Monday, October 11, 2010

Өмнийн цэнхэр говируу анх удаагаа...

1. Архангайд болдог уламжлалт бүсийн олимпиадад түрүү жил яваад Өмнөговируу явж чадаагүй. Тус олимпиадууд яг дахцаад байсан юм л даа, өнөө жил мөн л давхцлаа. Хаашаа явах бэ? гэдгээ бодсон... Архангай бол чанар чансаа, зохион байгуулалт, хамгийн гол нь комиссуудаараа бол үнэхээр улсын олимпиадны л дараа орохуйц шилдэг олимпиад л даа. Өмнөговьт бол очиж үзээгүй... 1-рт шинэ газар ус очиж үзье, 2-рт Нямдаваа багштайгаа очиж нэг уулзая ... гэж бодоод Өмнөговийг зорихоор шийдэв. Хойтон бол давхацсан давхцаагүй Архангай явна. Энэ жилийн хувьд бол Монгол Улсын Гавьяат Багш М.Банзрагчийн нэрэмжит Говийн бүсийн 9-р олимпиадад очиж сайхан оролцоод ирлээ...

2. Зам их хол л доо, Дундговиос ч хол 530км орчим ... Өвөрхангайн Гучин-Ус суманд очоод 3 баг болон хуваагдаж хөл бөмбөг тоглов. Хамгийн сүүлийн тоглолтонд шүүгчийн нэмэлт цаг дуусахаар цаг тоолж байх мөчид миний өөрийнхөө хаалганы өмнөхөнөөс зүүн хөлөөрөө цохисон бөмбөг эргэлдэж очоод айлын хаалганд орсноор оноо тэнцэж цаг сунгав. Сунгасан цагт гоол ороогүй тул финалт цохиж манайх хожлоо... бас л сайхан ялалт. Цаашаа Өвөрхангайн Богд суманд очиж хоол болохыг хүлээх зуураа мөн л тоглож эсрэг багт хожигдож явсан манай баг оноогоо нөхсөөр хамгийн сүүлчийн хожлыг бөмбөгийг би өөрөө хийснээр мөн л ялалт байгуулаад Өмнөговийн Булган сумаар дайран Даланзадгад суманд хүрч очив. Өглөө биднийг гархад хангайруу бараг л цас орж байгаа харагдсан бол говьд шал өөрөө... биднийг замын турш бороо дагаж манай энд намар аль хэдийн дууссан бол тэнд налгар сайхан намар үргэлжилж цэлийсэн ногоон тал биднийг угтах нь үнэхээр сайхан байлаа. Нөгөө "...Хагасхан өдөр бороо шаагихад Хашгирч ургадаг таанатай нутаг..." гэдэг нь л энэ байхдаа... Шаагаа ахын цэнхэр пургон бид 3-ын ганзага үнэхээр сайн нийлдгийг би үргэлж хэлдэг. Энэ удаа Шаагаа ах маань Богдоос Даланзадгад хүртэл 260км орчим замыг 4 цагт туулж сайхан амжилт гаргав...

3. Биднийг очиход Дундговийнхон ирчихсэн Өвөрхангайн 2 баг араас ирж байгаа тухай зохион байгуулагчид хэлээд биднийг байрлуулав. Сайн хүний заяа их тул Нямдаваа багш маань биднийг гэртээ аваачин оройн хоолоор дайлснаар бид нэг томоохон асуудлаа шийдэж чадлаа, мөн "тусгай салаа"-гаа үзчихлээ. Манай сургалтын төвийнхөн 13-уулаа явсан ба бага ангийн багшид нэмээд Наяа эгч явах болсонд нэмээд 4-р сургууль 2 хүүхдээ дайж жолооч Шаагаа ахтай нийлээд 17 хүний бүрэлдэхүүнтэй Даланзадгадын төвийн 1-р бүрэн дунд сургуулийн дотуур байранд нь байрлав.

4. Олимпиадад Өмнөговь аймгийн төвийн болон хөдөө сумдын сургуулиуд, Дундговь аймгийн МГСС (4-р сургууль), мөн 1-р сургууль нь, Өвөрхангайн Мэргэд болон 4-р сургууль (өөр бас сургуулиуд байсан байж магадгүй) тэгээд нэмээд манай баг гэсэн 25 багийн 1369 оролцогч оролцсон нүсэр бүрэлдэхүүнтэй олимпиад болов. Миний ойлгосноор Өмнөговйинхон л өөрсдөө маш олон хүүхдээ оруулчдаг юм болов уу гэж бодов. Бага ангиудад бол 170 орчим хүүхэд ороод байсан том ангиудад 50-аас 100 орчим хүүхдүүд орж байсан. Улаанбаатар хотоос комисоор Монгол Математикийн Олимпиадыг зохион байгуулах хорооны дарга Ц.Дашдорж багш биеэрээ заларч гол бодлого зохиох засах ажлуудыг хариуцахаар Г.Батзаяа ирсэн байлаа.

