Friday, October 2, 2009

Цор ганц аварга буюу бидний бахархал

1. Муухан ахад заяасан сайн дүү

Миний амьдралдаа санаж буй хамгийн анхны дурсамж минь ч байж магадгүй... “ааваа дүүдээ нэр өгье л дөө, хэзээ өгөх гээд байгаа юм бэ?...” гэж аавыг нэлээд олон хоног шалсан гэсэн. Би өөрөө бүүр түүрхэн л санадаг юм, намайг 4 настай байхад “цагаан морин” жилийн ардчилалын өмнөхөн манайд морилон ирсэн эрхэм нэгэн зочинд аавын бэлдсэн “Торойбанди” гэдэг нэрийг нь арай л сугалчаагүй юм байх, Мөнгөншагай гэдэг нэр шинэ дүүдээ сугалж өгснөөр уураа хүрэхээр зодчихдог, зовсон цагтаа хамгийн түрүүнд тусламж гуйх... угаасаа миний толгойг түших хувьтай ганц эрэгтэй дүүтэйгээ анх танилцсан. Түүнээс хойш нээх их юм санадаггүй юмаа, өлгийтэй байхдаа ямархуу нөхөр байсныг нь... анх ямар үг хэлж байсныг нь ... мэдэхгүй. Хамгийн анхных нь зургийг авхуулахаар хөл хөөрцөг болон гэр бүлээрээ явж байснаа санаж байна. Уйлаад байхаар нь теннисний бөмбөг бариулж ганцааранг нь зогсоож байгаад авхуулсан зураг түүний хамгийн нялхын үеийг гэрчлэн бидэнд хадгалагдаж байдаг...
Миний насан туршийн харамсал бол “ахтай байгаагүй минь”... харин дүүгийн маань хувьд насан туршийнх нь дарамт “том ах гуай” байсан ч юм билүү... нээх сайн ах байгаагүй байхаа. Би гэдэг нөхөр бие жижиг тул аль ч газар 1-р атаман байж үзээгүй, дандаа л эхний 5-д багтах багахан атаман байсан тул дүүгээ хүнээс өмөөрч байснаа санаддаггүй юм. Харин санаанаас огт гардаггүй нэг зүйл бол дүүгээ харсаар байгаад хүүхдэд зодуулж байлаа. Олон хүүхэд цугласан “үнэгүй поогоо” үзэж байх цаг доор манай дүү нэг этгээдтэй тулалдаж байна... дүүгээ дэмжээд байгаа ч эсрэг тал дэндүү олуулаагийн дээр дүүгийн өрсөлдөгч хүчээр давуу байнаа. Манай дүүг хайр найргүй балбаж байна, тойрон зогссон үзэгчид бүгд л түүнийг дэмжин ялалтанд нь баярлаж манай дүүг шоолж байлаа... Миний уур хичнээн хүрэвч ямар дүүгээ өмөөрөөд дундуур нь ороод өөрөө зодуулалтай нь биш дэмий л харж зогссон... тулаан “ялагдлаар” дууссаны эцэст бантсандаа “чи муу зодуулаад байхдаа яадаг юм” гэж дүүгээ уйлж байхад нэмж загнаж билээ. Орой гэртээ ирээд дүүгээ хамгаалж чадаагүйдээ маш ихээр санаа зовсон ч үнэхээр хүч хүрээгүйдээ гомдож байлаа, харин дүү маань өөрийг нь өмөөрч чадаагүй ахдаа түүнээс ч илүү гомдоо биз. Харин хэзээ нэгэн цагт дүүгээ Монгол улсын аварга болгож чадаад өөрөөрөө бахархаж сууна гэж би яахан мэдэх билээ...
Багын л барилдах дуртайн дээр өөрөөсөө 4 дүү эрэгтэй дүүтэй хүн түүн дээрээ мэх давтаж өссөн байж таараа... Нэг удаа ээж ажлаасаа ирэхэд нь том хэрэг мандааж барилдаж байгаад дүүгийнхээ зовхийг хагалсан байлаа. Тоомжиргүй ахын буянаар нүднийхээ дээд талд үүрдийн соривтой үлдсэн. Харин 2-р ангид байхад нь дүүгээ дагуулж бөхийн тэмцээнд орууллаа. Өөрийн нас ижил 20 орчим хүүхэдтэй тойргоор барилдаж, барилдах бүртээ унасаар ганцхан Алтаншагай гэдэг нэртэй хүүхдийг давж тэмцээнээ өндөрлөж билээ. Ах гуай мэдээж л алган боовны амт үзүүлээ биз. Харин маргааш нь ах гуай яаж барилдах ёстойг харуулж өөрийн ангийхны тэмцээнд өөрөөс хамаагүй том биетэй өрсөлдөгчдөө цувуулан бараг бүгдийг нь хуссаар 2-р байрт шалгарч билээ. За энд хүрээд л миний бөхийн замнал өндөрлөсөн дөө. Үүний хойтон жил би 7-р ангид орсноосоо хойш дахин бөхийн тэмцээнд оролцоогүй, зүгээр л биеэ халаах маягаар багаас сурсан эрдмээрээ цагийг нөгцөөдөг болсон. Дүү маань ч эрдийн мөр хөөж эхэлэн... 3-р ангидаа анх удаа аймгийн олмпиадад оролцож 4-р байрт шалгарч байлаа. Өнөө маргаашгүй аймгийн аварга болж мандахаар тэмцэж буй ахын нөмөр нөөлөг энэ үеэс л дүүд хэрэг болсон байх. Монгол улсын аварга болох аян дайн эндээс эхэлсэн түүхтэй ... тэгэхдээ бартаа саад их байсаан...

