Monday, October 12, 2009

Архангайг зорьсон тэмдэглэл

Дундговийн олимпиадад оролцоод явж байхад л 2-р сургуулийн Мөнхбат багш Архангай явах тухай ярьж эхэлснээр бид энэ олимпиадад зорин очиж оролцов. Түрүү жил 6 хоногийн хугацаанд хүүхдүүд бэлтгэж Архангай явуулж байхдаа л "дараа жил амжилт гаргана даа..." гэсэн хүсэл, тэмүүлэл төрж байлаа. 2-р сургууль машинаа гаргаж өгсөн ба аймгийн иргэдийн төлөөлөлчдийн хурал замын зардлыг шийдвэрлэж өгснөөр энэ удаа бид халааснаасаа тийм ч их мөнгө гаргалгүй тус олимпиадад оролцож байна. Эдгээр хүмүүс болон албан байгууллагуудад хийх ёстой ажлаа сайн хийсэнд нь талархал дэвшүүлье. Харин надаар хүүхдээ бүтэн жил сохор зоосны ч төлбөргүй бэлдүүсэн ч жилд 2-хон удаа олимпиадад оролцуулах гээд явахаар "гар татдаг" эцэг эхчүүд хүүхдийнхээ ирээдүйн өмнөөс ичиж үхвэл таарна. Тийм хүүхдийг би юуны төлөө, яах гэж дахиж бэлтгэх билээ гэсэн сэтгэгдэл төрөөд урам хугарч байна. Эргэж харах зүйл байгаа нь харагдсаан.
За ингээд Мөнхбат багш маань дэмжиснээр бид нутгаасаа жолооч Шаагаа ахынхаа хамтаар гарах боллоо. 7 жилийн өмнө дөнгөж ажилд орж байсан Шаагаа ах, Мөнхбат багш, Далайжаргал бид нар хамтдаа энэ олимпиадад оролцож медальтай буцаж байлаа. Энэ удаа ганзага нийлдэг хүнтэйгээ цуг явж байгаадаа бэлэгшээн, голын зах дээрээс 1 болон 2-р сургуулийн удирдлагуудаар гаргуулаад аян замдаа мордлоо. Дэвшилтийн 7-гоос 11-р ангийн 6 сурагч үндсэн багийн бүрэлдэхүүнд дээр нь нэмээд 2 сурагч хувиараа оролцож байгаа гэсэн статустай миний ахаласан багт төвийн 3 сургуулийн тус бүр 1 багш семниарт суух зорилгоор багтан явлаа. Чимэдширчин тэргүүтэй манай багт Эрдэнэмээ, Гончигдорж нарын сайн математикч болох итгэл найдварууд багтаж байгаа бөгөөд Өнөболд, Мөнхдалай, Юмжирдулам нарын шинэ хуучин цэргүүд дээр хувиараа Бат-Амгалан, Халиунаа нар олимпиадны туршлага өөрийн ур чадвараа нэмэгдүүлэхээр явж байна. Эрдэнэцогтоор дайрч хийдэд мөргөөд, ганц ч хадаас ороогүй баригдсан гэх сүмийн гадаа зураг ахлууснаар аяллын маань зам шуудрав.

Нутгаас гараад л сонин сайхан зүйлтэй замын турш олон таарнаа. Түйн голоо өгсөн "хөл саяын" даваа гэх Баянхонгор аймаг Архангай аймаг 2-ыг зааглах даваагаар давангууд дунд Тамирын голыг уруудан явах сонин байдал үүсэнэ. Тамирын голыг олон удаа хэрэн гатлахад Орос фургон машин Шаагаа ах 2 маань алзахгүй ээ. Их сургуулийн нэг төгсөлт Түвшинтөртэйгээ муушигдаж явсан оюутан насаа дурсан элдвийг ярингаа хангайхны зарим талаараа атаархам амьдралыг харж шагшиж явлаа. Хангайн сайхны тухай хэдхэн баримт сөхөе:

1. Энд мэдээж маш олон өндөр уул байнаа. Говийн хүүхэд Төрөө маань нүд тэнийтэл сайхан алсыг харж чадахгүй явсаар зүдэрчлээ гэж байх юм. Уул болгоны араар их хэмжээний модтой, зун байсан бол ёстой сайхан ногоон юм харагдах байсан байх, энэ удаа бол зүгээр л намрын гунигтай шарласан, нүцгэн модод...