5. Олимпиад 2 тасран үргэлжилж орой 6 цагийн үед дуусан багуудын төлөөлөн болсон хэдэн багш нар хотоос ирсэн комиссууд дээр нэмэгдэн засалтын үйл ажиллагаанд оров. Олимпиад гаднах зохион байгуулалтынхаа хувьд сайхан болсон ч гол ажил болох олимпиадны бодлого сонгох үйл ажиллагаан дээрээ нэлээд буруу хандаж зарим ангиудад бодлого нь хүндэдсэн болон стандарт математикийнх нь түвшнээс нь хэт хальсан (8-р ангийн хүүхэд 9-р ангид ч үзээгүй прогресс бодуулж болохгүй л дээ) байсныг дурьдах хэрэгтэй. Яахав хүүхдүүдтэйгээ байнга ажилладаг тул тэдний бичгийг ядах юмгүй таньж байв. Иймийн тулд шифр задархаас өмнө том ангийн сурагчдын дүнг бүгдийг мэдэж чадав.

6. Миний ахалсан хэсэг хамгийн түрүүлж 8-р ангийг засаж дуусав. Ялагч нь миний таньснаар Мөнхбат... ерөнхий комиссууд засалтыг хянаж дууссаны дараа Мөнхбатруу залгаж "тэр зураг зурсан бодолттой материал чинийх мөн биздээ?..." гэж лавлаж асуугаад "баяраа тэмдэглэ" гэж хэллээ. Энэ үед хүүхдүүд багшийнд бас л оройны хоол идэж байсан юм билээ. За үүнээс хойш дүнгүүд хөвөрч Буяа хүрэл дээр, Ээмаа 4-р байр, Мөнхдалай 5-р байр эзэлсний мэдэж чадав. Харин бага ангийн материалуудыг харж чадсангүй шифр задалж, ПС дээр бичих үйл явц эхлүүлэв. Бид орой 23 цагийн үед л засалтыг дуусгасан байх түүнээс хойш шифр задалж, дүнг ПС-д бичиж хэвэлж гаргах үйл явц өрнөж бид нар бусад аймгаас ирсэн багш нарын хамт дүнг нэг нэгээр хүлээж суув. Миний мэдэж чадаагүй бөгөөд өнөөдөр дажгүй бодолт хийсэн хүн бол Тамир байв. Ядаж байхад 5-р ангийн дүн хамгийн сүүлд шөнийн 4 цаг өнгөрөөж байж сая л нэг юм гарснаар шөнөжин нойроо хугаслан дүн хүлээсэн том ах Мөнхдалай, Өнөө бид 3-ын зүтгэл талаар болсонгүй "данхар шар" маань мөнгөн медаль хүртэж биднийг дахин баярлуулав.

7. Бүтэн сайны өглөө бид Өмнөговийн төвөөр багахан зугаалж, уг нь хоолны газар хайсан юм... буцаж ирээд дүнгийн хуралд оров. Медаль авсан хүмүүс медалиа авч мөн нэмээд "нэрэмжит бодлого"-ыг бодсон шагналыг 7-р ангийн Дашдорж, Жамбалдорж хоёр маань авав. Ингээд багийн дүнг танилцуулж миний битүүхэн тооцож байснаар манай баг 3-р байранд оров. Урд орой нь Мэргэд, Дундговийн МГСС-ын 2-ын тулааны шөнөжин үзэж сүүлдээ Мэргэд ялахыг бид бүгд харсан. Мэргэд 6 алт, МГСС 2 алт, харин манайх 2 алт (нийт 10 медаль) аваад Өмнөговийн 2 өөр сургуульд 1, 1 алт үлдсэн тул бид 3-р байранд орох шиг боллоо гэж тооцож байв. Уг нь гадаа багийн дүнг хадсан байсныг би анзаараагүй байсан тул зохион байгуулагч Өмнөговьчуудыг дийлээд 3-р байранд орсондоо их л баярлав. Урд шөнөжин Мэргэд, МГСС 2 ширүүхэн тулалдахыг хараад тэдний дунд сууж байхдаа удахгүй энэ хэдтэй "өрсөлдөлгүйгээр" тэргүүн байрыг нь авдаг болно доо гэсэн "шазруун" бодлыг маань дэмжих шиг бид 10 гаруйхан хүний бүрэлдэхүүнээр 3-р байрыг эзэлж чадав. Багаараа үзүүлж байгаа 2 дахь томоохон амжилт бөгөөд анх удаа ийм медаль авч байгаа нь бидэнд ихээхэн эрч хүч өгч байгаа билээ.


За ингээд олимпиадны медальтнуудын дүн:
(томордог зураг...)

No comments:

Post a Comment