2. Түүх болсон зовлонт жилүүд

Ах гуай 8-р ангид байхдаа үеийнхнээс хол тасарч, аймагийнхаа бүх багш нарын урдаас хэрэлдэж байж жинхэнэ аймгийн аварга (миний авсан оноог одоо болтол хэн ч эвдэж чадаагүй байна) болж байх цаг доор дүү минь ахын адил өсөн дэвжихийн оронд бөөрний хүнд өвчинд нэрвэгдэн хичээлдээ ч явж чадахгүй гам сахин гэртээ суудаг болов. Мэдээж өсөн дэвжих хүүхэд насандаа гэртээ хориотой, эсвэл эмнэлгийн орон дээр өвчнөө эмчлүүлэн хэвтэх ямар сайн байхав дээ. Ширүүн хөдөлж болохгүй, амттай хоол идэж болохгүй... гээд Шагайгаас өөр хүүхэд бол тэвчихэд бэрх даваануудыг туулсан даа. Багын л онц сурдаг, төлөв даруухан сайн дүү байсан хүнээс “бүрэг эчимхийгээс” өөр юм бараг үлдэхгүй болтлоо л хүнд өвчинд нэрвэгдсэн. Хүний өмнөөс үг дугарахаа больсон, ганцаардмал 2 жилийг эмнэлгийн орон дээр хичээл завсардан хэвтэж өнгөрөөсөн... нүүрнэ сүмочин аятай хавдсан... үргэлж л өвчиндөө шаналж хэвтэх дүүгийн маань хувьд ердөө л “ээжийнхээ хажууд гам сахин насыг барах” гэсэн золгүй хувь тавилан хүлээж байсан бизээ. Харин манай дүү бол ийм хүнд зүйлд ч бууж өгөх нэгэн биш ажгуу... тийм жаахан хүүхдэд баймааргүй тэвчээр гарган гам сахиж, эмчилгээгээ сайн хийлгэсний үр дүнд 6-р ангиасаа өвчин нь эдгэрч эхэлсэн... нэг сайхан нартай өдөр аав маань баярын нулимастай шинжилгээний бичиг барин гүйн орж ирээд “миний хүү эдгэчихсэн байна...” гээд тэврэн үнсэж байсан нь манай гэр бүлийн хувьд хамгийн том баярууд нэг нь байсан... одоо түүний шинжилгээ өгөхдөө хэргэлэдэг байсан варианы шилэн сав огт хэрэггүй зүйл болжээ... би түүнрүү чулуу шидэж хага цохиж тогловол таарна...

