Wednesday, November 11, 2009

Цаг хугацааны тоглоом буюу миний Монголын араншин

Яагад ч юм 1996 онд УИХ-ын гишүүн байхад нь л Баярцогт гэж эрхэм нэг л сэтгэлд ойр, сайхан хүн санагддаг байлаа. Нэг л өдөр Монгол төрийн жолоог атгаад улсаа хөгжүүлнэ дээ гэж найдсаар өдийг хүрлээ. Энэ эрхмийн хамгийн их ярих дуртай зүйл нь "цаг хугацааны тоглоом" гээч зүйл. Түүнд итгэдэг төдийгүй байнга санаж явдаг юм шиг санагдсан. Би харин түүнд нь их дуртай...

1. Бурханы ерөөлөөр бид олон болоод буцаж ирнэ...
Тиймээ та бараг зөв санах шиг боллоо. Монголчууд шинэ үндсэн хуулиа баталсан 1-р сарын 13-ны өдөр, яг тэр өдрөөс хойш 13 жилийн дараа буюу 2005 оны 1-р сарын 13-ны өдөр шинэ засаглалын тэргүүн маань нохой мэт хөөгдөн гарахдаа хоолой зангируулан хэлсэн үг. Шинэ нийгэмтэй, шинэ үндсэн хуультай болохын төлөө тэмцсэн Элбэгдорж эрхмийг яг тэр баярынх нь өдөр ерөнхий сайдын ширээнээс түлхэн унагав. Урд өдөр нь түүний өрөөнд нь дайрч орж "ажлаа өг" гэж их дуугаар ТВ-үүдийн өмнө загнаж, дарамталсан хүн бол М.Энхболд... Би юуны төлөө тэмцвээ? гэж Элбэгдорж эрхгүй нэг бодоо биз. Шинэ хувьсгал хийсэн ч цагийн эрхээр "нохой шиг" хөөгдөхын төлөө Элбэгдорж зүтгэсэн гэж үү??

2. Чи хэнд ч хэрэггүй тоглоом болно...
Элбэгдорж доогтойгоор унах яг энэ өдөр 39 гишүүн л санал хураалтад оролцохгүй бол хурал ядаж маргааш хүртэл хойшлогдох байлаа. Ардчилсан нам санал хураалтад оролцохгүй гэтэл Л.Гүндалай, Б.Жаргалсайхан ... гэсэн хүмүүс санал хураалтад оролцож яг 39 болсноор Элбэгдоржийн засгийн газар 100%-ын саналаар огцров. Чуулганы танхимаас гишүүд гарах үест Баярцогт харуусалтайгаар өгүүлэн: "Гүндалай чи 39 болгож тоог гүйцээж сайд болж байна. Чи 39 гэдэг тоог гүйцээлээ гэж бодоход ядаж эсрэг санал өгчихгүй дээ. Цаг хугацааны тоглоом гэж байдаг юм. МАХН-ын хамгийн дургүй хүн бол чи (2000-өөс 2004 онд ганцаараа тэдний эсрэг тэмцсэн)... одоо чамайг хэдхэн сарын дараа сайдаас чинь хөөхөд чи хэнд ч хэрэггүй тоглоом болсон байна..." гэж айлдав. Энэ явдлаас 6 цагийн өмнө эндэр дээрээс "Маргааш сонгууль болбол аанай Ард түмний нам 50 гаруй хувиар ялалт байгуулах судалгаа сая гарлаа..." гэж томорч байсан АТН-ын дарга Гүндалай ийнхүү дайснуудынхаа эгнээнд элсэн сайд болов.

