Thursday, July 30, 2009

2. Монголын математикийн ертөнцөд тавтай морил!

Хаад ноёд, ерөнхийлөгчид, удирдагчид бүгд л үхдэг бол Математик үүрд мөнхөд “хаан” хэвээрээ л байдаг. Би математикч хүн, тэр дундаа дэлхийд хөгжлөөрөө эхний 30-д лавтайяа багтах Монголын математикийн салбараас төрсөн хамгийн залуу математикчдын нэг. Үүгээрээ би энэ дэлхийд хэний ч өмнө бахархаж чадна. Шинжлэх ухааны бусад ямар ч салбарын надтай ижил зиндааны мэргэжилтэн миний түвшний математикч болоё, харин би түүний хэмжээний мэргэжилтэн болоё гээд уралдвал “би түрүүлэх” нь бараг л хэнд ч ойлгомжтой зүйл билээ. Математик бол хүссэн бүхэн нь сайн сурч чаддаггүй тийм л хүнд шинжлэх ухаан. Монгол Улсын Их Сургуулийн Математик Компьютерийн Сургуулийн (МКС) математикийн салбарыг л төгссөн бол таныг аль ч сургуульд дахин сурч чадна гэж үнэлнэ (арай ч дуучин болж чадахгүй байхаа…), харин бусад сургууль төгссөн хүн бол МКС-т сурахын тулд заавал шалгалт өгч байж, сурч чадахаа нотолсныхоо дараа л сурна. Одоо Монгол Улсын хамгийн шилдэг сургууль аль сургууль болох нь бараг л илэрхий болж байгаа байх. Харин хүн бүхэн математикч болох албатай биш шүү!! Иймд өөрийн хүсэл сонирхлоороо тус чиглэлийнхээ хамгийн сайн сургуульд л элсэн орох нь зорилт байх.
Харин би “Элсэлтийн шалгалтын бэлтгэлд” хамрагдаж буй хүүхдүүдтэйгээ нэг бүрчлэн уулзаж “ямар мэргэжилтэй болох бэ?” гэж асуусад хүүхдүүд бараг л бүгд МУИС гэж хариулсан. Мэдээж МУИС гэдэг бол мэргэжил биш шүү дэ, сайн мужаан болоё гэвэл МСҮТ-д л орох хэрэгтэй МУИС-д орчвол сайн мужаан болж чадахгүй нь илэрхий биз дээ. Харин нэг 14 настай “бацаан” юу гэж авсан гээч. Би математикч болно, “хэрэглээний математикийн” ангид орно гэж хэлдэг байгаа. Бараг л энэ жилийнхээ ажлын зорилтыг биелүүлчихлээ, ганцхан энэ хүүхдийг л ЕШ-д бэлтгэхэд хангалттай юм байна гэсэн бодол шууд л төрсөн. Нээх олон хүүхэд бэлдэж байгаад тэндээс нэг гаагүйг нь “чи хэрэглээний математикийн ангид ороод өгөөч” гэж гуйвал ёстой үлгэр байлгүй. Хэн ч зөвшөөрөхгүй байхаа. Энэ хүнд ажлыг маань санаачилгаараа нугалж өгсөн Буяндэлгэрийгээ сайн бэлтгэх нь миний хувьд үүрэг болж хувирав. Харин энэ үүрэг маань Буяагийн санаачлага, зүтгэлээр нэлээн хөнгөрсөн. Тэрээр маш шаргуу, тэвчээртэй, зорилгынхоо төлөө нэлээд зүйл золиослоод зүтгэж чаддаг, хөдөлмөрч нэгэн билээ. Бусдаасаа хамгийн их цагаар миний хажууд сууж бэлтгэл хийж чадсан түүнийг хамгийн бахархууштай зүйл бол үеийнхнээс 2-оос 3-аар цөөн жил математик сурсан ч Баянхонгорчуудын хүсээд тэмцээд “мянгад нэг олддог” 800 гээч оноог нь хөнгөхөөн авч чадсан нь юм. Алдартай сургууль, мундаг багш нарын бэлтгэсэн хүүхдүүд, дунд ангиасаа хойш 6 жил сураад л ЕШ орж байхад манай хүн 3 жил сураал (2 жил тэдний адил халтуурдаад, 1 жил Олонлог сургуульд сураад) нэмж 6 сар бэлтгэл хийгээл бараг бүгдийг нь ялчдаг юм байна. Одоо тэгээд “мундаг сургуулиуд хаана байна? Мундаг багш нар хаана байна? Сурагчид хаана байна? 10 жил та бүхэн юу хийв? Эцэг эхчүүд маань манай хүүхдүүд эрдэм сураад мундаг байгаа л гэж бодож байгаа да!!” гэж асуух л үлдэх шив…
