Tuesday, October 11, 2011

Аавтай орчлон

Нар жаргасны дараахан сагсайтал нь тарвага ганзагалаад ирэх хүнийг би ХОРВОО юм байна гэж боддог байж. Алаг эрээн шатрын хөлгийн ард ам мэх уралдуулж, ухаан бодлоо шавхан суух дуртай нэгнийг би АМЬДРАЛ гэж ойлгож авсан юм байна. Хэнтэй ч ам зөрдөггүй, хэнийг ч гомдоодоггүй түүнийг би ХҮНИЙ ДЭЭД гэж боддог. Энэ л хүнээр би хорвоог төлөөлүүлэн ойлгож, энэ л хүнийг би амьдрал гэж итгэж өссөн. Өвөрт нь өсч, өвөр дээр нь дэрвэж, бүдэрч унаж сэтгэлийг нь зовоож, бүлтийтэл инээж аавыгаа баярлуулж... төрсөн цагаас минь хойш түүний надад бэлгэлсэн амьдрал, аз жаргал миний түүнд өгсөн баяр баяслын дэнсэн дээр амьдрал хөвөрсөөр 26 жилийг үдэж.

Хүний амьдрал өнгөрсний дурсамж, одоогийн зүтгэл, ирээдүйн сайхан зөгнөл дээр тогтдог мэт. 1960 онд 20-хон настай Адъяа гэдэг хүмүүн өвчний улмаас насан эцэс болж түүний харваад өнгөрсөн 20-хон жилийн амьдралыг гэрчлэн нярай ганц хүү үлдсэн нь манай аав Сүхбаатар гэдэг хүн юм. Адъяа өвөөгөөс надад нэг дутуу шатар, буурай ээжтэй цуг авахуулсан ганц хар зураг л өвлөгдөн ирсэн байдаг юм. Аав маань тэр харваад одсон хүмүүний амьдралыг цааш үргэлжлүүлж одоо насны буурал даваан дээр гарчихсан ачтайгаа ганганаж сууна. 60 оны тэр уйтай, өнчин, нярай намрыг бодвол 51 жилийн дараах гэр дүүрэн гэгээтэй, элэг бүтэн, өтөл намар үнэхээр сэтгэл тэнүүн сайхан байгаа бизээ.

1984 онд ээжтэй маань гэрлэсэн, би 85 онд төрсөн. Сайхан ханьтай болоод л амьдрал нь тэгширсэн дээ гэж буурай ээж маань хэлдэг юм. Аав, ээжийн маань ахан дүүс бүгд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын уугуул иргэд. Аав маань амьдралынхаа эд залуу 20 орчим жилийг Дөвөнтийн цэнхэр нуруу гэж ачтай буянтай, алттай тарвагатай өндөрлөгт өнгөрөөсөн хүн. Төрсөн нутаг болон, аавын ахан дүүс бүгд л Дөвөнт хэмээх миний төрөлх тосгоноос ердөө 10км-ын зайд нүдэн дээр илхэн байдаг тул аав бид 2-ын амьдрал Дөвөнтийн нуруунаас Босгын тал хүртэлх багахан зайд өрнөдөг байлаа.

Тэр нутаг нь Бөмбөгөр, Баян-Овоо, Галуут гэсэн 3 сумын зааг бөгөөд аав маань авга ахыг даган Галуут явж адуучидтай танилцан наадам үзнэ, Баян-Овооны хөшчүүлтэй дуутай хуруу гаргаж, дэмбээдэж, айрагдаж... БОГД Сүхбаатар хэмээн хочлогдож ёстой л нэг цалгиж явсан хүн дээ. Аавын тэр идэр залуу сайхан наснаас надад өвлөгдөж үлдсэн юм тун бага, би царайгаараа аавыгаа дуурайж төрсөн боловч зан араншингийн хувьд яг л ээж шигээ хүн. Аавын маань дуулж хуурдаж, бас ч гэж мөрийтэй тоглож, цалгиж явсан тэр үеийг том дүү маань л хааяа санагдуулдаг юм. Ганц охин нь гээд аавын амины хүүхэд тул дүүд аавыг дуурайсан олон сайхан зан, олон сайхан чанар байдаг. Хааяа аав маань залуу даа ийм л хүн байлаа даа гэж би дүүгээс олж хардаг. Сэтгэл дүүрэн сайхан инээдэг, бас ч гүй тоглоом наадгайд дуртай, хиймортой цовоо зан нь миний бахархал болон хүүхэд насны маань гэгээн дурсамжуудтай олон жилийн цанаас ч тодхон л санагдаж байна. Энэ л сайхан хүнийг би "жинхэнэ хүн" гэж бодож энэ л хүн шиг сайхан хүн болно доо гэж би өдөр бүр түүн шиг байхыг хичээж өссөн.

