Thursday, February 4, 2010

Монгол түмний "БААТАР"...

1996 оны 7-р сарын 12. Идэр залуу "өсөх идэр" начин Д.Сумъяабазар Монгол улсын "үлэмж бадрах" заан Цэрэнпунцагаар 7 давж Монгол улсын заан хэмээх өөрийн аав Долгорсүрэнгийнхээ цолонд хүрч байсан тэр дурсалт мөч, уран сайхан барилдааныг одоо болтол бөхийн хорхойтнууд санаж явдаг. Харин яг тэр мөчид түүний хажуухад идэрчүүдийн барилдаанд 16 настай түүний дүү Д.Дагвалорж түрүүлж улсын шонхор цолонд хүрээд "ямар ч байсан аав ах 2-ынхоо авсан цолонд хүрнэ дээ..." хэмээн ярилцлага өгч байв.
За энэ нөхөр хэзээ тачигнатал сайхан барилдаад гараад ирэх болдоо гэж бодож байтал Япон улсын сүмо хэмээх спортыг Монголчуупд ихээр сонирхох болж бүгд л тийшээ хошуурцгаах болов. Үндэсний бөгөөд мэргэжлийн спорт, тэгээд Япон улс олон хүн амтай өндөр хөгжилтэй тул сонирхогчдын хэрээр овоохон мөнгө эргэлддэг нь ч нууц биш. Мөн Япончуудын унхиагүй байдал нь төрөхдөө "бөх" болж төрдөг Монголчуудын хувьд амжилт гаргаж болох л илт байв.

Кёкүшүзан Батбаяр шуугиулж олон уран сайхан мэх хийж, Монголд үндэсээр ч барилдаж байгаагүй гэдэг Цэвэгням хүртэл доод зиндаануудад амжилт гаргаж байгаа нь угийн бөхөд нугасгүй Монголчуудад их тааламжтай байв. Дархан аварга Мөнхбат гуай "Долгорсүрэн турж үхэх гэж байгаа юм байхдаа, ирээдүйн Монгол бөхийн аварга болох хүүг явуулчихлаа..." гэж хараасаар Дагвадорж 17 настайдаа Япон улсыг зорьж 1999 оны сард 19 нас хүрээгүй байхдаа (мэргэжлийн сүмод төрсөн өдрөөрөө нас нэмлээ гэж үздэг) 181.8см өндөр 106кг жинтэйгээр анх удаагаа мэргэжлийн сүмогийн давжээнээ "Өглөөний хөх луу" буюу Асашёрюү нэрээр албан ёсны барилдаанаа жонокүчи зиндаанд хийв. Харин миний хувьд насаараа цээрэлж байсан зүйл бол түний "луу" гэдэг нэр юм. Хэзээ л Монголчууд луу шүтдэг байлаа даа, Хужаа нарын үндэсний ганц шүтээн болсон зүсэн зүйлийн амьтны шинж холилдсон хэзээ ч энэ ертөнцөд байгаагүй "зохиомол" амьтан гэдгийг нь л би мэдэх юм байна.

