Sunday, January 10, 2010

Төрийн наадмын түрүүг булаацалдаарай...

2010 оны аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн хамгийн эхний барлдаан өнөөдөр боллоо. Хэвийн боовны ээлжит баярт манай Чулуунбат арслан үзүүрэлчихдэг юм байна. Чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер, өсвөр залуучууд насанд хүрэгчдийн Монгол улсын 10 орчим удаагийн аварга, 120кг жингийн Монгол улсын 1 номерын бөх, аймгийн арслан Жаргалсайханы Чулуунбатаа гэж...

2001 онд Баянхонгор хот байгуулагдасны 60 жилийн ой болов. Аймаг наадам хийлгүй, сүүлд тусгайлан хамтруулан тэмдгэлсэн тус ойн хүүхдийн барилдаанд барилдахаар найзынхаа хамт очив. Тус барилдаанд хотын арслан клубээс Чулуунбат гэх өндөр хүү ирж барилдсан ба түүнийг тогтоох хүн тус наадамд даан ч үгүй байв. 2 давсан шөвгийн 8 бөх үлдээд байхад манай тамирын багш оноолт хийж байсан тул Алдар (манай найз) та 2 энэ Чулуунбат гэдэг хүү, бас тэр нэг хүү 4 шөвгөрч үлдэх байх гэв. Би тэгэхээр нь "намайг Чулуунбаттай тааруулчихаарай... би үзээд дийлэхгүй бол Алдар үзүүрт үзэг" гэв. Шөвгийн 8-ын барилдаан эхэлж дараа даваанд арслан клубын Чулуунбаттай барилданаа гэж бодож явсан би бээр гэнэ алдаж дандаа давдаг хүндээ унаснаар Монгол бөхийн торгон ногоон дэвжээнээсээ адис ч авалгүй зодог тайлав (аая аймаар сүртэй, хэтрүүлэгтэй хэлэв). Үзүүрт манай найз дөнгөж өрөнгүүтээ хөлөө алдаж овоо тэссэн ч хүч дутан тус барилдаанд Чулуунбат гэх 16 настай хүү түрүүлэв. Наадмын дараа би их л харамссан ... нөгөө Сүхбат аваргаар захиалгаар заалгаж (1999 оны цагаан сарын үзүүр түрүүнд хийсэн мэх) сурч авсан дархан татаа мэхээ Чулуунбатад хийгээд үзэх байсан юм даа гэж их олон удаа бодож билээ. Манай найзад "чи хотод яваад оч, хоюулаа цуг бэлтгэл хийдэг болоё..." гэж хэлээд буцсан энэ эрхмийг ирээдүйн миний шүтээн болно гэж тэр үед бодоогүй л дээ.

2002 оны өвөл улсын аварга шалгаруулах чөлөөт бөхийн өвсөр үеийн тэмцээнд найз маань ирж би хотод сурч байсан тул цуг очиж тэмцээн үзтэл нөгөө Чулуунбат чинь жиндээ бүх өрсөлдөгчөө илт илүүрхэн ялсаар түрүүлж байна. За энэ үеэс л нөгөө "татаа" хийх байсан юм гэдэг бодол маань үгүй болж түүнийг дэмжиж эхлэв. Зун улсын наадмаар 17 настай Чулуунбат маань улсын ахмад арслан Мөнгөн, Дагвасүрэн нараар 2 3 давж бишрүүлдэг юм байна. Улсад 17 насандаа 3 давна гэдэг бол "арай л дэндүү" гэмээр том амжилт шүү дээ.

Түүнээс хойш нэг хэсэг үзэгдэхгүй байсан Чулуунбат маань 2004 онд сумын заан цолтой болчихсон ирж (бодвол 2003 онд ямар нэг сумын наадамд түрүүлсэн байх) Өлзийт сумын 80 жилийн ойд зодоглов. Бид 19 нас хүрсэн байсан ба Чулуунбат үнэхээр сайхан хувирч аргагүй л сайн бөх болсон байв.

