Tuesday, September 22, 2009

Манай үеийн МАНЛАЙЛАГЧ

9-р ангийн сурагч байхдаа л амаараа дүүрэн хууц сахал ургуулсан, харваас ширүүн царатай нөхрийг Ганбатын Энхтайван гэх. Манай Батцэнгэл багш нэг удаа "тэр хүүхдэд чи хичээл заагаад өг, Энхтайвангаар заалгавал хүүхэд айлгаад хаяна, хутга шиг ширүүн шиүрүүн харсаар байгаад..." гэж билээ. Энэ эрхэмтэй өнөөдрөөс яг 8 жилийн өмнө танилцаж байлаа. Бид Монгол улсын их сургуулийн харьяа "Байгаль-Эх лицей" ахлах сургуулийн математикийн 9-р ангийн анхны сурагчид болохоор нутаг нутгаасаа шалгаран ирэх цаг доор тэдэн дунд Дундговь аймгийн сахалтай шар хүү, Баянхонгор аймгийн дэлдэн бор хүү 2 байв. Манай ангиас хичээлдээ хамгийн сайн нь Дундговийн Энхтайван, би бол хамгийн муу нь л байлаа. Намар 10 сард байхаа анхныхаа олимпиадад орж үзлээ... Шинэхэн байгуулагдсан манай сургууль дээр Олон улсын хот хоорондын ээлжит олимпиадны намрын даваа болох болов. Энэ томоохон олимпиадад манай Энхтайван 9-өөс 10-р ангийн ангилалд 2-р байр эзэлж ямаршуухан энтэй математикч болохоо дахин нэг нотолсон бол би гэдэг хүн сураг байдаггүй ээ... ангийхнаасаа хамгийн сүүлд орж... тус олимпиадад ч бараг хомоол хамав. За ингээд бэлтгэлээ шаргуу хийлээ... хөдөөний хүүхдүүд болоод ч тэрүү нөгөө талаараа бид 2 олимпиадын бэлтгэлд дандаа цуг суудаг болсон туд овоо бие биедээ дасаж байсан байх ямартай ч 11 сард болсон 48-р сургуулийн олимпиадад цугтаа оролцож манай хүн хүрэл медаль хусч би гэдэг хүн хомоол хамсаар л байв. Манай хүн чинь 8-р ангид байхдаа буюу биднийг нэг ангид ордгийн урд жил Дундговиосоо улаан хацартай, даахьтайтай шар юм (шар үснээсээ салаагүй даага шиг гэхүү дээ хэ хэ хэ) ирээд л шууд цоорон хотын том том гаруудыг бүгдийг нь дийлж түрүүлж том математикч болох гараагаа яг энэ 48-р сургуулийн олмпиаднаас эхэлж байсан түүхтэй хүн юм шүү дээ.
Харин 12 сард болсон П.Энхболдын нэрэмжит улсын 6-р уралдаанд би ганц бодлого бодож Энхтайвангийнхаа дээр гарлаа. Энэхүү "маш хэцүү" даалгаварт тооцогдож байсан зүйлийг биелүүлж Тайвангийнхаа дээр гарсан нь надад бэлтгэл хийх улам их эрч хүчийг өгч байсан байх. Өвлөөс ихэвчлэн ангиасаа хоюулахнаа л бэлтгэл хийдэг боллоо... ангиасаа Энхтайван, Баярбаатар, Лхагвасүрэн гэсэн дотны андуудтай болж тэднийг дагаж биллярд тоглоход нь бараа болж байнга явна. Бараа болох гэдэг би бол яаж ч тоглоод тэр 3-ыг дийлэхгүй, харин манай Тайван нөгөө 2-оо дийлэхгүй байж шартай юм болохоороо дийлэхийн төлөө байнга л үзэлцэнэ, даан ч дийлэхгүй... Би бол тэр 3-ынхаа ээлж нь ирсэн хэн нэгнийх нь бэлтгэл хангагч л болно. Баярбаатар Тайван 2 маань хоорондоо ёстой "нөхөрсөг дайныг" үнэн ширүүн өрнүүлнэ. "Хар Баярка... 8 дугаартай хар шарик шиг амьтан" гэж Тайван хэлэх бол Баярка хариуд нь "90 градус, перпендикуляр..." гэж хочлоно. Учир нь Манай Тайван геометрийн бодлогыг гаргууд сайн бодохын дээр тухайн бодлогод ямар нэгэн 90 градус л байх юм бол шууд л улам сайн бодож орхих тул тийм "цол" зүүсэн.
