Friday, October 23, 2009

Ээжий

Миний хамгийн сонсох дуртай дуу “Ижийдээ очих юмсан” гэдэг Чинбаагийн дуулсан дуу. 9-р ангид гэрээсээ хол, ээжээсээ хол сурдаг байхдаа сурсан дуу юм л даа. Ээж маань уг нь их хатуу чанга хүн л дээ, биднийг их сайн хүмүүжүүлсэн. Би л гэрээсээ хол олон жил амьдарсан болохоор том болоод нэлээд хүмүүжил муутай болсон байх. Одоо харин ээж маань биднийг загнаж сургамжлах нь их багассан... нас ахиад тэр байхдаа. Нэг л өдөр ээж маань 44 хүрчдэг юм байж... сайхан залуу ээжээс маань зураг л үлдсэн байх юм, ээжийгээ баярлуулна гэж тэмцээд амжилгүй явсаар л, ээж маань 10 сарын 23 бүрд нэг нас нэмж улам хөгширсөөр... Ээжийгээ хоол хийхэд нь ганц удаа ч тусалж үзээгүй байж, өдөр бүр хоол нэхэж идсээр 24 насыг хүрлээ. Төрүүлсэн хүүхдүүд нь хаяад оддог эмэгнэлт хувь тавиланг дайруулахгүй гэж ээжийнхээ дэргэд амьдарч байна. Ээждээ туслана гэж юу байхав, ээж маань надаар туслуулах хүн ч биш. Харин хийсэн хоолыг идэх хүнтэй байвал ээж маань баярлах байх гэж бодоод хоолыг нь идчээд л сууж байна.

Гэр орны ажил огт хийлгүй 10 гаруй жил боллоо, ээж маань “би хүүгийнхээ өмнөөс бүх ажлыг нь хийе, хүү маань түмний хүүхдүүдийг л сургаг” гэж боддог байх. Хамгийн дотны минь зөвлөгч бол ээж маань. Хичээл чинь хэр ахицтай байна гэж үе үе асууна. Тэгээд өөрийн саналаа хэлнэ. Ээжийн хэлснээр ч болдог тохиолдол ч олон, гэхдээ надад бүрэн итгэнэ... Алгоритмын бүхий л сурагчдын ур чадвар, бэлтгэлжилтийг мэддэг хүн шүү дээ. Энэ хүүхэд амжилт гаргах болсон, энэ хүүхдийг чи дэндүү ширүүдүүлээд байна гэх зэргээр байнга надад сануулга өгнө. Амьдралаа шийдэх гэж байгаа болохоор ЭЕШ-ийнханд их анхаарал хандуулна... тэдний хоцрогдол хэр нөхөгдөж байгаа, одоо хэддүгээр ангийн бэлтгэл хийж байгаа, дараа нь яах??? тухай байнга л надаас асууж байдаг. Би хүүхдийг хараад л энэ хүүхэд юм сурах эсэхийг шууд тааварлахыг оролддог. Хичээнгүй бөгөөд цаанаас аал сайн сурахаар төрсөн хүүхэд гэж байдаг, ядаж нүд нь бусдаас өөр байх ёстой гэж би боддог бол ээж маань шинэ хүүхдийг хэдэн өдөр бэлтгэл хийсний дараа миний тухайн хүүхдэд хандаж байгааг ажиглаад энэ хүүхэд хэр ирээдүйтэйг тааварлаж чаддаг, “энэ хүүхдийг чи сургаж чадахгүй юм байна даа” гэдгийг ч шууд л хэлнэ.

Манай сургалтын төвөөс хамгийн их дэмждэг хүүхэд нь Гочоо. Гочоо овоо л сууж байна, сайжирна байгаа гэж ярина. Сая Дундговиос ирэхэд нь Гочоо бас л унасан уу? Гочоо та 2 ч амжилт гаргахгүй юм байна даа гэж намайг ”баалсан”. Одоо чухам юм гэж бодож байгаа юм бол доо, уурлуулаад байвал энэ 2 юмаа сайн хийгээд байх юм байна гэж бодож байж ч мэднэ. Өөрийнх нь хүүхдүүд тэмцэж байж амжилтанд хүрснийг нүдээрээ үзсэн хүн тул бусад эцэг эхүүдэд ч заавар зөвлөгөө өгнө. Хүүхэд яаж зүтгэвэл амжилт гаргадгийг манай ээж шиг сайн мэдэх хүн ховор шүү дээ. Ямар ч байсан Монгол улсын аварга цолонд хүрэх 2-хүүг Монгол улсад төрүүлж, өсгөсөн гавъяатай хүн. Өөрийн болон өрөөлийн олон хүүхдийг тэжээж тэтгэж явна. Айлын хамгийн том хүүхэд болохоор өөрийнхөн 10-аад дүү нарт ээжийнх нь оронд ээж болж бүгдийг нь одоо ч болтол захиргаадаж, зааж зөвлөж яваа.

