Sunday, September 12, 2010

Шинэ хичээлийн жилд....

Хамгийн эхэнд Буяндэлгэртээ амжилт хүсье! харь хол хүний нутагт сурахаар одсон бяцхан шавьдаа багш нь сайн сайхныг үргэлж ерөөж байна аа... Бяцхан гэснээс энэ чинь иргэний үнэмлэх авч амжсан билүү дээ... яалаа байз... Зун байрныхаа хажуу талын зам дээр ёстой сайхан мөргөлдсөн дөө... УЛАЙГААД л... хүүхэд өснөө гэж...

Миний хэлэх дуртай үг байдаг даа. Мужаан хүн харуулаа бариад үлдэх хүүдээ хайртай байдаг... гэж... 2 жил намайг шөнө өдөргүй сүүдэр шиг минь дагахдаа ганц ч удаа магтаалын үг сонсоогүй Гончигдорждоо магтаалын үг чулууднаа. Үнэхээр их тэсвэр тэвчээр, хөдөлмөр зүтгэл... намайг хамгийн их ойлгоно, тэгээд миний төлөө хамгийн их зовно. Түүнийг эзгүйд нэг л хөндий хоосон санагдаж байна... Гочоо бол Алгоритмын "буг" нь байх ёстой юм байна гэдгийг ойлгуулна. Дүү нартай нь бужигнаад л дөрвөн жил түүнийг хүлээнэ дээ... 2 жилд сурч авсан тэвчээр хатуужил, эрдэм чадал бүхнээ дайчлан Их сургуульдаа сайн сурч сайн математикч, сайн багш болоорой... хийх ёстой ажил чинь эзнээ хүлээгээд л овоорч байна даа...

Эгэл даруухан хэрнээ энгийн биш нэгнийг Доржнамжирмаа гэх... Анхны анг хориотой ангаар эхэлж хууль зөрчөөд, сөнч хийх үүргээ хэтрүүлэн биелүүлж улаан шар хуудсууд харамгүй тараасан түүнтэй энэ хичээлийн жилийн турш АПЛ-ийн фантазигаар "ДААГАА НЭХЭЖ" үзэх санаатай байгаа... Үндсэн ажилд нь ахиц харагдаж байгаа, түрүү жил их унжигар юм ярьдаг байсан чинь өнөө жил их л чихэнд чимэгтэй зүйлс ярьдаг болсон байна лээ... Хавар том том амжилт гаргаад "Altai barbeque" -д хүлээн авахдаа шамдах түн... "Заяа" ихтэй хүндээ...

Сүүлийн 3 жил гялалзсан сайхан амжилт гаргаж байнга өсч дэвжиж яваа хүн бол Жамсрандорж, жин нэмж буйр сууж, сахал нь ургасан байна лээ... Өөрийнхөө оролцсон бүхий л олимпиад уралдаан, шалгалтуудад өндөр амжилт гаргасаар явна... Одоо эерэг хариу ирээсэй гээд л бүгд залбирах л үлдээд байна. Мөн амжилт гаргах ёстой олон том олимпиадууд хүлээж байгаа... Өнгөрсөн 3 жилийн хугацаанд түүн шиг гялалзсан хүнийг Баянхонгороос хайгаад хэрэг байна уу даа... ойлгомжтой.

Жамсрандоржийн гялалзсан амжилтуудыг үргэлжлүүлэх хамгийн их боломжтой бөгөөд тэр түвшинд хүрсэн гэдгээ яруу тодоор нотолсон хүн бол Эрдэнэмаа. Энэ намрын 3 том олимпиадны араас Энхболдын нэрэмжит улсын уралдаан... араас нь түүний сурагчийн замналд олдож буй хамгийн ойрын улсын олимпиад болох Өвөрхангайн ММО47... Амжилтаар өлсөж яваа тэрээр энэ жил "үнэхээр сайн" гэдгээ нотолно гэж итгэж байна.

Олон жил багшиллаа даа Далайжаргал маань нас нь л их залуу болохоос... Түүнийг байнга амжилт дагаж явдаг юм шиг санагддаг. Өнгөрсөн жил Жаамааг сайн бэлдсэн, энэ жил дараагийнхаа хүмүүсийг хүлээлгэн өгсөн. Байнга амжилт дагаж байдаг хүн болохоор түүнийгээ үргэлжүүлнэ л гэж найдаж байгаа... Далай маань өнөө жил магистр болно, хажуугаар нь уламжлалт олон уралдаан тэмцээнүүд нь хүлээж байна. Сургалтын төвийн үйл ажиллагаанд санаа тавьж биднийг дэмждэгт нь талархаж явдаг даа.