Дагвадорж сүмогийн 6 дэвжээний доод 3 зиндаад 3-хан башё барилдан 6-1, 7-0, 7-0 гэсэн амжилт үзүүлэн 5 ба 4-р зиндаад (жонидан, сандамэ) дараалан түрүүлээд макүшита буюу 3-р зиндаад ч нэг түрүүлэн (200 оны 7 сар)
2000 оны 9 сард 9 дахь барилдаанаараа жүрёод дэвшиж, 2-хон башёгийн дараа түрүүлчиж амжилгүй (9-6, 11-4 гэсэн амжилт үзүүлж)
2001 оны 1-р сард дээд зиндаад анхны барилдаанаа хийж байжээ. Ийнхүү дээд зиндаанд гарсан эхний 2 башёдоо 9-6, 9-6 гэсэн амжилт үзүүлж
2001 оны 5-р сард анх удаа комосүби цолонд очиж 8 давж цолоо хамгаалснаар уран барилдааны шагнал авч байсан байна. Энэ үед тэрээр 184.5см өндөртэй 128кг жинтэй байжээ.
Түүний дээд зиндаад гарсан үеэс Монголчууд сүмог улс нийтээрээ сонирхон үзэж хөдөө орон нутгуудад NHK энэ тэр гарахгүй тул спортын мэдээгээрээ 3 бөхийнхөө мэдээг чихэн тавин чагнадаг байв. Спортын мэдээ сүмо эхлэхээр 5 минутаар уртсаж сүмочдынхоо мэдээ хүргэдэг байсан бөгөөд удалгүй түүний араас улаан луу Дашням орж ирэн Монголчуудын үзэх дэмжих хүний тоо 4-д хүрэв.
2001 оны 9 сард би хотод очиж сурах болсноор сүмо арай их үзэх болж энэ үед Дагвадорж ёстой амжилтын төлөө дэвжиж тэмүүлж байв. Ангийн нөхөд бид ч түүнийг хэзээ том цолонд хүрч мандан бадрах болоо гэж ярилцан Дагваагаар амьсгалдаг байв. Энэ 9 сарын башёд зүүний 1-ээс босож барилдсан Дагваа маань Мүсашимарү аваргыг суудлын бүрээсээр цохиулан анхны "алтан од" буюу аварга цолтой бөхийг давсан хэмээх шагналыг авлаа.
2002 оны 1 сард Монголчуудын өмнө хүрч үзээгүй амжилт буюу секиваки цолонд анх хүрч түүнээс хойш Монголчуудын төдийгүй сүмогийн түүхнээ мөнхрөх олон том амжилтуудыг гаргасаар өдийг хүрлээ.
2002 оын 7-р сард Монгол наадмын дэвжээнээ улсын заан Өсөхбаяр "шодолтоор" түрүүлж арслан болсон бол Японы дэвжээнээ бас нэгэн арслан төрж Дагвадорж маань сүүлийн 3 башёд 11,11,12 давахдаа сүүийн 2-д нь түрүүлэх өрсөлдөөнд оролцон гарамгай амжилт гаргав.
2002 оын 11-р сард озеки цолтойгоор 2 дахь башёдоо зодоглохдоо 13 дахь өдөр тухайн үед озеки болох хамгийн боломжтой бөх байсан Ваканасатог шороодуулан түрүүлэх болзол хангаснаар Монгол хүн мэргэжлийн сүмогийн дэвжээнээ анх удаа түрүүлэв. Ингэхдээ тэрээр 11 дэхь өдөр Точионнадад ганцхан удаа унав. Энэ башёгийн дараа санагдана түүнийг Монгол төр ч үнэлэж Монгол улсын гавьяат тамирчин цолоо хайрлав. Энэ үед сүмо үнэхээр сонирхолтой байсан даа, хэзээ Монгол аварга төрөх бол... энэ Таканахана, Мүсашимарү 2-ын дундуур аварга яаж төрөх бол хэмээн олон асуулт биднийг дараагийн башёнуудыг тэсэн ядан хүлээлгэж байв. Монголчууд харийн орны үндэсний спортоор "аваргатай" болохын төлөө ард түмэн даяараа залибирч байсан байх.
