Sunday, January 23, 2011

Форум бид хоёр.


Доржоо маань нэг спорт форум байдаг юм гээд өөрийнхөө багийн (МанЮ-гийн) сэдвийн бичлэгүүдийг хуулж надад авчирч өгч уншуулдаг байв. Цаад санаа нь намайг багтаа урвуулах байсан байж магадгүй. Би бас заваараа сургууль дээр нет орвол тэр форумруу орж нэг алдарын танхим гэсэн юмнаас их гоё зүйлүүд уншдаг боллоо...
Зидан яагаад хүн мөргөсөн бэ? гэх зэрэг олон сонирхолтой юм уншсан даа. Өөрийнхөө багийн сэдэврүү бас орж мэдээлэл энэ тэр олж авна... 2007 оны өвлөөс байх Улаанбаатарт SBN телевиз манай форумтай хамтран Английн Пример лиг (EPL), Амеркийн үндсэний сагсан бөмбөгийн лиг (NBA) 2-ыг дамжуулдаг болсон юм. Тэр үеэс форум маань нэрд гарч олон хүн орж гардаг болсоор Монголын хамгийн том спортын форум болоод байна.
Эндээс спортын тухай өөрийн сонирхсон бүхий л мэдээллийг төвөггүй олж болно. Спортын тухай юу сонирхож байна тэр бүгд энд байгаа... Өөрсдийн хүсэл, сонирхолоороо нэгдсэн, мэдээлэл мэдлэг, дурсамжаа солилцдог бие биенээ зүс хараагүй кибер ертөнцийн андууд, ахан дүүсүүд...

2008 оны намар нутагтаа ирж байхаар болсноор "мэдээлэл" гэдэг зүйлээс хол хөндий болов. Миний 7 жил амьдарч дассан утаатай нийслэлээс энд дэндүү өөр... MNB, Боловсрол гэсэн 2 суваг гарна, тэр сувгаар спорт гарна гэж бараг байхгүй, орой 8.45 аас спортын мэдээ нь миний форумаас аль хэдийнэ мэдсэн хуучирсан мэдээлэл байх ба сүмо л гарсаар байгаад таарна даа. Бас өөр нэг 4 суваг ээлжилж гарна, TV5 нэг өдөр TV9 нэг өдөр гэх мэтээр... Монголын телвезүүдийн спорт нэвтрүүлэг арай л дэндүү элэг хөшмөөр... сэтгүүлчид нь хийж байгаа ажлаа мэдэхгүй, дээр нь нэмээд хүний нэр ч зөв дуудаж чадахгүйг ба мэдээлэлүүд нь газар тэнгэр шиг хол зөрүүтэй байдгийг би одоо ч гайхдаг. Нэг сувгаар Р.Федерер хожлоо л гэнэ, нөгөө сувгаар Федерер хожигдож Надаль хожлоо л гэнэ бүү мэдээ... нэг дүрс тавьчаад шал өөр текст уншаад л ... ээрч муураад л байна. Дамаан тэр TV5-д одоог болтол нэг ч спорт мэддэг хүн спортын нэвтрүүлэг хийж байгаагүйг би огт ойлгодоггүй. LIVE гэсэн бичигтэй л нөхдүүдийг хуурна шүү дээ, аль эрт форумаас мэдээллийг мэдчихсэн юмнууд л гарч байхад... юу ч гэхэв дээ...

Манай форумд бол шал өөр... тэнд бүх юм төгс мэт. Болохгүй бол зад хэрэлдээд хэний зөв хэний бурууг шийдчинэ. Мэдэхгүй юм байвал асуугаад хэсэг нөхдүүд хариулаад бие биенээсээ давах гэж мэтэгсээр тэр сонирхсон сэдвээ нэвт шувт судалчина. Үүх түүхийг бол нэвт ярина, өнгөтөөр дүрсэлнэ. Ийм л лут нөхдүүд шүү дээ...

