Wednesday, February 10, 2010

Хэмжих нэгж... бас бүжигчин

Хэрэв хэн нэгэн лут бүжгийн багш түүнийг багад нь олж авсан бол тэрээр Алтанхуягаас ч илүү мундаг бүжигчин болох ч байсан юм билүү! Ядаж сайн дасгалжуулагчийн нүдэнд өртсөн бол Цэцэгжаргалаас илүү сайн воллейболчин болох байсан ч байж магадгүй... ямартай ч бүх зүйл оройтжээ... Эсвэл бүүр өөрийн багын мөөрдлийнхөө төлөө бодитоор тэмцэх боломж, арга замыг олж авсан бол ч... олон хэрвээ дундаас тэр одоо яг энд л ирээд байна. Хэний тухай өгүүлэх гээд байгаа нь зарим хүмүүст ойлгомжтой болж байгаа байх.

Би бол угийн өөрөөсөө өөр хүнийг магтах тун дургүй хүн. “Үлийд бүдрээгүй ажнайг магтаалаар дарж алахад би дургүй...” гэж Ц.Хулан айлдсан, харин би хар залуу хүнийг “гариг андууруулах” дургүй. Хийдгээ хийсэн цагтаа өөрөө өөрийгөө магтаг, өөрийгөө магтахыг нь хүн ойлгохгүй бол хэнд ч хэрэггүй амьтан болог!... Гэхдээ өнөөдөр нэг хүнийг магтахаар шийдэв. Учир нь тэр одоо хүүхэд биш болж байгаа... Номгон “h…l”-ын бүжигчин Сэрчинмаа ... Сэрчинмаа гэж хэн бэ? гэх асуултанд өнөөдрийн хувьд байгуулсан хамгийн том гавьяагаар нь математикийн ЭЕШ-ийн Баянхонгорын дээд амжилтын эзэмшигч л гэж шууд хариулахаар байна. Үүнээс том гавьяа байгуулахаар нь түүгээр нь нэрлэнээ.

Магадгүй түүнд би Эрдэнэмаагаас дутуу хайртай байж мэднэ, гэхдээ л Сэрчмаадаа их хайртай. Түүний хэзээ ч үл тасрах, сэтгэлийнх нь хамгийн гүнд байдаг, хэрийн хүн ажиглаж чадахааргүй шазруун занд нь би хамгийн их дуртай. Тэр үл тасрах шазруун занг нь Жаамаагаар төлөөлүүлэн тохуурхах ч дуртай. Сорил хийж байхад нь хажууд нь суугаад түүнийг ажигладаг. Бага ангийн суурь чадварын жижиг алдаанаас өөр ямар ч алдаа гаргадаггүй дунд сургуулийн математик чадварт нь би дуртай. Энэ миний мэргэжлийн онцлог байх. Өөрт байдаг олон сайхан чанар, өндөр чадамжаа ашиглан, хэзээ ч үл тасрах итгэлээрээ зүтгэсээр ... сайн мэргэжил, сайн амжилтанд хүрч чадна гэж найддаг.

ЭЕШ-ны математикийн шалгалтаа дуусгаад ирэхдээ “багшаа би 4 бодлого бодож чадсангүй, тэгэхдээ 1/2 магадлалтай буудчихлаа...” л гэж хэлэв. За угийн арга ядсан үед мэдрэмжтэй сайн бууддаг тул “2-ыг нь лав оносон байж таараа” гэдэг бодол шууд төрөв. Харин энэ удаа биднийг ёстой аз эвээсэнгүй түүний сонгоогүй үлдсэн 4 хариу бүгд зөв байсан юм шүү дээ! Зарим бодлогоныхоо өгүүлбэрийг буруу ойлгоод цаг их алдсан гэж өөрөө тайлбарласан. Ямар ч байсан хийх ёстойгоо хийхэд бусдыг тэргүүлнэ, дээр нэмээд багахан аз эвээвэл тасрах хэмжээнд байлаа. Гэвч түүнийг ямар ч аз эвээгээгүй... амжилт гаргах, амжилтгүй гэгдэх 2-ын дэнсэн дээр өөрийн чадвараа 80 минутад шавхах, шалгах үнэхээр хэцүү юм билээ дээ. Бодит байдал дээр бол Сэрчмаа авсан дүгээсээ хамаагүй илүү чадвартайг хамгийн сайн мэдэх хүн нь би билээ. Азгүй хамгийн муугаараа байхад ч өөртэй нь өрсөлдөнө гэж бодож байсан эндүүрэгчдээс тасархай төрсөн нь сайхан юм даа...

