Sunday, September 6, 2009

Багш хүний хамгийн хэцүү өдөр...

Өнөөдөр 2009 оны 9 сарын 6. Хичээл цуглах болон, хүүхдүүдээ шалгаруулж авах гэсэн шалтгаануудаас болж манай сургалтын төвийн хичээлийн шинэ жилийн нээлт маргааш болох гэж байна. Энэ хичээлийн жилийн турш хамтдаа ажиллах бүрэлдэхүүнээ бүрдүүлчихсэн... олимпиадныхан, ЭЕШ-ынхан гээд... мөн хичээлүүдийнхээ төлөвлөгөөг гаргаад, зорилтоо дэвшүүлчихсэн... маргаашнаас эхлээд л дайрч өгнө дөө... бүтэн 10 гаруй сар тэмцэж байж ажлынхаа үр дүнг үзэж, хийж бүтээснээ дүгнэнэ. Хүүхдүүд маань сайжирч, амжилтанд хүрцгээж, төгсөцгөөх нь миний амьдралын нэгээхэн хэсэг, сонгосон зам минь юм даа.

2009 оны 6 сарын 2-ны өдөр надад маш хэцүү өдөр байлаа... Өмнө нь хэзээ ч ийм "сонин" өдөр надад тохиолдож байсангүй. 11-р ангийнхнаасаа хамгийн сүүлийн сорилоо авчаад хүүхдүүдээ тараагаад явуулахад үнэхээр хэцүү байсан... дахиад тэдний төлөө үхэн хатан тэмцэж, тэднийгээ сайжруулахын төлөө цаг хугацаатай уралдан өөртэйгээ, өрсөлдөгч нартайгаа тэмцэхгүй боллоо гэж ойлгогдох тэр үе надад дэндүү хүнд туссан... шавь нараа амжилт гаргахаар баярлаад уйлдаг нулимас бол амттай байдаг, харин "юунд ч юм бүү мэд" зовиноод дотогшоо уйлах л хамгийн хэцүү юм билээ. 2 давхарт гараад өөрийнхөө өрөөний цонхоор шавь нараа араас нь харсан... бие биенийгээ утасаараа дуудан байж цувран тарцгаасан шавь нар маань миний сэтгэлийг ойлгосон юм болов уу гэмээр цонхны доор ямар нэг зүйлийг хэлэлцэн зогсоно... юу ярилцаж байгааг нь ч би мэдсэн, тэд маань "багшид хэцүү байгаа яанаа?" гэж яахан ярилцах билээ, мэдрээчгүй ойлгойчгүй биз... би ч өөрийгөө ойлгохгүй байхад... харин багшынхаа төрсөн өдөр нь гэж боддог тэр өдрийг тэмдэглэх тухай ярилцаж зогссоныг би ойлгож л байсан... юу ч хэлэлцэж байг хамаагүй, ингээд л баахан зогсоосой гэж би хүссэн... тэд явсан... явах ч ёстой... надад харин дахиад ЭЕШ-ны хүүхдэд хичээл зааж чадахгүй юм байна гэсэн сэтгэгдэл л төрж байв, яаж өөрийнхөө шавь нараас өөр танихгүй хүүхдүүдэд хичээл заах билээ... миний хүүхдүүд л хамгийн сайн хүүхдүүд өөр сайн хүүхэд гэж байхгүй мэт санагдаж байсан...