2008 онд энд ирэнгүүтээ л нэг удаан неттэй боллоо... тэгээд л өглөө босоод л форумруугаа орно. Урд шөнө тоглосон тоглолтуудын мэдээлэл үйлдвэрээсээ дөнгөж гарч байгаа "шинэхэн талх" мэт л бидний өмнө өнгөтөөр дурайна. Харин бүүр орой л манай ТВ-нүүд ээлжилж мэдээлж буруу зөрүү "гурилдана". Би Баянхонгорт тэсэж үлдсэн, намайг торгоон барьсан нэг хүчин зүйл бол форум юм. Би шөнө 5, 6 цаг хүртэл форумаар аялж хэрэгтэй хэрэггүй мэдээлэл унших бол хэвийн л зүйл байлаа. Учир нь хүмүүс унтасны дараа нет маань арай хурдан байх бөгөөд европод өрнөж буй тэмцээнүүд байнга манай цагаар шөнө болж таарна. Шөнө 3.45аас эхэлсэн тоглолтын мэдээг live score-оор хараад, бас форумд орж найзууд юу гэж бичиж байгааг уншаад л үүр цайлгадаг байлаа. Манай найзууд өнгөтөөр мэтгэлцнээ... сая Месси тэгж тэгж хуураад тэгж дамжуулаад тэр буланд нь хийлээ, тэгж шон онолоо, сайхан байнаа... манайхаан урагшаа гээд л авч өгнө.

Хэдийгээр спортын бүхий л мэдээллийг авч чадаж байвч ганц л асуудал байдаг байсан нь Үндэсний Бөхийн тухай сэдэв байв. Гадаад дотоодод болсон бүхий л тэмцээний мэдээллийг авч болдог боловч үндэсний бөхийн мэдээлэл арай бага олдох ба магадгүй манай бөх сонирхогчид кибер ертөнцөөс хөндий хүмүүс байдаг байж ч болох юм. Би их багаасаа бөх сонирхож үзсэн, 93 оны үеэс хойш бол үндсэний бөхийн тухайд "нэвтэрхий толь" гэдгийг маань ойр орчны хүмүүс маань бүгд мэднэ. Намайг бөх үзэж байхад саад болох нэг ч хүн байхгүй, аав ээж 2 битүүнд ажлаа л эрт амжуулаарай бөх эхлэхээр чи олдохгүй шүү... хийх ёстой ажлаа л бөх эхлэхээс өмнө амжуулаарай гэж аминчлан гуйдаг байлаа.

Надад өөрийн гэсэн мэдээллийн их сурвалж байхгүй болохоор би мэдээ бичих гэж форумруу орох шаардлагагүй байлаа. Зүгээр л идэвхитэй уншигч байлаа, 2008-2009 оны улиралд бол би хамгийн их форум уншсан. Барсагийн сэдэв, Английн топ4-ийн сэдэв, Астон Виллагийн сэдэв, Лакерсын сэдэв ... гэдэг хэд хэдэн сэдвийг нэвт шувт уншиж ихээхэн мэдлэг мэдээлэлтэй болсон доо. Харин 2009 оны наадмаар бөх үзэж дуусаад байж байтал 13-нд гадаадад байдаг найзууд маань "наадмын бөхийн тоймын сайхан биччих хүн алга уу?" гэж ярилцаж байх тэр мөчид л "би яагаад 3 жил зөвхөн л уншаад яваад байсан юм болдоо... форумынхаа гишүүн болоод өөрөө их мэдээлэл авдаг шигээ өөрт байгаа мэдээллээ гадаадад байгаа найз нартаа дамжуулж болно шүү дээ..." гэсэн бодол төрөөд шууд гишүүн болсон, техникийн асуудлууд дээр Отгоо тусалж намайг форумын гишүүн болголоо.

Форумын гишүүн хүн аватар, гарын үсэг гэсэн 2 юмаар өөрийгөө илэрхийлэх бичигдээгүй хуультай. Би ч яахав бөхийн сэдвийн идэвхитэн бичигч болох гэж байгаа бөгөөд Сүхбат аваргыг насан туршаа биширч, дэмжиж, даган дуурайж ирсэн тул эргэлзэх юмгүй л Сүхбат аваргын "цайны ганц" бор дээлтэй зургаар нь аватар хийв (тэр үеийн зураг блогийн аль нэг хэсэгт байгаа даа, олж өгсөн хүнд шагналтай!). Харин гарын үсэг дээр нэлээд бодож байгаад Сүхбат аваргынхаа үйл хэрэгт зориулаад "Үүрдийн цэл залуухан 35 настай аварга..." гэсэн гарын үсэгтэй болов. Бөх сонирхдог хүн шууд л ойлгоно л доо. Сүхбат аварга маань 35 настайдаа эр бяр нь хариагүй эд сайхан байхдаа зодог тайлж, дахин Монгол бөхийн дэвжээнээ хөгшин хүн найрахын төлөө битгий барилдаасай гэж хүссэн юм. Тэр хүсэл нь ч одоо биеллээ олж хөгшин том цолтой бөхчүүд наадмаар худлаа давсаар байгаад 4 давдаг байснаас больж залуухан Сумъяабазар зэрэг бөхчүүд ч хүн дийлэхээ байж шалдаа унахаасаа өмнө барилдахаа байж нэг үгээр хэлбэл Монгол бөх залуучуудын шударга сайхан өрсөлдөөний талбар болоход томоохон алхам болсон юм. Сүхбат аваргыг бид нар хэзээ ч Мөнхбат аварга энэ тэр шиг шулбайсан хөгшин өвгөн барилдаж байхыг нь харахгүй, дурсахгүй... үүрд цэл залуухан 35 настай шуугиулж байсан тэр л сайхан дүрээр дурсаж явах билээ.

Форумд орсон өдрөөсөө л онцлог гишүүн байлаа. Хүмүүс форумд элсээд анхны бичлээ "hi, bi ene bagiin fan baina." гэх мэтээр маш энгийн юм бичиж ордог бол би шууд л наадмын 3-ын давааны бүх барилдааны тухай өөрийн санал сэтгэгдлээ бичсэн лайтай урт (2,3 бичгийн цаас байх) бичлэг үйлдээд л орлоо. Араас нь бүх даваануудын тухай наадмын тухай... гээл хөвөрч өглөө. Хүмүүс намайг юу гэх бол гээд л өдөржин л сэдвээрээ эргэлдэж хүмүүс ямар хариу өгөхийг хүлээв. Мэдээж миний бичлэгүүд их урт байсан болохоор хүмүүс уншиж дуусаад санал сэтгэгдэл бичтэл их удсан биз нэлээд хүлээсний эцэст Bayara гэдэг Английн шигшээг дэмждэг нэг ах "Цагаан гэж шинэ гишүүн сайхан бичиж, 4-ийн давааны бичлэг үнэхээр сайн болж, ер нь бүх даваа л сайхан байлаа..." гээд л авч өгч... араас нь гадаад дотоодод байдаг гишүүд уван цуван бие биенээсээ дуулж орж ирсээр намайг урамшуулсаар төд удалгүй л бөх сонирхогч форумчиддаа танил болоод ирлээ.

Форумд анх орсон хүний заавал дайрах ёстой зам бол хэрүүл. Анх орсон хүн заавал хэрэлддэг тийм нэг бичигдээгүй хуультай гэхүү. Энэ бол кибер ертөнцийнхний зан ч юмуу даа... бие биенээ огт харж байгаагүй, бие биетэйгээ үг солилцоогүй олон өөр хүн заавал зөрчил үүсгэдэг. Форумдаа дасаж, найз нөхдүүдийнхээ занг мэдэж, ингэвэл энэ уурладаг, өөрийнх нь дэмждэг энэ тамирчинг муу хэлбэл энэ эмзгэлдэг гэх зэрэг нэлээд юм сурч байж, өөрөө хэрүүл хийх, заргалдах, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх гэх мэт олон бодлынхоо заримаас ухарч, заримд нь хүрч байж хүн форумчин болдог юм. Би ч тэр л замыг туулсан, олон жил форум уншиж хүмүүсийг таньдаг байсан ч намайг тэд мэдэхгүй тул бидний хооронд зөрчил хэсэгтээ байлаа. Форумын уншигч байхдаа надад таалагдахгүй хэрүүл маргаан өрнүүлж, зарим талаар миний дэмждэг бөхчүүдийг гүтгэж, муу муухайгаар хэлж байсан хүмүүстэй толгой дараалан шууд л ширүүхэн дайн зарлаж өөрийн үзэл бодол, тэдний ташаарал зэргийг баримттай болон мэдлэгтээ тулгуурлан няцаалт өгч, ёстой л нэг зад хэрэлдэж эхэлсэн. Энэ бол шинэ гишүүн бүрт байдаг зан бөгөөд өвчин гэхүү дээ... бас хуучин гишүүд нь нэг шинэ хүн орж ирээд өөрсдийн урьд хэлэлцэж ярилцсанд няцаалт өгч өөр өөр баримт сэлт үүх түүх ярихаар мэдээж дургүй байна. Тэгээд л үзэлцэж гарна. Аз болж манай Сүхбат аварга Монголд хавьгүй олон фентэй бөх бөгөөд манай форумд ч үнэмлэхүй олон фентэй тулдаа би ихэнх тулаанд боломжийн амжилттай байдаг байлаа. Тэгээд л сүүлдээ залхана, зарим нь хэзээ ч дуусахгүй хэрүүлд цэг тавихыг хичээнэ. Жишээ нь одоо бол би хуучин гишүүн тул шинэ гишүүн миний өмнөөс нээх их юм яриад байвал би ахмад гишүүний хувиар "чи тэгж форумд" энэ тэр гэж хэлнэ. Харин би өөрөө дөнгөж шинэ байхдаа намайг шинэ гэдгээр маань хуучин гишүүд үгээр дарамтлахад нь үнэхээр дургүй байлаа, урдаас нь ёстой баримттай сэлттэй ширүүхэн хэрэлддэг байлаа. Одоо эргээд бодоход тэр бол зүй ёсны хэрэг байжээ. Хууччууд надад байр сууриа тавьж өгөхгүйг хичээх, би өөрийн үзэл бодлоо тунхаглаж байр сууриа олж авахын төлөөх тэмцэл зэрэг нь байх л ёстой зүйл.