2005 онд аймгийн наадамд сумын заан цолтойдоо барилдан өрсөлдөгчдөө торолгүй давсаар үзүүрт хүрэв. Одоогийн энэ улсын начин Баянжаргал тэр хавар болсон бүх цэргийн наадамд одоогийн улсын харцага Батболд ахаараа 5 давж цэргийн начин болсон байсан билээ. Энэ наадамд Жанцандорж арслангаар 5 давсаар... үзүүрт хүрсэн нь Баянжаргалыг манай аймгийнхан болон бөхчүүд илт дэмжиж байгаа нь илэрхий болов. Үзүүр түрүүний барилдааны өмнө ганцаарахнаа нэгэн зайдуухан газар чимээгүйхэн суух цэнхэр дээлтэй үеийн анд маань арслан болоход ганцхан даваа үлдээд байсан үе. Яагаад ч юм түүнийг дэмжиж байгаа болон, дагаж ирсэн хүн байхгүй байв. Би очиж түүний хажууд хань болж суумаар байв ч барилдаанаа бодож төлөвлөж байгаа байлгүй дээ гэж бодов. Үзүүр түрүүний барилдаан эхэлж үзэгчид, наадамчид хуучны танил дотно Баянжаргалыгаа ихэнх нь дэмжих зуур би арай өөрийг сэтгэж суув. Цаашид өсөх ирээдүйтэй тул Чулуунбат түрүүлэх хэрэгтэй ба түүний ямархуу барилдаан хийж, яаж давахыг нь яв цав тооцоолов. Чулуунбат маань ч яг л миний төлөвлөж байсантай ижлээр байрилдсан даа. "ингэж сунжруулж байгаад, шуудагдангууд ганцхан мордоод л давна даа..." гэж намайг бурж зогсоход хажуудах наадамчид нэг л "үл итгэсэн" болон шоолсон байдалтай харж байв. Хэдхэн мөчийн дараа Чука ганцхан мордоод давж аймгийн арслан цолонд 20 настайдаа хүрээд тугруу гүйхэд хүмүүс намайг анзаарсан болов уу гэж бодох юмгүй баярлаад дагаад гүйчихсэн. Одоо бодохнээ тэр барилдааныг яг мэдэрч, үр дүнг нь яриад зогсож байсан намайг хэр олон хүн анзаарсан юм бол доо.

За ингээд нэгэнт аймгийн арслан болсон тул түүний зорилт бол улсын цол ... манай хүн ч их хичээж байна. Би ч их дэмжиж байна. Арай л болж амжихгүй л явна. Том Сүхбат шигээ улсын наадмын түрүү үзүүрийг булаацалдах хэмжээний бөх болж чадна хэмээн түүнд итгэдэг.

2006 онд 3-ын даваанд нутгийн бөх тэр үед амйгийн заан байсан Отгонням арслантай таарч даваад 4 дээр Мөнгөнцоож харцагад оноолтоор унав.
2007 онд одоогийн улсын уран барилдаант заан Өсөхбаярыг начин цолтой байхад нь 3-ын даваанд шороодуулаад 4-ийн даваанд оноолтоор Баяржавхлан заантай тааран унав.
2008 онд 1 сарын дараа олимпын аварга болох ерөөлтэй байсан Булган аймгийн арслан Түвшинбаяраар 3 даваад 4 дээр улсын үнэн зоригт, өсөх идэр, улам нэмэх харцага Элбэгт оноолтоор өвдөг шороодон дараа жилийн наадмыг хүлээх болов.
2009 онд 3 дээр нутгийн том ах Сүхбатаар дэмжүүлэн 3 давсан ч 4-ийн даваанд улсын гарьд Доржсамбуутай оноолтоор тааран мөн л өвдөг шороодов. Ийнхүү улсын наадамд 5 дахь удаагаа 3 давав. Тэртээд 17 насандаа 3 давж дархан аварга Мөнхбатад шахалтаар 4-ийн даваанд унаж өгсөн бол сүүлийн 4 жил дараалан 4-ийн давааны оноолтод бүдрээд байна.

Би байнга хэлдэг. Өөртэйгээ ойролцоо цолтой үеийн хүчтэнгүүдтэйгээ үнэн хүчийг үзэн барилдаад унахад гомдох юм огт үгүй. Монгол наадмын мөн чанар бол тэр юм. Харин улсын начин болох гэж тэмцэж яваа хүний бүүр том том цолтой бөхчүүдтэй хүчээр оноолтоор тааруулаад унагаад байх нь үнэхээр Монгол наадам минь юу болчоо вэ? гэж бодоход хүргэдэг. Хэзээ нэгэн цагт Чука маань тэр гайтай 4-ийн давааг нь давах л болно. Бүүр 5, 6, ... давна. Том том цол авна.
Чука маань улсын цолонд хүрвэл би улсын аварга математикч бэлтгэнэ, улсын наадамд үзүүрт хүрвэл би аймгаа багаар нь улсын аварга болгоно. Бид 2 чадвал энэ нутагт төрсний хэрэг бүтнэ. Аймгийнхан маань биднээр бахархана. Бид зүтэгжил байна...