Анх удаа шавь нараа үдээд дахиж шинэ шавьтай болж чадахгүй гэж шаналж байсан хүн... маргааш нь тэд нартаа хатуурхаад л зогсож чаджил байсан... үнэхээр их тэмцэл үзсэн хүний л зан байх. 10-р ангид сурч байхаасаа л эхлээд багш гэж хүндлэгдэн, өөрийн найз нөхөд дүү нартаа эрдэм сургаж тэдгээрийн ирээдүйн төлөө зүтгэж эхэлснээс хойш 6 жил "БАГШ" гэдэг цолоор цоллогдож ирэхдээ нэгч хүнийг дэргэдээс үдэж үзээгүй юм билээ. Бүх л шавь нартайгаа цуг байж тэдний өсөж дэвжихийг харж, багш болсоныг нь хүртэл "хичээл дээр нь сууж дарамталж" байдаг хүн чинь цаг хугацаа ажил байдлын эрхээр анх удаа гар дээрээс шавь нараа үдэхээр ёстой л нэг уйлдаг юм билээ дээ... Цаг хугацаа бүхний эмч юм даа, сүүлд нь арай гаагүй сэхээ ороод бодоод байхад багш хүн бүрийн туулдаг зовлон бол анхны төгсөгчидөө үдэх байдаг юм байна гэдгийг ойлгосон. Шавь нараа Монгол улсын аварга болохыг ч харж баярлаж явсан хүн, бүхий л алдар цолыг өөрөө болон шавь нараар авхуулсан хүнд хүртэл энэ зовлон маш хүнд тусдаг юм билээ. Дандаа энэ хэдийг сайжруулж, дандаа л энэ хэдтэй цуг амьдрана гэж санаагүй л баймаар, энэ хэд маань явна би үлдэнэ гэж харин нэг ч удаа бодоогүй минь л алдаа болсон. Ингээд л явчих байсан юм гэжүү... тэгвэл би яах гэж багш болсон юм болоо ч гэж бодож үзсэн. Тэгэхдээ л шаналж явахын хажуугаар Сэрчмааг шийтгэхтэйгээ л байсан ... би ч бас л "хүнд гар" юмаа.

Одоо тэгээд яахав дээ... дараагийнхаа ажлаа эхэлсэн шинэ шавь нартай болсон... Тэдэндээ манай шавь нар сайн та нар муу гэж ирээд л зандрах нь хуучин хэдээсээ салж амжаагүй шинэ шавь нараа минийх гэж ойлгож аваагүй л яваад байгаа юм шиг санагдана. Ном айлдахаараа л Сэрчмаатай харьцуулна, Буяатай харьцуулна, Эрхэмээтэй Соогийтой харьцуулна... Түүний рекордын эвд гэж Сэрчмаагийн хойч үедээ хүлээлгэж өгсөн "даалгавараар" далайлгана... Буяа та нараас ч дүү, тэгэхдээ л гэж ирээд хөдөлмөрч зүтгэлтэйн "бэлэн үзүүлэн" болгоно. Жаамаагийн бүхий л хүнд үлгэр болмоор амжилтууд, эрдэм сурах хүн бол Эрхэмээ шиг л хөдөлмөрлөх хэрэгтэй гэсэн "теорем" цээжлүүлж байгаа. Соогий шиг "оройтсон бороо" болвоо гэж хамгийн их захина, мэдээж Мөөгөөс хүн бүр сургамж авах хэрэгтэйг сануулна. Энхчимэг шиг байж болохгүй шүү гэдгийг бол "самбар дээрээ сийлсэн" ч болно. Тэгэхдээ л түүний "жирийн" гэдэг ангилалаас "шилдэг" гэдэг ангилалруу шилжиснээр байнга бахархаж дурссаар л байх болно.

ЭЕШ-ын сургалтын хувьд Улаанбаатараас, Бөмбөгөрөөс, аймгийн төвийн сургуулиудаас... өнөө жил төгссөн, ирэх жил төгсөх, ирэх жил ч төгсөхгүй... гэх мэт олон ангиллын "интернациональ" багтай шинэ хичээлийн жилд орж байна. Энэ хүүхэд хамгийн сайн нь юмаа даа гэж ээжийг хэлэхэд нь "шинэ хүүхдүүдийн Сэрчинмаа" нь байгаа юм гэж хариулсан. Үнэхээр ч эд нар дунд маань олон шилдэг Сэрчмаа, Жаамаа, Буяа ... нууд байгаа бизээ. Залуу багш хүний хамгийн хэцүү зүйлийг хөглөн барин тууллаа... дараа жил арай ч уйлж онигоо болохгүй байлгүй дээ. Ингээд л явдаг юм, тэгээд л ирдэг юм гэж бодох биз. Харин 2009 оны 6 сарын 2 бол их л хэцүү байсан шүү... Хойтон жил төгсөгчид маань ихийг сурч, амжилт бүтээлээр дүүрэн ирж, харин бид амижлтаар дүүрэн шинэ төгсөлтөө хийчээд, шинэ элсэлтээ авчаад 8 сарын 1-д тэмдэглэх 2 эрхэмийнхээ төрсөн өдрөөр болзсон хугацаа, цагтаа баяртай уулзахын төлөө бүхнээ дайчлан сурчгаая!!!

1 comment:

  1. This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete