Thursday, July 30, 2009

3. Ачийг нь хэзээ ч мартахгүй ээ!

3. Ачийг нь хэзээ ч мартахгүй ээ!
Айлын том хүүхэд байх их хэцүү л дээ, дүү нартаа сайн ах нь байх гэж бид хэрэндээ л хичээдэг. Би лав ах, эгчтэй байхыг үнэхээр их хүсдэг байлаа. Ах маань надад энэ бодлогыг бодоод өгдөг ч болоосой гэж би “маш олон” удаа бодож байсан даа. Харин Талст сургуулийн сурагч 7-р ангийн жаал байхдаа Талст сургуулийн анхны төгсөгч Мягмарнаран ахынхаа дэргэд хагас хичээлийн жилийн турш бэлтгэл хийж, түүнийг дагаж мэдээлэл зүйч болноо гэж хөөрч явснаа би хэзээ ч мартдаггүй юм. Магадгүй хүсэл маань багахан хугацаанд ч гэсэн биелэсэн болоод тэр байх! Их сургуульд элсэх болоход ах маань Мэдээлэл технологын чиглэлээр сур гэж ятгасан боловч би гэдэг хүн “математикч болчвол түүнийг хялбархан сурч чадна, харин програмисст хүн математик сурч чадахгүй” гэсэн энгийн тооцоо хийсний үндсэн дээр тас зөрж байгаад математикийн ангид оров. “Мэдээний цаг” бүлгээ байгуулан өдий зэрэгтээ явж, шавь нар маань амжилт үзүүлж байгаагийн үндсийг “хуурай ах” маань тавилцсан юм шүү гэдгийг үргэлж бодож явдаг. Энэ жил завшаанаар ч гэхүү элсэлтийн шалгалтанд бэлтгэгчдийн дунд Эрхэмбаатар гэж хуурай ахын маань үеэл дүү байсан нь ахдаа ачийг нь хэзээч мартахгүй гэсэн сэтгэлээ бага ч гэсэн илэрхийлэх боломж олгосон.
Дашдаваагийн Эрхэмбаатар гэж даруухан, хичээнгүй нэгнийг би хэзээд сайнаар дурсаж явах болно. Анх миний гар дээр ирээд удаагүй байхдаа “нанчилдаанд” оролцсон бололтой хэдэн хоног нэг нүд нь таг явав. За энэ танхай нөхөр ч бүтэхгүй ээ гэсэн бодол мэдээж надад төрнө биз дээ. Намайг ямар нэгэн дурсамжтай зүйлийнхээ тухай ярихад хичээнгүйлэн сонсох тэрээр эдийн засгийн салбарт элсэн орох зоирлготой гэж “уур хүргэнэ”. Номгон сургууль жил бүр “сурагч насны минь …юу ч билээ” нэг ажил зохион байгуулдаг. Тэр ажлыг далимдуулан Эрхэмбаатарыг сорьж үзэхээр хязгаар сэдвийг бие даан судлуулав. Гэтэл гайхалтай үр дүнд хүрч сургуулийн хичээл, миний хичээл, сагсны тэмцээн, ангийнхаа хүүхдийн хандивын тоглолт… өөр юу юу ч билээ ажлуудыг нэгэн зэрэг амжуулахын хажуугаар хязгаар сэдвээ сайн сурч, өгсөн даалгаваруудыг бүгдийг нь цаг хугацаанд нь хийж гүйцэтгэн хувь хүнийхээ үнэхээр сайн чадвараа нээн харуулав. Богино хугацаанд ихийг хийж бүтээх, хүнд дарамтнаас амжилттай гарах гэдэг бол “өсөн дэвжихээр” хичээж буй хүний зайлшгүй эзэмшвэл зохих чанар билээ. Миний сэтгэлд байсан хулгианы дүр “үнсээр хийсч”, оронд нь маш ирээдүйтэй нэгний дүр төрх хоромхон зуур түүний байрыг эзлэв. Одоо үлдсэн нэг эдрээтэй асуудал бол Эрхэмбаатарын ирээдүйг теллерийн ширээний ард төсөөлөхгүй байсан явдал юм. Золиг чинь харин урдаас их гүрийнээ, бас бөөрөнхийлнө… ахруу хүртэл “матаж” байж сая л нэг юм PC-ний ширээний ард харах боломжтой болов. Би өөрийнхөө амьдралыг хэнээр ч заалгаж үзээгүй болохоор хүний ирээдүйд зөвөлгөө өгөх хамгийн дургүй. Хүн тэмцэж, тэнэж явж байгаад л өөрийн замаа өөрөө олбол хамгийн их амжилт гаргана. Харин Эрхэмээгийн хувьд эхний бөгөөд бараг эцсийн удаа ч гэхүү дээ түүний хүсэл мөрөөдөлрүү нь бүдүүлгээр дайрч, үгүйсгэж, 21-р зууны 1 номерийн шинжлэх ухаанаар чи явах ёстой гэж ухуулсаар тархийг нь угааж дөнгөсний гол учир нь би түүнийг энэ салбарт маш их амжилт гаргах олон талын боломжтойг олж харсан хэрэг юм.