2. За нэгэнт модтой юм чинь хангайнхан бол жинхэнэ говийнхны атаархалыг төрүүлмээр туйлна даа. Энд аргал түүх тухай ойлголт огт байхгүй, аргалаас элч сайтай бэлэн сайхан мод байхад тэгж илүү их хөдөлөр гаргаж, бага дулаан авая гэх хүн мэдээж байхгүй. Тэр аргалыг нь харвал говийн чавганц нар бол шууд атаархаад харвачмаар юм байна лээ.

3. Хангайн биш хүмүүс бол (говь, тал хээр, алтай...) өвөлжөө гэж том аюул байдаг. Тэд хороогоо чулуугаар хийж, саравчийг нь банзаар хийдэг. Төл малын байр гэж тусдаа 2 юм байдаг. Энд бол хороог шууд л уулын модоор хийнэ. Саравч нь гэхэд арай нарийхан уулын мод... хороо нь маш олон өрөөтэй...

4. Хангайхан бог мал цөөтэй байдаг гэнэ. Чоно энээ тэрээ гээд аюул их байдаг тул баахан сарлаг л өсгөдөг бололтой. Бог цөөхөн тул их олуулаа нэг доор айл саахалт буух боломжтой юм байна. Говийнхон бол олон богтой тул тэр хашаа хороондоо багтахгүй шүү дээ. Энд бол хашаа, хороо барих үнэн амархан байдаг нь тэднийг олуулаа нэг доор байрлах сайхан боломж олгоно. Нээх их олон хашаа, хороо үргэлжлүүлээд л нэг дор барьсан нь бригадын төвийн дайтай юм билээ. Тэгээл өвөлжин цай хураагаад л, муушигдаад л... (мэддэг бол мафидахгүй юу!...)... хаяа сайхан party зохион байгуулаад л олуулаа овоороод байж байдаг бололтой.

5. Өөр газарт бол морины уяа гэж нандин зүйл байдаг. 2 шонтой, түүнийгээ хэтэсээр холбосон... нүүх бүртээ шонгоо ачаад л явдаг шүү дээ. Энд бол морины уяа бол ямар ч хэрэггүй зүйл. Гэрийнх нь гадаа л мод ургачихсахн байгаа... Тэд 2 шон мод хатгаад, хэтсийг нь бас арай нарийнхан уулын модоор хийнэ. Нүүхдээ мэдээж нандигнан эвхэж аваад л, шинэ буудал дээрээ очиж газар ухан шонгоо суулгана гэж байхгүй. Шинэ газар нүүж очлоо, 2 мод босголоо... 3 дахь модыг дээр нь хадаж хэтэс хийлээ гүйцээ... Унага уявал гүүн зэлээ ч энэ аргаараа хийж болох юм. Бас дан модоор хийсэн 00- той...

6. Гол тээврийн хэрэгсэл нь мэдээж үхэр тэрэг... Нас бие гүйцсэн сарлагийн шарууд бол бяр чадал ихтэйн дээр, бинзен идэхгүй...Уулнаас мод буулгах, ус зөөх, гэрээ нүүлгэх зэргээс эхлээд энэ хүчэтний хийж гүйцэтгэх ажил маш ихээ... Энэ сайхан моднуудаа ашиглаад айлууд нь өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа 4-төө нэг нэг сайхан хаус бариад л сууж байхад болмоор юм билээ.

7. Архангайн төвд бол гэр маш цөөхөн... бүгд л хэв загвар муутай ч модон байшингуудтай... нүүрс түлдэггүй модоороо болгочдог л шахуу юм ярьж байна лээ. Уурын зуух нь л нүүрс түлдэг тухай ярьж байсан.