3. Бурханы элч Далайжаргал

Ийнхүү шинээр дахин төрсөн дүүгийнхээ өмнөөс бурханд баярлахын сацуу ахынхаа үүргийг нэр төртэйгээр биелүүлэх томоохон үүрэг миний өмнө тулгарсан. Би оюутан болж дүү маань 7-р ангид орж бие нь их сайжирсан ч сурлага бол ойлгомжтой зүйл болсон байсан хэрэг, математик бол зүгээр л “мэддэггүйд эрээн цоохор” гэгч нь болсон. Яг энэ үед ах дүү 2-ыг бас нэгэн аз дайрч түүний ирээдүй цэлийтэл нээгдсэн юм. Миний шавь Далайжаргал 9-р ангидаа аймгийн аварга мэдээлэл зүйч болоод улсын олимпиадад оролцоод буцах болов. Би хулган байж түүнд нэгэн санал тавилаа... “манай бага дүү гэж ёстой өнгөрсөн хүн байна, хичээл ном гэж байхгүй... одоо ганц л боломж байна, чи түүнд мэдээлэл зүй заах гээд оролд... амжилттай болбол түүгээрээ хоолоо олж идэг...” гэж хэлэв. Мэдээж амжилтгүй болбол ээжийнхээ дэргэд “бараа зөөж” насыг барах тавилан түүнийг хүлээж байсан байх. Ийм их хоцрогдолтой хүнд 9-р ангийн хүүхэд цоо шинэ мэдээлэл зүй гээч зүйлийг зааж өгнө гэдэг бол бараг л боломжгүй зүйл дээ. Далайжаргал Мөнгөншагай 2-оос өөр хүн бол “чадахгүй” байх байсан бизээ... Эргэлзэж байсан ч надад өөр сонголт байсангүй... Далай ч надаар эрдэм заалгасан ач, хоочдоо заалгах ирээдүйгээ бодсон байж таараа, гэхдээ Далай бол ах дүү бид 2-д бурханаас илгээсэн ховорхон нэгэн эрдэнэ юм шүү дээ... Түүнээс өөр хүн ийм хүнд бэрхийн ард бол яагаад ч гарч чадахгүй, Цагаан ахынхаа дүүг юм сургачихмаар байдаг... даанч нөгөөдөх нь “хүнд гар” байдаг... За ингээд л Жаамаа Шагай Далай 3-ын ялгуулсан сайхан түүх эхэлсэн... Өсөн дэвжиж байгаадаа урамшин өдөр шөнөгүй зүтгэцгээсэн... ямархуу их хөдөлмөрлөснийг нь тэдгээрийн гаргасан амжилтуудаас шууд харж болно. Тэдний гаргасан хөдөлмөр, зовсон зовлонг хэмжихэд даанч хүнд бөлгөө... “дугарахгүй байхаар нь дахиад заачихдаг” гэсэн Далайгаас өөр хүний амнаас даанч унамааргүй алдартай үг байдаг шүү дээ... Сайхан муухай ч том ах гуайн хийсэн буяны мөр дүүд маань буусан хэрэг юм байна гэж би үргэлж баярлаж явдаг.
