Friday, December 18, 2009

Хүчээр төгсгөе...

4-р бүлэг. Мөнхийн амжилтын эхлэл...

Нөгөө тайлбарлах зүйл нь баахан хөлбөмбөг юм байхдаа гэж хүмүүс гайхсан бизээ. Энэ удаа мөн л хөлбөмбөгөө ярьж эхлье. Монголд Месси шиг алдартай ганцхан хөлбөмбөгчин тэнгэрийн аварлаар төрсөн гэе. Яагав нөгөө манай Чингэс хаан шиг л лут амьтан төрчихгүй юу. Гэвч Монголчууд ганцхан хөлбөмбөгчнөөр дэлхийн аварга болж чадахгүй. Нөгөө азийн аваргын тэмцээндээ ч орж чадахгүй! Ганцаараа бол чи хэн ч биш байх болно. Намайг багш гэж нэрлэгдэхийн тулд надад шавь гэж байдаг шүү дээ.
Одоо хаачих бэ? гэдэг асуултыг би өөртөө олон удаа тавьсан байх. Бэдэрч бэдэрч хариултанд нь эргэлзээгүй хүрсэн. Хүрэхийн тулд харин их тэнэсэн, эцэст нь хэнээр ч заалгалгүй байх ёстой газраа өөрөө олоод л ирсэн.
Эрдэм боловсролгүй хүн тул миний хүү хүний хүүхдүүд шиг "ромботой" л болчоосой гэж аав маань хүссэн, харин би хэзээ ч тэр тэмдгийг зүүж үзээгүй, зүгээр л сургуульд сурч байсны нотолгоо болоод аль нэг мухарт хэвтэж байгаа байх. Сургууль төгсөх боллоо... "чи хаачих бэ?" гэсэн асуултыг бас л их олон хүн тавилаа. Би тэдэнд эргэлзээгүйгээр хариулж чадаж байлаа. МУИС, ШУТИС, МУБИС... хувийн хэвшлийн баячууд хүүхдээ сургадаг бараг бүх сургууль намайг авахыг хүсэв. Цаашаа үргэлжүүлэн гадаадад сурая, эсвэл гадаадад ажиллая... ганц 2 програмчлалын хялбар хэл сураад цээжээ дэлддэг программистуудын замаар ороё (тэднээс хол илүүгийн илүү программ бичиж чадах нь ойлгомжтой) ... Үй түмэн зам, боломж. Юу ч чаддаггүй нэгэн байсан бол ганцхан барилгачин болох замтай тул түүгээрээ л явчих байсан биз, эсвэл банкны теллер ч юмуу...

Би харин товчхон бөгөөд тодорхой байр суурьд хүрч чадав. Сайн ч байсан, муу ч байсан, дундаж ч байсан... ямар ч ангилалын ганц хөлбөмбөгчин Монголд хэрэггүй. Өөрөөр хэлбэл ганцхан сайн мэргэжилтэн (математикч, програмисст, геологч, барилгачин, эдийн засагч... ) Монголд огт хэрэггүй. Ганцхан хүнээр Монгол дутах ч үгүй. Тэгээд юу хийх гэж? Монголчуудын боловсролын тогтолцоо, үндсэн сэтгэлгээ, одоогийн нийгэм бол "ганц" гэдэг ангиллаас хэзээ ч гарч чадахааргүй надад санагдсан. Миний өмнө ч тэр, хойно ч тэр, одоо цуг ч тэр "ганц од" бол байж л байсан, байсаар ч байх болно. Чи дэлхийд гайхагдсан 100 саяын Төмөрбат багш шиг алдартай математикч болох байг, чи дэлхийд гайхагдсан сайн програмисст болох байг, чи мундаг их хөрөнгө цуглуулсан баян хүн болох байг ... чи үхнэ. Чиний үлдээснийг хэдхэн хүн хэрэглэнэ, эсвэл хэдхэн хоног хэрэглэнэ. Тэгээд дуусна, чи бас цуг дуусна. Би сайн математикч болохыг мэдээж хүссэн гэхдээ Монголд нэг математикчийн хэрэг бараг л байхгүй, сайн программ бичихийг хүссэн мөн л адил...