Би аавынхаа сайхан сайхан занг эзэмшиж чадаагүй ч түүний үйл хэргийг нэлээн дуйраасан. Аав маань зун болохоор намайг дагуулаад айлуудын уяаг тойрч явна, энд тэндэхийн үсэргээ, том бага наадмуудыг цугтаа очиж үзнэ. Аавд хүмүүс морио шинжүүлнэ, уяа нь хэр байгааг шалгуулна. Өөрөө ажил амьдарлын эрхээр морь уяагүй ч моринд хайртай, дуртай, олон наадам, олон морь, олон уралдаан үзсэн тул түүний хараа туршлага зөрөхгүй дээ. Миний хамгийн тод санадаг нь 95 он юм байна, сумын 70 жилийн ой болоод түүний урд хамгийн сүүлчийн том өдөрлөг болов. Би хөдөө байж байгаад морьдтойгоо цуг өдөрлөгт очин их насны морьд гарч байхад аав Дөвөнтөөс ирэв. Дөнгөж ирэнгүүтээ
-"тэр түрүүлэх" гэж байгаа морь хэний морь бэ? гэж нэг морилуу заагаад асуув.
-Нагацын хээр л байна шүү дээ гэхэд
-өнгө зүсээ засаад танигдах аргагүй болж өнөөдөр их хол түрүүлэхнээ гэв.
-2 хоногийн өмнө тэр зэргэлдээ сумын хээрийг үсэргээнд дийлээгүй гэхэд аав:
-өнөөдөр түрүүлнээ л гэв.

Морьд гарах болоход зэргэлдээ сумын хүн морь маань өнөөдөр түрүүлэх нь тодорхой гээд их л додигор байв. Аав тэр хүн дээр очоод "чиний хээр хурдан нь ч хурдан юмаа, гэхдээ өнөөдөр манай хээр түрүүлнээ" л гэж хэлэв. Их насны морь ирэхэд Нагацын босоо хээр ээлжит нэг түрүүгээ хол тасархай авахад нь би их баярлаж билээ, бага ч байсан аав яаж мэдвээ гэж их ч гайхсан. Одоо бол ч нээх гайхах зүйл биш байж, аав ер нь түрүүлэх морийг бол мэддэг хүн.
Одоо нутгийн хөгшид надад их сайн байдаг юм, их багаасаа морь дагасан сайн хүү гээд... наадмын талбайд бол олон хөгшин хүмүүсийн дунд аавтайгаа суучихсан сайхан дурсамж сэдрээнэ ш дээ.

Зунажин аавыг дагаж морь сонирхож, хүмүүстэй айрагдаж хуруудахыг нь харж явдаг бол намар аавтай цуг тарваганд явах бага насны хамгийн сайхан ажил. Аавын агнасан анг чирээд дараагийн ангийнх нь араас явна. Жинхэнэ гошгоруулах гэдгийг чинь утгаар нь үзүүлнэ дээ. Тарвага даллаж агнах гэдэг чинь бөөн том жүжиг, яг тарвага шиг хувцас өмсөөд яг тарвага шиг хөдөлж байж л түүний анхаарлыг татаж гошгоруулна, тэгээд л өөрийн буудаж болох зайнд очингуут түс хийтэл нь буудна шүү дээ. Хангайн хишгийг мөн ч их хүртсэн дээ... Их залуугаасаа мотоцикл унасан, миний мэдэхийн л манай аав чинь мотоциклын жолооч л хүн л дээ. Амьдрал хөөн 90-ээд оны дунд үеэс Эрээн явж ганзагын наймаа эрхэлдэг болоод Дөвөнтийн сайхан нуруунаасаа буусандаа. Тарвага агнадаг буугаа үүрдэг гахайгаар сольж, мотоциклоо машин болгоод шинэ дүр төрхтэй болсон.