Золбоогийн Буяндэлгэр гэж хэт яарамтгай (үеийнхнээс олон жилийн өмнө дунд сургуулиа төгсөж байгаа болохоор) нэгэн “алгоритм” сургалтын төв байгуулагдаснаас хойш надтай хамгийн дотно харьцаатай байсан хүн, би гадуур гарах завгүй болохоор надад хов жив хамгийн их дуулгана. Хамгийн сайн мэдээллийн хэрэгсэл маань шүү дэ! Орой хамгийн сүүлд үлдээд намайг PC тоглох бололцоогоор хангаж өгнө. Харин миний сонирхдог спортуудыг огт сонирхдоггүй нь Буяагийн хамгийн муухай зан. Надад загнуулбал амандаа ч бувтнахгүй, муухай ч харахгүй зүгээр л “за гаагүй дэ чамайг…” гэсэн байртай хүлцэнгүйгээр сууна. Харин түүнийг хэзээ нэгэн цагт сайн багш болоосой гэж хүсдэг болохоороо түүнд би хэрэндээ л хатуу хандахыг хичээдэг байсан. Сайхан сэтгэлтэй, тэвчээртэй хүн тул их сайн багш болох ирээдүйтэй гэж дүгнэдэг. Харин намайг 18-тай байхад 19-тэй багш надад хичээл заавал би л лав тэр багшийг хэзээч “амар байлгахгүй…” шүү гэдгээ байнга хэлдэг. Түүнийг нэг амьтны зулзага гэж хочилно, харин том болохоор нь тэр амьтныг юу гэж дууддаг билээ гэж тохуурхана… Сургалтын төвийн анхны “халз тулаан”-д миний тооцоолоогүйгээр цоорон түрүүлж, бэлтгэлийн явцдаа геометрийн бодлогууд дээр гайхалтай амжилт гарган намайг бишрүүлсээр ЕШ-д 71%-ын амжилт үзүүлж (Хонгор лецей гэдэг сургууль нь энэ амжилтыг эвдэх гэж мөн ч их зовох байхдаа) МУИС-ын Математик Комьпютерийн Сургуульд элсэн орж буй тэрээр сургалтын төвийн эцсийн сорилуудын дундаж дүнгээр 57,5% амжилт үзүүлж байв.
“Мужаан хүн харуулаа бариад үлдэх хүүдээ л хайртай байдаг…” тэгвэл багш хүн ямар шавьдаа хайртай байх нь ойлгомжтой буйзаа. Буяагийн хувьд Математикч болох бол хамгийн сайн сонголт, 19 -хөн настай цэл залуухан математикч цаашид юу ч хийж, юу ч бүтээсэн чадна гэж итгэлтэйгээр хэлэх байна. “Өөрөөсөө сайн мэргэжилтэн бэлтгэхийн төлөө, цөхрөлтгүй зүтгэж чадна” гэж шийдэж чадвал багш болоорой. Буяагаа багш болбол элсэлтийн ерөнхий шалгалтанд хүүхдүүд бэлтгэж байхдаа цуглуулсан бүхий л материалуудаа өвлүүлэн өгнө өө! Тэр болтол нэлээн их материал цуглуулж, бий болгож амжсан төдийгүй элсэлтийн шалгалтанд амжилт гаргах сайн хөтөлбөр боловсруулж чадсан байнаа гэдэгтээ итгэж байна. Сурагчдынх нь 99.(9)% нь 10 гаруй жил математик сурсныхаа эцэст ЕШ-д “F дүн” авдаг энэ ялзарсан байдал, төгсөөд очсон сурагчид нь ямар ч өрсөлдөх чадваргүй, улмаар их сургуульдаа муу сурч муу мэргэжилтэн болдог “дампуурсан” байдлын эсрэг хэн нэгэн хүн өнөөдрөөс эхлүүлээд тэмцэхгүй бол энэ байдал үүрд үргэлжилсээр л байх болно гэдгийг санаж яваарай!
Монголын математикийн ертөнцөд аймгийн олимпиадны оролцогчоос нь эхлээд Монгол улсын олимпиадны комисс хүртэлх бүхий л ажлуудыг нь хийж үзсэн, бүх шат дамжилгаар нь дамжсан математикч хүний хувьд, мөн Монгол улсын хэмжээний олимпиадуудаас 20 гаруй медальтай шавь бэлтгэсэн отгон залуу аварга багш хүний хувьд “сүүлийн хэдэн жилд Баянхонгороос төрсөн хамгийн шилдэг геометрчин, залуу математик сонирхогч Буяндэлгэр таныг Монголын математикийн ертөнцөд тавтай морил!” гэж урья! Дэлхий дахинаа өөрийн гэсэн байр суурьтай Монголын математикийн шинжлэх ухааны салбараас хичээнгүйлэн суралцаж, маш ихийг өөртөө шингээж авахын төлөө урьдын адил шаргуу хөдөлмөрлөөрөө гэж хүсье. Математик бол хамгийн шударга шинжлэх ухаан, өөрийнх нь төлөө хөдөлмөрлөсөн хэнийг ч болов тэтгэдэг билээ. 14 настайдаа өөрөөсөө илүү амжилт гаргаж чадах тийм шавь бэлдсэн үедээ л надад ач санадаг бол түүнийгээ хариулчлаа гэж тооцоорой! Нэгэн удаа “барилгачин хүнтэй хамгийн ижилхэн мэргэжил бол багш…” гэж хэлж байснаа дахин сануулъя. Баянхонгор аймгийн ирээдүйн бяцхан иргэдийн дунд, тэдний оюун ухааныг сүндэрлүүлэн барьж, “хэн нэгэн хүний” энгэрт гялалзах гавъяатын одон лугаа адил гэрэлтэн амьдарахыг хүсэн ерөөе!

No comments:

Post a Comment