Friday, December 18, 2009

Нарснаас зөөлөн мод гэж үгүй Нагацаас ойр төрөл гэж үгүй...



Том нагацын бие чилээрэхсэн гэж дуулаад энэ зун цуг авахуулсан зургаа ПС-ны дэлгэцэн дээр тавиад сар шахуу боллоо. Өнөөдөр форумд ортол нэгэн залуу өөрийн нагац ахын тухай бичсэн байх юм. Тэгвэл надад ч сэтгэлийн гүнд биширч явдаг хүн бий гэж... Уг нь надад нэгэн сайхан тэнгэрлэг авга ах бий ч амьддаа бие биеэ хайрла гэдэг үгийг санаад том нагацын тухай... түүнтэй өнгөрүүлсэн хүүхэд насны омголон дурсамжаа эргэн санахаар шийдэв.

Том жижиг бүх хүн "өвгөн Болд" хэмээн нэрийдэх, гаднаас нь харахад хэжээлдүү гэмээр энэ эрхэм уг нь 40 настай цэл залуухан хүн билээ. Даан ч над мэтийн дэггүй, томоогүй олон дүү нараа "хүн болгох" гэж том ахын ёсоор санаа зовсоор, том ахынхаа үүргийг дэндүү сайн биелүүлсээр ... духанд нь дэндүү олон үрчлээ, аманд нь дэндүү цөөхөн шүд үлдэж дээ. Ахынхаа хажууд байхад нэг л аймаар ч юм шиг санагддаг... хар багаасаа түүний заавар зөвлөгөөг ягштал биелүүлж, цалгардуулбал шийтгэлээ хүлээж өссөн болоод тэр байх.

Зун бүр амралтаараа ах дээрээ очиж хурдан морь уяж буйг нь харж, эхлээд хурдан морийг унаж өгдөг байлаа... сүүлдээ томдоод туслах уяачийн албанд шилжин гар хөлийнх нь үзүүрт зарагдаж хамгийн сайхан дурсамжуудаа түүний хажууд үлдээн өнөөдөртэй золгоод байна. 11-ний өглөө хормойгоо дэвсэн дааган дэл хайрхандаа удтал мөргөчөөд наадмын талбайд хүрч очиход манай сумын наадмын хамгийн гол хүний нэг том нагац маань байдаг байлаа. Түүний хол яваагүй ч хонхортоо босоо хурдан хээр нь наадам бүрт л хамгийн гол морины тоонд орох тул наадамчин бүр ахыг анзааран хурдан хээрийн уяа сойлго хэр байгааг түүнээс лавлана. Наадам дууссаны дараа морьд нь хэдэд дахвисан ч хамаагүй магнай тэнийтэл баярлан бүтэн жилийнхээ ажлын ард гарсан гэлтэй нэг сайхан уртаар санаа алдаад "болоо болоо... үүнээс илүү яахав..." гэж товчхон бөгөөд тодорхой, мөн бусад хүмүүсийн хүлээж байсан үгийг хэлээд л зогсож байдагсан.

Зун бол буурай аавын үеэс манайхан морьдоо үсэргэдэг болсон шаарын хөндий гээд газар л өнжинө. Бид морьдоо унаад явна, үлдсэн хэдэн уяачид хоорондоо ноцолдох, чулуу таалцах зэргээр морьд ирэхийг хүлээнэ. Жил бүр наадмын хамгийн сүүлчийн үсэргээгээ буюу "их үсэргээ" үнэхээр сайхан хүсэн хүлээсэн бэсрэг наадам болно. Том нагац бүхнийг удирдан хорхог боодог хийж, хүүхдүүд барилдуулан шагнаад ... өдөр бүр олон улсын түвшинд хүрсэн сургалт, олон улсын олимпиад бодож өөрөө өөрийгөө чимээгүйхэн мэрэхгүй зүгээр л морьдоо хурдлуудах, наадамд оролцох, их үсэргээнд амжилттай барилдах... зорилттой өөрийн үст хээрийнхээ нуруун дээр өнгөрүүлсэн тэр жилүүд маань үнэхээр сайхан байж дээ.