Эрдмийг бүхиний дээд гэж боддог хүн. Өөрөө тоо бодож чадахгүй ч тоо боддог хүн амжилт гарганаа гэж Монгол эр хүний холч ухаандаа хаанаас ч юм шингээж авсан хүн. Мэдээ орсон цагаас л миний дагаж дурайж өссөн ертөнц юм болохоор би ааваараа мэх заалгаж дийлдэггүй байсан хүмүүсээ давдаг байлаа, нээх сайхан барилдаад аавыгаа баярлуулчих юмсан гэж их хүсдэг байсан ч намайг багадаа тэмцээн уралдаанд оролцож байгааг аав маань ганц ч удаа харах боломж таараагүй юм. Харин нэг удаа аавын хамгийн сайн найз Дэлбэрэл ах бидний тэмцээнд оролцохыг харж билээ. Тэр бас л гоё дурсамж. Манай гудамнаас 5 6 хүүхэд самбо бөхийн аймгийн аваргад оролцож Дэмбээ ах биднйг дэмжин очив. Би ерөнхий шүүгчийн хүүтэй финалдаж луйвардуулсан тул Дэмбээ ах бөөн хэрүүл маргаан хийсэн. Дараа нь аавд тэрийгээ сүр болгож яриад л тэр 2 мөн ч их харамсаж билээ. Х.Дэмбэрэл гэдэг нь Дөвөнтийн нуруунд аавтай маань найзалсан ганц галзуу найз нь, яруу найрагч хүн байдаг юм. Түүнийхээ зохиосон дууг аав дуулж Дөвөнтийн урлагийн үзлэгт орж шагналт байр энэ тэр аваад тэр 2 чинь их хөөрхөөн. Хоюулаа эрүүл мэндийн шалтгаанаас болж цэрэгт яваагүй ч гэсэн цэргийн баярыг хамтдаа нижгэр тэмдгэлнээ, манай ээж тэрийг нь шоолоод л... Тааралдах бүртээ тэврэлдэж үнсэлцэнэ, шөнөжин уунгаа шүлэг дуу урсгаж хонодог 2 шүү дээ. Дэмбээ ах: "Дөвөнтийн нуруу надад мөн ч их юм өгсөн, ийм сайхан найз хүртэл өгсөн" л гэж хэлдэг юм.

2001 онд хотруу явж математик сурахаар ааваараа хүргүүлсэн юм. Түвчин заантай цуг явсан тул замын турш олон сайхан дурсамжуудыг нь яриулж, хөгжилтэй дурсгалтай явсан. Түвчин заан чинь агуу багш хүн шүү дээ, би ч тэр л үеэс багш болох бэлтгэлээ хийж эхэлсэн. Аавыгаа цөөн л удаа баярлуулсан байх, тэгэхэд л лав их баярласан. Өвөөд "манай хүү олон газраас шалгарч цугласан сайн хүүхдүүдтэй цуг сурах боллоо" гэж баярлан хэлж байсан юм, өвөө хариуд нь "төрд хэрэгтэй зайран болох нь дээ" л гэж суулаа. Аав маань явахдаа надад насан туршийн амьдралын минь зам мөрийг зассан үг хэлсэн юм, одоо 10 жилийн дараа зам мөрөө олж аж амьдралаа зохиочоод эргээд бодоход ААВ хүн тийм л байдаг байхдаа гэж бодохоор... Намайг лицейд хүргэж өгөөд, байр сууцыг маань тохинуулаад буцахдаа аав маань:
"аавд нь чамд өвлүүлэх их хөрөнгө байхгүй, сурахад чинь л зориулж мөнгө өгч чадна, чи сайн сураарай" гэж захисан юм. Би тэгтлээ их мөнгө авч сураагүй ч тэр захиас намайг зөвхөн сурахын төлөө хөдөлмөрлөх ёстой юм байна гэж ойлгуулж өгсөн. Мөн ч олон шөнө нойрыг минь хугаслан суулгаж, мөн ч олон өглөө эрт босгосон доо тэр захиас.

Ээжийн маань аав манай аавд их сайнаар ханддаг байсан. Ааваа гэж дуудах хүнгүй өссөн болоод ч тэрүү манай тэр 2 их дотно байдаг байсан, аавыг очихоор өвөө дуу захиалж дуулуулна, барьцаад байгаа бага хүргэнүүдээ өвөө "бигий том хүргэнтэй барьцаад бай, ууган нь болохоор нь би зөвшөөрсөн юм, та нар бол уух хэрэгггүй" гээд загнадаг байсан. Би бол хэзээ ч аваасаа илүү сайхан аавтай болъё гэж хүсч байсангүй, ухаан орсон цагаасаа энэ л хүнийг хорвоо гэж боддог байсан тул түүнээс илүү сайхан хүн ганцыг ч харсангүй ээ. Намайг хүний орчлонд хөтөлснийг нь бодоод түүнийг би надад сэтгэл амар байж байгаад ертөнцийн үнэнд хүрээсэй гэж хүсдэг. Тиймдээ ч архи ууж аавынхаа сэтгэлийг чилээхгүй гэж шийдсэн. Аавыгаа хүндэлдэггүй хүн л архи уудаг байхдаа. Аавыгаа ч гэсэн би "аавгүй хүн болохоороо л архи уудаг юм байна, би лав аавтай хүн" гэж хар багаасаа л бодож өссөн.

Миний амьдралын бүх чухал шийдвэрийг аав маань л гаргаж өгсөн. Бага байхаас л чи маметаикч болох ёстой, математик бол бүхний дээд гэж аав л ойлгуулсан. Би Баянхонгорчуудыг ухаанаар нь уралдуулвал хүүгээ айргийн тавд багтана гэж бодоод л дурангаа бариад сууж байна гэж надад хэлдэг байлаа. Бас л том үг шүү... Их сургууль төгссөний дараа "за миний хүү сураад дууссан гэж өөрөө бодож байгаа бол НУТГИЙНХАА төлөө ажилла даа" гэж аав маань л хэлсэн. Хэлээд ч зогсоогүй сургалтын төв барьж өгч Алгоритм сургалтын төв үүссэн түүхтэй. Аав ээж 2 маань байгаагүй бол 23 настай, сурахаас өөр юм мэдэхгүй хүн яаж ч сургалтын төв байгуулж, олон сайн хүн бэлтгэж чадах билээ. Түүний л заавар шийдвэрээр бид оршин тогтнож, түүний нөмөр нөөлгөнд үр хүүхэд бид нар, миний шавь нар сурч хөдөлмөрлөж, зүтгэж тэмцэж явна. Аав маань харин бидний төлөө сайн сайхныг ерөөгөөд "Далай хүү шиг маань сайн хүн болно байхаа нь Гончигдорж хүү" гэх мэтийг хүүрнэн амьдарч сууна.

...
Гадаа он жил биднийг унасан навчис шиг хаяж одно
Гаагүй дээ би муу аавыгаа жаргааж амжина гэж өөрийгөө хуурна
Ганцхан зүрхнийх нь цохиолт л намайг зэмлэн лугшиж
Газар дээр аав минь хүртэл мөнх бусыг сануулдагаа... (Ц.Хулан)

Намар 10 сард Архангайн олимпиадад очиход сэтгэл нэг л хөндүүр байдаг. Аавыгаа ч өрөвдөх шиг... аав гэж дуудах хүнгүй өнчин өссөн аав маань арван хэдтэй байхдаа өөрийнхөө нэг нүдийг санамсаргүй гэмтээсэн юм билээ, дутуу заяатай ч дүүрэн сайхан сэтгэлтэй, сэтгэл шигээ сайхан амьдралтай хүн. Би өөрийн аварга дүүгээ Баянгорчуудын чадаагүйг ганцаараа чадсан болохоор нь түүгээр насан туршаа бахархаж амьдардаг, аавд маань ч насан туршаа бахархаж амьдардаг сайхан дүү байсан юм. Хөдөлмөрч, хийморьтойгоороо нутаг усандаа гайхагдсан эмнэг сургалтын сдортын мастер, аймгийн сайн малчин цолтой идэр залуу 32 настай дүү нь яг л энэ өдөр өдийгөөс 17 жилийн өмнө тэнгэрийн оронд одож аав маань баяр бүхнээрээ дүүгээ дурсаж гунигалдаг амьдрал дунд өтөлж явна. Тэр өдөр нь ихэвчлэн намайг Архангайд явж байхад таардаг тул надад нэг л эвгүй санагддаг юм. Энэ жил Архангай явахдаа аавтай цуг явлаа. Дандаа бидний ард үлдчээд дүн яасан гэж асууж байхаар нэг удаа цуг очоод өөрөө нүдээрээ үзээсэй гэж бодлоо. Хүүхдүүд яаж тэмцдэг юм, Баянхонгорчууд хэр сайжирсан бэ? бусад газрын хүмүүстэй хэр өрсөлдөж байгаа бэ гэдгийг өөрийн нүдээр харж үнэлэлт дүгнэлт өгөөсэй, тэмцэл гэж юу байдгийг харж аваг гэж бодлоо, аав маань ч их юм үзэж харсан байх, нэмээд бид ч тун сайн байсан тул аавыгаа баярлуулж чадсаан. Сүүлд багийн дүнг танилцуулж байхад аавтайгаа цуг яваа болохоор манай баг 3-д орчихсон байгаасай гэж мөн ч их хүссэн дээ, эхний 2 байр тодорхой байсан тул. Харин хүсэл маань биелэх мөчид бас л сайхан байсан шүү.

