Saturday, November 7, 2009

Мэдээний цаг бүлэг гэж үүнийг л хэлээд байгаа юм шүү дээ...

"Батзаяа ба түүний нөхөд" гэдэг марзан нэртэй хошин урлагийн бүлгэм байсан санагдана. Хэрэв би "Мэдээний цаг" бүлэг гэж товчхон бөгөөд хэнд ч ойлгогдохоор зүйл бодож олоогүй бол "Цагаан ба түүний шавь нар, шавь нарын шавь нар..." гэдэг марзан, ойлгомжгүй нэгдэл байх байлаа.
Бид бүхний 10 жилийн турших хөдөлмөр зүтгэл, хүсэл мөрөөдөл, ялалт амжилт, сурсан эрдэм, мэдсэн мэдлэг, хийж бүтээх үйл хэрэг, зорилго зорилт, ах дүүсийн нандин холбоо, нэгэн гэр бүл мэт дотно харьцаа, ах нар нь дүү нараа гэсэн сэтгэл, дүү нь ахаа гэсэн сэтгэл... гээд бүхий л зүйлийг нэгтгэн "Мэдээний цаг" бүлэг гэдэг 3-хан үг илэрхийлдэг юм. Түүний өмнө Г.Нямдаваагийн нэрэмжит гэж байгаа, энэ нь үндэсгүй мод гэж байдаггүй, ээжгүй хүүхэд гэж байдаггүй гэдгийг сануулна. Хамгийн урд харин Баянхонгор аймгийн гэж байгаа. Энэ нь бүлгийн гишүүд Баянхонгор аймгийнх бөгөөд тэд энэ аймгийн математик, мэдээлэл зүйн хөгжлийн төлөө болон цаашдаа шинэ цагийн шилдэг боловсон хүчнийг аймгаасаа төрүүлэн гаргах чин зорилготойг илтгэнэ.
Одоо бол "Мэдээний цаг" бүлгийн гишүүн гэдгийг хүн сонсоод "аан энэ нөхөр нэлээд их мэдээлэл зүй мөн математикаар хичээлэлсэн" хүн байх нь гэж шууд ойлгогдох түвшинд байгаа боловуу гэж би боддог. Нэлээд их математик, мэдээлэл зүйг сурахдаа нэлээд их хөдөлмөр зарцуулсан юм шүү, тодорхой хэмжээний амжилт гаргаж байж бүлгийн гишүүн болдог юм, томоохон зорилготой, ирээдүйтэй хүн л энэ бүгийн гишүүн болох боломжтой юм шүү гэдгийг хэлье. Бид бүгд л төрсөн ах дүүс шиг юугаар ч сольж болохгүй сайхан харьцаатай байдаг, хамтран тэмцэж, цугтаа хөдөлмөрлөж, цугтаа өсөн дэвжиж, ирээдүйг гэрэлтэйгээр төсөөлж түүнд хүрэхийн төлөө хамтдаа тэмцдэг.
Бүлэг анхнаасаа 2 чиглэлийн үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Дунд сургуулийн сурагчдыг олимпиад уралдаанд амжилттай бэлтгэх, оюутнуудыг дэмжин ажиллаж сайн мэргэжилтэн болгох. Олимпиад бол хүнээс богино хугацаанд ихийг сурч, богино хугацаанд ихийг бүтээхийг шаарддаг. Тэмцэх чадвар, тэсвэр тэвчээр, мэдлэг чадвар, хүмүүжил ... гээд маш олон зүйлийг маш богино хугацаанд хүүхдэд суулгаж өгдөг шалгарсан арга. Олимпиадаар дамжсан хүүхдүүдийн энэ олон давуу талыг жирийн хүнд суулгах гэвэл маш их цаг орно. Тэд амьдарал дээр олимпиадад ялж ялагдаж, ихийг сурч, амжилт гаргаж явсан шигээ гялалзсан сайхан амжилт гаргаж ихийг бүтээдэг. Манай бүлэг одоогийн байдлаар нөхцөл байдалдаа тохируулан олимпиадад бэлтгэх ажлыг л голчлон хийж байна. Тэгэхдээ гишүүн бүр шинийг эрж хайж, тэнд л хүрэх ёстой шүү гэсэн чин хүсэлтэйгээр сурч хөдөлмөрлөж байна.
Манай бүлэг дэндүү залуу байна шүү дээ. Бид одоо зөвхөн сурч л байна, арай олон жил сурсангууд нь хойч үеэ сургах ажилд өөрсдөө сурахынхаа хажуугаар давхар зүтгэж байна. Тэгэхдээ бүгд л "сурах" гэдэг ангилалд байгаа. 