Далай маань 10-р ангийн сурагч Важпайн олимпиадад ирж оролцоод Доржоо бид 2-ыг баярлуулан шагналт 4-р байрт шалгараад буцахдаа надад нэгэн баяртай мэдээ дуулгав. Манай Шагай үнэхээр авьяастай... ийм хүнд бодлогыг (тоолдог эрэмбэлэлтийн үндсэн бодлого) өөрөө бодчихсон... бэлтгэлээ ч махарч сайн хийдэг, ер нь л их сайн болно доо... гэсэн нь намайг магнай тэнийтэл баярлуулав. Ирээдүйд улсын аварга болно гэж бодоогүй ч чулуу өшиглөж явахаас нь хойш бэлтгэсэн багш нь ийм дүн тавьж байгаа хүүхэд яавч амжилтанд хүрнэ гэсэн итгэл төрж байв. Мөн ээж маань “Шагай компьютераасаа сална гэж огт байхгүй,тэрэндээ ёстой их дуртай... бусад хичээл энэ тэр өнгөрсөөн... чих халууцуулаад л байгаа... одоо тэгээд дуртай юмаа хийж л байг дээ” гэдэг болсон нь тэрээр өсөн дэвжиж байгаа нь ойлгомжтой байлаа. 8-р ангид байх тэр намраа ХҮДС-ийн нэрэмжит уламжлалт олимпиаднаас анхны алтан медалиа авч Монгол улсын аварга болох гараагаа тавьсан. Өвөл бид “Мэдээний цаг” бүлгээ байгуулсны 1 жиийн нэрэмжит олимпиадыг зохион байгуулж Шагай түрүүлснээр түүнд би өөрийн биеэр онц гэсэн үнэлгээг өгөв. Харин хүний багш, хүний ах гэдэг үнэхээр сайхан... хавар болсон 1-р сургуулийн нэрэмжит олимпиадад 8-р ангийн төрөлд түрүүлчээд 10-р ангийн төрөлд дахин өрсөлдөж байсан шавьдаа Далай ах нь боломж олгож өөрийнхөө материалийг хураалгалгүй гарснаар Шагай маань нэг доор 2 алтан медаль хүртэж ёстой л нэг жигүүр нь тэнийсэн дээ. 2 медалиа зүүчээд гудамны доод үзүүрээс л сүрийг бадруулан медалиудаа дугарагасаар л ирсэн хэмээн аав ярьдаг бол эгч нь “Шагай тэр орой дуу нь их чанга болчихсон оройжин л ярьсан” гэж дурсдаг юм. Олон жил өөрөөсөө өөр хүнтэй бараг ярилцаагүй дүүгийн маань нар нь гарч өөрийгөө хүмүүст таниулах, олон жил хэлж чадаагүй бугшиснаа онгойлгуулах сайхан боломж олдсон юм байгаа биз. Маргаашнаас нь эхлээд дахиад л бэлтгэл... өсөлт дэвжилт... Аймгийн олимпиадад миний ард орход нь “нэг сургуулийн 2 хүүхэд эхний 2 байрт орж болохгүй” гэдэг манай аймгийн бичигдээгүй завхралын дагуу 3-д оруулсан тухай гомдлыг Далай надад мэдүүлэв. Харин бид нар оюутан болоод Ганзориг багш дээрээ хагас сайн өдөр бүр тусгайлан бэлтгэл хийдэг байлаа. Нэг удаа багш маань бэлтгэлдээ ирэхгүй байхаар нь залгатал урдаас “танай нутагтаа явж байна” гэж авав. Манай аймагт Батсуурийн нэрэмжит математикийн олимпиад гэж зохион байгуулаад манай багш найзуудын хамт комиссоор очиж. Тэр математиктийн олимпиадад манай дүү цоорон түрүүлсэн нь олон хүнийг гайхуулсан хэрэг болов. Энэ амжилт нь дандаа мэдээлэл зүйгээр бэлтгэж буй дүүгийн маань хувьд сэтгэл зүй, ур чадварын хувьд аймгийнхнаасаа хол тасран гарсныг надад ойлгуулж байв.

