Thursday, May 13, 2010

Математикчдын их баярын тэмдэглэл.

Монголчуудын Олон улсын олимпиадад улсаараа 19-р байранд шалгарч байсан математикийн салбарынхны их баяр буюу Монголын математикийн 46-р олимпиад Ховд амгийн нэрт математикч Т.Жанлавын нэрэмжит болон Улаанбаатар хотноо явагдаж дууслаа. Өөрсдийн уламжлалт баяртаа оролцохоор манай улсын өнцөг булан бүрээс шилдэг математикчид сойсон морьдтойгоо зорин ирж уралдаж нөгөө талаар баярлан цэнгэдэг билээ. Би ч гэсэн сурагч байхдаа 3 жил оролцож байсан бол оюутан болоод комиссоор ажиллаж, сүүлийн 2 жил шавь нараа бэлтгэн авч очиж уралдуулдаг болоод байна. Миний хувьд хамгийн том баяр маань болсоор 10 жилийн нүүрийг үзэж байна.

Өнөө жил аймгийн олимпиаднаас шалгарсан 10-р ангийн Мөнхдалай, 9-р ангийн Буяннэмэх (түрүү жил улсад явсан), 8-р ангийн Эрдэнэмаа (түрүү жил улсад явсан), 7-р ангийн Чимэдширчин (анги дэвшиж оролцсон), 7-р ангийн Мөнхбат (анги дэвшиж оролцсон) нарын бүрэлдэхүүнтэй оролцов. Олимпиад бүхэн л сайхан сайхан дурсамжтай байдаг. Энэ удаа эхний өдөр л гэхэд 7 жил улзаагүй эрмэх багш Г.Баярмагнай багштайгаа уулзлаа. Түр хугацаагаар нутагтаа ирээд байгаа багш маань Докторын зэргээ хамгаалчихсан тул манай аймаг анхныхаа матеатикийн доктороо өлгийдөн авлаа гэсэн үг.

Эхний өдрийн бодолтын урьдчилсан дүн гарахад 8-р ангийн сурагчдаас 13 оноотой 1 сурагчийн ард 8 оноотой 7 сурагч байх ба тэрэн дунд манай Эрдэнэмаа, дэвшиж байгаа Чимээ хоёр маань тууж явна... би ч нээх их сандарсангүй, олимпиадад явахаас өмнө Ээмаа Буяа 2-д "эхний өдөр дээгүүр гараад ирж магадгүй, тэр үед сандарч болохгүй шүү..." гэж захиад өөрийн 3-д явж байгаад хэрхэн сандарч байсан тухайгаа ярьж өгч байснаа санав. Бэлтгэл нэлээд сайн байсан тул Буяа, Ээмаа 2 ямар ч амжилт гаргаж магадгүй гэсэн сэтгэлийн бэлтгэл надад байлаа. Харин Чимээ нэлээн цочирдуулж 1 бүтэн бодлого нэмээд 1 оноо авсан гэдэг нь маргааш үүнийгээ баталбал медальд хүрэх хэмжээнд яригдах зүйл болж байгааг ойлгов. Буяннэмэх сайн биш ч боломжийн амжилттай байж мөн л 1 бүтэн бодлогоны ард гарч амжив. Мөнхдалай маань ердөө 7 сар бэлтгэл хийсэн бол өрсөлдөгчид нь 10 жил бэлтгэл хийсэн гэдгийг тооцох хэрэгтэй байхаа... Энэ удаа түүнээс ихийг хүлээх хэрэггүй байлаа. Хувь хүн нь ихийг үзэж, өөртөө ихийг ойлгож авбал цаашдаа хэрэгтэй... Урьдчилсан дүнтэй танилцасны дараа зарим хүмүүс хамгаалалт хийж 8-р ангийн дүн бага зэрэг өөрчлөгдөж 9-өөс 15 оноотой 5 хүүхэд гарч ирснээр манай 2 маань өөр 2 хүүхдийн хамт 6 дээр үлдэв. Маргааш дахиад хамгаалалттайг бас тооцох хэрэгтэй...

