Saturday, April 9, 2011

1-р хэсэг.

Эхлэл.

2010 төгсөгчид маань оюутан болоод явцгаасан. Зарим нь их сайн сурч байгаа бол зарим нь сайндуу л гэх мэтээр... заримтай нь бүүр холбоо тасарсан бол зарим нь өдөр бүр шахуу л миний ажлыг шалгаж, зөвлөгөө өгч, надад туслаж байна даа...

Эдгээр хүүхдүүдтэйгээ танилцсан түүх гэвэл их энгийн юмаа. Жаамаа шиг хар багаасаа намайг дагасан гарын шавь гэж эд нар дунд байсангүй. Гэхдээ Гончигдоржийг багаас нь мэднэ. Отгоо хэлдэг юм:
"Гочоо бол Цагаан гэдэг хүнийг дагах ёстой гэдгээ их багаасаа мэдэрсэн хүүхэд" гэж... Би ч гэсэн санал нийлдэг. 2006 онд "Мэдээний цаг" бүлгийн олимпиад гэж зохион байгуулаад, тэнд Гончигдорж 3-р байр эзэлж байлаа. Тэр цагаас нь л энэ хүүхэд хэр өсөж хөгжиж байна гэж битүүхэн сураг тавьсаар... зун над дээр ирж бэлтгэл хийнэ гэдэг боловч боломж таарч дорвитой их юм хийлгэж чадахгүй байсаар насыг нь хөгшрүүлсэн дээ. Бүүр 10-р ангид орсон хойно нь л тэр миний шавь болох хувь тавилан олдсон. 10-р анги хүртлээ манайхан яаж чойрсон байдаг билээ гэдгийг одоогийн 9-р ангийнхнаар жишээ болгоод ойлгочиж болно.
Сургалтын төвөө дөнгөж нээгээд 11-р ангийн сурагчдын ЭЕШ-д,харин 9-р ангиас доош сурагчдын олимпиадад бэлдэнэ гэсэн төлвөлгөө гаргаад, нэмээд 10-р ангийн сурагчлаас ганцхан Гончигдоржийг л олимпиадад бэлдье гэсэн шийд гаргав. Гэтэл нэг өдөр нэг охин ирчээд би 10-р ангийн сурагч байгаа юм сургалтанд сууна гээд дайраад байх юм. Би хэлдгээ л хэлсэн "чам шиг хөгшин юм сурах нас байхгүй ээ, би энэ Гочоог ганцааранг нь жаахан зүтгүүлээд юм сурах эсэхийг нь үзнэ, чи хэрэггүй ..." гэлээ. Дахиад л маргааш нь ирээд би орно гээд зүтгээд байх юм. Тэгээд тэр охины надад хэлсэн ганц үг нь л татгалзах аргагүй болгосон. "Би өөрийгөө дайчлаад хөгжиж болох уу?..." гэж том үг хэлэхэд нь нэг их уур хүрч дүрс гэснээ... "чи Гочоогийн хажууд суужил байхгүй юу, яаж хөгжихийг чинь харнаа..." л гэж басангуй хэллээ.
Тэр охиныг би одоо болтол Гочоод дурласандаа л тэгж явсаар өдийг хүрлээ, одоо ч зөхрөөгүй л явна гэж боддог...(ха ха ха ха). Анх ирснээсээ бүүр сарын дараа байхаа нэг өдөр Гочоо тэр хоёрын хоорондын ярианаас Нацагдулам гэж энэ хүүхэд Далайжаргалын дүү юм байна гэдгийг олж мэдэв. Миний төрсөн дүүгээс өөрцгүй Далайжаргалын нэрийг бариад ирвэл би одоо буруу харж уйлаад ч болтугай үг дуугүй "хөгжих боломж" олгоно доо. Далай бол бүүр надаас сүүлд олж мэдсэн гэсэн. Энэ хүүхэд анх эхэлж надтай танилцахдаа л сурпрез байлаа, одоог хүртэл сурпрез барьж хааяа чих халууцуулсаар... угаасаа засрахгүй байхаа...
1999 оны хавар юм байна, 6-р ангийн сурагч байхдаа аймгийн олимпиадад Очирхуяг багш дээрээ бэлддэг байлаа. Амралтын өдрүүдэд багшийнхаа гэрт нь очиж бэлдэх ба тэднийх том хүүхэдгүй тул хавар орой болсон хойно цагаан сарынхаа боовыг дуусаагүй нь надад сайхан байж билээ. Тэгэхэд тэдний том хүүхэд дөнгөж хөлд орсон жижиг байлаа, багш түүнийг "миний охин тусад орж байгаа" гэж хошгируулах ба тэр ээждээ халбага энэ тэр дөхүүлж өгөх хэмжээний л бага байлаа. Түүнээс хойш 10 жил өнгөрсөн байлаа, багш маань нэг өдөр гэрт ирээд хүүхдээ хамаатныхаа бас нэг хүүхэдтэй нь цуг чамд даалгаж өгнөө гэснээр Энхзаяа, далийдаг Дагиймаа 2 миний шавь болцгоосон...