Замын турш Төрөө маань хангайхан говийнхноос хэр ялгаатай болохыг шогширч байгааг сонсож, манайхан харин урлагийн бараг бүхий л төрлөөр дуулсаар ялваа. Мэдээж хамгийн их дуулагдсан дуу нь манай сүлд дуу, нэр нь юу ч билээ дээ. Universe Best Songs - ын дуу. 3-р сургуулиас семниарт суухаар явж байгаа Увс аймгийн Тэс сумын харьяат багшийн "Тува улс манай сум 2 бие биенийхээ малыг зөрүүлж хулгайлсаар дууссан тухай хөгжилтэй яриа..." үргэлжлүүлээд манай тэнд бол малын хулгай бол гэмт хэрэг биш зүгээр л "үзэгдэл", өглөө сэрэхэд мал бүрэн байж байвал хамгийн том баяр тэр байдаг тухай яриа... бөхчүүд болон дуучдаар маш их алдартай Тэс сум одоо хулгайгаараа алдартай болж байгаа бөгөөд Тэсийн айлын нүүж очсон газарт ойр орчмын айлууд нь шөнө зугтаад нүүчихсэн байдаг тухай давстай ярианууд ярьж замын турш хөгжилтэй явав.
Харин Төрөө надаас олимпиадад хэр амжилттай оролцох төлвөлгөөтэй байгаа тухай асуухад нь би өөрийн 3 медаль авах төлвөлөгөө хэлж өгөв. За энэ төлвөлгөөг жаахан мушгих юм бол Довтлогчоор Чимэдширчин ойрд форм сайтай байгаа, саяхан том амжилт гаргасан. Түүнийг араас нь дэмжиж тоглохоор талбайд Эрдэнэмаа, нөгөө жигүүрт Гочоо гарч байгаа тухай өгүүлэв. Ээмаа ямар нэг амжилтанд хүрэх цаг нь болсны дээр зарим нэг талаараа шүүмжлэлд өртөснийг эс тооцвол бэлтгэл сайн байгаа. Дундговиос ирснээс хойш миний нэг анзаарсан зүйл бол Гочоогийн чадвар. Түрүү жил оролцсон олимпиад бүртээ бүтэлгүйтэж байсан түүнийг би хэзээ ч сэлгээнд суулгалгүй итгэл найдвар үүрүүлсээр ирсэн. Харин би хүнээ буруу таниагүй бололтой. Одоогийн байдлаар түүний хүрээд байгаа форм Архангайн олимпиадад амжилт гаргахад нэгэнт хангалттай болсныг би мэдэж байв. Түүний дээр энэ олимпиадад зориулж хийсэн сүүлийн бэлтгэлүүд үнэхээр зөв бөгөөд үр дүнтэй байгааг би мэдэрч байлаа. За тэгээд хамгаалалтын шугамд шинэ цэрэг Мөнхдалай, Юмжирдулам 2, хуучин цэрэг Өнөболдын хамт зүтгэж байгаа бол сэлгээнд Халиунаа, Бат-Амгалан нарын хэзээ ч гоол хийж мэдэхээр нөөц байгаа. Мөн бэртэл гэмтлийн улмаас хэд хэдэн шилдгүүд маань гэртээ үлдсэн. Довтлогч маань гоолдоод, Ээмаа Гочоо 2 сайн дамжуулалт өгвөл 3 гоол хийх боломж байна. Хамгаалагчид маань сайн ажиллавал тэгээл манайх багаараа ч амжилт гаргах боломж харагдаж байлаа. Энэ зуур 7 жилийн өмнө намайг түрүүлчээд байхад буруу зассан хүмүүс "за чи том хүүхэд юм чинь яахав дээ, ингээд дуугүй өнгөрчих" гэж байгаад мөнгөн медальтай буцааж байсан хүмүүсээс өгдөггүй алтыг нь авчих юмсан гэсэн хүсэл тээжил явлаа. Манай хүүхдүүд ч "2002 С.Цагаан нар тус тус..." гэдэг цолноос салъя гэсэн бодол, яриа өрнүүлж байлаа.