3. Ахаа намайг бодоорой...
Зальжин Хонгорыг бид бүгд мэднэ... 1 жил орчмын дараа сайдын суудлаасаа Гүндалай хөөгдөж, хөөгдөхдөө "би ганцаараа явахгүй Жаргалсайханыг сайдаас буулгах тухай санал хурааж өгөөч" гэж санал гаргаад Буянгийн Жагай мөн цуг хөөгдөв. "Би зүгээр л тоглож хэлж байхад та нар яасан хурдан түүнийг унагачихваа..." (Гүндалай яг ингэж хэлсэн юм шүү) гэсээр хоюулаа хамтдаа хөөгдлөө. 2008 оны сонгуулиар Жагай үнсэнд хаясан шалз шиг хаягдаж улс төрөөс арчигдсан бол сонгуулиас хэдхэн хоногийн өмнө "авлигалын хэрэгт" холбогдсон Гүндалай "ахаа намайг бодоорой.." гэсэр АН-даа гүйн очиж АН-д нэг суудал авч өгөв. "Би АТН-ын дарга байхдаа ч АН-ынхаа үнэмлэхийг өвөртлөөд явж байсан ухааны л юм ярилаа..." Нэгэн цагт сайдын суудлаар кноп дарж сольж байсан АН нь түүнийг шоронд суулгахгүйн дээр УИХ гишүүн 3 дахь удаагаа болгох "Ах" нь боллоо. Цаг хугацаа гэж ...

4. Хөөхүү, хийхүү?
Би буцаж ирнэ, ирэх ирэхдээ бурханы ерөөлөөр бид олуулаа болж ирнэ... хэмээн УИХ-ын эндэр дээрээс хоолой зангируулан ганцхан Бат-Үүлд талархал дэвшүүлээд буусан Элбэгдорж хэнд ч дийлдэж үзээгүй график нь "зөвхөн өсөх" гэдэг ангилалд байсан Н.Энхбаярыг "хаант сэнтийнээс" нь авч шидэн "хог болгож" Монгол улсын 4 дэхь ерөнхийлөгч болов. 2 хоногийн өмнө М.Энхболдыг дуудаж авчран өмнөө суулгачаад "цагийн байдлыг танилцуул... ийм ийм чиглэлээр ажилла..." хэмээн үүрэг өгч сууна. "Манай намын сайдууд танай засгийн газраас гарах гээд гарын үсгээ зурсан... одоо танай засгийн газар унаж байна... ажлаа хурдан өг... би хэлдэг биш хийдэг ерөнхий сайд байна..." хэмээн том бүдүүн ам гаргаж байсан М.Энхболд бас л нүд үзүүрлэгдэн намыг даргаасаа хусагдаад "бялууны хэлтэрхий буюу шадар сайд" хэмээх албанд байгаа тул "ерөнхийлөгчийнхөө ажлаа хурдан өг" гэх болов уу "за, үүрэг даалгаварыг чинь хурдан биелүүлж N1H1-ийг дарахыг оролдоё" гэх боловуу???

5. Өөрөө тоглоом болох байхдаа...
Юм бүхэнд л цаг хугацааны тоглоом болж байна даа гэж ёжилж, шогширч байдаг Баярцогт маань одоо сангийн сайд хийчихсэн "Оюут толгой" төсөл дээр Монголын талаас гарын үсэг зурж буй 3-хан хүний нэг нь болчихсон хамгийн гол нь мах цуснаасаа үзэн яддаг хэмээх коминистуудтайгаа нэгдэн нэг засгийн газарт багтаж ажиллаж байгаа. Сайн эм 2 эрд үйлчилдэггүй, Сайн эр 2 төрд үйлчилдэггүй л гэдэг дээ. Хэзээ нэгэн цагт "Оюу толгой" төсөл бүтэлгүйтэж Монголчууд "гэнэн мөрөөдлөө" замхран хийсч буйгаа ойлгох цагт МАХН-тай биш гарын үсэг зурсан Баярцогттой тооцоо хийх тэр үед би "цаг хугацааны тоглоом гэж энэ дээ" гэж түүнд заавал хэлнээ.

6. Гологдсон хүү
Монголчууд түүхэндээ төрөлжсөн хичээлүүдийн Олон улсын олимпиаднаас ганцхан алтан медаль хүртсэн. 1997 онд математикаар... 1993 онд алдарт 11-р сургууль 5-р ангийн хүүхдүүдээ элсүүлэн авч байхад тухайн үед хичээлийн эрхэгч байсан ардын багш Ү.Маам гуай "миний хүү тоо бодоод хэрэггүй, авъяас алга даа..." хэмээн нэгэн хүүг уйлуулжээ. Үүнээс яг 4 жилийн дараа ОУ математикийн олимпиадны Монголын багийн туслах ахлагчаар Маам багш явж, тус олон улсын олимпиадад 4 жилийн өмнө Маам багшид гологдсон нөгөө хүү буюу Өлзийбатын Баттулга хэмээх эрхэм явж байв. Ө.Баттулга Монгол улсын түүхнээ одоо хүртэл цор ганц хэмээн тооцогдож буй алтан медалийг 9-р ангийн сурагч байхдаа тус олимпиаднаас хүртсэн билээ. Хойтон жил нь 10-р анги төгссөн монтажин дээр нь "гологдсон хүү" хэмээх Маам багш Баттулга аварга 2-ын нөхөрсөг зураг гарч байсан тухай математикч ах нар ярьдаг юм.