Нутгаасаа хол гэрээ санах зуураа эрдэм сурах гэж ирсэн эрхэм зорилгоо биелүүлэхээр Тайван бид 2 хэчээн сурсаар... бид сайжирсаар л... биднийг олон том сорилтууд хүлээсээр л... Тэр өвлөө Тайван маань Дундговь аймагтаа болсон яг одоо бидний зорин очиж оролцох гэж байгаа Өлзий багшийхаа нэрэмжит олимпиадад зодоглоод түрүүлсэн юм. За ингээд нөгөө намар миний хомоол хамдаг Олон улсын хот хоорондын олмпиадны хаврын даваа 3 сард болов. Энэ удаа би харин гялалзсан сайхан амжилт үзүүлж 9 өөс 10-р ангийн ангилалд 4-р байр эзлэв. Уг нь 3-д байж байгаад манай Тайвангийн багын анд мөн Дундговь аймгаас гаралтай тухайн үед Төгсжаргалант гэдэг сургуульд сурч байсан Гөнтөгс гэдэг найз маань бодлогоо хамгаалснаар миний өмнө орчихсон юм. Медалийн үзүүрээс атгаад алдсан намайг Тайван анд маань урам өгч "чи ойрд их сайн байгаа, одоо удахгүй болох хотын олимпиаднаас заавал медаль авна" гэж аргадаж байх юм. Миний үед буюу 2003 оны дунд сургууль төгсөгчид дотор Дундговь аймгийн шилдэг математикчид олон байв. Энхболдын нэрэмжит улсын уралдаан болон бүсийн томоохон олимпиаднуудаас аль хэдийн медаль хүртээд амжсан Мөнхсайхан, Мөнхбаяр, Гантөгс... гээд манай Энхтайвангийн нутгийн буюу багын андууд олон байсан. Тэдгээр найзууд дундаас нь бид 2-той хамт хамгийн их бэлтгэл хийсэн бас нэгэн анд маань бол Гантөгс билээ. 7-р ангид байхдаа л хөдөөний хүүхэд нийслэлийн олипиадад хүрэлцэн ирж ороод эхний өдөр бүх бодлогоо бодож тасран шуугиулж байсан тэрээ 8-р ангид байхдаа улсын Монгол Улсын математиийн олимпиадад 8-р ангийхнаа (биднийг) төлөөлөн хамгийн өндөр амжилт гаргаж 7-р байрт шалгарч байлаа. Учир нь тус олимпиадад 7-р ангиас дэвшсэн 6 сурагч бүх медалиудыг маань хамж, бид насаараа тэдэнд даруулах эхлэл нь тавигдсан юм.
За тэгээд жил бүрийн 4-р сард болдог хүсэн хүлээсэн хотын олимпиад маань ирлээ... лецейд ирээд 6, 7 сар Тайвангийнхаа хамтаар чамгүй их бэлтгэл хийсэн миний хувьд юу чаддаг болсноо өөрөө мэдрэх, бусдад мэдрүүлэх сайхан боломж гарав. Тайван маань ангийнхаа хүүхдүүдэд хэлж байна "Цагааны бэлтгэл л их сайн байгаа, медаль найдвартай авна..." гээд л... Магтсан хүүхэн хуриман дээрээ унгахын үлгэрээр яг олимпиадад би гэдэг хүн мулт үсэрч юун медаль манатай улсын олимпиадад оролцох ч эрх олж авч чадсангүй. Харин манай хүн 2 дахь өдөр нь 60 градустай геометрийн бодлогыг бодож, бусад бодлогууд дээрээ ч сайн ажилснаар хүрэл медаль авах эрхтэй болоход манай Баярка "аргагүй ш дээ 60 градусын 6-гийн тоог нь эргүүлээд л 90 градус болно... тэгээд л наадах чинь бодох нь ойлгомжтой шүү дээ" гэж байв. Манай хүн эхлээд медальт байранд байгаагүй ч бодлого хамгаалалтанд орж ирсний дараа медальт байрандаа ороод "бодлогоо хамгаалах гэсэн чинь сандраад гар салгалаад... сонин боллоо, хамгаалж дууссан чинь баярлаад уйлах шахлаа ш дээ..." гэж хөөрөн ярьж байсан нь одоо ч сэтгэлд тодхон байна. Энэ олимпиатад амжилтгүй оролцсон нь миний хувьд хамгийн хар дурсамж, муу үр дагаварт хүргэсэн зүйл маань гэж би боддог. Хүн багаасаа сууриа зөв тавиулж удаан хугацааны турш чанартай хөгжих нь сайн болохоос богино хугацаанд хурдтай өсөх нь тийм ч сайн зүйл биш, хий зай их гаргадаг гэдэг нь үүгээр нотлогдоно. Миний багш хүний хувиар санаж хичээж явдаг сургамж маань энэ. Харин хотын олимпиаднаас улсын олимпиад хүртэл мөн л урьдын адил эрчимтэй бэлдсээр энэ хооронд болсон МТЦО-6 (математикийн төржсөн цуврал олимпиад)-д хоюулаа хамтдаа амжилт гарган тэнцүү оноо авч 9-өөс 10-р ангийн ангилалд мөнгөн медалийг хамтдаа хүртэж байлаа. Хагас жил гаруй бэлтгэл хийж тэмцэсний эцэст олж авсан хамгийн үнэтэй, хагийн их хайртай, хамгийн их хөдөлмөр зүтгэл шингэсэн энэхүү медалиа түрүү жил хамгийн хайртай шавьдаа бэлгэлчихсэн. Хэзээ нэгэн цагт Олон улсын олимпиаднаас шавь маань медаль авчирхаараа надад хариу бэлэг барих байхаа гэж найддаг.