Аймгийн төвөөс гараад 7 цаг орчим аялсны дараа зорьсон газраа ирлээ. 210км орчим ойрхон зам ч олон удаа гол гаталдаг, бартаа саад ихтэй зам тул хурдан явах аргагүй. 7 жилийн өмнө ирж байсан Эрдэнэбулган сум өнгө зүсээ засаад сайхан болжээ. Бид зарим багуудаас урьтаж ирсэн тул 2 өрөөг эзэлж авснаар байр савны асуудлаа шийдэв. Энэ олимпиад уламжлал болон 10 сарын 2-р 7 хоногийн амралтын өдрүүдээр болдог юм. Зохион байгуулдаг багш нарын маань зав чөлөө ингэж таардаг байх. Харин энэ жил Өмнөговь аймгийнхан олимпиаднаа давхцуулчихсан нь тоогүй хэрэг болсон. Дараа жилээс үүнийгээ бодолцож үзнэ бизээ.
Хагас сайн өдрийн өглөө олимпиадны нээлт болж өнгөрсөн хавар Монгол улсы математикийн 45-р олимпиаднаас медальтай ирсэн энэ бүсийн 5 сурагчийг багшийнх нь хамт шагнасны сацуу дараа жилүүдэд улам олон медаль авах ирээдүй, хандлага байгааг дурьдаж байлаа. Энэ бүс нутгийн гялалзсан сайхан амжилтанд Архангайн энэ олимпиадны үүрэг маш их гэдгийг бүх хүн хүлээн зөвшөөрч байгаа байх. Энэ бүсэд Монгол улсын шилдэг 7 багийн 5 нь буюу УБ хот болон Увс аймаг гэсэн багуудаас бусад баг нь харьяалагддаг бөгөөд сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын ноёрхолын эсрэг тууштай тэмцэж байгаа бүс төдийгүй Адъяасүрэн багшийн маань хүслээр нэг л өдөр улсын олимпиадны талыг нь авна даа гэж байгаа бүс билээ.
Сурагчид эхний өдрийн бодолтонд орсны дараа багш нарын семниар болж, энд яригдаж байгаа бодлогуудыг харахад Гочоогийн бэлтгэл зөвдөснийг илтгэж байв. За тэгээд манай багийнхан бодолтноос гарч ирээд аман мэдүүлэг өгцгөөлөө. Довтлогч Чимээ 2 бодлого, хагасууд болох Ээмаа 2, Гончигоо 1 бодлого амжилттай бодсон гэдгээ илтгэв. Мөн хамгаалалтын шугамнынхан ч бодлого амжилттай бодсон гэдгээ баталж байв. Энэ жилийн олимпиаднаас эхлээд багуудын хоорондын тэмцээн гэж шинээр зохиож байгаа юм байна. Баг бүр 1 стандарт бодлого, 1 олимпиадны болого зохиогоод хоорондоо өрсөлдөх болов. Нэг баг 1 багш 4 сурагчтай байх ёстой юм байна. Стандарт бодлогоо бодуулах гэж 4 том хүүхдээ аваад л ортол манай аймгийн стандрат сургалтын завхрал аргагүй л харагдаж манай хэд бараг л бүгд юу ч чадсангүй, Гончигоо надаар алуулах шахан байж арай ядан нэг бодлого бодов. Би өөрт туслах хүнгүйд баахан самгардаж, бухимдаад 5 бодлогоос цааш бодож чадсангүй 2 цаг нь дуусав. Дүн гарах болоход 10 багаас 4-р байрт явж байсан манай багийг дайрлага дайрч "стандарт бодлогыг маань нэг ч баг бодож чадаагүй" гэдэг шалтгаанаар нэг бүтэн бодлогоны торгууль хүлээж 5-р байрлуу ухарлаа.
Орой дүн гарч, эхнээсээ сайн байнаа. Юмжир боломжийн, Чимэдширчин түрүү жилийн аваргатай ижил оноотой 1-р байранд ... гээд л Эрдэнэмаагийн дүн гархад л хүнд шок бидний нөмрөв. Би гайхан орж иртэл түүний сэлгээ (ижил ангид хувиараа орж байгаа) Халиунаа: "Ээмаа бодлогоныхоо өгүүлбэрийг буруу ойлгосон юм бишүү та 2 их өөр юм яриад байсан" гэх нь тэр. Хэлсэн нь байнга л үнэн байдаг тул өдөржин 2 бодлого бодсон гэдэгт итгээд хөөрөөд явсан би сая л ухаан орж түүнийг бодлогын өгүүлбэрийг уншиж үзэхэд надад тайлбарлаад байснаас нь шал өөр бодлого болж хувирав. Ингээд л гол тоглогчийн бүтэлгүйтэл багийн сэтгэл зүйд нэлээд хүнд тусч байгаа нь надад мэдэгдэж байв. Ямар ч байсан Чимээ Батаа 2-д notebook бариулан fifa тоглох зөвшөөрөл олгон 2-р давхрын орон дээр хөөн гаргаад бас бус арга хэмжээ авав. Энэ үед хөл бөмбөгийн дасгалжуулагч байсан бол шууд сэлгээ хиймээр л санагдаж байлаа. Гочоо гаагүй амжилттай яваад нь ч нээх их санаа тавьж чадсангүй, маргааш тэнцэтгэл биш л ирэх байх "нухчихаарай" гэснээс өөр юм хэлсэнгүй.
