Tuesday, March 9, 2010

Юм бүхэн цаг хугацаатай...

(Инээдмийн, эмгэнэлт өгүүлэл...)

Далай даян аварга Сүхбат нэгэнтээ: "Юм бүхэн цаг хугацаатай... миний уран сайхан барилдаж ард түмнээ баярлуулах маань ч цаг хугацаатай..." гэж өгүүлсэн. Тэгвэл тэр үг, үйл хэрэг өнөөдөр над дээр ирлээ.

Цагаан би бээр бөхийн спорт гэгч хүнд, хэцүү төрлөөр 20 гаруй жил барилдаж, олон сайхан аавын хүүхдүүдтэй (заримдаа охидуудтай) хүч бяр авхаалж самбаагаа сорин өрсөлдөж унахдаа унаж, давахдаа давж, 31кг жингийн чөлөөт бөхийн аймгийн аварга хэмээх ч цолонд хүрч бөхөд хайртай ард түмнээ баярлуулж явлаа...

Ажил амьдарлын эрхээр бэлтгэл сургуулилтаа хийж чадахаа больж, сонирхолын журмаар бие халаалтгүй олон барилдаж удаа дараа хүнд хөнгөн гэмтэл авч... насны эрхээр хурд саарч, зориг мохсоор, гэмтлүүд маань зовоосоор удлаа. Миний барилдаан урьд залуу сайхан явсан үеэ гүйцэхээ байж ард түмнээ уран барилдаанаараа баяруулах нь нэгэнт ховрдосон тул өнөөдөр зоримог шийдвэр гаргах хэрэгтэй боллоо.

Өдийг хүртэл намайг дэмжиж ирсэн үе үеийн олон сайхан дэмжигчид минь өршөө, аймгийн аварга болтлоо өсөн дэвжсэн дэвжээ, хөлс ханхалсан бэлтгэлийн өрөө минь өршөө... юм бүхэн эхэлсэн шигээ дуусах ёстой байдаг тул өнөөдрөөс эхлэн би ЗОДОГ ТАЙЛЖ байна.

Энэ олон жилийн хугацаанд надтай авхаалж самбаа, уран чадвар бүхнээ дайчлан өрсөлдөж байсан олон зуун өрсөлдөгчиддөө баярлалаа. Намайг хазайхад минь цуг хазайж, давахад минь цуг давж баярлаж явсан олон мянган хөгжөөн дэмжигчиддээ баярлалаа. Намайг ухаажуулж, тэвчээртэй, тэмцэх чадвартай хүн болгон хүмүүжүүлсэн Монгол бөхийн торгон ногоон дэвжээндээ баярлалаа. Аймгийн аварга болохын төлөө тэмцэж, тэмүүлж явсан гэрэлт бага нас минь баяртай, барилдаан бүрээс шинийг ухаарч байсан дэвжээ минь баяртай...

Хэдийгээр миний бие ард түмнээ баясгахаа больж байгаач Монголд хамгийн боловсронгуй чансаа гаргаж бөхчүүдийнхээ зэрэг дэвийг бодьтойгоор тогтоох, мөн Монгол бөхийн фантази хэмээх шинэ тоглоомоор хүүхэд залуучуудын үндэсний бөхөө хайрлан дээдлэх үзэл болон сонирхолыг нь дээшлүүлэх үйлст чин үнэнчээр зүтгэж бөхийн спортдоо хувь нэмрээ оруулсаар байх болноо.

Монголын зоригт хөвгүүд үеийн үед энэ л дэвжээн дээрээ ухаажиж, ялахын төлөөх түмэн хүслээрээ жигүүрэлсээр сайн эр, сайн гэрийн эзэн болон хүмүүжиж байх болтугай гэж ерөөе!
(бэртэл гэмтэл авахгүйн тулд үргэлж болгомжилж байгаарай)

No comments:

Post a Comment