4. Сорилт

Ингээд л миний туулсан зовлон дүүг маань дахин нөмрөв. Баянхонгорт сайн хүн байж суух арга даанч үгүй билээ. Тэд хүнийг өөрсөд шигээ муу хэмээн сэтгэнэ, муу байлгахын төлөө, муу болж харагдуулахын төлөө үхэн хатан тэмцэнэ. 8-р ангийн хүүхдээс бүгд мэдлэгээрээ дутуу байж “чи чаддаг юм бол маргааш дахиад бодоод түрүүл, өнөөдөр оноог чинь нэмж өгөхгүй” гэж мулайна... дүү минь над шиг математикийг “би мэддэг юмуу чи мэддэг юмуу” гэж уйлж хэрэлдэж байгаад бүгдийг нь ялж чадаач уу үгүй ч үү... тэгээд ч өөрийг нь хурцлах өрсөлдөгч, өөрт нь заах багшгүй болсон тул дүүгээ хотод татаж авъя гэсэн шийдвэр хатуу гаргав. Ээж маань дүүгий биенд үргэлж санаа зовдог тул надад амархан өгч явуулна гэж байхгүй, мөн том дүү маань оюутан болж хот явж буй тул аав ээж 2 маань хоюулахнаа гэртээ үлдэх хэцүү байж таарна... том хүүд ч энэ хамгийн хэцүү зовлон байдаг юм. Үр хүүхэд төрүүлээд өсгөдөг, тэд эцэг эхээ хаяад нисэн оддог... За ингээд л арга сийлж “дүүгээ лецейд” оруулна хэмээн аав ээжийг молиго үмхүүлээд хотруу авч одов. Мэдээж огт тоо чаддаггүй хүүхдийг лецейд оруулж зовоохгүй нь ойлгомжтой, тэгэхдээ тэр үед аав ээжийг үүнээс өөрөөр хуурах арга олдоогүй юм. Гэрийн мухар сахиулаад мэдээлэл зүйгээр нь бэлдэнэ гэвэл тэд зөвшөөрхгүй. Муу ч гэсэн сургууль шиг юманд сурч байгаад төгсөг гэх байсан л даа. Харин би арай өөрийг сэтгэж, алсыг харж байлаа... 10-р анги төгссөн гэрчилгээ хаанаас олох бэ? гэдэг л ганц асуудлыг “хонгор” сургуулийн эчнээ ангид сурдаг гэсэн нэрээр аргалахаар болов. За ингээд л бэлтгэлдээ орлоо... 3 том багштай хүнд би лав атаархаж явдаг... Доржоо бид 2 бол юуч мэдэхгүй байхаасаа зөвхөн бие биендээ л найдаж зүтгэж байсан бол Шагайд хэргэм зэрэгт хэдийнээ хүрсэн 3 ах, 3 багш байлаа... түүний чадвар өөрийнх нь нөр их хөдөлмөр, ах нарынх нь хичээл зүтгэлээр хурдтай дээшилж 9-р ангид байхад нь улсын олимпиадад медаль авна гэсэн тооцоо хийгээд оруулав. Уяач хүн бүтэн жилийнхээ хөдөлмөрийг 5 настай хүүхэддээ даатгаад мордуулдаг шиг улсын том олимпиадад орж үзээгүй туршлагагүй дүүдээ медаль авахыг даалгаад мордуултал аз таарсангүй гэнэн алдаа гаргаж медалиас мултрав. 2 дахь өдрийн бодолтоороо 2-р байр эзэлсэн бөгөөд эхний өдөр гэнэ алдаагүй бол мөнгөн медаль авах боломж байлаа. Үүнээс хэдхэн хоногийн өмнө би ч өөрийнхөө оролцсон улсын програмчлалын олимпиадад бүтэлгүйтэж халаасанд байсан алтан медалиа алдаж байсан нь бид 2-ыг бурхан сорьж үзэж байсан хэрэг бололтой. Сэтгэл ихэд гундуухан байсан би бээр өөрийн төрсөн өдрөөрөө аав ээждээ “төрүүлж өсгөснийх нь хариуд хойтон жил дүтэйгээ цуг улсын олимпиаднаас заавал медаль авнаа” гэж амлав. Заримдаа энэ их тэмцлийг хаяад зугтмаар үе гардаг... гэхдээ л би бол төрөхдөө л бусдаас аяархан дуугарахгүйн тулд хэт чанга орилж төрж байсан болов уу гэмээр төрөлхийн тэмцэгч нэгэн билээ. Дүү маань ч үр дүн нь хэзээ гарах гээд байгаа нь ойлгогдохгүй хүнд хүчир удаан хуацааны бэлтгэл, гэрийн мухар сахиж, ус авч, програм бичих гэсэн хэвшмэл амьдарлаас уйдах үе гардаг байсан нь мэдээж. Бид харин зорилгоо хаяж зугтаж өөрсдөөсөө урваагүй, энэ олон сорилтуудыг даваад л гарсан. Гэхдээ Мөнгөншагай бол Монгол улсын аварга болохоор л заяагдсан хүн гэдгийг нь би хожуу ч гэсэн ойлгосон юм.

