Thursday, July 30, 2009

1. Эхлэл буюу зорилтоо тодорхойлох нь.

Миний хамгийн их бахрахдаг, бас даган дуурайдаг зүйл бол “Ла Масиа”. Каталоны алдарт Барселона багийн залуучуудын академийг ийнхүү нэрийддэг билээ. Энэ л академаас дэлхий даяар гайхагдсан гайхамшигт хөлбөмбөгчид олноороо төрөн гарч, тэдгээрийн шилдгүүд нь төрөлх багтаа хүчин зүтгэж үлдсэн хэсэг нь дэлхий даяар тархан олон алдарт багт тоглож дэлхийн тэрбум тэрбум шүтэн бишрэгчдээ баярлуулдаг билээ. Барса багийн философи ердөө л энэ, “тэд од худалдаж авдаггүй, оддыг төрүүлдэг”. 10 хүрээгүй наснаасаа эхлэн Барсагийн төлөө хүмүүжиж алдартай хөлбөмбөгчин болсон Ла Масиагийн бүтээгдэхүүнүүд нь өөрийн үндэстнийхээ төлөө, хайртай фанатуудынхаа төлөө бүхнээ зориулан тэмцдэг тул Барса баг хэзээд хүчтэй байдаг. “Алгоритм” хэмээх бяцхан сургалтын төв бол “тэрбум” хүнийг баярлуулдаг Ла масиа биш ч Баянхонгор гэдэг нэг аймгийг бол амархаан өндөр хөгжилтэй болгож чадна гэж би боддог, бас хүсдэг. Энэ сургалтын төвөөс Монгол улсын хэмжээний олимпиадад өрсөлдөх чадвартай, Монгол улсын тэргүүлэх хэмжээний, зарим талаар олон улсын хэмжээнд ч хүрсэн шилдэг математикчид, мэдээлэл зүйчид бэлтгэгдэн гарч түүний хажуугаар Монгол улсын ямар ч их сургуульд амжилттай сурч, бусад аймаг хотуудын хүүхдүүдийг давамгайлан суралцах чадвартай хүүхдүүд төрөн гарна гэдэгт би итгэдэг. Тийм ч байлгахын төлөө сурсан мэдсэн, сурч байгаа бүхнээ дайчлан өөрийн амьдралын бүхий л замналынхаа турш тэмцэнэ гэж шийдсэн.
Эгнээнээс нь төрсөн гишүүн бүр нь улсын олимпиаднаас 2-оос 3 медаль хүртсэн “Мэдээний цаг” бүлгийн хөтөлбөрөөр ажиллах тул мэдээлэл зүйн олимпиадны болон математикийн олмпиадны салбарт амжилт гаргах бүрэн боломжтой. Харин намайг жилд маш цөөхөн, хэт шилдэг мэргэжилтэн бэлдэх гэж зүтгэж байтал нөгөө талд нь Баянхонгор аймгийн бүхэл бүтэн байгалийн ухааны салбар (байгалийн ухааны бүх ангийг математик хавсарсан чиглэлээр авдаг) тэр чигээрээ уналтын байдалд орж өнгөрсөн 2 жилийн ЕШ-ын статистик мэдээг авч үзвэл ганцхан хүүхэд F биш дүн авсан байх юм. Хэрэв улсаар нь уралдуулж байр эзлүүлээд сургууль өгдөг бол 2 жилийн хугацаанд ганцхан ширхэг байгалийн ухааны чиглэлээр дээд боловсролд тэнцэх нэгнийг (ядаж байхад нөгөөх нь цэвэр БХР-ын бүтээгдэхүүн биш шүү дэ) бэлтгэсэн гэсэн үг болж таарч байх юм! (МУИС-д УБ хотоос оюутан элсүүлэх тухай журамд ЕШ 60%-аас доошгүй гүйцэтгэлийн хувьтай байх ёстой гэж заасан байгаа…)
Нүдээ аниад Жаамаа шиг Олон Улсын олимпиадад оролцох л хүүхдүүдийг бэлтгээд туугаад байх уу? эсвэл... гэсэн асуулт гарч ирнэ. Хариулт нь харин “өөрчилье! л дөө” гэж гарч байна. За тэгээд хэдэн хүүхдүүд цуглуулж аваад ажилдаа орлоо. Багш хүний хувьд би бол их хатуу хүн тул миний гарын аяыг дааж, ааш занг тэвчиж үлдэх нь олон хүнд амаргүй байсан байх. Мөн ил далд өөр төрлийн тэмцэл ч их явагдсан ба нөгөө талаар бэлтгэл хийх цаг хугацаа давчуу байсантай холбогдуулан 7 хүүхэд л ЕШ-д бэлтгэж оруулав. Оюутан элсүүлэн авах гажиг ч гэмээр тогтолцооны шимээр жил бүр Баянхонгороос хэдэн хүүхэд оюутан болох нь тодорхой, тэд хэр сайн сурах бол, хэр сайн мэргэжилтэн болж чадах бол?... Надад л лав хариулт нь тодорхой… Харин миний хүсэл бол тэр хэдэн оюутан маань бусад газруудын оюутнуудтай эн тэнцүүхэн өрсөлдөж, сайн мэргэжилтэн болоосой гэсэн бодол юм. Баянхонгорт төрсөн нь тэдний буруу биш шүү дээ! Тэд бол зүгээр л бүтэлгүйчүүдийн золиос… энэ байдлыг зогсооё л гэж шийдлээ.