Бүтэн сайн өдөр 2 дахь өдрийн бодолт явагдаж, бид мөн семниардав. Семниар дуусаагүй байхад хүүхдүүд бодолтноосоо гарсан бөгөөд энэ удаа хамгийн сонирхол татаж байгаа хүн Чимээ тул семниарын сээмхийгээр түүнлүү утас цохиж амжив. "2 бодлого бодчихсон" гэхийг нь дуулаад нэг жил энэ үгний төлөө л зүтгэсэн юм шиг санагдав. Орой дүнгүүд эхнээсээ гарч эхлэлээ. Юмжир 2 дахь өдөр өндөглөн 7-р байрлуу шилжсэн бол сайн ч гэмээр муу ч гэмээр мэдээ нь Гочоо 4-д орсон гэсэн мэдээ байв. Өөрийн биеэр очиж оноо үзлээ... арга алга, даан ч их харамсалтай юмдаа. 1-р байрны хүүхэд 9 оноо, 2 байр 7.5 оноо, 3-р байр 7 оноо, манай хүн 6.5... хүрэл битгий хэл алтан медаль ч их ойрхон байв. Ноднин л энэ олимпиадад бүтэлгүйтэж байсан хүн одоо бодлого бүтэн бодоод 4-д орж байгааг маш том дэвшил гэхээс өөр юу гэхэв... даан ч медальнаас иймхэн дутлаа гэжүү гэдэг харамсал... надад ийм хүнд байхад төгсөөд явах гэж байгаа түүнд ямар байгаа нь ойлгомжтой. Дэмий л Жаамаатай адалихан шагналт байранд л орчлоо ш дээ, сайн байна одоо Чимээ алаад хаях байхаа л гэж өөрийгөө болон "том ах гуайг" мөн тайвшруулж зогсов. Оройжин нэг л зовиуртай байв, бусад хүүхдүүдийн дүн бүгд гарсан ч ганцхан манай довтлогчийн ангийн дүн л гардаггүй яарсан хүнийг их зовоов. Хамгийн сүүлд гарсан дүнг хамгийн өмнө зогсож байгаад би олж харав. Урд өдөр нь Чимээгийн нэр хаана байгааг ажиглаж байсан тул энэ удаа эрж хайлгүй шууд олов, оноог нь байртай нь л харж амжлаа... Өөрийг харах шаардалга ч байсангүй 1 хуруугаа гозойлгоол "Чимээ 1 Чимээ 1..." гээд гүйв. Шууд л очиж түүнийг барьж аваад Пеп Гуарделогийн адилаар дээш нь шидэцгээв. Энэ жил 2 дахь удаагаа дээшээ аймаар шидүүллээ дээ... хэр гоё байдгийг нь дараа өөрөөс нь асуунаа... За ингээд л тал тал тийшээ баярын мэдээ цацаж гарав... гэвч бидний баяр үүгээр өндөрлөх ёсгүй байжээ. Багаараа хэддүгээр байранд орсныг мэдэхээр явсан Гочоо "би медальд хүрсэн юм шиг байна" гэсэн сонин мэдээтэй ирэв. Би шууд л комиссууд дээр очиж лавлатал Гочоо хүрэлрүү орж манай баг бараг "мөнхийн байр" нь болох баян ходоодноосоо салж 12 багаас 6-р байрт орсон албан ёсны мэдээг олж мэдэв. 2-р байрт байсан Хөвсгөлийн хүүхэд 2-р багт ч багтаагүй хувиараа орж байсан хүүхэд байсан тул манай хүн байр урагшилсан юм байж. За хөөрхий ингээд л дээшээ дээшээ бүүр дээшээ гээд л шидүүдлж гарав. Оройжин л "би дахиж энэ олимпиадад оролцохгүй ш дээ, дахиад ганц орсон бол медаль авна даа... за гаагүй дээ 5 жилийн дараа багш болж ирж байгаад..." гэх зэргээр халагалж зогссон Гочоогийн маань нар нь гарч байнаа. Би ч гэсэн "5-д орчихгүй дээ, тэгсэн бол нээх харамсахгүй, ядаж байхад юун ч ойрхон оноотой юм билээ дээ" гэж гунихарж байсан маань шал эсрэгээрээ өөрчлөгдөж Чимээгийн алтнаас илүү амттай сайхан хүрэл байна даа гэж бодов. Миний тооцоолсон бүгд 100% биелэж Ээмаа маань сэлгээгээр суулгүй гоолдсон бол (мөнгөн медаль авсан бол) манай баг багаараа 3-р байрт шалгарах боломжтой байлаа. Гэвч яахав би ямар далдыг хардаг хүн биш өөрийн гэсэн зорилт тавиад л багаа бэлдсэн, найдаж гаргасан довтлогч маань гоолдож, Гочоо маань тоглолтын турш хүчтэй байсны дээр сүүлий мөчид гайхалтай come back хийж сайхан дамжуулалт өгч дахин нэг гоол нэмснээр манай баг 12 багаас 6-р байрт шалгарав. 2:2-оор тэнцсэн тоглолт шиг л олимпиад боллоо гэж дүгнэж байна. Шинэ төвийн хамгаалагч С.Мөнхдалай маань айлын олон ширүүн довтолгооныг няцааж үүргээ 100% биелүүлж 5-р байрт шалгаран багийнхаа амжилтыг өөд нь татав. Ингээд манай баг 1 байр, 3-р байр, 5-р байр, 2 ширхэг 7-р байр, 13-р байрны амжилттайгаар 1+3+5+7+7+13=36 оноогоор 6-р байрт жагсав. Орхон аймгийн хүчирхэг баг 19 оноогоор 1-р байр, Архангай аймгийн нутгийн эздийн баг 22 оноогоор 2-р байр, өнгөрсөн жилийн улсын олимпиадны дэд аварга Хөвсгөл аймгийн 1-р баг 26 оноогоор 3-р байр, Дундговь аймгийн баг 28 оноогоор 4-р байр, Хөвсгөл аймгийн 2-р баг 30 оноогоор 5-р байр эзэлсэн билээ. Манай баг туршлага багатай ч Дархан-Уул аймгийн 2 хүчрхэг баг, Өвөрхангай аймгийн энд оролцсон бүх багуудыг буулгаж авсан сайхан амжилт гаргав. Сэлгээний 2 тоглогч маань ч хойтон жил 2-р баг гэж байгуулах зайлшгүй хэрэгтэйг мэдрүүлэн 8-р байрт шалгарцгаав.