Бидний гол маргааны сэдэв бол Сүхбат Сумъяабазар 2ын хэн нь олон давсан бэ? Гантогтох хэр сайн бөх бэ? Өсөхбаяр хүн өшиглөдөг сайн хүн үү муу хүн үү? гэсэн энгийн боловч олон өөр хүн олон өөрөөр боддог ба түүнийгээ илэрхийлэхээр л хэрүүл болохоос өөр аргагүй тийм зүйлүүд байлаа. Энэ дундаас миний олж харсан зүйл бол жишээ нь бидэнд яг таг сайхан баримт сэлт байдаг бол Сүхбат Сумъяабазар 2ын хэн нь олон давсан гэдэг хэрүүл зэрэг бол үүсэхгүй, хэн нь лаг бөх гэдгийг статистик баримт хараад л шийдчинэ. Гэтэл одоо бол Монголд тийм лут баримт сэлт бол нээх байхгүй, олдохгүй байгаа нь биднийг шал дэмий маргахад хүргэж байв. Иймд би хойч үеээ бидэн шиг маргалдуулахгүй байлгах, мөн хожим одоогийн сайхан барилдаануудыг үнэн зөвөөр дурсаж байх үүднээс барилдаан бүрийн үр дүнг үнэн зөвөөр тэмдэглэж форумдаа үлдээх эрхэм зорилго тавин ажиллаж эхэсэн. 2009 оны намраас өдийг хүртэлх хугацаанд болсон бүх том барилдаан буюу 40 гаруй том барилдааны үүх түүх бүтнээрээ надад байгаа бөгөөд хэн сайн бөх бэ? гэдгийг хэнтэй ч маргалдах шаардлагагүй миний форумд хийсэн тэмдэглэлүүдээс хүмүүс олоод мэдчихдэг юм.

Аль ч газрын спорт үнэхээр том статистик мэдээн дунд хөгждөг. Жишээ нь Америкт Жордан хэдэн тоглолтонд 50-аас дээш оноо авсан бэ? хэдэн удаа бөмбөгөө алдсан бэ? хэдэн удаа цаг дуусах мөчид гоол хийсэн бэ? зэргийг яг таг тэмдэглэдэг. Сүмод ч адил Ама хэдэн удаа өрсөлдөгчөө шилдэж гуд татах мэхээр ялсан бэ? гэх зэргээс эхлээд бүх статистик баримт нь нарийн байдаг. Манайд бол тийм юм байхгүй ш дээ, Монголд хамгийн шилдэг 2 бөхийн хэн нь олон давсан бэ? гэдгийг ч мэдэх хүн бараг байхгүй байна. Иймд би бөхчүүдийн чансаа гэдэг зүйлийг бодож тогтоож байя гэж шийдсэн. Ингээд томоохон хэлэлцүүлэг форум даяар өрнүүлж Монгол бөхчүүдийн чансааг яаж бодвол зүгээр бэ? гэдгийг тогтоосон. Манай дүрэм бол дэлхий дээр байдаг бүхий л спортын дүрмээс илүү уян хатан, чанартай гэж би боддог. Яагаад гэхээр манай Монгол бөх өөрөө дэлхийдээр байддаггүй олон том чанарыг дотроо агуулдаг. Манай Монгол бөх бол том цолтой хүмүүс нь ам аваад жижигчүүд нь хоорондоо бүх хүчээ шавхан үзсээр шалгарч гарсан нь хамгийн сүүлд хоорондоо тулдаг бол бусад ямар ч том спорт зоонд хуваагдан сугалаагаар хэнтэй ч хамаагүй таарсаар (2 шилдэг нь аль дээр ч таарч магадгүй) эцэст нь ямар ч 2 баг үлдэж болохоор мэт явагддаг. Бидний сэтгэхүйгээр бол Бостон баг хамгийн олон түрүүлсээнээр флей оффоос дуртай багаа амалж үзээд л араас нь Лакерс амлах гэх мэтээр үзэх нь л дээ. Хөлбөмбөгийн дэлхийн аваргын шөвгийн 16-д Герман Англи 2-ыг тааруулж нэгийг нь булшилж байснаас өөр 2 муу багийг тэдний аманд өгч мултлаад дараа дараагийн шийдвэрлэх шатанд 2 аваргыг тулалдуулбал гоё биздээ. Монголчууд бол ийм л сэтгэхүйтэй хүмүүс. Хүүхдүүдээ конкурсдуулж жагсааж байгаад л хүссэн ангийг амлуулдаг, харин гадаадууд чинь эссе энэ тэр бичүүлээд л шалгаруулж байгаад хүүхдүүдээ сонгодог юм ш дээ.

Тэгээд манай хурдан морины нэрт зүтгэлтэн А.Баярмагнай гэдэг хүн нэгэнтээ "Монголчууд морь ямар зайнд бүх хүчээрээ уралдах боломжтой бэ? гэдгийг тогтоосон ард түмэн, тэгэхээр дэлхийн бүх морин уралдаан хэзээ нэгэн цагт Монгол шиг 30км газар уралддаг болно (биднийг судалсаар) гэж байсан." тэрэн шиг манай Монголчуудын амалдаг дүрэмрүү дэлхий нийт явжил байх шиг байна. Жүдо гэхэд л чансаа гэж тогтоогоод түүнийхээ дагуу зоонд хувааж арай л шууд сугалчихгүй барилдуулдаг болсон зэргээр олон спорт л манай бөхийн ам амалдаг дүрэмрүү ойртож байна. Иймийн тул манай бөхийн дүрэм хамгийн боловсронгуй, түүнтэй уялдуулж манай чансаа бодох дүрэм хамгийн боловсронгу дүрэм юм болов уу гэж боддог. Жишээ а.а Чулуунбат а.н цолтой бөх давбал нэг үнэлгээ авна, а.з цолтой бөх давбал арай илүү үнэлгээ авна. Харин а.а цолтой бөхөд унавал хэдэн оноо алдана, у.н цолтой бөхөд унавал арай бага оноо алдана ч гэх юмуу ... дээрээс нь нэмээд чансаа өндөртэй бөхийг давбал их оноо авна, чансаа багатай бөхийг давбал бага оноо авна гэх зэргээр ёстой 2 хүний хоорондын чанарын бүхий л харьцааг тооцоолсон чансаа бодох дүрэм боловсруулсан юм. Анх эхлээд энэ санааг гаргаж, суурь загвар дүрмийг боловсруулж, түүндээ таарсан програм зэргийг бичсэн тул чансаа гарах ажлаа мөн өдийг хүртэл би өөрөө л авч явж байна. 40 гаруй удаа чансаагаа бодож нэг удаад ерөнхий чансаа (тухайн бөхчүүдийн бүх амьдарлын турших), тухайн жилийн чансаа, тухайн улирлын чансаа гээд 3 чансаа боддог юм. Хэзээ нэгэн цагт бөхийн холбоо ч юмуу ямар нэг газар нь миний ажлыг надаас өвлөн ч юмуу гуйж ч юмуу авч цааш үргэлжлүүлэх бизээ...