Ёстой л нэг хүний том ахын хайр, хал 2 түүнээс ханхална. Би 8 настайгаасаа 15 нас хүртлээ түүний хажууд зусдаг байлаа. Буурай аав маань бурхан болсноос хойш том нагац л бидний буурай аав болсон доо... Буурай аавын сургааль, байр суурь, буурай аавын "9 зоосыг" хүртэл өвөлж авсан хүн. Олон жил сургааль сонсож амьдрахдаа олон ч сайхан дурсамжтай зүйлүүд түүгээр яриулсан. Сэтгэлд хамгийн тод үлдсэн нь ганц онгирсон тухайгаа ярьдаг хууч нь юм.
Том нагац хурдан хээрээ өөрийн гараар уяж анх удаа түрүүлгэсэн 1992 оны наадам юм гэнэ. Их нас тосохоор сумын дарга нар нь 69-д бөөгнөрөн суухад ах самбаачлан хонины хонхорт нь сууж амжив гэнэ. Замын турш хонины хонхорт хэн байгааг ямар ч дарга цэрэг анзаарсангүй. Морьд эргэж, 2 хээр морь хол тасран барианы зүг дөхөх үед дарга нар нэгийг нь таниад нөгөөг нь танихгүй байх нь тэр. Ах тэснэ тэснэ гэхэд яаж тэсхэв дээ, бүхий л замын турш тэссэн тул бариа нэлээд ойртоод сэтгэл ихэд хөдөлхөд "миний морь... наадах чинь миний морь..." гэсэн гэнэ. Дарга нар сая л хонины хонхорт хонь биш хүн байгааг анзаарч, тэр хүн хүндээ наадмын түрүү болж ард олынг баярлуулахаар хурдлан буй хүлгийн эзэн гэдгийг сая л ухаарав бололтой "хүүе яанаа... алив чи урагшаа суу... жолооч чи морилуу дөх ... хүүхэддээ зөвлөгөө өг..." гээд машин дүүрэн сандралдаж байна гэдэг. Монголчууд мориндоо ийм л хайртай ард түмэн. Хэдхэн хормын өмнө бараг л хонь гэж бодож байсан хүнийг цэнгэлийн манлай хүлгийн эзэн гэж мэдэнгүүтээ л түүнийг ихэд хүндэлж буй нь энэ. Угийн даруу ах маань "би тэгэхэд л яаж ч чадалгүй ганц онгирчихсон юм" гэж хожим бахархалтайгаар дурсдаг. Яасан гэхээр манай хүн морь нь түрүүлэх нь ойлгомжтой болсон тэр үед "зүгээр зүгээр хүүхдэд юм хэлэх хэрэггүй, одоо бүгдээрээ түрүүлж очоод морио тосоё... хурдаа нэм..." гэсэн гэдэг.

Миний дүү нарыг яргалах ээлжит нэгэн ярга том нагацын отгон хүү дээр ирэв. Удам судрынхаа бүх хүний нэрийг бүтнээр нь хэл гэж бацаанд үүрэг буулгав.
Хамгийн том эгчээсээ эхэл... гээд манай гэр бүлийн тухай яриулав. "Мөнгөншагай ах Монгол улсын аварга" гэдэг цол хэргэмийг нь үеийн үед цээжилж яв хэмээн үүрэгдэв. За тэгээд танай аавын хэн гэдэг билээ?
-Гунгаагийн Энхболд
-Танай аав чинь юу хийдэг хүн билээ? малчин биз дээ...
-Үгүй, манай аав уяач.(ах морь уялгүй бараг 10 жил болсон)
-Пөөх чи бас мэддэг юмуу. Тэгээд танай аавын хамгийн алдартай морь юу бэ?
-Нэг хээр морь байсан. Сумандаа 4 түрүүлсэн...
Энэ үгийг сонсоод босоо хээр маань 17 насандаа хамгийн сүүлийн удаа түрүүлж олон хүнийг уйлуулж байхад энэ муу нусан чавх дөнгөж төрж байсан юм шүү дээ гэдгийг санав. Том нагац хүүхдээ бас сайн л хүмүүжүүлж дээ гэж бодож билээ. Манай ээж бүүр баярлачихсан "овоо доо, манай аав гэж онгорхой хар өвгөн бий гэж хэлэлгүй, уяач хүн гэж хариулаад хурдан хээрийн цол гуншинг хэлээд зогсож байдаг сайн л хүү байна даа" гэж магтсан. Ахаараа хурдан морь унах, уяхыг заалгаж... 5-р анги төгссөн жилээ мотоцикл унахаыг ч бас заалгаж байлаа. Хэзээ нэгэн цагт "том ах" болж хоцрох тул өөрийн том ахаасаа сурах зүйл надад их байсан. Дүү нараа ингэж хайрлаж халамжил, сургаж хүмүүжүүлж байх ёстой юм байна шүү гэж түүнийг дуурайж амьдарч байна. Нэг жил наадмаас буцаж явах замд намайг шоглоод байсан согтуу эрийг ирээд ахад ховлов. "Хаана байна тэр муу, одоо очоод хэмхчээд хаячия..., намайг мэнд суухад миний дүү нарыг дээрэлхэх болоогүй..." гээд босоход нь би ч арай л муухай хов зөөчихвүү дээ гэж санаа зовох зуур өмөөрөх том ахтайдаа баярлаж ... үүдэнд шороогоор тоглож буй энэ жаалуудыг би бас өмөөрөх ёстой гэдгээ ухаарч билээ.

Бараг 10 жил очиж чадаагүй шаарын талдаа очиж, морины тоос сэтгэлд боссон тал дээрээ нэг хэвтэхсэн. Хурдан хээр том нагац 2-ын маань амьдрал болсон, намайг ухаажуулж хүн болгосон унаган нутагтаа зүүдэндээ л очдог болсоор 10 жилийг үдлээ. Талруугаа зугтмаар, эсвэл том нагацынхаа уяаруу зугтмаар үе мөн ч олон тааралдсан даа. 11-ний өглөө ахтайгаа цуг хээр сэрж, буурай аавын бэлдүүлсэн "саахартай бяслагийг" хамт идчээд наадмын талбай дээр дахиад нэг очихсон... Яджил ахтайгаа цуг ганцхан шөнө морио манаж хоноод, наадмын өнгө шинжин зогсохыг нь зүгээр л нэг харахсан...

No comments:

Post a Comment