2003 оын 1-р сар. Түрүү сард түрүлсэн эрчиндээ мөн ч дахин 13 дахь өдөр нөгөө л Ваканасатог давснаар 2 дараалан түрүүлэх нь ойлгомжтой боллоо. Тэрээр энэ удаа 9 дэхь өдөр уран барилдаант Кайход ганц унасан байх юм. Түүний түрүүлсэн 2 башёд аварга цолтой бөх барилдаагүйн дээр Кайо Чойтайка нарын шилдэг озеки нар эхнийхэд нь хоюулаа бэртэл авч дундаас нь башёг орхиж сүүлийнхэд нь хоюулаа барилдаагүй байх юм. Залуу озеки Дагвадорж энэ 2 башёд сүүлийн өдөр "бор" Мүсоямаг озекиг давж байсан бол эхний удаа түрүүлэхдээ хүчит озеки Точазүмаг 1 давж байж. Сүүлийн удаад бол зөвхөн 2-хон озеки л зодоглож байсан юм байна. Яг үүнтэй зэрэгцэн Монгол түмний эх баяр цагаан сар болж Сумъяабазар заан мөн л 2 дахь удаагаа дараалан түрүүлж ах дүү 2-ын амжилтаар хийсэн эвлүүлэг ТВ-гийн нүүрнээс салахаа байлаа...
Энэ үед удаа дараа бэртэл гэмтэлд ороогдон олон башё барилдалгүй цөхрөнгөө барсан Таканаханаг сүмогийн холбоо мөн л албан хүчээр шахуу зодог тайлуулхаас өөр аргагүй болж залгамжлагчийг хайх хэрэгтэй болов. Би Монгол хүнд унахгүй гэж том ам гардаг байсан Таканаханаг нь манай Цэвэгням давж "шалдан гуя" болгож байв. Такаханагийн ах Ваканахана аваргыг нь Кёкүшүзан давж зодог тайлуулж байсан санагдана. Таканахана харин Дагваатай 2 удаа хүч үзэн давж байлаа. 2 удаа зоримог сайхан барилдаад унахад нь дараа давнаа л гэж бид итгэж байв. Гэвч Таканахана зодог тайлж Монгол хүн аварга цолонд хүрэх сайхан боломж гарав. Сүмогийн холбоо хуралдан Дагвадоржийг аварга болгож өрсөлдөгчид цөөтэй үед дараалан түрүүлсэн 2 башёгийхоо амжилтаар Кайогийн 5 түрүүлээд ч авч чадаагүй (дараалж түрүүлээгүй!) аварга цолыг авав. Сүмогийн холбоо озеки, аварга цолуудаа олгохдоо маш няхуур ханддаг. Гол шаардлага нь энэ хүн цолоо аваад цаашид энэ амжилтаараа барилдаж чадах уу? гэдгийг тооцдог. Мэдээж тэд "Асашёрюү бол хэдэн жилдээ сүмог манлайлаад аварга гэдэг цолыг аваад явна" гэдгийг мэдэж байсан тул түүнд аварга цолоо маш хурдан өгсөн. Харин тэр тооцоо нь Баянмөнх аваргын тооцоо шиг дутуу тооцоо болж хувирсан нь өнөөдрийн "гайг" дагуулаад байна. Баянмөнх аварга нэгэн цагт (1988 онд) барилдааны эв дүү муутай бярнаас цаашгүй тул олон түрүүлэхгүй гэж тооцон Бат-Эрдэнэ аваргыг дэмжин улсад түрүүлэх замыг нь засаж байсан байх. Урд жил нь үзүүрт даван түрүлж байсан Цэрэнтогтох аваргыг амлалгүйгээр... Гэвч барилдаан муутай ч бяраар ааглан багалж хэвтэж, 4 5 цаг ч хамаагүй барилдаан сунжруулан түрүүлсээр Бат-Эрдэнэ аварга Баянмөнх аваргын олон мянган өрсөлдөгчидтэй олон жилийн турш тэмцэж байж бий болгосон рекорд амжилтыг нь 11 жилийн дараа гэхэд эвдэж дуусгасан. Яг тэрэн шиг үйл явдал сүмогийн дэвжээнээ өрнөж 2000 жилийн уламжлалтай гэдэг сүмогийн олон том рекордуудыг нь бүгдийг Монгол аварга эвдэж, хамгийн оргилд хүрэх нь нэгэнт тодорхой болоод байсан нь Япончуудыг шөнө унтаж чадахгүйд хүргээд байгаа байх...