Сүүлийн өдрийн бодолтоор Буяннэмэх өөрийн хийх ёстойг хийж дахин бүтэн бодлого бодож нийт 14 оноо авсан нь миний мэдэх Баянхонгор аймгийн математикчдын түүхэнд л ийм өндөр оноо байхгүйг сануулав (96 оноос хойш! түүнээс өмнө ийм өндөр оноо авсан гэдэг нь бас л их эргэлзээтэй дээ). Буяннэхэм маань 2 өдөрт хоюуланд нь бүтэн бодлого бодсон ч мөн л 2 өдөр дээрээс нь нэмээд нэг нэг бүтэн бодлого бодох боломж байлаа. Бэлтгэл арай дутуудсан, угаасаа энэ жил сүүлийн 3 сар орчим бэлтгэл хийсэнтэй нь л холбоотой байх. Манай Архангайн олимпиадны бүсэд оршдог бидний том өрсөлдөгч болох Хөвсгөл аймгийн багийн хүүхэд Буяагийн ангилалд 2-р байрт шалгарсан бол Буяа маань бодож чадаагүй 2 боломжийн бодолгоо бодсон бол АЛТ авахаар байрлалд ч байсныг дурдъя. Дараа жил түрүү жилийнхээ алдааг давталгүй бэлтгэлээ сайн хийж энэ жил болох олон томоохон олимпиадуудад оролцосноор хойтон улсын олимпиадад өндөр амжилт гаргах сэтгэл зүйн болон туршлагын хувьд бүрэн боломжийг энэ олимпиаднаас олж авлаа. Түрүү жил 0 оноо авч байсан бол энэ жил 14 оноо авч 17-р байранд шалгарна гэдэг нь ихээхэн өссөний илрэл, бас хойтон жил бүүр их амжилт гаргахыг нотолгоо бизээ...

2 дахь өдрийн дүн гарсаар хамгийн сүүлд манайхны гол найдвар болоод байсан 8-р ангийн дүн гарч Эрдэнэмаа 1 оноо нэмж авснаар 15-р байр хүртэл ухарсан бол Чимээ маань үнэхээр хүч дутаж 0 оноо авч 16-р байрт шалгарав. Гэхдээ л найдвар дуусчаагүй байсан тул Ээмаагаа хамгаалалтанд оруулаад үзсэн... харин их хачирхалтай хариутай буцаж ирэв. Эхний өдөр 1 бодлого бүтэн бодосны дээр нэмж өөр нэг бодлогон дээр 1 оноо авсан юм. Түүнийг бүтэн 7 оноо болгож медаль авах санатаай хамгаалалтанд орсон Ээмаа маань "Гол өгүүлбэр нь дутуу байгаа тул 1 оноо таьсан гэнээ... тэр нь уг нь миний мэдэж байсан амархан өгүүлбэр л дээ..." гэсэн мэдээтэй буцаж ирэв. За ингээд л медаль авах сүүлчийн найдвар тасарч хойтон жилийн л олимпиадын тухай бодох л үлдэв. Автобусаар наашаа гарах өглөө Ээмаа "би уг нь тэр нэхээд байсан өгүүлбэрийг нь ноорог цаасан дээр бичсэн байна лээ, их материал дээрээ л дутуу хуулсан байна лээ..." гэсэн нь бүүр ч их бухимдал төрүүлэв. 2 дахь өдөр бас л их боломжийн 1 бодлого ирж түүнийг бодох гол санааг Ээмаа маань хийсэн юм, даан ч бас л жижиг алдаа гаргаж гүйцээж чадаагүй... мөнгөн медаль ч авч болох байдлаас өөрийнхөө алдаанаас болж ухарсаар 15-р байрлуу шилжлээ. Баянхонгорын математикчдын хувьд бас л их олон жилийн турш үзүүлээгүй сайн амжилт гэх боловч яг бодит байдлын хувьд бол чамлахаар амжилт болж хувирсанд сэтгэл дундуур л үлдлээ. Харин түүний хажууд Чимээ анги дэвшиж байгаа ч 1 онооны зөрүүтэйгээр 16-р байранд шалгарсан нь л сайн гэж тооцогдох амжилт болоод байна. Эхний өдөр бас л Ээмаатай төстэй алдаа гаргаж байр ийм хүртэл ухарсанд харамсаад байраа чамлаад уйлаад явж байгаа энэ нөхөрт хойтон жил Өвөрхангай аймагт болох Монголын математикчдын 47 дахь их баяртаа баярлаад явж байхын ерөөл дэвшүүлье!