7. Халх аварга, Монгол аварга.
Монголын нэрийг дэлхийд дахалсан 2 их хүмүүн бол "2 Мөнх" буюу халх үндсэтэн Мөнхбат аварга, халх биш үндсэтэн Баянмөнх аварга 2 билээ. Гэхдээ л энэ 2 эрхэм бол "Монгол" хүмүүс шүү дээ. Энэ 2 эрхмийн Монголын түүхэнд хийж гүйцэтгэсэн ажил нь бол дэндүү их л дээ, одоо ч үргэлжилж байна, ирээдүйд ч үргэлжлэнэ. Харин энэ 2 эрхмийн тэмцлийн ээдрээтэй асуудлуудын хувьд бол Монголчуудын 90 гаруй хувь нь халх үндсэтэн гэдэгт л гол учир нь байгаа байх.
Баянмөнх аварга 500 халхын эсрэг ганцаараа шахуу барилдаад төрийн наадамд 44 насандаа 10 дахиа түрүүлэх явцдаа "халх биш" гэдэг ангиллаар мөн ч их зовж зүдэрч, ганцаардаж, шахуулж, хавчигдсан байж таараа. Гэвч А.Сүхбат хэмээх эрхмийг халхын нутгаас бүүр тодруулбал Мөнхбат аваргын унасан нутгаас олж авч тордсоор Монгол түмний хайртай уран сайхан барилдаант аварга болгов. Халх аварга хайрт аварга Сүхбат минь гэж хошуу дэвсэхдээ цаана нь халх биш ч Монгол аварга Баянмөнх байгаа тухай хэдэн халх бодож амжсан болоо...?


8. Хэн нь Монгол бэ?
Монголын нэрийг дэлхийн давцанд гайхуулж явахдаа Баядын Баянмөнх гэж цоллуулж байсангүй ээ, Монголын Баянмөнх л гэж цоллуулж явлаа хэмээн хэлэх энэ их хүмүүн, ингэж бухимдахад хүргэх энэ олон бага халхууд...Энэ бүхний цаана "халх аварга" хэмээх Мөнхбат аварга мэт нь "муу Баяд, Дүрвэд гэх..." зэргээр ерөөн бараг үндсэтэн даяараа тэр Монгол эрхэмлүү чичилж хорвоог элээв. А.Сүхбат аваргын хүү ч Монгол эр хүн, Б.Гантогтох гарьдын хүү ч Монгол эр хүн... харин Хакүхо хэмээгчийн хүү, өөрөөр хэлбэл насан туршаа халх бишийг үзэн ядагч Мөнхбат аваргын ач хүү хэн бэ? лав л Болд Бат Төмөрхадуур... биш байх... Такаши, Самурай... энэ тэр гэсэн л юм цохиж явах бий? Баянаа аваргын ач хүүхдүүд эрийн цээнд хүрч өвөөгийнхөө, аав нарынхаа цолыг өвлөн авах цаг дор Мөөеө аваргын ач нар далайн эрэгт сүрэл өмсчихсөн л жорон жорон гүйж ганц томхон загасны булан даахгүй сандчиж байх вий?... Хэн нь халх, хэн нь халх биш бэ? гэдэг бол сонин биш бүгд л Монгол хүмүүс, бүгд л Монголын төлөө гавяа байгуулсан хүмүүс... харин хэн нь Монгол бэ? хэн нь Монгол биш бэ? гэдэг л надад их сонин байгаа юм. "Ингэх л байсан юм бол яах гэж намайг халх биш гэж нүд үзүүрлэдэг байсан юм болоо, дуугүй л байж байхгүй" гэсэн онигоог Баянаа аваргын өмнөөс хэн нэгэн нь зохиосон байна лээ.

үргэлжлэл бий...

No comments:

Post a Comment