Эрт цагтдаа, 20-р зуунд... миний анх мэдээлэл зүйн даган сурсан хуурай ах бол Мягаа ах гээд програмист хүн байдаг юм. Би өөрөө төрсөн ахгүй хүн болохоор Мягаа ах сэтгэлд нэг л дотно байдаг. Ах намайг Баянхонгорт багшилж байгааг дуулаад нэг дүүгээ надруу явуулж сургах болов. Булгантамир гээд харахад их даруухан, ерөнхий математик хандлага тун ч сайтай хотын хүүг их сургуульд элсэн оруулахын тулд 1 жил надаар тамлуулахаар гоё УБ-аасаа хөдөөрүү цөлөн ирүүллээ.
Би дунд сургуулийн сурагч байсан санагдана, эсвэл дөнгөж оюутан болж байсан. Намар сургууль эхлэх гээд хотруу явахад пургонд цуг хэдэн согтуу нөхдүүд явлаа. Хаанахын ч гэнээ цагдаагийн сургуулийн л оюутнууд юмуу даа, нэг л их том ярьсан, архи уусан хүмүүс. Мэдээж би тийм сураггүй гаруудад хэзээнээсээ дургүй, тэд замдаа зогсоод архи ууж байснаа надад нэг хийж өгч байна, би уудаггүй л гэж таараа. Тэгсэн нэг нөхөр намайг "аргалын бүтээлэг" гэж доромжилж байна. Би аргалын бүтээлэг бол энэ архичин өөрөө архины бүтээлэг гэж бодоод өнгөрлөө. 2009 оны зуны сургалт эхлэх гэж байтал нэг хүн утасдаад "мөрдөн байцаагч ... гэдэг хүн байна, өөртэй чинь уулзах гэсэн юм" гэлээ. Ямар хэргээр гэтэл "нэг хүүхдийн талаар..." гэж байх юм. Хүүхдүүдийн маань нэг нь л хэрэг төвөгт орооцолдчихсон юм байх гээд сандарлаа. Нөгөө хүн надтай ирж уулзтал намайг "аргалын бүтээлэг" гэж хэлчээд УБ-д очсон хойно цуг таксидаад мөнгөн дээрээ "новширдог" гар мөн байна. Миний инээд хүрээд явчлаа, нэг зараа шиг өрвийсөн хүүхэд дагуулчихсан... зайлуул Хишигээгийн маань хусуулсан үс дөнгөж ургаж байсан үе нь.
Сүүлийн жилүүдэд аймгаас төрөн гарсан математикт сайн гэгдэж байсан хүүхдүүдэд дэмжлэг үзүүлж их сургуульд сурах болон бусад зүйлс дээр өөрийнхөө чадлаар тус нэмэр болохыг хичээдэг байлаа. 2007 оны аймгийн аварга математикч нь Түвшинжаргал гэж залуу бий. Тэр жилийн төгсөгчдийн дундаас бидний хүслэн болсон Монгол улсын аварга ч төрсөн түүхтэй. Би харин Түвшээг сайн дэмжиж чадаагүйгээ үе үе боддог байлаа, одоо харин бодогдохоо байсан даа. 2009 оны 8 сарын эхээр зуны сургалтаа эхлэх гээд хэдэн хүүхдүүд бүртгэж аваад байсан үе, хичээл эхлэх өдрийн өглөө Түвшээ надруу залгаад "ах, сургалт чинь эхлэх гэж байгаа гэлүү, дүүгээ өдөр явуулчия" гэснээр гар хөлөндөө янз бүрийн гархи дэгээ зүүсэн (одоо ч хэвээрэй) нэг хүүхэд ирсэн нь Дуяа.
Энэ арзгар Хишигээ, гархи Дуяа 2 бол Буяндэлгэрийн маань найзууд л даа... өөрсдөө ирээд зогсоогүй хэдэн хамтрагчдаа дагуулчихсан байгаа юмаа... Нацагаа, Төрөөгийн нэрлэдэгээр "өндөр хар" Должко, Цоомоо, Зулаа, Амараа...
Гочоо бас яаж дутхав. 2 найзаа дагуулчихсан ирэв, нөгөө 2 нь тоо боддог биш сагс тоглодог хүүхдүүд. Нэг нь одоогийн том ах гуай Дашпүрэв. Нацагдулам бас барьцана, нэг найзаа дагуулчихсан... Нацагаагийн ээжийн хэлснээр "Нацагаагийн ээж" гэмээр төлөв даруу, буйр суурьтай нэгэн, Бямбаа...
Өвөл бүүр шинэ жил болж байхад 3 сурагч сургалтанд нэмэгдэж орж ирсэн. Нэг нь надтай яриа хөөрөө үүсгээд ямар бодол санаатай байгаагаа тайлбарлаад байх юм, нөгөө 2 нь зүгэр л толгой тохиод цаана нь зогсоод байх юмаа... Тэр толгойлогч нь Нацагаагийн Дүүрээ, нөгөө 2 бие хамгаалагч Хонгороо, Өөжиг хоёр. Тэр 2-ын амнаас үг сонсоно гэдэг одоо ч бэрх, мсжр-ийнхээ цаанаас ч толгойгоо тохисоор байх хэмжээний хүмүүс.

No comments:

Post a Comment