5. Том юманд л хүрэх гээд байж...

Хүн алдаж болно, алдаанаасаа л суралцах нь хамгийн чухал зүйл... би бол хангалттай олон алдаа гаргаж, олон удаа бүтэлгүйтэж байсан хүн... энэ бүхэн маань намайг багш болох ёстойг маань алхам алхамаар ухааруулж байсан ч юм билүү... одоо шавь нараараа алдаагаа давтуулахгүйн төлөө... өөрөө алдаж байсан хүн алдаснаасаа ч илүү ихийг олохын төлөө тэмцдэг нэгэн болсон. Түрүү жилийнхээ алдаандаа бид бүхэн дүгнэлт хийж сорил олныг хийв. Энэ үеэс л миний сорил хийх гэдэг өвчин үүссэн түүхтэй байх... одоо бол олон удаагийн томоохон сорил зохион байгуулж шавь нараа сургадаг үндсэн аргатай болсон. Манай хашир уяачид юу гэж л огт хэрэггүй “сунгаа” гэдэг зүйлийг хийв гэж дээ. Олон мянган жилийн шалгарсан арга энэ байж таараа... Шагай маань ч сорил дээр гялалзсан амжилт гаргаж Далай ахыхаа ачийг байнга “хариулна”, надаас бусдыг л дийлж үзсэн дээ. Харин одоо ч миний хамгийн их жийрэхдэг хүн бол Шагай... бусдаас нь бол хэзээ ч айхгүй халз тулахад бэлэн байна... аймгийн олимпиадад оролцуулж Жаамаагийн 4 дараалж түрүүлэх байсан амжилтанд завсар оруулсан нь Шагайг аймгийнхаа нэр дээрээс “улсын аварга” болоосой гэж хүссэн хүсэл маань байлаа. За ингээд хүсэн хүлээсэн мөч буюу Монгол улсын олимпиад эхэллээ... ээжид улсын олимпиад эхэлхээс сарын өмнө “энэ жил дүү улсаас медаль авч Олон улсын олимпиадад явна, та мөнгөө бас захих юумтайгаа бэлдэж байгаарай” гэж томорч байсан нь дүүгийн бэлтгэл дээд цэгтээ хүрсэн байжээ гэдгийг ойлгуулдаг юм. Хэдхэн хоногийн өмнө болсон улсын програмчлалын олимпиаднаас би өөрөө медаль авч амлалтынхаа “качикоши“-г (сүмод 50%-аа хийх гэсэн үг) хийсэн байлаа. Олон жил мөрөөдсөн мөрөөдөл, хүсэл зорилго, тэмцлийнхээ үр дүнд хүрч, хамгийн гол нь багшийнхаа ачийг бага ч гэсэн хариулж өөрийнхөө ахалсан МУИС-МКС-ын програмчлалын шигшээ багаа Монгол улсын аварга баг болгоод амжсан байв. Шагайгийн хувьд бол өрсөлдөгчид бас л хүнд байсан үе. Түрүү жил нь улсын аварга болоод олон улсад явчихсан Мөнхжаргал, Хожмоо улсын 2 удаагийн аварга болсон Амар зэрэг Дарханы ширүүн өрсөлдөгчдийг бүгдийн нь буулган авах хэцүүхэн даалгавар түүний өмнө байв. Хагас сайн өдрийн өглөө жирийн л нэг Мөнгөншагай гэдэг жаал аймгийн аварга гэдэг цолоо өвөртлөөд ах нараа дагаад улсын олимпиадад оролцохоор очиж байсан бол үүнээс ердөө 30 гаруйхан цагийн дараа “Монгол улсын аварга Мөнгөншагай” хэмээх эрхэм бидний өмнө зогсож байлаа. Өмнө нь Баянхонгорчууд төгсөх ангидаа ийнхүү улсын аварга болж байгаагүй билээ, мэдээлэл зүйгээр мөнгөн медаль ч авч үзээгүй байсан хөгжил бууриа энэ аймгийн жирийн нэгэн төлөөлөгч олон жилийн нөр их хөдөлмөр зүтгэлийнхээ үр шимийг амсан “анхны” хэмээх хэзээ ч, юугаар ч сольж болдоггүй амжилтын эзэн нь болсон билээ. Дугарахгүй байхаар нь дахиад заачихдаг байсан анхны бөгөөд үүрдийн багш Далай ах, Дуу цөөтэй ч дүү нарынхаа төлөө бүхнээ зориулдаг... одоог хүртэл түүнийг удирдан бэлтгэл хийлгэж байгаа Доржоо ах, мэдээ орсон цагаас нь л эхлэн ахын “хайр, хал” 2-оороо түүнийг өдий хүртэл тэтгэсэн Цагаан ах, төрсөн 2 эгч, төрүүлж өсгөсөн аав ээж, нас дээр гарсан хөгшин буурай ээж зэргээ баярлуулан удам угсаа, төрөл төрөгсөддөө үеийн үед дурсагдах томоохон гавьяаг өөрийн ухаан бодол, хөдөлмөр зүтгэл, авьяас билэгээр бий болгосон хүн бол Мөнгөншагай бөлгөө. Баянхонгор аймгаас төрсөн мэдээлэл зүйн аварга бүр түүнд мэхийн ёслох ёстой бизээ! Доржоо, Далай бид 3 бүгд л улсын олимпиаднаас медаль авах боломжтой үедээ алдаа гаргаж медальгүй хоцорч байлаа, энэ бүхний эцэст аварга дүүг авах ёстой цолондоо хүрсэнд Доржоо маань дүгнэлт болгож “том юманд (аварга цолонд) хүрэх гээд л бид нар медаль авдаггүй байсан юм байна...” гэж дүгнэсэн нь бидний 1999 оноос хойш 2007 оныг хүртэлх 8 жилийн тэмцэл, зүтгэл, хүсэл мөрөөдлийг багцлан хэлсэн болой. Ээж маань угийн шазруун хүн тул “Цагааны хүнийг зарц болгохгүй” гээд миний оюутны төлбөрийг төлье гэсэн байгууллагуудыг эс тоон өөрөө миний төлбөрийг “гахай үүрч” төлсөн бол би ээж аавдаа туслах юмсан гэж хүссэн хүсэлдээ бага ч гэсэн хүрч дүүгээрээ оюутных нь төлбөрийг нь олуулж өөрөө багахан баясаж байлаа. Харин аав маань бүтэн сайны орой л надаас “за бараг түрүүлчлээ... одоо хамгаалалт явагдаж байна, энэ дуусаад л албан ёсоор түрүүлсэн нь зарлагдана, одоо хүлээж байна...” гэсэн мэдээг дуулаад л “тас үсэрсэн” бололтой яг 24 цагийн дараа надруу дахин залгаад “за яасан? Хамгаалалт нь дуусч байна уу?” гэж асууж билээ... “дууссаан, шагналаа авчихсан ш дээ” гэхийг дуулаад сая л нэг юм ухаан орж “аварга хүүтэй” болсноо ойлгож байлаа...