Тэгээд юу хүсээд байгаа юм бэ? Их сургуульд ч багшлахгүй, хөдөө хөхөрч гадаа гандаж яваа байж... аль нэг их сургуульд багшлаад доктор болохгүй, эсвэл аль нэг баян дунд сургуульд аятайхан шиг хэл үггүй зарагдаж байгаад байраар шагнуулж жаргаж хэвтэхгүй, хаа нэгэн газар программ шиг юм бичээд биеэ үнэлэж идээд явж байхгүй... хаа байсан тэр хэдэн суваг ээлжилж гардаг, ядаж хөлбөмбөг ч үзэх боломжгүй, мэдээлэлжсэн амьдарлаас хол хөндий бөглүү газар ямар юмаа хийгээд явчдаг байнаа? гэж олон хүн надаас асуух юм, бас асуулгүй бодох юм, зарим нь тавлаад баярлах юм... Зарим нь нүднээс далд, чихнээс цаахна "Цагаан хотод ажилд тэнцэхгүй, ингэж яваа юм" гэж жиг жуг ярина... зарим нь миний нүүрэн дээр нь тиймэрхүү юм ярьж тэнэгтэнэ... харин нэг зүйлд их баярлах юм. Аав ээжийнхээ буянд хүний гар харж амьдарсангүй. Хэрэв би байрны төлөө ажиллах ёстой байсан бол үг дуугүй л хэн нэгэн хүний зарц хийх байсан байх даан ч надад тийм хэрэг байсангүй. Зүгээр л өөрийнхөө хүссэнээр, өөрийнхөө хүслийг биелүүлэхийн тулд ажиллаж амьдрах боломжийг аав ээж 2 маань байнга үүсгэж өгсөөр ирсэн.

Тэгээд Цагаан яагаад багш болчвоо? Багш болсон юм бол яагаад их сургуулийн багш болоогүй гэж. Дунд сургууьд багшлах юм бол сайхан гэгдэх утаатай Улаанбаатарын олон мянган сургулиудын аль нэгэнд биш ердөө л бөглүү Баянхонгорт гэж...?! Мэдлэг чадвар дутсан даа гэжүү? гэж олон хүн болон би өөрөө өөрөөсөө ч асуудаг. Тэгвэл хариулт нь надад бэлэн байна. Мэдлэг дутсандаа биш сэтгэл илүүдсэндээ би энд байгаа. Толгойтой хүн бүхэн эдийн засаг, компъютер, англи хэл... мөрөөдөн, багш гэж мэргэжил "нохой" гэдэг үгтэй утга дүйх цагт би арай өөрийг сэтгэж суув. Ганцаараа амьдрахгүй, ганц гэдэг ангилалд багтахгүй, өөрөөрөө дуусахгүйн тулд би багш болсон. Нүдэн дээр минь өдрөөс өдөрт ухаан нь тэлж, мэдлэг чадвар нь нэмэгдэж, тэр хэрээр ирээдүй нь цэлмэж байгаа шавь нараа дэрэгдээс нь хараад, тэднийг өсөн дэвжихэд нь тус болоод амьдарч байна. Бараг бүх их сургуулийн гуйлтанд ганц хариу барьсан "танай оюутнууд бүгд миний заасан хичээлийг ойлгох түвшинд хүрэхээр би танайд ирж багшлъя" (цаанаа бол миний нас хзрэхгүй дээ гэдгийг мэдэж байв). Их сургуулиудын одоо байгаа түвшин, тэнд элсэн орж байгаа оюутнуудын түвшин надад үнэхээр чамлалттай санагддаг. Би хичнээн их юм сургах гэж зүтгээд ч тэдний 99% нь миний заасныг ойлгоход суурь мэдлэг, сурах арга барил, амьдралаас олж авсан тэвчээр нь дутна! Яг үнэндээ бол ийм ялзарсан дунд суруулийн сургалттай байхад их сургууль хичнээн сайн байгаад нэмэргүй, зүгээр л "доороо хий эргэнэ". Багш болох ёстой хүн юм байж, даан ч их сургуульд багшилбал доктор шавь нартай доктор л болж насыг барна. Сайн сурагч элсүүлэн авах боломж хомс байгаа тул сайн мэргэжилтэн бэлдэнэ гэдэг бараг л худлаа зүйл гэдэг нь ойлгогдсон. Маш олон жил үргэлжилсэн энэ их сургууль, дунд сургууль 2-ын авцалдаагүй байдал (авцалдахгүйгээсээ болоод их сургууль нь ч муудна даа) одоо үргэлжилж байна, цаашид ч маш олон жил үргэлжлэх байх. Ерөөсөө л багаас нь хүүхдийг сайн бэлдээгүйгээс болж хөгширсөн хойно нь юм сургах гэж хүчиндэх нь одоо би хөлбөмбөг тоглох гэж хөгөлдөгтэй л яг адилхан зүйл болж байгаа юм. Дунд сургууль нь хүчирхэг сайн байж их сургуулиуд хүчирхэг байх тухай ярина уу гэхээс дунд сургууль тэгээд хэвтэж байг их сургуульд орохоор нь сургаад "мундаг" болгочино гэж эндүүрч болохгүй л дээ. Мэдээлэл технологийн чиглэлд энэ асуудал бүүр хурцаар тавигдана. ПС дээр гараа ч тавьж үзээгүй мэдээллийн технологийн ангид элсэн орж буй "ихийг мөрөөдөгчид" дэндүү олон байна. Тэд ямар хэмжээний програмисст болох нь ойлгомжтой. Дунд сургуулийн багш болох шийдвэрд ийхнүү хүрсэн. Багаас нь олон сайн хүн бэлтгэе, тэд сайжирч хөгжсөөр, эхлээд дунд суруугийн түвшинд, дараа нь их сургуулийгн түвшинд Монголд томоохон дэвшиж авчирч чадна гэж тооцоолов, бас чадахыг төлөө зүтгэж эхлэв.

