн дүнгийн төлөө хөөцөлдөх биш, олимпиадад ордог шавь нараа бэлддэг тэр арга барилаараа сайн мэдлэг чадварын төлөө шавь нараа бэлдье гэж хичээсэн. Шавь нар маань хэр сайн хүн болж хүмүүжсэн бэ? хэр их өрсөлдөх чадвартай болсон бэ? гэдгийг цаг хугацаа харуулна. Тэд урьд жилүүдэд төгссөн сурагчдаас хэр сайн байж чадах бэ? би тэднийг хэр өөрчилж чадсан бэ? гэдэг нь надад ч гэсэн сонин байна. Ямар ч байсан тэд намайг бол өөрчилж чадсан. Уг нь би эхлээд 11-р ангийнханд хичээл заахдаа дуртай байгаагүй л дээ. Тэд бүгд сайжраад, өөрсдийнхөө төлөө тэмцэхийн хэрээр би ажилдаа дуртай болсоор одоо бол тэр биднээс хавьгүй олон 800 оноо аваад байгаа мундаг аймгуудыг дийлж байж санаа амрна даа гэж “занадаг” болсон. Энэ шийдвэрийг маань дагаад манай аймгийн сурагчид их сургуульд элсэн орохын төлөө тэмцэхээс өнмө “Алгоритм” сургалтын төвд тэнцэхийн төлөө багаасаа бэлдэх шаардлагатай болно. Энэ нь дахиад л ахиц дэвшил авчирна, мөн бидэнтэй өрсөлдөхийн тулд манайд тэнцэж чадаагүй хүүхдүүд дахиад л улам сайн сурах хэрэг гарна. Үр дүнд нь аймаг маань хангалттай сайн мэргэжитэн болох ирээдүйтэй олон сурагчидтай болно. Лидер нь лидерийнхээ үүргийг сайн биелүүлэх ёстой шүү дээ! Бид тэр үүргээ үеийн үед улам сайжруулан биелүүлсэр байх болно. Ингээд л амжилтанд хүрэх арга замыг, алгоритмыг бид боловсруулчихлаа гэсэн дүгнэлтэд хүрэв. Бид сайн бэлдвэл амжилт гаргаж чадна гэдгийг хойч үеийнхэндээ ойлгуулахад, “амжилт гаргах алгоритмыг” хамтдаа боловсруулалцсан шавь нартаа гүнээ талархал дэвшүүлье.
Миний зорьж тэмцэж буй бүхний минь эхлэл, бяцхан “Ла Масиа” алгоритм сургалтын төвийн “элсэлтийн шалгалтанд бэлтгэх” сургалтын анхны төгсөгчид та бүхэндээ цаашдынх нь сурах их үйлэст нь өндөр амжилтыг хүсэн ерөөе. Одоо бол дунд сургуульд сурдаг шигээ сайхан байж хэзээ ч чадахгүй, учир нь их сургууль бол хүнд эрдэм заадаг биш хүн өөрөө эрдмийг сурдаг газар юм. Үүнээс хойш хэн ч та бүхнийг багшийн хувиар загнахгүй зүгээр л “муу дүн” л тавина. Хэн ч та нарыг дунд сургуулийн багш нар шиг чинь хайрлахгүй, зүгээр л “чадахгүй бол хохь чинь!” гэсэн байдлаар хандана. Өөрийнхөө төлөө өөрөө л хөдөлмөрлөж, мөн бусадтай тэмцэх чадвартай, маш ойлгомжгүй зааж буй тэр хичээлүүдийг нь хүлээж авч боловсруулдаг чадвартай байхгүй бол 4 жил харавсан сум шиг өнгөрнө. Хүнээс хуулж улирал тутмын шалгалтыг л давахын төлөө явсаар нэг л мэдэхэд ажил дээр гарах болцон байдаг, “би юу сурчихсан юм бэ? одоо тэгээд юуг хийж бүтээх бэ?” гэдэгт хариулт олж чадахгүй зогсож байвал “гутамшиг” гэдэг нь тэр яг мөн.
Жил бүр л бид туршлагажиж, хөтөлбөр маань сайжирч, сорилууд маань олон болсоор сурагчдын маань амжилт бидний өөрсдийнхөө биеэр боловсруулсан алгоритмын дагуу сайжирна. Иймд энэ жил та бүхэн түрүү жилүүдийн F-үүдээс сайн мэргэжилтэн болохын тулд хичээх хэрэгтэй бол, хойтон жил дараа жилийн 80 90 авсан хүүхдээс илүү мэргэжилтэн болохын тулд улам их хичээх хэргэтэй болно. Та нарын маань сурах арга барил, тэмцэх чадвар хангалттай дээшилсэн гэдгийг та бүхнийг сүүлийн хэдэн сарын турш өсөн дэвжихийг чинь хажуугаас нь байнга харж байсан багшийн хувиар хэлье! Та бүхэн багшийнхаа улсын олимпиаднаас олон шавь нь медаль авсан чадварыг биш харин улсын олимпиаднаас ирээд ч амралгүйгээр та нарын төлөө өдөр бүр 8 цагаар сууж ЕШ-аас ч хүнд сорил бэлддэг тэр “тэмцэгч” занг маань дуурайгаарай гэж захъя!!! Тэмцэхгүй л бол ялахгүй!!!

Математик, мэдээлэл зүйн сургалттай “Алгоритм” сургалтын төвийн багш С. Цагаан. 2009-06-28

No comments:

Post a Comment