Манай аймгийн нийт математикийн багш нарын 1996 оноос хойш хийсэн ажлын үр дүн нь түрүү жилийн Архангайн аймгийн төвйн бүсийн олимпиадны дүн болой. Жаамаа 4-р байр шалгарч, 1 ба 2-р шигшээ багийн бусад бүх хүүхдүүд 1-ээс хэтрэхгүй оноо авсан. Жаамааг надаас давж нэрийн хуудсаа болгох хүн байх ёсгүй бизээ. Харин би нэг жил зүтгэлээ үр дүн нь лавтайяа 50% -аас дотогш орж чадах баг, амжилт... энэ бол зөвхөн эхлэл... title холгүй байгааг манай багийнхан бүгд л мэдэрсэн, бид бэлтгэлээ улам сайн хийнэ. Шинэ түүхийн эзэд болох ном ёсоороо өгдөггүй аваргыг нь нам цохиод аваад ирсэн Чимэдширчин, сүүлийн удаагийн дайралтаараа түүхэн хүрэл медаль авчирсан Гончигдорж нартаа Баянхонгор аймгийн нийт математикт элэгтэй, биднийг дэмждэг хүмүүсийн өмнөөс талархал илэрхийлье.

Олон улсын олимпиаднаас мөнгө, хүрэл медальтан, улсын олимпиадны 10 орчим аваргыг бэлтгэсэн Монгол улсын алдарт багш А.Нямринчингийн нэрэмжит төвийн бүсийн математикийн олимпиаднаас төрсөн Баянхонгор аймгийн анхны алт, мөнгө, хүрэл медальтнууд.

No comments:

Post a Comment