Тэмцэл зүтгэл маань хэзээ, хаана хүрч дуусахыг мэдэхгүй ч би зүтгэсээр л байх болно. Харин би Улаанбаатарт багшилбал нэг хэсэгхэн жижиг хорооллын л багш болно. Баянхонгорт бол илүү өргөн хүрээллээс шавь нараа сонгож, илүү олон сайн хүүхдүүд олж авах боломжтойн дээр төрсөн гэртээ байх нь үнэхээр юу юунаас илүү чухал шүү дээ. Яахаараа Баянхонгорын хүүхдүүд дунд сургуульд муу сураад ЭЕШ-тад хүртэл улсдаа доогуур орох дүн аваад, дунд сургуульд муу сурсан хүүхдүүд их сургуульд ч муу сурна, муу мэргэжилтэн төрнө... үргэлжийн муу гэдэг циклд амьдрах ёстой гэж? энэ санаа ч дотор нь агуулагдаж байгаа тул би Баянхонгортоо, төрсөн гэртээ, намайг төрүүлж өсгөсөн ард олныхоо дунд ирсэн. 7 жил сурсан эрдмээ өвөртлөөд, хийж бүтээх ориглуун их хүсэлтэйгээр хэдэн номоо үүрээд л ирсэн. Бүхнийг өөрийн гараар, бүхнийг шинээр... эхлэж ... бүхнийг өөрийн гараар бүтээн босгоё гэж бодсон. Хэн нэгэн хүн энэ Баянхонгорчуудын муу сургалтыг, бүүр Монгол улсын шинэ зууны шинжлэх ухааны (мэдээлэл зүйн) муу сургалтыг өөрчилж сайжруулах зайлшгүй шаардалагтай шүү дээ. Чухам хэн? хэзээ? гэж... Цагаан... өнөөдрөөс... эхэлж болохгүй гэжүү? Би энэ ажлыг хаяад өөрийн жаргалаа хөөгөөд зугтвал дараагийн Цагаан хэзээ төрөн гарч яг хэзээ Баянхонгорчуудыг өндөр мэдлэг чадвартай болгож, хэзээ Монгол улс олон улсын түвшинд хүрсэн програмисстуудтай болох юм бэ? Дараагийн боломжийн сайн мэргэжил чадвартай хүн мөн л миний адил зугтвал яах бэ? гэдэг асуулт тулгарсан...