Ээжийнхээ сайн хүү нь байя гэж бодож амьдарсангүй ээ, зүгээр л сайн хүн байя. Ээжийгээ зовоохгүй л гэж амьдарлаа... сайн хүү мөн эсэхийг ээж маань л хэлэх байх. Ямар ч байсан төрсөн өдрөөр нь нэг ч бэлэг өгч үзээгүй, адаглаад ганц өглөө босоод гал дээр ус залгаж өгсөнгүй... Анхны шагнал, анхны ажлын хөлс энээ тэрээ аваад “өөр” хүнд л бэлэг авч өгье гэж хөөрч байснаас ээждээ ганц зүү аваад өгье, миний хувцасыг оёг гэж бодох ухаан хүрсэнгүй... дүүг эрхлүүлээд намайг эрхлүүлдэггүй гэж дэмий л өөрийгөө зовоож насыг барав. Алдахвий гэсэндээ залхталаа үглүүлж өссөн, тэр бүрд нь уурлаж... үгийг нь тоохгүй мэт өнгөрдөг байв. Гэвч би бээр багын ой тогтоол дэндүү сайн нэгэн байсан. Яаж ч дүргүй хүлээж авсан сургааль, зэмлэл бай олон жилийн дараа надад заавал хэрэг болдог, тэр бүрт нь харин ээжийг би дурсаж амьдардаг. Нэг ч хэлсэн үгийг нь марталгүй амьдарсан, уурлаж байгаад сонссон үгийг нь ч марталгүй амьдралдаа дагаж мөрдсөн шүү ээжээ.

Намайг 19 настай байхад л ээж маань эхнэр аваад өгье чи ганцараа амьдарч чадахгүй гэж хэлдэг байлаа. Тэр үед инээдтэй санагддаг байсан ч, намайг ганцаараа амьдарч чадахгүйд санаа зовоод ямар сайндаа тэгж явхав дээ гэж одоо бодогдож байна. Нөгөө бага ангийн чинь цуг сурдаг байсан охиныг дагуулаад ирэх үү? аав ээжтэй нь сайн танил юм чинь гэдэг байлаа. Дагуулаад ирж чадах л хүн шүү... Залуу хүмүүс хүүхэд өсгөж чадахгүй, сурч чадахгүй тэгэхээр би эмээ болох болоогүй шүү л гэсэн ганц захиас захидаг байлаа. Одоо харин нас нэмээд, үеийнх нь хүмүүс өвөө эмээ болоод, өөрийнх нь хүүхдүүд өссөн тул бяцхан атаархдаг болсон бололтой. Дандаа л манайх удахгүй жаахан хүүхэдтэй болно тэрэнд тааруулж гэрээ янзлана, шатаа янзлана, өрөөг нь янзлана... гээд л ярьдаг болсон. Би ойрд жаахан хүүхэдтэй амьдарч үзээгүй чадах боловуу? гээл нээх том асуудал үүссэн аятай ярина. Өтөлж байгаа юм байлгүй дээ...

Ээжийн маань амьдралдаа барьдаг зарчим нь “засгийн шалыг угаасан ч, гэрийнхээ шалыг угаасан ч чин сэтгэлээсээ хандана”... хэзээ ч энэнээс буцаж үзээгүй гэсэн, би ч буцаж байхыг нь хараагүй юм байна. Надад ч нэвт шингэсэн байх, хөдөлмөрч л бол хэний ч төлөө “үнэгүйгээр” зүтгэж чадах тийм хүнийг Уранчимэг гэдэг хүн хүмүүжүүлж чадсан, өөр хүн бол чадахгүй бизээ. Танай хүүхдий олимпиадад 2-д орсон байна лээ гэж шарыг нь малтсан хүнд “манай хүүхэд түрүүлэх л ёстой, хүмүүс булхайцсан байж таараа, толгойдохыг нь аваад явчаагүй байлгүй дээ...харжил байгаарай” гэж онгирсон гэсэн. Хавар нь би бараг хэлс шахуу хэрэгт унаад толгойтой бүхэн манай ээжрүү дайрч “танай хүүхэд конкурс будилуулсан” гэхэд ээж маань урдаас нь хээв нэг “хэн нь аварга байна?” гэж хэлж зогсож байсан ха ха ха... бас л хүнд гар шүү.
Ээжийгээ баярлуулж чадахгүй л явсаар өтлүүллээ... Өвөл дөн хүйтэнд өдөржин гадаа зах дээр зогсож, зунажин халуун наранд ажиллаж, гахай үүрч хилийн дээс давж биднийг тэжээж тэтгэж амьдаруулж байна. Өөрийн олон дүү нар, өрөөлийн олон хүүхдүүд гээд их л олон хүмүүсийг тэжээж тэтгэж яваа... ээжийгээ ч өвөл хүйтэнд өдөржин дагжин зогсохыг нь хараад л хорвоог туулж байна...

Ээжийн тухай жүжиг зохиосон хүмүүс хамгийн сүүлд жүжигтээ нэр өгөх болж. Тэд маш уянгалаг сайхан нэр өгнө хэмээн нэлээд хайтал хэн нэгэн цэцэн нь “ээжээ” гэж нэрлье. Хорвоод үүнээс “сайхан үг” гэж байхгүй шүү дээ гэж хэлснээр Ээжээ жүжиг мэндэлсэн түүхтэй гэнэ. Ц.Хулан ээж гэдэг нэр чинь энэ хорвоогоос авсан хамгийн том шагнал чинь юм шүү дээ... гэж хэлсэн байдаг. Ижий гэх болгондоо баярладаг ижил мянган үрсдээ урт насалж хайрла ээжээ!

Ээжээ
Уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай л яваа шүү хүү нь...


23 жилийн өмнө.


2 жилийн өмнө.

No comments:

Post a Comment