Олимпиадад хувиараа анги дэвшиж оролцсон Мөнхбатын хувьд туршлага хуримтлуулаад л ирлээ... энэ жил амжилт муу байсан нь хойтон жил өөрийгөө ихээхэн дайчилж амжилт гаргах гол хөшүүрэг нь болноо гэж найдаж байна. Мөнхдалайгийн хувьд мөн л адилхан... Дараа жил Монголын математикийн 47-р олимпиад манай хөрш Өвөрхангай аймагт болно гэдэг нь бидний хувьд маш олон талаараа ашигтай, маш сайн зүйл болж байна. Урьдынхаас хавьгүй өссөн өнөө жилийнхээ эрчээр хойтонгийн олимпиадад амжилттай оролцох бүрэн боломж бидэнд бий болов.

Миний хувьд ч удаан уулзаагүй багштайгаа уулзаж хийж байгаа ажил, цаашдын зорилтоо танилцуулан "маш сайн" гэдэг үнэлгээ авч, мөн зөвлөмж даалгавар авч, багш маань буцаж ирээд ямархуу байдлаар ажиллахаар төлөвлөж байгааг нь мэдэж аван сайн сайн мэдээ дуулав. Ойрын үед бэлтгэлд зориулах цаг зав муу байгаа ч хүүхдүүдийнхээ хажуугаар өөрөө олимпиадад оролцсоор байна. Олимпиадад олон түрүүлсэн аварга хүмүүсийн гар дээрээс сайн хүүхдүүд цөөн төрөөд, олимпиадад ордоггүй өөрөөр хэлбэл хүүхдүүдтэйгээ цаг зав их гаргаж ажилладаг багш нарын шавь нар олноороо амжилт гаргадагийн учир энэ байх. Энэ удаа хувьдаа сэтгэл хангалуун үлдлээ. Эхний өдөр хэт амархан бодлогыг хэт амархан бодтол засалтны алдаа гарсан бололтой оноо тавиагүй байсан. 2 дахь өдөр нь харин сайн бодож хамгийн хүнд гэж болохоор бодлогыг нь бүтэн бодож 7-р байранд шалгарлаа. Эхний өдрийнхөө бодолтыг хамгаалъя гэж бодоод хэн хэн миний өмнө орсон байгааг хартал:
1-рт Дарханы Сугардорж. (Олон улсын олимпиаднаас медальтай ганц багш)
2-рт Олонлогийн Ганбилэг. (Улсад 3 түрүүлсэн, нийт 7 медальтай дархан аварга цолтой багш)
3-рт Хөвсгөлийн Адъяахүү. (Хөвсгөл энэ жил багаараа түрүүлэхэд багаа хамгийн сайн бэлдсэн багш)
4-рт Мон-Туркийн Батбаяр. (Улсын олимпиаднаас 4 удаа медаль хүртэж байсан багш)
5-рт 1-р сургуулийн Бат-Орших. (Улсад 4 удаа түрүүлсэн, 10 гаруй медальтай, дархан аварга цолтой багш)
6-рт Сэлэнгийн Буянтогтох. (хамгийн залуудаа улсын аварга багш болсон)
гэсэн хүмүүс байхаар нь "за за больё, дээр нь гаръя гэж бодсон бүх хүнийхээ л дээр нь гарсан байна" гэж бодоод хамгаалалтанд орсонгүй. Хамгаалаад медальд хүрэх боломж байсан ч бусад хүмүүс бас хамгаална гээд байхаар нь найдвар муутай гэж дүгнэв. Энэ жилдээ энэ байр надад болно... яагаад ийм шийд гаргасныг бусад хүн ойлгоход хэцүү ч миний багаасаа л дуурайж, хүндэлж явсан хүмүүсийнхээ ард орж, нэлээд олных нь өмнө орчоод... нас залуу байхад... гэсэн бодол маань өөртөө бол зөв л гэж бодогдсон доо. Ер нь манай хөдөө орон нутагт ажиллаж байгаа хэдэн залуу багш нар энэ жил сайн байлаа. Сугараа, Хөвсгөлийн Адъяахүү багш, Сэлэнгийн Буянтогтох багш, Ховдын Цэгмид ах бид нар эхний хэдэд байлаа...