Сагсан бөмбөг сонирхдог ч аль багийг дэмждэгийг нь сайн мэдэхгүй юм, D.Wayde-д талтай ч билүү… Ямартай ч гэсэн энэ жилийн Амеркийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны аварга багаар 6 жилийн маань хүсэл биелэж миний дэмждэг Los Angels Lakers баг маань тодорсон билээ. Харин би Мягаа ахад “Эрхэмээ сагс тоглоно гээд хааяа алга болчдог юм, бусад үед нь бэлтгэлээ сайн хийдэг ээ. Манай энд сагсны тэмцээн л хамгийн их болдог юм шиг байна” гэхэд ах хариуд нь “Тэгээд аймгаараа сагсчин болох гээ юу? Дараа нь аймагаараа биеийн хүчний ажил хийж амьдрахуу?” гэж уурлахад нь юу ч гэж хариулж чадаагүй юм шүү. Бодвол Эрхэмээ ямар нэг хариулт өгөх ёстой байх. Жаамаа Эрхэмээ хоёрыг дуу аялж байхыг би урьд нь огт сонсоогүй. Мэдээж Жаамаа дуу аялвал бүх хүн үргээд явчих байхаа, харин Эрхэмээг шинэ жилээр нэгэн арга хэмжээн дээр дуу дуулж байхыг нь сонссон юм байна. Би нэрийг нь сайн санахгүй байн, “өвлийн үнсэлт…” билүү дэ. Бодвол өөрөө зохиолцсон байх, хажуугаас нэг хүн “11ё, 11ё, …” гэж орилж байсныг нь ч санаж байна. Тэгж орилох нь соёлгүй хэрэг ч тэр удаа темп энэ тэр нь дуундаа их таарсан (4 дэхь дуучин нь тэр байвал зохихоор) байсаан. Математикийн төрлийн уралдаан тэмцээнд томоохон амжилт гаргаж үзээгүй хүүхэд тул бас нэлээн их санаа зовоож байж сая л нэг юм амжилтанд хүрсэн. Сургалтын төвийн эцсийн сорилууд дээр нэлээд муу дүн үзүүлж байсан ч сүүлдээ сайжирсаар ямар ч байсан 800 оноо авч чадах хэмжээнд хүрээд ЕШ оров (Яг ЕШ-д нэмээд нэг л тест зөв бөглөсөн бол 800 авах байв). Би түүнд маш их найдвар тавьж итгэдэг тул “шалгалтны одгүй” гэдэг нэрнээс нь салгахыг хүссэн юм. Одоо бол амжилт гаргаад үзчихсэн, өөрийнхөө хүссэн сургуульдаа өөрийнхөө хүчээр тэнцчихсэн тул цаашдаа бүх зүйл нээлттэй болж, өөртөө итгэх итгэл нь маш ихээр сэргэсний хэрээр амжилт гаргах боломж нь төдий чинээ нэмэгдсэн байж таарна.
Хэрийн хүнд “чи наад хүслээ март, энэ замаар яв…!” гэж заах хүн би бол огт биш, маш их найдвар тавьсан учраас л өөрийн баримталдаг зарчмаасаа давсан зөвөлгөө өгсөн хэрэг. Одоо бол буцах зам үлдсэнгүй, зориглоод л өөрт байгаа давуу талуудаа ашиглаад зүтгэх хэрэгтэй болж байна. Багш хүний хөдөлмөр шавь нь хүссэн сургуулиа авснаар хэмжигддэггүй юм шүү! Сайн мэргэжилтэн болж, улс эх орондоо хэр ихийг бүтээв гэдгээр л хэмжигдэнэ. Сайн програмисст болох бүрэн нөөц боломж Эрхэмээд байна, харин Жаамаатай харьцуулахад мэдлэг чадварын хувьд ямархуу зөрүүтэй байгаагаа анхаарч түүнтэй ойролцоо хэмжээний мэргэжилтэн болохын тулд Жаамаагийн туулсан тэр хатуу бэрхийг шантралгүй туулж, түүнээс илүү их хөдөлмөрлөх ёстойг санаж явахыг захья. Эрхэмбаатарын маань гараар олон сайн программ зохиогдож, шийдлээ хүлээгээд түгжирч буй олон асуудлууд гацаанаасаа гарах болтугай гэж ерөөе!

No comments:

Post a Comment