Далай гэж хатуухан хүний хараанд Дуламсүрэнг хүлээлгэн өгсөн. Өнгөрсөн жилийн турш амжилттай сурч гялалзаад... чадвараа бүрэн дүүрэн гаргаж чадалгүй мэдлэг, чадварын бөөн түгжрээн дунд яваа хүн. Түүнийгээ тэсэрч гаргах түмэн хүслэн дунд зүтгэхдээ дуулгавартай хөдөлмөрч байж их амжилтыг үзүүлээрэй. Түүнийг ямархуу сайн сурагч байсан бэ? гэдгийг нотлох баримтууд миний ширээний хажууд үргэлж намайг шаналгасаар... дараа жилийн төгсөгчдийг "рекорд эвдүүлэхээс илүү Дуяа шиг л чадвартай болгочвол өөрсдөд нь хэрэгтэй дээ" гэсэн бодол багш миний мөрдлөг байх ёстой бизээ...

Дуяатай хамтран сурахаар МУИС-ын ЭЗС-д элсэн орцгоосон манайхан. Нацагдулам, Нацагсүрэн, Должинсүрэн. Бүх газар ЭЕШ-д дээгүүр байранд орсон сурагчдын ордог сургуульд буюу хамгийн том сургуулийн хамгийн алдартай салбарт суралцаж байгаа хүмүүс. Олон хүмүүсийн мөрөөдөөд мөрөөдөөд, тэмцээд тэмцээд орж чадаагүй сургуульд орсон гэхээр түүн шигээ их хариуцлага, зүтгэл шаардана. Одоо хүртэл 3-р сургуулийн рекордын эзэмшиж буй ЭЗС-ийн шинэхэн төгсөгч, зарим хүмүүсийн мундаг эгч гэгдээд байгаа Отгоогийн байнга хэлдгээр бол Баянхонгорийн сурагчид муухан л сурдаг гэдэг... түүнийг л өөрчлөх хэрэгтэй байх юм. Мөн "овсгоотой, хөдөлмөрч, шаргуу ... " байх хэрэгтэй гэсэн шүү дээ... Бие биедээ сайн туслаад сайн байцгаагаарай...

За тэгээд шинэхэн оюутнууд болох МТС-ын УлаанХонгор, Тарпец хоёр, МКС-ын Бямбасүрэн... Мандахын 3, КТМС-ын 2, Хүмүүнлэгийн ганц, МУИС-ын ХЗС-ын Титаник нартаа оюутан болсонд нь дахин баяр хүргээд сайн оюутнууд байгаарай гэж захья. Одоо л нэг юм арай оюутан төрхрүүгээ ойртож байгаа байлгүй дээ... манай сургууль хаана байдаг бэ? манай анги хаана байдаг бэ? энэ манай ангийн нэр мөн үү? Хичээлийн хуваарь дээр "сем" гээд бичсэн байна юу гэсэн үг бэ? дундуураа зураастай байна юу гэж ойлгох бэ? гээд аймаар аймаар ЭНГИЙН асуултууд асуугаад зовоогоод байдаг нь багассан. Хяналтанд байгаа шүү нөхдүүдээ...

Мартах шахжээ Амартүвшингээ. Мөн ч их цагийг миний хажууд өнгөөрсөн дөө зайлуул... (Буяндэлгэртэй л ойртож очихоор их суусан). Энэ миний сургууль гээд л байдаг байсан түүндээ одоо сайхан л байгаа байлгүй... Хөдөлмөрлөж чадна гэдэгт нь итгэлтэй байнаа, "овсгоотой" байх ёстой гэсэн ш дээ. СЭЗДС-ын хуучин цэрэг маань Содномдаржаа, бас л "сайн" гэх ангилалд орох хүн шүү дээ... сайн сурахынхаа хажуугаар фантази чинь өнгөрсөн байна лээ гэдгийг сануулъя. Манай Амад (Бямбадоржид) чадахаараа туслаж байгаарай...

Соогийгийн андууд болох хуучин цэргүүд Мөнхжаргал(,ын)Энхчимэг, Сэрчмаа, Эрхэмээ гээд 2-р курсынхэн бол яаж сайн сурах, яаж аргалж хичээл таслах энэ тэрээ бол сайн мэднэ л дээ. Тэдэнд санаа зовох шаардлагагүй, тэд сайн байж чаднаа.

Бүгдэд нь амжилт хүсч, сайн сурахыг урьдын адил үүрэг болгохын хамт төгсөх оюутан бидний дундах "цор ганц аварга" Мөнгөншагайдаа бас амжилт хүсэх хэрэгтэй. Цагийн аясаар хувирч өөрчдөгдөх, хойч үеийн сайн сайхны төлөө зайгаа тавих зэрэг аварга хүний хүлээх ёстой олон үүрэг байдаг. Ямартай ч түүний "юугаар ч баллуурдашгүй их гавьяа", бид бүгдийг олон удаа баярлуулж бас нүүрийг маань олон удаа тахалж байсныг үргэлж дурсан санаж түүгээр бахрахсаар л байх болно.

Бахархах түүхтэй хүн сайхан, түүнийг дурсан санаж аривжуулах залгамж халаатай хүмүүс бүүр сайхан. "Мэдээний цаг" бүлгийнхэн шиг том том амжилт үзүүлцгээе гэж гэгээнээр мөрөөдөж түүний төлөө зүтгэж яваа бяцхан шавь нартаа шинэ хичээлийн жилд нь амжилт хүсье! Бид энэ 2010 онд л гэхэд 5 том олимпиадад оролцох зорилттой бэлтгэл сургуулилтандаа гараад байна. Түрүү жил биднийг Чимэдширчин 4 удаа айлмайруулсан (аймагт дэвшиж, улсад, Архангайд, Дундговьд) түүнийгээ үргэлжлүүлэх үү? эсвэл түүний хамтрагчид Мөнхбат, Мөнхдалай, Өнөболд... нараас тэсрэлт харах болов уу?... Чимээг залгамжлагчид болох Тамир, Ёндонжамц, Ариунболд... нарын амжилтын гарааг үзэж "шинэ од" өлгийдөн авах уу? формонд буцан орж буй хуучин акул Буяннэмэх өөрийн замналаа үргэлжлүүлж алдсан бүхнээ хэд нугалан эргүүлэн авахыг үзэх үү? ...бүгд л боломжтой зүйл гагцхүү тэдний бэлтгэл сургуулилалт л мэднэ... ХААНА БАЙНА ТЭР ОЛИМПИАДУУД...??...

Оюутнууд хичээлдээ орж, олимпиадныхны ачаалалтай үе эхэлж байх энэ цаг үед ЭЕШ-ны сургалт эхлэж байна. Тэд үнэхээр муу байдаг ч урьд урьдын жилүүдийнхний нэгэн адил ихэд хичээж, их тэмцсэний эцэст "миний нүүрийг улайлгахааргүй" л болоод төгсдөг дөө. Одоо яахав дээ МУИС авна, Санхүү, ТИС... энэ тэр гээд л том том нэр урсган том том мөрөөдөлтэй л байгаа. Хүн тэмцэж байж л мөрөөдөлдөө хүрдэг. Бүгд л ялгаагүй нэг байрнаас эхэлж байгаа тул хэн илүү хөдөлмөрлөсөн нь л жилийн эцэст ялагч болно. Тэдний дундаас урьд жилийн үлдэгдэл Дашпүрэв хамгийн их туршлага, хамгийн их ДЭМЖИГЧИД-тэйгээр бусдаас нэлээд урд гараанаас уралдаанаа дахин эхэлж байна. Мандаж буй отгон аварга Мөнхдайлай ба түүний нөхөд... хуучны унтарсан одонцор Сандагдорж тэргүүтэй 1-р сургуулийнхан... рекорд эзэмшигчдийн хойч үе Номгоныхон гээд 24 хүүхэд 1 жилийн нөр их хөдөлмөрийнхөө аянд мордоод байна... тэдэнд бас амжилт хүсье!... түрүүлж ургасан чихнээс сүүлд ургасан эвэр урт...

No comments:

Post a Comment