Хэрэв сүмогийн холбоо Хакүход аварга өгөлгүй луу унжсан шигээ 2003 оны 1-р сард Монгол озекид аварга цолоо өгөлгүй луу унжсан бол яг бүтэн жилийн дараа л аварга маань дахин дараалан түрүүлж аварга болох байсан. Гэвч Япончууд зодог тайлсан Таканахана, удахгүй зодог тайлах нь ойлгомжтой Мүсашимарү аварга нарыг орлогчийг Асашёрюү гэж маш оновчтой зөв дүгнэж чадав.
Хашир Япон озеки нар залуу аваргад маань хаалт болж аварга цолтой барилдсан эхний башёд нь Чойтайка тачигнатал цупаридан аваргыг давж түрүүлж байсан бол 7 сард Кайо (манай аварга гэмтсэн), 11 сард Точазүма түүнээс түрүүг нь хулгайлж байв. Энэ үед УБ-т зарим сувгуудаар сүмо шууд дамжуулдаг байв, би хичээлийнхээ заваараа ПМ-ээр сүмо их сонсодог байлаа.

2004 оны 1-р сараас Монгол ТВ сүмо шууд дамжуулдаг болсноор Монголчууд эх орноороо сүмонд "донтож" их хурлын гишүүдээсээ эхлээд эгэл жирийн хоньчин нь хүртэл "цупари", "маүши" ... гэх үгсийг цээжлэн харийн спортод сэтгэл алдрав. 68-р их аварга гэдэг үг Монголчуудын зүрхэн тарни шахуу болж, 68 дахь аварга маань арлын Японыг буулгаж нураах шахаж байхад Монголын парламент "68%-ийн татвар" баталж... их аваргаа "дэмжицгээв".
2004 онд 9-р сарын башёд л гэрлэснийхээ дараахан 9 давснаас бусад башёд түрүүлэв. 1 болон 3 сарын барилдаанд уналгүй түрүүлж байх энэ үед 1-р сард дундаж барилдааны хурд нь 5сек гаранхан байсан гэдэг. 2004 оны сүүлийн башёгоос эхлэн 2005 оны бүхий л башёд "уйдтал" Дагвадорж аварга маань түрүүлж нөгөө алдарт 3 рекордоо тогтоон Кайог давсан сүүлийн 11-р сарын 14 дэхь өдрийн барилдаандаа дэвжээн дээр гараа атган уйлж байв. Хожим нь "би үнэхээр дэвжээн дээр ганцаардсан..." хэмээн өгүүлэх "ар Монголын ганцаардсан чонын" зовлонг цөөхөн л хүн ойлгож байсан байх.

Нүсэр их амжилт ялалтын дараа Монголчууд бахархан сайшаахын хажуугаар дандаа л Дагваа түрүүлж байх юм 33 түрүүлэх нь тодорхой ш дээ хааяа ч гэсэн өөр хүн түрүүлж байвал зүгээр юмуу гэх бодол хүн бүрийн толгойд л орж ирсэн биз. Хүн төрлөхтөний зан болох "уйдах, чилэх"... шинийг эрэлхийлэх, шийнийг хүсэмжлэх өвчиндөө автаж эхлэв. Мэдээж энэ бол жам ёсны зүйл байх. Би бол тэртэй тэргүй л 33 түрүүлж чадна гэсэн Монголчуудын давилуун зан бас их нөлөөлсөн байх гэж бодно. Аваргаа арай дутуу хайрлаад, их харааснаас сүүлийн 2 жилд 5 башё барилдаагүй ч байж мэднэ. Ямартай ч 2004 оны 4 сард Монголд ирээд байсан Хакүхогоос гарын үсэгтэй зургийг нь авч бидэнд гайхуулна гээд байсан Хакүхогийн багын найз манай ангийн хүүхдэд Хакүхо "5 сараас өдөр бүр ТВ-гээр өдөр бүр харах байж миний зургаар яах гээв" гэсэн дээ... Монголчууд шинэ залуучуу хүмүүс, өсөн дэвжихээр тэмцэж яваагаа байнга дэмждэг тул масс Хакүхог элт дэмжиж тэрээр энэ их итгэлийг алдалгүй ах аваргын бэртээд гарсан 2006 оны 5-р сарын башёд нэмэлт барилдаан дээр Мябиямаг давж түрүүлэв. Цэвэгням түүнд ихээхэн тус болж Мябиямаг ганц давж өгсөн юм шүү дээ. Мөнхбат аварга хөдөлмөрийн баатрын тэмдгээ зүүгээд ордны урдуур суучихсан, Кёкүшүзан оччихсон, Монгол хүн л түрүүлэх ёстой гэж Монголчууд бүгд түүнийг дэмжсэн байдалтай байлаа шүү дээ...
Нээрэн л хааяа нэг өөр хүн түрүүлэх сайхан юм, бүүр 2 аваргатай болчвол гоё юм гэх зэрэг бодлууд, ярианууд Монгол болон Японуудын дунд хөврөж... Дагваа аварга Хакүхогийн озеки цолны найранд "ах нь чамд 69-өө өгье..." гэсээр УАЗ469 бэлэглэж... бид тэсэн ядан хүлээсээр...
Их Монгол улсаа байгуулсныхаа агуу их 800 жилийн ойд бид тулан ирэв. Сүмогийн холбоо Хакүхо 13 давбал аварга, Мябияма 10 давбал озеки болох болзол зарлаж наадмын өмнө Мөнхбат аварга "та нар 2 далай аваргын нэг л түрүүлнэ гээд байх юм Сумъяабазар түрүүлнэ за юу!" гэж далдыг харсаар наадам, нагоё башё 2 зэрэг шахуу эхэлж эхний өдөр улаан луу Дашням Хакүхог шороодуулан байдал эгзэгтэй болов. Монгол наадмын дэвжээнд харин 20 21-р заагт "нэгэн үзэгдэл" болон тодорсон гэрэлт од Сүхбат аварга гэв гэнэт зодог тайлан Монголчууд дийлэнх олонх өр өмрөн байх цаг доор Мөнхбат аварга "тээр би яг мэдэж байсан байгаа биз!... Сумяъа түрүүлчлээ..." гэсээр өмнө нь 7 удаа унаж байсан Өсөхбаярыг давсаар төрийнхөө их баяр наадамд түрүүлж "ард түмнээсээ" аварга гэдэг цолоор "хуулийг" даван шагнуулав (түүнээс хойш том жижиг нэг ч барилдаанд түрүүлэлгүй 4 жил шахам боллоо). Мэдээж Дагваа аварга зодог тайллаа гэдэг мэдээг сонсоод ганцхан зүйл шууд л санаанд буув. Сүхбат аварга ч залуугаараа зодог тайлсан... 2004 онд түрүүлж 2005 оны намар болсон 4 барилдаанд дараалан түрүүлж сүмогийн дэлхийн аваргаас бэртэлтэй ирж байж байгаад 2006 оны 5 сард буюу наадмаас сар гаруйхны өмнө Рагчааг шороодулан заалны барилдаанд түрүүлж байсан тэр үедээ 10 гаруй хоногийн өмнө башёд түрүүлсэн Дагвадорж аварга одоо зодог тайлж байгаатай төстэйгээр залуугаараа зодог тайлсан (2000, 2001, 2003, 2004, 2005 онуудад бүгдэд нь сэргээшийн шинэжилгээ хийгдсэн байж таараа!!!).

Мөнхбат аварга Сумъяабазар түрүүлэхийг мэдэж байсан бол би Хакүхо Дагваа аваргыг давахыг мөн л мэдэж байв. 14 дэхь өдөр нэг ч унаагүйгээр нэгэнт түрүүлэх нь тодортой болсон Дагваа аварга сүүлийн өдөр Хакүход шороодосноор Хакүхо 13 давж сүмогийн холбооны болзол шаардлагыг бүрэн биелүүлэв. Мябияма ч мөн адил болзлоо биелүүлэв. Хамгийн сүүлийн барилдаан мэдээжийн барилдаан болсон тул Япончууд "аваргатай түрүүлэх өрсөлдөөнд ороогүй" гэсэн шалтгаан боловсноор хэлж (цаанаа бол Дагваа бууж өгсөн тул гэсэн утгатай нь илт биз)... аварга цол өгөлгүй луу унжсан бол ичих булчирхай нь хэт ажилласан тул амьтны үрсийг алаг үзэхгүй гэсэн шалтгаанаар Мябиямаг мөн озеки цолноос мултлав. Харин байгалийн шалгарал ёсоор Хакүхо авах ёстой аварга цолоо гуядаад авсан бол Мябияма байнгаа шахуу уруудсаар л явна.