6. Амжилтын товчоон

Олон улсын мэдээлэл зүйн олимпиадад оролцоод медаль аваагүй гэдгээ дуулаад маш хүнд байдалд орсон гэж цуг явсан найз нар дурсдаг юм. Бодвол ахын царайг яаж харнаа л гэж бодсон байх... мэдээж би олон улсын олимпиадад анх удаа шавиа оролцуулж байгаа хүн амжилт нэхэхгүй шүү дээ. Харин аварга дүү арай өөрийг сэтгэж явсан юм билээ, онгоцны буудал дээр буугаад “намайг хойтон явуулах юм бол би заавал медаль авчрана” хэмээн хэлж байв. Энэ үгийг нь Батчунаг найз нь ч мөн л давтан хэлж байсан нь одоо эргээд бодоход 9-р ангидаа улсаас мөнгөн медаль аваад олон улсад яваад туршлага суусан бол дараа жил нь медаль авчрах ч байсан юм билүү гэсэн бодол төрдөг л юм гэхдээ түүх л бол түүх шүү дээ... Оюутан болоод 1-р курсын оюутан байхдаа оюутны програмчлалын олимпиаднаас мөнгөн медаль хүртлээ. Эхний өдөр амархан бодлого яагаад муу бодов гэхэд урдаас “бусдаас арай өөр бодоё гэж бодож байгаад жаахан алдчихлаа” гэж хариулсан нь аргагүй л аварга хүний амнаас унах үг бизээ. Улсын аварга болохдоо Ц.Дүүрэнбаярын нэрэмжит тусгай шагналыг давхар хүртэж байсан бол Ц.Дүүрэнбаярын нэрэмжит анхдугаар олимпиадад багаараа түрүүлэхдээ болон Бэйжингийн бүсийн олимпиадад оролцохдоо багийнхаа голлох код бичигч байсан билээ. 2009 оны үндэсний аварга багаар МУИС-МТС-ын баг ээлжит нэгэн удаагаа тодорход багийн ахлагч нь байлаа. Монгол улсын аварга Сүхбаатарын Мөнгөншагай гэж эрхэм өнөөдөр буюу 2009 оны 10-р сарын 2-ны өдөр 20 нас хүрч байна. Тэрээр 20 наслахдаа маш доод түвшнээс хэний ч санаанд оромгүй том амжилтыг гарган гялалзан мандсан нэгэн билээ. “Жирийн... муу...” гэсэн ангилалаас Монгол улсын аварга хэмээх хэрийн хүний хүсээд хүсээд хүрдэггүй цолонд хүрсэн энэ эрхэм одоогоор Монголын мэдээлэл зүйн 21-р олимпиадны аварга, Монголын програмчлалын 18-р олимпиадны мөнгө, Монгол улсын үндэсний аварга багаар 2 удаа тодорч, Ц.Дүүрэнбаярын нэрэмжит олимпиадны багийн аварга, Фүжи энфокс олимпиаднаас хүрэл медаль хүртэж Хорват улсад болсон олон улсын мэдээлэл зүйн олимпиад, Бэйжингийн бүсийн багийн олимпиад зэрэгт эх орноо төлөөлөн оролцоод байна. Хүн мэддэг юмныхаа тухай л ярьдаг юм. Харин миний мэдэх зүйл бол миний нүдэн дээр хүнд өвчний савраас сугаран гарч шидийн гэмээр амжилт гарган Монгол улсын хамгийн шилдэг нь болж чадсан дүүгээ үргэлж дэргэдээс нь харж байсан нь... одоо бол миний шавь нартаа ярьж өгдөг хамгийн сайхан түүх, хөдөлмөрлөсөн хүн өсөн дэвждэгийн хамгийн тод жишээ бол аварга дүүгийн маань одоо ч үргэлжилж буй “ялгуулсан замнал” билээ.

7. Аваргын жимээр...

Хэн нэгэн хүн Асашёрюү Дагвадорж бол Монгол улсын “үндэсний баатар” юм, түүний сүмонд олон түрүүлсэн амжилтаас хол илүү гавьяа бол “Монгол эрчүүдийн өөртөө итгэх итгэлийг сэргээж өгсөн явдал юм” гэж өгүүлсэн байдаг. Би үүнийг бүрнээ дэмждэг. Үндэсний баатар гэдэг бол зүгээр л нэг ажил хийсэн, амжилт гаргасан хүн биш “үндэстнийхээ итгэл сэтгэлийг бадраасан, тэдгээрийг манлайлсан хүнийг” хэлнэ гэж бодоод байна. Энэ утгаараа бол Мөнгөншагай анхдагч бөгөөд цор ганц аварга төдийхөн биш Баянхонгор аймгийн ирээдүйн мэдээлэл зүйчдийн итгэл, зүтгэлийг нэмэгдүүлсэн гэдэг нь Баянхонгор аймгийн мэдээлэл зүйн шинжлэх ухааны “баатар” нь юм байна гэсэн дүгнэлтэд шууд авчирна. Сайн багш байвч түүний бэлтгэсэн шавь л бодитоор цойлон гарч байж тэр багш жинхэнэ сайн гэдэг ангилалд багтана... энэ бол түүний ах нарт бүгдэд нь хамаатай зүйл... би аварга шавьтай болчлоо, бидний дундаас аварга төрлөө гэдэг нь бид ямар ч ажил хийж чадах юм байна, одоо Монгол улсын аварга болчихсон юм чинь Олон улсын олимпиадад бэлтэж эхлье гэх зэрэг дараа дараагийн шинэ зорилтуудыг бий болгож өгч байсан. Мөнгөншагай аварга болж байхад би медаль авч чадна гэсэн шууд логик ургаж байгаа нь Жаамаа 10-р ангид байхдаа улсаас медаль авах хамгийн том хөшүүрэг нь болсон, энэ медаль амжилт нь түүнийг 11-р ангидаа медаль авах 100%-ийн баталгаа нь болж байлаа... яг үүний ижлээр дараагийн хүмүүс Шагай аварга болоод Жаамаа 2 медаль авчлаа би 3-ыг гэсэн зорилт, итгэл үүсч байгаа нь Баянхонгороос төрөх дараа дараагийн аваргуудын сэтгэл санаа, өөрийнгөө дайчлах чадварт бодитоор нөлөө үзүүлнэ. Дөнгөж 20 гаруйхан насандаа аварга шавьтай болсон багш нар, ах нарт урам зориг орж тэдгээрийн ажлын бүтээмж, амжилтын бухиа төдий чинээ наашилсан... Жаамаагийн медаль авах хугацаа ч мөн л наашилсан... түүний араас “Алгоритм” сургалтын төвөөс төрөх дараагийн шилдгүүдийн амжилт ч наашилсан... энэ олон дэвшил нь Баянхонгор аймгийн мэдээлэл зүйн хөгжилд “томоохон түлхэц, үсрэлт” болж өгсөн. Мөнгөншагайгийн бодит гавьяа энэ ажгуу... Монгол улсын аварга СҮХБААТАРЫН МӨНГӨНШАГАЙ... эгэл даруухан энэ эрхэмтэй өглөө бүр нэг гэрт сэрж, өдөр бүр нэг л сайхан ээжийнхээ хийсэн хоолыг хамтдаа идэж, Сүхбаатарын хүүхдүүд гэж овоглогдон явах хувь тавилан “азаар” надад заяасан... хагас сая орчим сурагч Монголд байдаг, тэдгээр сурагчдын дундаас олон улсын олимпиадтай томоохон төрөлжсөн олимпиадын 5 6 төрлийн нэг нь болох мэдээлэл зүйн шинжлэх ухаанаар өөрийн үеийнхнээ манлайлан “аварга” болох хувь тавилан 2007 онд ганцхан хүнд л тохиосон... тэр нь Сүхбаатарын Мөнгөншагай... хэн нэгэн Бат, Болд биш миний төрсөн дүү шүү дээ... ах нь болж төрснөөрөө би сургах, дүү нь болж төрснөөр Шагай маань миний хийж амжаагүйг гүйцээх үүрэг бидэнд оногдсон... бид чадсан... Баянхонгор аймгаас төрсөн төгсөх ангидаа Монгол улсын аварга болсон цор ганц сурагч, бидний бахархал... Баянхонгор аймгаас төрсөн мэдээлэл зүйн олимпиадны анхны аварга Сүхбаатарын Мөнгөншагай 20 нас хүрлээ... Баянхонгор аймгийн мэдээлэл зүйн баатар байснаа цааш үргэлжлүүлэн аймгийнхаа баатар... үндэсний баатар болоорой... бага хүмүүн багыг зорьдог бол их хүмүүн ихийг зорьдог ажгуу... Байгуулсан гавьяаг чинь үеийн үед дурсаж, бахархаж... аваргынхаа жимээр дараа дараагийн аваргуудыг төрүүлэн гаргасаар л байх болноо...

Монгол улсын аварга Сүхбаатарын Мөнгнөшагайн ганц ах Монгол улсын аварга Сүхбаатарын Цагаан. 2009-10-01

No comments:

Post a Comment