Олимпиадны дараа доктор Г.Баярмагнай багш маань "болж байнаа, хүүхдүүд чинь хангалттай сайн бодож, чи ч өөрөө хамгийн эвгүйг нь бодчиж, бас засалтанд хааяа алдаа энэ тэр байдгийн чи мэднэ... их л сайхан ирээдүй харагдаж байна..." гэж урам хайрлав.
Комисс Ч.Гантөмөр "танай 2 хүүхэд чинь миний бодлогыг бүтэн бодоод сайн байлаа... хүмүүс харин та нар чинь бүгд Баянхонгорын ш дээ, энэ юу болоод байна гэж сэрдэж байна лээ шүү... тэгэхээр манай Цагаан нутагтаа ажиллаад эхнээсээ үр дүн нь гарч байна, үүнээс ч илүү юм болно шүү гэж хэллээ... Ёстой ойрын хэдэн жил дуулаагүй сайн сайн дүн үзүүллээ шүү та нар..." гэж их л бахархангуй ярьж байсан.
Манай Далайжаргал гэж олон том олимпиадны сүр барааг үзэж ялж, ялагдаж бүхий л зовлон жаргалыг туулж үзсэн хүн байна. Түүний товчхон бөгөөд тодорхой "үнэн" дүгнэлтүүд байнга л надад сайхан санагддаг. Энэ удаа тэрээр
"за за ойлгомжтой... хойтон бол нэг биш нэлээд хэдэн медаль авах юм байна..." гэсэн нь намайг дараа жилийн тухай бодож амжаагүй байхад урьдчилаад сайхан дүгнээд, шаардаад хэлчих вүү дээ гэж бодогдлоо...
2008 оны намар Өмнөговийн болон Архангайн олимпиадуудад Баянхонгор аймгийн хүүхдүүд оролцоод, тэр үед нь бүх сургуулийн том дарга нь дагаж явж бүх хүүхдүүд амжилт муутай оролцож шалдаа унасан байдалтай ажлыг нь би хүлээж авсан. Бас л их олон жилийн турш багаараа хангалттай хойгуур байранд шалгарсаар ирсэн манай аймгийн хувьд энэ жил Хөвсгөл, Улаанбаатар, Дархан, Увс, Баян-Өлгий нарын зэрэг аймгуудын ард 6-д дундаж оноогоороо орох хэмжээнд хүрчээ. Бидэнд явах зам байна, хүрэх оргил гэж байна, зорилго байна, тэмүүлэл байна... одоо ганцхан хөдөлмөрлөх л үлдлээ дээ... Монгол улсын математикийн хөгжлийн амьд нүүр царай болсон, сүүлийн 30-аад жил олимпадыг зохион байгуулах хороог нэр төртэйгээр авч яваа алдарт математикч, МУ-ын гавъяат багш, доктор профессор Цэрэндоржийн Дашдоржийн нэрэмжит Монголын математикийн 47-р олимпиаддаа өнөөдрөөс эхлээд сэтгэл санааны болон, төлвөлгөөний хувьд бэлтгэж эхэллээ... Өвөрхангайд бид сайн байх ёстой!!