Энгийн амархаан математик хийе. Цагаан маш сайн програмисст болсон гэж саная. Өөрөөр хэлбэл Месси шиг ганц хөлбөмбөгчин Монголд төрсөн гэе. Одоо Месси Монголын шигшээд тоглоод муу Хятадыг ч дийлнэ гэж байхгүй шүү дээ. Яг үүний адилаар Монголд ганц баян том, мундаг лут хүн байгаад огт хэрэггүй. Би тэгвэл багш болоод ердөө амархан, 100 ширхэг Цагаанаас ч давсан мэргэжилтэн бэлдсэн гэе. 100 ширхэг боломжийн сайн хөлбөмбөгчинтэй улс бол сайхан шигшээ баг бүрдүүлээд тэд нар эв найрамдалтай байвал хөлбөмбөг ч уг боломжийн л спорт шүү дээ (ПС тоглож байхад л тэгж бодогдоод байдаг юм). Гагцхүү манайд 100 битгий хэл ганц хөлбөмбөгчин бэлдэх хэрэглэл материал, нөөц боломж, зориулалтын талбай байхгүйд л гачлан нь оршиж байгаа юм. Миний бэлдсэн надаас хол давсан 100 шавь дотроос минь олон сайхан математикчид төрж миний мөрөөдсөнд хүрнэ, олон сайхан програмисстууд төрж миний мөрөөдсөнд хүрнэ... мөн цөөн хэдэн багш нар төрж бидний мөрөөдөл, бидний үйл хэргийг үргэлжлүүлнэ. Би миний ажлыг өвлөн хоцрох шавь нартаа "та нар дахиад мянган мянган сайн шавь бэлдээрэй" гэж захина. Тэдний мянга мянган шавь дундаас дахиад л мянган өөр чиглэлийн сайчууд төрнө. Улс төржнөө гэдэг шиг математикжвал геометрийн прогрессоор миний хийсэн ажил үржин дэвжинэ. Одоо дүгнэлтэнд хүрэхийш оролдоё. Нэг мундаг Цагаан байлаа... тэр үхлээ. Баянхонгорчууд цаашлаад Монголчууд бахь байдгаараа л байжил байна. 100 мундаг хүн бэлтгэгдлээ 100-1=99 дахин олон мэргэжилтэн төрвөл бид тэр чинээгээрээ урагшилна, миний шавь нар дундаас намайг болон миний үзэл баримтлалыг өвчсөн мэт дуурайх хүн төрнө, түүний шавь нар улам л олон улам л сайн байх болно... Одоо миний багш болсон шалтгааныг эргэлт буцалтгүй ойлгосон байхаа гэж найдая. Би яг өнөөдрөөс л эхэлж хийхгүй бол бид хааяахан төрх цөөхөн хэдэн мундгуудынхаа дунд байрандаа амьдарсаар л байх болно...

Би яагаад дор хаяж 100 ширхэг Цагаанаас илүү мэргэжилтэн бэлтгэж чадна гэж бардамнаад байна гэхээр бас амархан хариулт олдоно. Би өөрийнхөө туулсан замыг эргээд бодоод үзнэ. Урдах замаа харахгүй байж яаж тэгж их зүтгэж байж энд ирвээ? гэж бодохоор үнэхээр өөрийгөө өрөвдөх шиг бас хааяа өөрөөрөө бахарахмаар ч юм шиг санагддаг. Яг намайг өсөн дэвжиж зүтгэж байх тэр балчир насанд минь одоогийн Цагаан шиг "үздэгээ үзчихсэн" мэдлэг чадвар, арга туршлагатай багш, зөвлөх, туслагч байсан бол би илүү ихийг сурч хийж бүтээж чадах байсан. Иймд би Цагаанаас хол давсан мэргэжилтэн өөрийн гараар бэлдэж эргэлзээгүйгээр чадна. Одоо би ганцаараа биш, миний шавь нар гэж надаас хол давсан мэдлэг чадвартай хэд хэдэн хүн байна. Одоо бэлдэх шавь нарыг маань цааш нь хөгжүүлээд аваад явах туслагч тойрон хүрээлэгчтэй болсон байна шүү дээ. Бас л сайхан хэрэг шүү!