Ямартай ч түүний “та нар чаддаг юм бол үүний даваарай” гээд дүү нартаа үлдээсэн рекорд дүнг нь давахын төлөө бид зүтгэж байна. Давсан үед нь Сэрчмаа өөрөөрөө бахархаж, ямархуу сайн үйлс бүтээснээ ойлгох байх. Би энэ хүүхдүүдийг ийм сайн дүн авахад нь “бодит туслалцаа” үзүүлсэн шүү гэж бодох сайхан л байна байх даа... Өнөөдөр зөвхөн түүний рекордыг л давахын төлөө бэлтгэл хийдэг хүн олон байгаа, муухан рекорд байсан бол муухан л хичээнэ шүү дээ... төгсөх ангийн хүүхдүүд сорил дээр Сэрчмаа шиг дүн авдаг болж байж л санаа нь амрана, тэр болтол маш шаргуу хичээллэнэ. Энэ том даалгаварыг бий болгосон хүн бол Сэрчмаа. Одоо би шавь нартаа “та нар 80 авах ёстой” гэж хэлэхийг хүүхдүүд “тийм юм” байдаг юм байхдаа тэр нь тэгээд юу юм бол доо гэсэн байдлаар хүлээж авна, “та нар Сэрчмааг давах ёстой” гэвэл маш хялбарханаар ойлгож авч “нөгөө миний сайн таньдаг шар Сэрчмаа чадаж байхад, би түүнээс их хичээгээд...” гэсэн бодол шууд л орж ирнэ. Төгсөх ангийнхан өөрийнхөө мэдлэг чадварыг, сорилын дүнг зөвхөн Сэрчмаагийнхтай л харьцуулан үзэж хэр байгаагаа “хэмжиж“ үзнэ. Хөвсгөлийн Дондогтой ч юмуу өөрийгөө харьцуулж болохгүй шүү дээ... ижилхэн багшийн гар дээр ижилхэн орчинд бэлтгэл хийсэн тэр хүнтэйгээ л өөрийгөө жишин үзэж, түүнээс сайн байхын төлөө түүнээс илүү хөдөлмөрлөх нь ойлгомжтой хэрэг. Сэрчмаа бол энэ жилдээ яах аргагүй сайн дүн авъя гэж хүсч яваа хүний өөрийгөө “хэмжих нэгж” мөн билээ, сорилд Сэрчмаагаас сайн дүн авсан цагтаа л түүний рекордын эвдэх тухай ярина, бодно. Тэр болтол өөрсдийгөө түүний амжилтаар хэмжиж үзээд л зүтгээд байж дээ!

Уг нь манай хүн чинь олон сайн чадвартай, зарим нэг “од”-оос ч давуу зүйл их бий (ядаж 2 үсгээр)... Жишээ нь түүний бүжиглэх чадварыг хөгжүүлэх хүн олдсон бол мөн ч хол явах байсан даа... Даан ч түүнд дунд сургуулиа бараг л төгсчихсөн үед нь өөрийнх нь бүх насаараа сурч 57 авах хэмжээнд сурсан мэдлэг, чадварыг 76 болгож өгөх би гуайгаас өөр авъяасыг нь тордсон хүн цөөхөн л байх шиг байна. Ядаж Эрдэнэмаагийн оронд надад олдсон бол ирээдүйн Эрдэнэмаа ч болох байсан юм билүү бүү мэдээ. Гэвч түүнд ирээдүй их байна, боломж ч их байна. Би түүнд байнга итгэдэг... Баянхонгорын гудманд чулуу өшиглөж явсан Жаамааг Болгарын гудманд эх орноо төлөөлөн явах хэмжээнд хүргэсэн шигээ эсвэл Содномдаржаа, Буяндэлгэр ... нар шигээ Сэрчмааг өөрчилж чадаагүй ч гэсэн түүнд би хайртай, бас их найддаг.

Одоогийн байдлаар дунд сургуульд математик сайн сурсан хүүхэд ирээдүйд хамгийн өндөр амжилт гаргах боломж нь эдийн засгийн сургуульд сурах явдал байна. Миний ганц шүүмжилдэг зүйл бол эдийн засагчид дэндүү олширч, хавтгайрсанд л байгаа юм. Манай Сэрчмаа шиг авъяастай нэгнийг зүгээр аавынхаа мөнгөөр орж ирсэн “эргүүтэй” цуг сургаад ижилхэн диплом өгчихөөр үнэхээр харамсалтай санагдаад байгаа юм. Отгоо эгчээсээ хол илүү байх боломж нөхцөл байна шүү дээ. Отгоо эгч нь гэхэд зүгээр л бүтэлгүй дунд сургуулийн бүтэлгүй бүтээгдэхүүн, хэн ч түүнд туслаагүй зүгээр л өөрийнхөө бор зүрхээр амьдарсан. Харин Сэрчмаад бол ядаж эхлээд Отгоо эгч шиг болчиё гэж дуурайх хүн байна шүү дээ. Амжилт хүсье! Олон хүн чамд найдаж, чамайг харж байгаа шүү!

“Эрдэнэмаа та хоёр бол надгүйгээр бүтэхгүй дээ...” л гэж шоглоомоор хэлдэг. Бид 2 ч Сэрчмааг оюутан болж явснаас хойш ганц ч амжилт гаргаж чадахгүй л явна. Тэгэхдээ л Ээмаа бид 2-т нөөц их байна, хамгийн гол нь Сэрчмаад хэзээ ч байгаагүй “боломж” гэдэг зүйл бид 2-д харамгүй их байна. Би нэгэнтээ “...Ах нь болж төрснөөрөө би сургаж, дүү нь болж төрснөөрөө Шагай маань миний хүрч амжаагүй амжилтанд хүрэх шаардалагтай байв...” гэж өгүүлсэн, Эрдэнэмаа бид хоёр амжилт гаргаж Сэрчмаагаа баярлуулахын тулд ихээхэн хичээцгээнээ. Сэрчмаа харин үлгэр дурайлалтай сайн эгч байх үүргээ амжилттай биелүүлээрэй, дахин амжилт хүсье!
Төгсгөлд нь “ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ!” насанд хүрч байгаад нь баяр хүргэе!


Ингэсэн ч чадна...

Бас иймэрхүү...

No comments:

Post a Comment