10 жилийн өмнө бид ямар байсан бэ? гэвэл Доржоо бид 2 хөдөөний сургуулийн зүгээр л дундаж сурлагатай хүүхдүүд байлаа. Бусад гишүүд бараг л сурагчгүй А аа "аав" гэж үсэглээд л явж байсан. Монгол хүмүүсийн 99%-ийнх туулдаг тавилан байх. Одоо бид боломжийн л сурч хөдөлмөрлөж, сургаж, хойч үеэ бэлдэж байна. Доржоо, Далай бид 3-ыг л гэхэл олон хүн "багшаа" гэдэг бол Шагай, Жаамаа нар үеийнхнээ манлайлан сурч хөдөлмөрлөсөөр л байна. Шинэ гишүүн Гочоо өсөн дэвжихийн түмэн хүслэн дунд сурч тэмүүлж явна. Би бүлгийнхээ хойч үеэ бэлдэхээр "Алгоритм" сургалтын төвөө байгуулаад сурагчдыг багаас нь системтэйгээр бэлтгэж байгаа бол Доржоо Далай 2 их сургуулийн багш болохоор, сайн мэргэжилтэн төрүүлэн гаргадаг хүмүүс болохоор ажиллаж байна. Үүнийхээ хажуугаар МУИС-ын Мэдээллийн технологийн сругуулийн програмчлалын олимпиадны багийг удирдаж бүлгийн залуу гишүүд болон Монгол орны өнцөг булан бүрээс цугласан олон залуучуудыг сургаж явна. Ажлын талбарт гарч амжилт гаргах болоогүй, дэндүү залуугаараа байна гэдгийг би дахин хэлье. Дор бүрнээ л хөдөлмөрлөж зүтгэж байна. Том ах нар нь харин амиа боддоггүй, хойч үеэ л боддог хүмүүс болж хүмүүжсэнд би хувьдаа их баярладаг. Одоо бол бүлгийн үйл ажиллагааг аваад явахаар дамжлага шат бүртээ хангалттай олон сургагчтай болсон тул өөр салбарт, жинхэнэ шилдэг мэргэжилтэн бэлтгэж ажлын талбарт хүчээ үзэх цаг дөхөж байгаа...
10 жилийн дараа бид ямар байх бол? гэвэл Би лав хийдгээ хийчээд л бөх үзээд л ... бүлгийн зөвлөгч төдий л ажил дээр үлдсэн байна байх. Миний өмнөөс бүх ажлыг хийж, бүлгийн үйл ажиллагааг нэр төртэйгээр аваад явах маш олон залуучуудыг төрүүлэн гаргачаад, тэдэнд ажлаа алдчаад сууж байна л гэж би төсөөлдөг. Дунд сургуулийн болон их сургуулийн шат бүрт хангалттай олон багштай, "Мэдээний цаг" гэдэг програмчлалын томоохон пүүстэй түүнийг нь Шагай Жаамаа энэ тэр удирсан байдалтай олон шилдэг программист залуучууд ажлыг шижгэнэтэл хийгээд л... Гочоо энэ тэр гэсэн томоохон багш нар олон сайн шавь нараа их сургуульд бэлдэж өгч бүлгээ улам хүчирхэгжүүлж, улам сайжруулаад л явж байна байх. Гагцхүү бид хөдөлмөрлөх л хэрэгтэй. Одоо бол бүгд л сурсаар л байна, дүү нараа сургасаар л байна...
Бүлгийн үйл ажиллагаа гэхээр өглөө эртлэн нэг оффист цуглаад л ажил хийнэ гэсэн үг биш, бүлгийн гишүүн гэхээр л нэг үнэмлэх энэ тэр зүүсэн хүнийг огт хэлэхгүй. Бүлгийн үйл ажиллагаанд гишүүн бүр дор бүрнээ оролцож байдаг. Гэртээ, автобусанд, анги танхимд, орондоо ч шинэ бодлого зохиож, шинэ бодлого бодож, шинэ ажил сэдэж, шинэ шавь нартай болж бүлгийнхээ төлөө ажилласаар байдаг. Мөнгөншагай хичээлдээ хожигдолгүй ирэхээс эхлээд л жижиг сажиг бүхий л сайн ажил эргээд бодоход бүлгийнхээ төлөө хийсэн ажил байдаг. Заавал өдөр бүр олимпиад уралдаанд орж, өдөр бүр амжилт гаргаж байх албатай биш. Харин өдөр бүр зогсолтгүй бүлгийнхээ төлөө хөдөлмөрлөх л үүрэгтэй. "Мэдээний цаг" бүлэг гэдэг нэр бидний сэтгэл зүрхэнд уяатай байж бид өдөр тутамд сурч боловсорч, өдөр тутам хүүхдүүдээ сургаж байхдаа бүлгийнхэ төлөө зүтгэсэн байдаг. Би дахиад хэлье, "Мэдээний цаг" бүлэг бол хаа сайгүй байдаг төрийн бус байгууллага, янз бүрийн жижиг сажиг үйлийн төлөөх сайн дурын нэгдэл огт биш! Хийж бүтээсэн ажилтай, сурсан зүйлтэй, түүнийгээ бусдад хуваалцах сэтгэлтэй, аймгаа цаашлаад, улсаа хөгжүүлэх чин хүсэлтэй, сурч хөдөлмөрлөж буй залуусын ах дүүс мэт нандин холбоо, өдөр тутмын өсөн дэвжихээр тэмүүлж буй үйл хэргийг хэлнэ.

No comments:

Post a Comment