За ингээл л чансаагаа бодох дүрмээ боловсруулж, хэлэлцүүлж явахдаа бас нэг санааг цуг хэрэгжүүлсэн нь Үндэсний Бөхийн Фантази гэдэг тоглоомыг хийх байлаа. Дахин баахан манаргаж баахан дүрэм журам хэлэцүүлж батлуулаад тэмцээнээ эхэллээ. Бид дэлхийд EPL-ийн фантазиг 2 сая гаран хүн тоглож тэрэн дунд манай Монголоос 2, 3 мянган хүн тоглодог. Мөн сагсны фантази гэж маш том юм байна. Ингэж харийн спортоор ч бид фантази тоглож болж байхад өөрийн хажууд байгаа өөрсдийнхөө спортоор фантазидаж болно шүү дээ. Өөрийнхөө үндэсний бөхдөө тохирсон хөөрхөн дүрэмтэй үзэлцэж эхлээд түрүү жил 2010 оны 1 сарын 3-аас наадам хүртэл 14 барилдааны турш үргэлжилж тэргүүлсэн галууд цол гуншингаа авсан. 2-р тэмцээн нь одоо төгсөх шатанд ирээд байна. Сүүлийн ганц тойрог цагаан сараар болох бөгөөд миний хувьд эхний тэмцээнд тааруухан оролцож цол авч чадаагүй бол энэ удаад цолтой галуудыг дийлж тэмцээнийг тэргүүлж байна. Цагаан сараар манай дэвжээ (миний фантази дэвжээний бөхчүүд) сайн барилдвал би АРСЛАН цолонд хүрэх боломж байна. Багадаа бөхийн АВАРГА болно л гэж мөрөөддөг байлаа, даан ч математикч болоод мэдээлэл зүйн л аварга болж чадсан. Одоо харин фантазигийн аварга болж бага насныхаа гэгээн мөрөөдлийг биелүүлэх юмсан гэсэн хүсэл байна. Миний эхлүүлсэн ажил цааш өнөржиж маш олон хүн тоглодог үндсэний хэмжээнийтом тоглоом болноо гэж би найддаг. Фантази тоглоом бол хүн төрлөхтний бодож олсон оюуны бас л томоохон спорт шүү дээ.

Форумаасаа би маш ихийг олж авсан. Олон найзууд, олон мэдээлэл, олон зан араншин... нэгэнт Монголын хамгийн том спорт форум бөгөөд нэг хамт олон тул баяр тэмдэглэнэ. Хааяа форумаараа аялж зугаална, хамтдаа тэмцээн уралдаан үзнэ. Одоо л гэхэд удахгүй болох Азийн чилленж капын хүрээн дэхь Монгол Филлипин улсуудын хөл бөмбөгийн халз тулааныг форумаараа очиж үзэн багаа дэмжинэ гэж байгаа. Энд тэндэхийн хэвлэл мэдээллийнхний хүрээнд болдог тэмцээнүүдэд дундаасаа баг босгон оролцоно. Улсынхаа спортын төлөө чадах чинээгээрээ л тус болох үүднээс тэдгээрийг дэмжицгээнэ. Шүүмжлэхдээ ч зоригтой шүүлжилнэ. Дундаасаа сайхан найзуудаа алдаж бурханы оронд илгээж форумаараа харамсаж байлаа, дахин эвлэрэхэд ч бэрх том том зөрчилд хүрч байлаа. 2 баг нь шөнө тоглоод будилаантайхан дууссан бол мэдээж фенүүд дунд зөрчил гарна. Нэг хэсэг нь баярлаж, нөгөө хэсэг нь гуниглаж, тэр дунд бөхийн сэдэв гэдэг буйдхан хэрүүл багатай сайхан сэдэвтээ модиратор (зохицуулагч, 5 админы дараа орох эрх мэдэлтэй 20 гаруй модератор байнаа) хийгээд л би бээр сууж байна. Бөх болохоор тэмдэглэл хөтөлж түүнийгээ нийтэлж, чансаагаа бодож танилцуулж, фантазигаа үргэлжлүүлсээр... Маш их ажлынхаа чөлөө заваар алжаалаа тайлах кибер гэр маань форум л даа.