Ингээд бүтэн хичээлийн улирлын турш сурсан мэдэснээ сорин үзэх Монгол улсын математикийн 38-р олимпиадад хүрэлцэн ирэв. Би гэдэг хүн хотын олимпиаднаас мултарсан тул энэ удаа хувиараа орж байгаа гэдэг статустай харин манай хүний ойрын хэдэн томоохон олмпиадны статистик бол "гайхалтай" гэсэн үзүүлэлттэйгээр бид 2 олимпиаддаа оров. Эхний өдрийн бодолтоороо хожмоо Монгол улсын математикийн олмпиадны 4 удаагийн аварга, олон улсын математикийн олмпиадны 3 мөнгө 1 хүрэл медальт Монгол улсын түүхэн дэхь хамгийн шилдэг матемматикч сурагч хэмээх амжилтанд хүрсэн Сайнбаяр аварга 14 оноотой (2 бүтэн бодлоготой) манай Энхтайван 11 оноотой, би 10 оноотой эхний 3 байранд гарч ирсэнээ би хэзээ ч мартахгүй санаж явах байх. Монгол улсын олимпиадад эхний 3-д явах үед янз бүр л юм бодогдож таараа. Сайнбаяр аварга маань доод ангиас дэвшиж байгааг тооцвол бид 2 "үеийнхнээсээ тасарчжэээ" гэдэг ангилалд багтаж байсан хэрэг. Харин би хувиараа оролцож байгаа тул алтан медаль л авахгүй бол өөр медаль авах эрхгүй гэсэн заалт үйлчилдэг байсан үе. Олимпиадны 2 дахь өдөр байрт нэлээд өөрчлөлт орсон ч миний анд Энхтайван маань амжилттай бодолт хийж Монгол улсын олимпиаднаас мөнгөн медаль хүртсэн юм. Өөрийн нас чацуу хүүхдүүдээ бол тэргүүлсэн хэрэг. Манай Сайнбаяр аварга бол дэндүү тасархай байсныг энд тэмдэглэх хэрэгтэй. Харин манай "азгүй" Гантөгс анд маань бас л миний ижлээр хотын олимпиаднаас мултарч энэ удаа улсын олимдад хүрэл медалийн болзол хангасан ч мөн л хасагдаж байлаа. Иийнхүү түрүү жил улсын олимпиадад хойгуур байранд хурдалж байсан бид 2 ганц жилийн дотор л суга өсцгөөсөн нь бид 2 хэр их хөдөлмөрлөснийг гэрчлэх буйзаа. Би Тайвандаа хэр тус болсныг хэлж мэдэхгүй юм, харин Тайван маань миний хамгийн ойрын даган дуурайгч, хамгийн ойрын өрсөлдөгч, бэлтгэл хийлгэгч маань байсан юм шүү. Насан туршаа түүндээ баярлаж амьдрах ёстой билээ.
10-р ангид орохдоо би зарим нэгэн шалтгаануудын улмаас нутагтаа сурах болж бид 2 хамт бэлтгэл хийж чадахгүй болсноор хоюулаа нэг ч медаль авч чадалгүй улсын олимпиадад оролцож билээ. Харин улсын олимпиадны өмнө Гантөгс найзтайгаа 3-уулаа хамтран бэлтгэлээ сайн хийсний үр дүнд улсын олимпиадад Тайван маань амжилттай оролцож эхний 3 байрт дэвшсэн 3 сурагч алт мөнгөн медалуудыг дуусгасны ард 4-р байрын хүрэл медалийг зүүснээр манай үеийнхнийг 2 жил дараалан улсын олимпиадад манлайлсан юм. Харин азгүй Төгсөө бид 2 эхниий өдрийн нэгэн бодлогоноос болж мөн л давхраараа азгүйтэж 7, 8-р байр буюу яг медалийн арын байруудад шалгарсан билээ. Ингээд олон улсын олимпиадад оролцох сурагчдын сорилд Тайван маань амжилттай дүн үзүүлж Япон улсад болох Олон улсын математикийн 43-р олимпиадад оролцох эрх авсан бол азгүй Төгсөө маань мөн л 7-р байрт шалгарч билээ. (эхний 6 байр олон улад явна). Токио хотод болсон энэ олимпиадад манай улсын сурагчид түүхэндээ байгаагүй хамгийн олон буюу 4 медальтай ирж, багаараа урьд өмнө нь орж үзсэн 25-р байртаа дахин шалгарч рекордоо давтахад манай үеийнхнээ төлөөлөн Олон улсын олимпиадад оролцож үзсэн цорын ганц оролцогч Энхтайван анд маань Олон улсын олимпиадны хүрэл медальтан болсон юм. Ийнхүү үеийнхнээсээ сүүлийн 2 жил улсын олимпиадад манлайлж, Олон улсын олимпиаднаас манай үеийнхнээс медаль авчирсан ганц хүн гэдэг нь түүнийг манай үеийн (2003 оны төгсөгчдийн) математикчдын сор МАНЛАЙ нь гэдгийг шууд нотлон харуулна.
Манлайлагчтайгаа хамтдаа цааш үргэлжлүүлэн 2 жил хасаг МУИС-МКС-ийн "онолын математикийн" ангид сурсан бөгөөд 1-р курст байхдаа Төгсөөтэйгөө 3-уулаа хамтран оролцсон математикийн багийн олимпиадад түрүүлж, харин 2-р курст байхдаа нөгөө биднийг дараад байдаг доод үеийнхнийнхээ эсрэг хоюулахнаа тулалдаж аргагүй дийлдэж байлаа. Эхний жил түрүүлчээд шагналын мөнгөөрөө манай хүн архи уучаад анх удаа надтай согтуу тааралдаж үзсэн тул сандран тэвдэж, зугтаж байсан бол 2 дахь жил дэд аварга болчоод түрүүлсэн баг олон хүнтэй байсан тул хүн тус бүрт ноогдсон мөнгөөрөө тэднээс хавигүй их шагнал туусандаа хөөрцөглөн хуушуур том томоор нь хусаж байснаа санаж байна. Ер нь манай анд их багаасаа л тамхи татна, архи ч нэлээн гөвдөг байлаа. Гэхдээ согтуугаараа надтай ганцхан удаа тааралдаж байсан нь хүн үнэмшмээргүй сонин зүйл... эхнэртээ "манай найз Цагаан архи уудаггүй юм" гэхэд нөгөөдөх нь "чамд бас тийм найз байдаг юмуу..." гээд их гайхаж байсан тухай онигоо хүртэл байнаа... Их олон найзтай ч найз нарынхаа төлөө бүхнийг зориулах нь надад их л сайхан харагддаг. Багаасаа л бавайсан том сахалтай байсан, ямар сайндаа л намайг "өвчин эдгэчээд байхад наад маска аваач" гэхэд "маска авчихаар кондугторууд хүүхэд биш сахалтай том хүн байна гээд мөнгө нэхээд байдаг юм" гэж байхав дээ. Тамхи их татаад байхаар нь "бичил уурын зуух" гэдэг нэр хайрласаан анддаа... Царай муутай өрвийсөн, сахалтай шар юмны тухай яриад байгааг төсөөлж байгаа байх. Манай дүү Ганчимэг "ах манай найз Олон улсын олимпиадад оролцож байгаа тул би үсээ авхуулахгүй гээд зунажин арзайсан юм явсан, тэгснээ олимпиадны дүн гарчлаа гээд л маргааш нь очоод үсээ юуч үгүй болтол засуулдчихсан. Ах л хүндэтгээд байдаг болохоор нь гаагүй хүн байдаг юм байх гэж бодсон чинь шал царай муутай л юм байна ш дээ чи чинь" гэж бид 2-ын дунд "пал" хийтэл нь хэлж улайлгаж байсан нь би түүнд хэр хүндэтгэлтэй хандаж байдгийг гэрчлэхийн сацуу түүний царайг шууд л тодорхойлсон хэрэг буйзаа. 9-ийн тоог л их билэгшээдэг хүн дээ, яагаад юм бол гэдгийг нь мэдэхгүй... би хувьдаа нэрнийх нь үсгийн тоо гэсэн муухан гаргалгаатай л явдаг... Бараг л 5 жил шахуу нэг ангид сууж, хамт тэмцэж, сурч боловсорч явж дээ андтайгаа. Биднийг 3-р курсээ төгсөх хавар Тайван маань Япон улсын тэтгэлэгт шалгалтанд тэнцэснийхээ дагуу арлын оронд суралцахаар одоод одоо 3 жил хагас болж байна. Бас сургуульд орох шахсан хүүхэдтэй гэж байгаа... амжуулдаг эр.

No comments:

Post a Comment