Чулуунбаттай маань ирээдүйд өрсөлдөх бөхийн тухай би байнга л боддог. Тэдэн дундаас Даваабаатар харцага, цэргийн арслан Санжаадамба нар гойд сайн бөхчүүд гэдэг нь ойлгогддог. 2005 оны өвөл байхаа нэг бөх үзэж байхад улсын харцага Г.Батбаярыг нэгийн даваанд давсан Санжаадамба гэдэг залуу Ганбат заанаар 2 давав. Миний Монгол улсын хамгийн бяртай бөх гэж бодож явдаг Ганбат заан барилдааны дараа "Би мөн л олон бяртай хүнтэй барилдаж үзсэн, ийм бяртай хүн гэж байдаг аа..." хэмээн гайхаж байсан Санжаадамбын амжилт нь өсөн дэвжсээр аймгийн начин цолтойдоо 2007 онд улсад 3 даваад Бат-Эрдэнэ аваргатай 4 дээр тэнцүүхэн барилдаж өвдөг шороодов.
2008 онд дэндүү сайжирсан түүнийг би "энэ жил улсын наадамд Санжаадамба түрүүлбэл гайхах зүйл байхгүй, Ганбат заан л түүнийг тогтоож магадгүй..." гэж байтал 4-ийн давааны оноолтоор нөгөө л Ганбат заантай таарч унав. Үнэхээр харамсалтай... Санжаадамбын давж чадах бөх Ганхуяг начин тус наадамд түрүүлж улсын арслан болсон шүү дээ.
2009 онд бөхийн олон хорхойтнуудын дунд Санжаадамба улсын начин болох тухай биш харин ямар цол авах бэ? л гэдэг яриа өрнөж байв. Заан уу? түүнээс ч дээш үү?... гэвч 2-ын даваанд өвдөг шороодож Монгол наадам гэдэг ямархуу хүнд зүйл болохыг олон хүнд болон өөрт нь ойлгуулав. Санжаадамба хэзээ улсад түрүүлэх болоо л гэж би боддог.
Монгол туургатны 2 ч удаагийн томоохон барилдаанд бүх Монгол туургатан хүчтнэгүүийг (Монгол, Буриад, Өвөр Монгол...) торолгүй хаяж 2 түрүүлж бөөн шагнал хусаж амжаад байгаа цэргийн хүчит арслан Санжаадамба чөлөөт бөхийн дэвжээнд харин манай Чулуунбатад байнга даруулж байгаа.

Өнөөдөр 2010 оны 1-р сарын 10-д болсон улсын цолгүй бөхчүүдийн барилдааны үзүүр түрүүнд өөрийн учраанууд болох а.н Ерөөлт, а.а Батдорж, а.а Сангисүрэн, а.а Эрдэнбат, а.а Баянмөнх нараар 3-аас 7 дасан Байнхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат бөх ОУХМ, аймгийн арслан Чулуунбат нөгөө талаас а.з Амаржаргал, а.а Дэлгэрсйхан, а.а Мөнгөнбаатар, а.а Одгэрэл, а.а Батмөнх нараар 3-аас 7 давсан Архангай аймгийн Хашаат сумын харьяат бөх цэргийн арслан Санжаадамба нар үзүүр түрүү булаацалдав. Энэ үед би "энэ 2 сайхан залуу хэзээ нэгэн цэгт Монгол төрийн наадмын үзүүр түрүүг булаацалдан зогсох боломжтой бөхчүүддээ..." гэж бодов. Өнөөдөр Санжаадамба төвөггүй давсан ч энэ 2 хүчтэнд хэзээ нэгэн цагт ТӨРИЙН НААДМЫН ҮЗҮҮР ТҮРҮҮГ БУЛААЦАЛДАН зогсох болтугай гэж ерөөре!

No comments:

Post a Comment