1 comment:

  1. Алгоритмын сурагчид маань энэ жил сайн амжилт үзүүлсээн. Дараа дараагын жилүүдэд улам их амжилт гаргах байх гэж найдаж байна.

    Эхний өдөр медаль дээр явж байгаад мултарчаад уйлж байсан Чимээгээ энэ жил туршлага сууж байна даа. Дараа жил медаль авах хүмүүсийн нэг нь энэ хүүхэд шүү гэж бодохоор нэг л гоё байсан. Тэр үед ганцхан Чимээ биш олон хүн түүний баярыг хуваалцаж баярын нулимс гаргах байхдаа.
    Эгч нь олимпиадын урд орой эхний 8т орвол дэмждэг багийнх нь жерсийг авч өгнө гэж амласан амлалт хэвээрэй шүү /харин 8-р байр биш медаль авсан тохиолдолд гэсэн өөрчлөлт оруулах хэрэгтэй байх гэж бодож байна/.

    Буяа, Ээмаа хоёр маань авьяас, чадвартай мундаг хүүхдүүд. Математик бол их хатуу шинжлэх ухаан, бас сайхан. Хэн зөв сэтгэж байна, хэн авьяастай байна, хэн илүү их хөдөлмөрлөж байна тэр хүн л амжилт гаргадаг. Тэр чинээгээрэй хүнийг бусдаас ялгарах давуу талтай /өөртөө итгэх итгэл, тэвчээр, хүмүүжил, тэмцэх чадвар, үнэнч шудрага байдал, хүн чанар гэх мэт../ болгодог. Энэ хоёрыгоо хоёр дахь өдрийн дүн гарсны дараа эмэгтэй хүүхдүүд болохлоороо зарим талаараа болохгүй байгаа юм болов уу?, эрэгтэй хүүхдүүд байсан бол арай өөр байх байсан юм болов уу? гэсэн юм бодож байлаа.
    Харин маргааш нь олимпиадын хаалтын үйл ажиллагаан дээр очоод би буруу бодож байсан юм байна гэдгээ ойлгосон. Учир нь эмэгтэй хүүхэд гээд бусдаас дутуу биш илүү байж болдог юм гэдгийн баталгаа болж Нэгдүгээр сургуулийн 8-р ангийн сурагч Золбоо гэх нэгэн жаахан охин наймдугаар ангид Улсын аварга болж, 9-р ангиас хүрэл медаль хүртэж, математикийн хорооноос түүнийг "Үнэмлэхүй" аваргаар шалгаруулсан. Өөрийн эрхгүй Золбоо охиноор бахархах сэтгэл төрж байсан шүү.
    Та хоёр маань туршлагатай бол туршлагатай, авьяастай бол авьяастай хүүхдүүд, Баянхонгор аймгийн хүүхдүүдийн сүүлийн 10 гаруй жил гаргаж байгаагүй амжилтыг та хоёр гаргасан. Энэ бол амжилт.
    Гэхдээ амжилтыг хүвь хүний чадвар талаас нь үнэлээд үзэх юм бол та 2 маань гаргах хэмжээний амжилтаа энэ жил гаргаж чадаж уу гэвэл "үгүй".
    Яагаад тэр вэ? үүний хариулт бол: арай дутуу хөдөлмөрлөсөн юм болов уу даа.

    Монголчууд маань дараа жилийн наадам хол байна даа гэсээр нэг л мэдэхэд дараа жилийн наадам маргааш болсон байдаг. Үүний нэгэн адил дараа жилийн олимпиад нэг л мэдэхэд маргааш болох гээд байна. Бид ч гэсэн бэлтгэлээ дараа жил гэж хойш нь тавилгүй өдөр болгон хийх хэрэгтэй. Та бүхэндээ амжилт хүсье.

    /Хэтэрхий мэдэмхийрсэн зүйл бичсэн бол уулчилж ажаамуу/

    ReplyDelete