Хэрэв Барселона баг маш их хэмжээний мөнгөөрөө ганц том од худаладж аваад Ла Масиагаа анхаарахгүй бол тэр од хөгшрөөд зодог тайлсны дараа баг нь бүр мөсөн сүйрнэ. Харин од авах мөнгөөрөө Ла Масиадаа л хөрөнгө оруулалт хийчихвэл хэдхэн жилийн дараа л тэндээс бөөн бөөн одууд төрж, жинхэнэ Барсаленогийн төлөө гэсэн зүрх сэтгэлтэй болж хүмүүжин, өдий хүртэл өөрсдийг нь тэтгэж дэмжсэн төрөлх багийнхаа төлөө үнэнчээр зүтгэдэг юм. Хэрэв би өөрийн сурсан мэдэснээ ашиглаад цаашид зүгээр л өөрийнхөө төлөө амьдрах замыг сонгосон бол Баянхонгор аймаг хамгийн ихдээ л ганцхан сайн мэргэжилтэнтэй болох байсан ба түүнийг дууссаны дараа (Барса баг үнэтэй авсан ганц одоо байхгүй болсны дараа сүйрэх мэт) дахиад л дараагийн сайн мэргэжилтнээ төрхийг нь хүлээнэ. Ийм муу боловсролын тоголцоотой байхад энэ бас л их удах байхдаа зайлуул! Тэгвэл би өөрөөрөө дуусахыг огт хүссэнгүй, өөрөөсөө сайн мэргэжилтэн бэлдье л гэж шийдсэн (Ла Масиадаа хөрөнгө оруулъя). Өнөөдөр Ла Масиагаас бөөн бөөн одууд төрж, Барсалено баг сүүлийн 4 жилийн хугацаанд 2 удаа Европын Аваргуудын Лигийн Аварга багаар тодорч (Европот хөл бөмбөг төвлөрсөн байдаг тул энэ нь дэлхийн хамгийн шилдэг баг боллоо гэсэн үг). 2009 онд авч болох 3 том цомыг Испани улсын багуудаас түүхэндээ анх удаа гурвууланг нь авч, заналт дайсан Реал Мадридыг түүхэндээ анх удаа 6:2-оор бут ниргэхэд энэ тоглолтын 11 тоглогчийн 8 нь Ла Масиагийн бүтээгдэхүүн байв. Яг үүний адилаар би гар дээрээсээ 100 ширхэг Цагаанаас сайн мэргэжилтэн бэлтгэж чадвал тэд Баянхонгор аймагт, цаашлаад Монгол улсад ганц Цагаанаас зуу, мянга дахин ихийг бүтээж өгч чадна. Эзэн хааны гэгддэг Реал Мадрид баг цагтаа Роналдо, Зидан, Раул, Фигу, Бекхем, Овен, Р.Карлос, Моррентус … нарын зэрэг энэ дэлхий дээр хэн шилдэг байж болох тэр бүгдийг маш их мөнгөөр цуглуулсан боловч залуучуудынхаа академд маш бага ахнаарсан. Тэдгээр одод цагийн эрхээр дууссаны дараа залгамчлагчгүй болсон тул агуу гэгддэг Реал Мадрид баг сүүлийн 6 жил Европын тавцанд ганц ч амжилт үзүүлж чадсангүй (Шөвгийн 8д ганцхан удаа шалгарсан гэхээр арай л дэндүү байгаа биз). Би харин тэдэн шиг хэн нэгэн шидтэн, чадвартан ирээд манай аймгийг хөгжүүлнэ гэж хүлээж тэвчээгүй (ядаж хөгжүүлж өгчөөд явна гэж), хэн нэгэн сайн хүнийг урьж авчирч ирээд аймгаа хөгжүүлээд өгөөч гэж гуйвал бүтэхгүй зүйл биз дэ. Өөрөө л “Алгоритмаа” байгуулаад алгоритмыг нь боловсруулаад тэр мэдлэг чадвартай, шидтэн мэт хүмүүсийг нь олноор бэлдье л гэж шийдсэн. Үе үеийн Ла Масиагийн “оддыг өөрөө төрүүлдэг” үзэл баримтлал шиг “Алгоритм” сургалтын төвийн үе үеийн зүтгэлтнүүд нь аймгаа цаашлаад улсаа авч явах мэргэжилтнийг өөрөөсөө төрүүлсээр байх болноо…!

No comments:

Post a Comment