Намайг анх элссэн даруйд манай форумынхан зуныхаа зугаалганд явах болж шилдэгүүдээ тодруулж эхлэв. Элсээд сар орчим болж байсан миний нэр шилдэг шинэ гишүүн гэдэг номинацид түрүүлэх нь ойлгомжтой болсон үед ямар шалтгаанаар ч юм бүү мэд энэ удаад шилдэг шинэ гишүүн тодруулахгүй гэв. Тэр үед би шинэхэн гишүүн бөөн хэрүүл тэмцэл дунд байсан болохоор шилдэг шинэ гишүүн болж хүмүүс манайг хэр их үнэлж байгааг мэдье гэсэн хүсэл их л байлаа. Түүнээс хойш шилдэг энэ тэр тодруулсангүй, форум маань өдөр дутмын ажилдаа үргэлжилсээр, би ч өөрийн дуртай ажлаа хийж форумдаа бөхийн сэдэвтээ хувь нэмрээ оруулсаар, чин үнэнчээр зүтэгсээр л байлаа. Харин өнгөрсөн 2010 оны 12 сард форумын маань 5 жилийн ой болж энэ удаад шилдэг гишүүдээ тодруулахаар, шинэ жилийн үеэр санал хураалт болж миний нэр Шилдэг Гишүүн гэдэг хамгийн том номиначид тэргүүн байрт бусад гишүүдийнхээ саналаар шалгарлаа. Шагнал авахын төлөө, эсвэл шилдэг гишүүн болохын төлөө ч юмуу форумдаж байсангүй ээ. Зүгээр л Монголчуудын хамгийн том соёлыг хойч үедээ үнэнээр нь тэмдэглэн үлдээх, хэн гэдэг бөх хэзээ ямар амжилттай барилдаж байсныг чансаагаар нь тэмдэглэж үлдээх болон өөрөө 30 жил 50 жилийн дараа ч юмуу хэзээ ч эргэж ирэхгүй он жилүүдийн цаанаас 2010 онд хэн гэдэг бөх сайн барилдаж байв, тэр бөх хожим ямархуу сайн бөх боллоо гэдгийг дурсаад суухдаа зориулж над шиг бодолтой мянган мянган хүмүүс, ирээдүйн сая сая хүмүүийн тусын тулд өөрийнхөө дуртай ажлаа хийсээр л байлаа... харин 4740 гишүүнтэй, 570 орчим мянган бичлэг хадгалагдаж буй маш том кибер ертөнцийн андууд маань намайг манай фрумын хамгийн шилдэг гишүүн гэж нэрлэсэнд би их баярлаж байгаа, мөн надад шагнал ч хүртээсэн (шагналынхаа жерсийг өмссөн зургаа удахгүй толилуулнаа)... Он удаан жил форум бид хоёр хамтдаа байж, форум гэдэг кибер гэртээ найзуудтайгаа эвтэй найртай сайн сайхан амьдарч аварга дэвжээтэй том фантазичин болноо...

Хамгийн дээр байгаа зураг бол намайг 2009 оны 7 сарын 13-ны 11 цаг 01 минутад форумд элссэн ба 1199 бичлэг форумд үйлдсэн энэ тэр гэсэн тэмдэглэгээнүүд байгаа, бас Барса багийн фений таних тэмдэг, Ла Масиа гэсэн миний хувийн цол ... би форумд А4 -өөр тооцох юм бол 200 шахам хуудас болохоор түүх баримт сэлт, хэдэн мянган хуудас болохоор чансааны дүн, фантази тэмцээний дүн, хэлэлцүүлэгийн үр дүн гэх зэрэг нүсэр их мэдээлэл үйлдсэн билээ. Бүгдийг нь хэвлэж ном гаргая гэж санавал даруй 2000 гаран хуудастай л зузаан ном болох байх. Хамгийн сүүлд л гэхэд шинэ оны үеэр Мөнх-Эрдэнэ арслангийн тухай нийтлэл бичсэн (блогт давхар тавьсан)... тэр нь А4-өөр 10 нүүр болж байсан. Миний бичсэн бүх бичлэгийг уншиж дуусгая гэвэл л лав 14 хоног хүрэлцэх болов уу л гэж эргэлзэж байна...

http://sportnews.mn/forum

1 comment:

  1. sain uu. iim yum baidgiig uuniig unshaad l medej avav bayrlalaa. amjilt husey

    ReplyDelete