Дагвадорж аварга маань 2007 оын 1-р сард түрүүлсэн бол 3-р сард нэмэлт барилдаанаар зайлж татуулан Хакүход түрүүгээ булаалгасан барилдааны би хараад тэдний дунд "ан цав" үүсэхээс өөр аргагүй ойлгов. Монголын түүхэн хүмүүнүүдийн нэг Жамуха нэгэнтээ "тэнгэрт 2 нар байдаггүй, газарт 2 хаан байдаггүй" гэж өгүүлдэг. Түүн лугаа сүмогийн 1 башёд 2 хүн түрүүлж болохгүй шүү дээ!!!Эхэндээ Монголчууд 2 аваргатай боллоо, сүүлийн барилдаанд ээлжилж барилдаад л сайхан байнаа л гэдэг байлаа. Залуу хүнийг дэмжих хандлага илт их байсан... 2004 оны 5 сард их аварга маань 35 дараалж давсан амжилтаа Хокүторикид зогсоолгож улмаар түрүү алдах даваан дээр залуухан Хакүхо сүүлийн өдөр түүний номхроож бөөн баяр болж байсан түүхтэй. Дагваа аварга ч өөрийн гараар очиж Хакүход баярласнаа идэрхийж, дараа нь болсон тойргийн барилдаанд унаж өгч Хакүхог түрүүлгэн урам өгч байсан удаатай. Харин хэт үндсэрхэг Монголчууд маань самуйрайн хүргэнтэй эвлэрч чадсангүй бололтой. Самурайн хүргэн болсон цагаас хойш харин Монголчуудын дунд Дагвадорж аваргыг дэмжих хандлага нь буцан сэргэж түүний ихээр дэмжих болов. Уйдаа нь ч тайлагдсан байлгүй дээ!!!

2007 оны 5-р сарын башёд Котоүшүд түрүү алдахдаа сүүлийн өдөр 2 аварга маань дэвжээн дээр бараг зодолдож шившгээ тарьсан нь түрүү бөх 2 байдаггүй гэдэгтэй 2 аварга цагийн эрхээр ч болтугай эвлэрч "өрсөлдөөн ширүүссэн" гэдэг нь илт болов. Котоүшү маасайн: "Монголчуудын 13-р зууны түрэмгийллийг Болгар үндэстэн анх зогсоож байсан түүхтэй, би Монголчуудыг сүмо дахь ноёрхолыг..." гэсэн утгатай юм тэнэглэж байх зуур 7-р сарын башёд түрүүлсэн их аварга маань нутагтаа амарч байхдаа бас л нэг самурайтай зугаацасныхаа төлөө 2 башёд барилдах эрхээ хасуулан "намайг уучлаарай, би Япон гүрэнд хайртай..." гэх шахуу юм хэлж байж нүүрээ улалзуулан 2008 оны 1-р сард буцан дэвжээнд гарав.Энэ үед аварга нэгэнтээ 21 түрүүлж амжаад байв. Бэлтгэл муу байсан 1-р сард түүнийг муу барилдуулан зодог тайлуулах санаа самуйраа нарт их л байсан биз харин Мөнхбат аваргын хэлснээр "аварга аваргаараа л төрдөг"... сүүлийн өдөр хүртэл Хакүход өрсөлдөөн үзүүлж Япончуудын амыг "скочдов".
3-р сард 22 дахь удаагаа түрүүлж 5 сард Хакүхог үндсэн барилдаанд хамгийн сүүлийн удаа давж Харүмофүмиг түрүүлэх бололцоогоор хангаад 3 башё гэмтлийн улмаас өнжив (үнэхээр харамсалтай).

Бүтэн барилдсан 2009 оны 1 болон 9-р сард сүүлийн өдөр Хакүхотой 2 удаа барилдан байж 14 даваагаар 23, 24 дэхь түрүүгээ авч 10 гаруйхан хоногийн өмнө дууссан 2010 оны эхний башёд 14 дэхь өдөр түрүүлэх болзол ханган "хүрэл медалийн" болзол биелүүлж (түүхэнд 3-д орох амжилт) өнөө жил 4 түрүүлнэ гэсэн амлалтаа биелүүлж эхэлж байлаа шүү дээ... Энэ хооронд Монгол төр түүнд дээрээсээ 2 дахь шагнал болох "хөдөлмөрийн баатар" цолоо өгсөн... одоо харин... харь гүрэн манай аваргыг хөөж байхад Монгол төр болон ард түмэн маань БААТАРАА алга тосон авна...