Одоо миний өдөр дутам хийж буй ажил маань үр дүнгээ шууд өгч чадахгүй бүрхэг мэт харагддаг. Хүмүүс намайг "иш чааваас даа энэ нэг хөдөөний дунд сургуулийн багшийг дээ зайлуул" гэсэн байдлаар хандаж, харьцдаг. 10 20 магадгүй 30 40 жилийн дараа миний одоо цөхрөлтгүй хийж буй ажил маань үр дүнгээ өгч миний шавь нар аймгаа, улсаа нуруун дээрээ үүрээд аваад явахыг цагт хэн нь Монгол улсын төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр цөхрөлтгүй зүтгэсэн бэ? хэн нь өөрийнхөө төлөө баяжсан бэ? гэдэг нь ойлгогдоно. Тэр үед ганц Цагааны төлөө биш ирээдүйд төрөх олон олон Цагаануудын төлөө зүтгэсэн миний ухамсарт амьдарлыг маань хүн бүхэн ойлгож намайг "зайлуул хөөрхий" гэдэг харцаар харахаа болино гэж би найддаг, түүний төлөө би зүтгэнэ. Төгсгөлд нь агуу хүний биелэлээ нэгэнт олсон нэгэн гайхамшигт өгүүлбэрийг иш татъя. Manchester United багийн ерөнхий дасгалжуулагч S.A.Ferguson хэмээх улаан хамартай өвөөгийн хэдэн жилийн өмнө хэлсэн өгүүлбэр биелж хөвгүүд эрийн цээнд хүрсэн сүүлийн 2 улиралд МанЮ-г Барса л ганцхан удаа буулгаж авсан (тэгэхдээ л Барса хожигдож л байсан), бусад нь бол зогсоож чадаагүй дээ. Яг үүний ижлээр миний шавь нар эрийн цээнд хүрэхийн цагт Монголчууд олон улсын түвшинд хүрсэн мэдээлэл зүйн сургалттай болж, дэлхийд зөвшөөрөгдөх олон програмисстуудтай болж, Баянхонгор аймгийн математикчдын түвшин Улаанбаатарын сайн сургуулиудын энд хүрсэн байх болно. Үүний төлөө би "мөнхийн эрүүл" ухаанаар цөхрөлтгүй зүтгэнэ.

Sir Alex Ferguson:
"W.Rooney, C.Ronaldo 2-ыг эрийн цээнд хүрэхийн цагт манай багийг ямар ч баг дийлэхгүй..."

3 comments:

  1. Чадварлаг мэргэжилтэн гэдэг бол ямарч байгууллага, улс орны хувьд тулгамдаад буй асуудал. Би уг нь төрж өссөн нутгаараа бахархах дуртай л даа. Гэхдээ чадварлаг боловсон хүчин сүүлийн жилүүдэд манай аймгаас хэр олон төрсөн бэ? гээд бодоод үзвэл салбар бүрт тоотой, мөн төрсөн нутагтаа очиж ажиллаж байгаа нь хэд вэ? гээд бодохлоор бүр ч цөөхөн.
    Зарим нэг хүмүүс төрсөн нутгаа ярихлаар өмнөөс танай Баянхонгор хөгжил, дэд бүтэц муутай, нутгаас төрсөн хүмүүс нь нутгынхаа төлөө юм хийдэггүй гэдэг. Бүр нэг хүн танай аймаг хамгийн олон баячуудтай мөртлөө хамгийн хөгжил муутай аймаг гэж хэлж ч байсан. Ядахнаа их дээд сургуульд сурч байгаа хүүхдүүдийн чансааг авч үзэхлээр илт гологддог. Харин сүүлийн хэдэн жил Доржоо ах, Далай ах, Цагаан, Шагай нарын буянаар нэг ч гэсэн салбарт нүүрээ тахладаг болсон. Манай МУИС-ийн ЭЗСургуульд л гэхэд миний мэдэхийн нүүр улайхгүйгээр Баянхонгорын гээд гайхуулаад хэлэх оюутан гарын таван хуруу ч хүрэхгүй. 3 жилийн өмнө төгссөн Даваадалай ах, 4-5 жилийн өмнө төгссөн НЯ-БО-н Хүрэлбаатар багшаас өөр юм байхгүй. Дундаж, дунджаас доогуурууд буюу сургуулиа орхигсод, улирагсад бол нэлээн хэд байгаа байх шүү. Миний хувьд энэ байдлыг засахын тулд өөрийн чадах хэмжээндээ л зүгтэж байна. Гэхдээ би ганцаараа ингэж зүтгээд бас ямар ч нэмэргүй шүү дээ. Тэгэхээр чадварлаг мэргэжилтэн хэрхэн төрүүлэх вэ? гэж
    Ойрын хэдэн жилдээ ядаж л Алгоритмын төгсөгчид жишээ нь Сэрчинмаа, Энхчимэг нар надаас илүү сайн сурах хэрэгтэй, тэдний араас дараа дараагийн төгсөгчид энэ хоёроос илүү сайн сурах хэрэгтэй, ийм болохын тулд бид бие биендээ туслаж дэмжих хэрэгтэй. Иингэж бага багаар ахиж байж л бид чадварлаг мэргэжилтэнтэй болох эхлэл нь тавигдана Аль ч салбарын хувьд...
    Мөн төрсөн нутаг орноо гэсэн сэтгэл буюу эх оронч үзэл, үндэсний үзэлтэй байх хэрэгтэй (үндсэрхэг биш шүү)энэ бол ямар ч хүний зүрх сэтгэлд байх ёстой зүйл.

    ReplyDelete
  2. Гайхалтай. Гоё юмаа. Үнэхээр бахархмаар санагдаж байна. Илүү үгээр ч яахав. Зүгээр л амжилт хүсье. Дээрээс хойш хагас дутуу уншаад байсын энэ сэдвийг. Харин сая л бүтнээр нь уншлаа. Баянхонгороос ургасан модод, Баянхонгорын хаягтай хүмүүс, тэндэхээр овоглогдог залуучууд бүгд ийм л зүйл мөрөөдөөсөй, бас ингэж бодож, сэтгэцгээгээсэй. Хэрэв тэгэж мөрөөдөж, бодож, сэтгэж чадаж л байвал Баянхонгорынх гэж ялгагддаг байгаасай. За за олон үгээр яахав. Үүнээс хойших бүх мянга мянган Цагаан ахаас илүү Цагаануудад амжилт хүсье дээ.

    ReplyDelete
  3. Ёоооё. Гайхалтай. Мэргэжил бүхэн сайхан ч ингэж эзэн нь байна гэдэг хамгийн сайхан нь юмдаа. Үнэнийг хэлэхэд танд атаархаж байна шүү. Баянхонгороор овогож, хаягладаг, Баянхонгорын модноос навч болон унасан залуус бүгдээрээ яг ингэж сэтгэж, ингэж бодоосой. Тэгээд бусдаасаа зөвхөн ингэж сэтгэж, ингэж боддогоороо Баянхонгорынх гэж ялгагдаасай... Олон зүйл нуршаад яахав. Өнөө цаг, өнөөдрөөс хойших бүх цаг хугацаанд оршин байх, Баянхонгорын төлөө гэсэн үнэн сэтгэлтэй бүх Цагаануудад амжилт хүсье даа.

    ReplyDelete