Эс хүссэн ч ертөнцийн үнэнд гүйцэгдэх цагт Төгсбилэг ч болтугай өвөө минь ийм л хүн байж дээ гэж дурсаасай гээд санаж байгаагаасаа бяцхан хэсгийг тэмдэглэв. Дөвөнтийн цэнхэр нуруунд "богд" хэмээн хочлогдож, дэрвэж явсан тэр л идэр залуу сайхан үеэр нь би аавыгаа дурсах дуртай.

Аавыгаа би Бат-Эрдэнэ аварга шиг бүхнийг давдаг сайн бөх байгаасай гэж хүсээгүй, багадаа манай аавд "болъё" болтлоо унаж байсан хүмүүс надаас "аав чинь ямар цолонд хүрэн бэ?" гэж асуудаг юм, тэр л надад сайхан.
Аавыгаа би Адарсүрэн шиг нь сайхан дуучин байгаасай гэж ч хүсээгүй, гитар бариад дуулчихдаг, алсын замд сэтгэл сэргэтэл аялачихдаг, тосгоныхоо дууны тэмцээнд шагналт байранд шалгарчихдаг, айлын найранд ороод хэний ч нүүрийг улайлгадаггүй байх нь л надад хангалттай санагддаг.
Аавыгаа би Каспаров шиг сайн шатарчин байгаасай гэж хүсээгүй, аймгийн аваргын тэмцээнээр аавд хожигдсон аймгийн аварга хүн "нэг шатар мэддэггүй юманд хожигдчихлоо" гээд уурлаж байж билээ, тэр л надад хамгийн сайхан дурсамж.
Аавыгаа би Буянгийн Жагай шиг баян амьтан байгаасай гэж хүссэнгүй, аав маань надад сургалтын төв барьж өгөөд "чи тийм жижигхэн гэртээ улсын аваргуудыг бэлдэж чадсан юм чинь одоо сургалтын төвөөрэй олон улсын медальтан бэлдээрэй" гэж даалгасан юм. Би чадахын төлөө л зүтгэж байна.
Аавыгаа би түүний шүтээн Элбэгээ ерөнхийлөгч шигээ уран донгодоосой гэж хүсээгүй, "...сурахад чинь л зориулж мөнгө өгч чадна..." гэж хэлсэн нь л надад хангалттай байсан.
Аавыгаа энгэрээрээ дүүрэн одон медальтай ОД байгаасай гэж хүссэнгүй, 2 ширхэг байдаг "5 жилийн гавьшгаач" гэдэг тэмдэг нь надад бүхнээс илүү дотно байдаг.

Аавыгаа шинээр нээлт нээсэн эрдэмтэн байгаасай ч гэж хүссэнгүй, түүний отгон хүү нь Баянхонгорчууд дундах цор ганц улсын аварга хүү юм шүү дээ. Миний 2 хүүхэд улсын аварга болж чадаа ч уу үгүй ч үү...
Аавыгаа би бурхан шиг сайн хүн байгаасай гэж хүссэнгүй, 3 хүүхэддээ аав шиг нь аав байж тэднийг хүний зэрэгт хүргэж өгсөн юм. Бид харин аавынхаа үйл хэргийг бадрааж, түмэн олондоо тустай амьдарцгаанаа.

Аавынхаа бодож төлөвлөсөн бүхнийг биелүүлэхийн төлөө би ажиллаж, амжаагүйг нь ач нар нь дуусгах хувь тавилантай буйзаа...

No comments:

Post a Comment