Сүмогийн дэвжээнд шударга биш барилдаан маш их байдаг. Сүүлийн өдөр "үнэн барилдаан" яг үнэндээ бол цөөхөн л болдгийн манай бөхийг хэт мэдэгч ард түмэн мэднэ шүү дээ. Кайог улаам цайм зодог тайлах гэж байхад нь л өдийг хүртэл дэнжигнүүлээд л каданбан башёгийн сүүлийн хэдэн өдрүүдэд нь хэвтэж өгсөөр байгаад л авч үлддэг. Ваканахо хөөгдөхдөө үнэнийг хэлж "луйвар, хээль халууль байдаг" гэдгийг өгүүлсэн. Якүза нараараа дарамлуулаал "би худлаа хэлсэн" гэдэг үгийг хэлүүлээд л авсан. Худлаа барилддаг тэр том том булхайнуудаа засаж чаддаггүй байж хөлбөмбөг тоглосон, хүн айлгасан гэсэн шалтгаануудаар манай аваргыг шахах гэж дээ. Минй ойлгосноор бол "чамайг зодог тайлвал тэр нөхрөөр гомдолгүй гэж хэлүүлээд тайван орхъё, эс тэгвэл эрүүгийн хэрэг үүсгэе..." гэсэн байдлаар хандвуу л гэж дүгнээд байна. Ямар ч байсан залуу Япон сүмоч халамцаад жаахан хүн айлгавал аргалаад нуугаад өнгөрч чадах л хүмүүс шүү дээ, хүн үхтэл нь тамалдаг биз дээ сүмогийн сургууль чинь. Тэр худлаа барилдддаг гэмт хэрэгтэнүүд шийтгэвэл Кайогоос авхуулаад бүгд л зодог тайлав ёстой санагдах юм!

Миний байнга цээрлэж байсан луу үндэстний хорлолоор өглөөний хөх луу маань сүмочийн замналаа өндөрлөлөө дөө.

Монголын сүмогийн холбооны ерөнхийлөгч Кёкүшүзан Батбаяр: "Сүмод 10-аас дээш түрүүлсэн бөх дэвжээ байгуулах эрхтэй байдаг юм. Тэр эрхийг нь өгчөөсэй л гэж хүсч байна. Өөр бөх бол зөвхөн тэр эрхийг нь авахад л 2 сая доллор төлдөг юм... Хакүхо сая ярилаа, би өрсөлдөгчгүй болчлоо л гэж хэллээ..." гэж байна лээ. Тэгэхдээ Японд сургууль нээгээд авъяасгүй Японуудыг бэлдэхийн манай аварга хүсэхгүй л болов уу!

69 дэхь их аварга Хакүхо:
"... би түүний энд хүрэх юмсан гэж үргэлж хичээж ирлээ... одоо түүний өмнөөс барилдах болно..." гээд нулимсаа арчиж сууна лээ.

Олон жилийн өмнө нэгэн хүн их аваргыг цөөхөн түрүүлсэн үед нь:
...Дагвадорж бол Монгол үндэстний баатар юм. Үндэсний баатар гэдэг нь эх орноо манлайлан дагуулсан хүнийг хэлнэ. Дагвадоржийн сүмогийн дэвжээнд байгуулсан олон ялалтаас хол давсан гавьяа нь Монгол эр хүний зориг тэхнээг дэлхий нийтэд дахин нэг удаа цуурайтуулж, Монгол эр хүмүүсийн сүр сүлдийг өндөрт өргөн "дээшлүүлсэн" нь юм...
хэмээн маш оновчтой өгүүлснийг би байнга санаж явдаг юм. Сүмогийн дэвжээнээ "босоо хэвээрээ" зодог тайлсан Монгол үндэстний БААТАР Дагвадорж танаар үеийн үед Монгол түмэн бахархаж, таны эрэмгий зоримог, хийморилог барилдаан шиг тань зоримог бадрангуй, хөдөлмөрч амьдрахаа амлая!

70 дахь аварга хэн бэ? (энэ ч одоо нээх сонин зүйл биш болж дээ)

С.Цагаан 2010 оны 2-р сарын 5, 6.

No comments:

Post a Comment